| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0542/З |
| Дугаар | 221/МА2026/0645 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0645
“Ж” ХХК, “Т” ХХК,
“М” ХХК-иудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №256/АО150046 дугаартай аудитын актын 154 410 ам.долларыг “Ж” ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 СНАГ-2023/10-НА-НА төлбөрийн актын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Үндэсний актын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 дугаар Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ...1 019 75.00 ам долларыг нөхөн төлүүлж ... гэсэн дүнгээс “М” ХХК-д хамаарах ... 517 230.0 ам доллар гэсэн дүн, 157/АО150046 дугаар актын Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ... 1 612 199.0 ам.долларыг нөхөн төлүүлж ... гэсэн дүнгээс “М” ХХК-д хамаарах ... 7 158.0 ам.доллар гэсэн дүнг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч Б.Б, Г.Г
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ч.М, өмгөөлөгч Э.Б, Б.О
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2024/0542/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр: Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.11, 4.1.14, 4.1.27, 4.1.31, 7 дугаар зүйлийн 7.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.9, 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.6, 18.12, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК, “Т” ХХК, “М” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Үндэсний аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 дугаар “Төлбөрийн акт барагдуулах тухай” актыг, Үндэсний аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 257/АО150046 дугаар “Төлбөрийн акт барагдуулах тухай” актын Тогтох хэсгийн 1 дэх заалтын ...1 612 199.0 ам.долларыг нөхөн төлүүлж ... гэсэн дүнгээс “М” ХХК-д хамаарах ... 7 158.0 ам.доллар гэснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т “...Дээрх хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалтаас үзэхэд хайгуулын ажлын доод хэмжээг гэрээнд зааж өгч байгаа нь хариуцлага тооцох агуулгагүй, харин үйл ажиллагаа явуулж, үр ашиг хүртэхийн тулд тусган өгсөн байх бөгөөд Төрийн аудитын байгууллагад гэрээлэгч нарын өртөг нөхөгдөх зардлын хэмжээнд аудит хийж баталгаажуулах бүрэн эрхийг олгосон боловч төлбөрийн акт тогтоох эрх хэмжээ олгогдсон гэж үзэхээргүй байна...”, мөн 4.4-т “...Тодруулбал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ... гэрээлэгчийн тухайн жилийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд хянах бөгөөд уг хянасан тайлан, дүгнэлтийг Төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулахаар байна” хэмээн дүгнэсэн байна.
Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 2020-2021 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөх болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудитыг гүйцэтгэсэн.
Төрийн аудитын байгууллага нь төрийн санхүү, төсвийн хяналт болон нийтийн өмчтэй холбоотой үйл ажиллагаанд хараат бусаар аудит хийдэг бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тус хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасны дагуу Төрийн аудитын тухай хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай байгууллага юм.
Энэ хүрээнд тус аудитаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3-т “Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгэсэн ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад төлнө” гэж заасныг үндэслэн 2021 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн нэр бүхий 3 компани (“Ж” ХХК, “Т” ХХК, “М” ХХК)-д хамаарах нийт 1 019 785.00 ам.долларыг нөхөн төлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 СНАГ-2023/10-НА-НА, 257/АО150046 СНАГ-2023/10-НА-НА дугаартай төлбөрийн актыг аудитын шалгагдагч байгууллага болох Ашигт малтмал газрын тосны газарт ногдуулсан.
Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ““шалгагдагч этгээд” гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг”, 4.1.5-д “аудитад хамрагдагч” гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг” гэж тус тус ойлгохоор хуульчилсан бөгөөд нэр бүхий гэрээлэгч компаниуд нь аудитад хамрагдагч этгээд юм.
2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д “...нэхэмжлэгч нарын Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зардлыг гэрээлэгч хариуцна” гэж заасны дагуу төрөөс аливаа зардал гаргаагүй, төрийн төсвийг зарцуулаагүй, гэтэл ийнхүү төртийн төсвийг зохисгүй зарцуулсан мэтээр төрийн сангийн дансанд төлүүлж, торгож байгаа нь үндэслэлгүй, хариуцагч эрх хэмжээгээ хэтрүүлсэн, төлбөрийн акт тогтоох эрхгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ...” хэмээн дүгнэсэн байна.
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3-т төлбөрийн акт тогтоох үндэслэлийг хууль болоод энэхүү журамд тусгайлан тусгаж өгсөн.
Тодруулбал, гэрээлэгч компаниудад Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.4-д “төсөвт төвлөрүүлэх ёстой татварын болон татварын бус төсвийн орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн эсвэл төвлөрүүлээгүй”, 4.2.3.5-д “бүртгэл, тооцоог зөрүүтэй тооцоолсноос үр дагавар үүссэн” гэж заасныг тус тус зөрчсөн тул төлбөрийн акт тогтоох үндсэн бүрдсэн.
2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.6-д “...маргаан бүхий энэ тохиолдолд гэрээт жил гэдэгт гэрээ байгуулсан өдрөөс эхлэн дараагийн жилийн уг өдрийг хүртэл 12 сарын хугацааг тооцохоор харилцан тохиролцсон байх тул хариуцагчаас “12 дугаар сарын 31-ний өдрөөр тухайн жил дуусгавар болно” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.
Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно”, 18.7-д “Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно”, Засгийн газрын 2019 оны 178 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Газрын тосны бүртгэл тооцооны журам”-ын 7.3-т “Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан эхний төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
“М” ХХК-ийн тухайд хайгуулын ажлын доод хэмжээнээс 517 230.0 ам.долларын ажлыг дутуу гүйцэтгэсэн, түүнийг хуанлийн жилд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлээгүй зэргээр Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.3-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
“Т” ХХК-ийн тухайд 2021 онд хайгуулын ажилд 738 603.0 ам.доллар зарцуулах төлөвлөгөө, төсвийг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулж, 352 459.0 ам.долларын гүйцэтгэлтэйгээр тайлагнасан байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт В-д 2021 онд 500 700.0 ам.доллар байхаар гэрээнд тодорхой тусгаж баталсан.
Гэтэл тус компани 2021 онд 153 164.5 ам.долларын өртөг нөхөгдөх зардлыг зарцуулснаас аудитаар анхан шатны баримттай тулган шалгаж, баталгаажуулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт В-д эхний жилдээ хийх хайгуулын ажлын доод хэмжээ 500 700.0 ам.доллар байхаар гэрээнд заасан дүнгээр 347 535.0 ам.долларыг дутуу зарцуулсныг аудитаар тогтоосон.
Түүнчлэн гэрээлэгч “Т” ХХК нь дутуу гүйцэтгэсэн тухайгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэл гаргах тухай” албан бичгийн гуравт “...цаг хугацааны хувьд биелэх боломжгүй байсан, энэ шалтгаант нөхцөлөө тухай бүрд нь төр захиргааны байгууллагад бичгээр болон бусад мэдээлэх хэрэгслээр мэдэгдэж байсан” зэргээр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №256/АО150046 дугаартай аудитын актын 154 410 ам.долларыг “Ж” ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, нэхэмжлэгч “Т” ХХК-иас “2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 СНАГ-2023/10-НА-НА төлбөрийн актын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, нэхэмжлэгч “М” ХХК-иас “Үндэсний актын газрын Төлбөрийн акт барагдуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 дугаар Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ...1 019 75.00 ам долларыг нөхөн төлүүлж ... гэсэн дүнгээс “М” ХХК-д хамаарах ... 517 230.0 ам доллар гэсэн дүн, 157/АО150046 дугаар актын Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ... 1 612 199.0 ам.долларыг нөхөн төлүүлж ... гэсэн дүнгээс “М” ХХК-д хамаарах ... 7 158.0 ам.доллар гэсэн дүнг тус тус хүчингүй болгуулах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 СНАГ-2023/10-НА-НА актаар тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр “М” ХХК-ийн Тавантолгой XXXIII талбайн 517 230.0 ам.доллар, “Ж” ХХК-ийн Номгон-IX талбайн 154 410.0 ам.доллар, “Т” ХХК-ийн Гурвантэс XXXV талбайн 347 535.0 ам.доллар буюу нийт 1 019 175.0 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхээр, Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 257/АО150046 СНАГ-2023/10-НА-НА дугаар актаар 2021 онд нийт 638 309.0 ам.долларын байгаль орчны баталгаа төлбөр, урамшуулал, үйлчилгээний дэмжлэгийг нөхөн төлүүлэхээр тогтоосны дотор нэхэмжлэгч “М” ХХК-ийн Тавантолгой XXXIII талбайн 7 158.0 ам.долларыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нүүрсний давхаргын метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газартай нэхэмжлэгч “Ж” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, нэхэмжлэгч “Т” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч “М” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.2.1-д “гэрээлэгч энэ гэрээний хавсралт “В”-д тодорхойлсноос багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 7.3.3-д “гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийн тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө” гэж тус тус зохицуулжээ.
2.4. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хувьд хайгуулын 3 дахь жил бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “В”-д зааснаар тухайн гэрээт жилд нийт 3 000 000 ам.доллароос багагүй хэмжээний хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхээр байгаа бол нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эхний жил бөгөөд хайгуулын ажлын доод хэмжээ нь 500 700 ам.доллар, нэхэмжлэгч “М” ХХК-ийн мөн хайгуулын эхний жил бөгөөд хайгуулын ажлын доод хэмжээ нь 1 000 000 ам.доллар байхаар тус тус гэрээлсэн байна.
2.5. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д ““өртөг нөхөгдөх зардал” гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг” ойлгоно, 32.1-д “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шааpдагдах бүх заpдлыг гэpээлэгч хаpиуцна”, 32.2-т “Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө” 37 дугаар зүйлийн 37.1-д “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 37.2-т “Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна” гэж заасан бөгөөд хариуцагчаас Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчдийг аудитад хамруулахад нэхэмжлэгч “Ж” ХХК өртөг нөхөгдөх зардлыг 3 216 672.82 ам.доллар, “М” ХХК 634 953.54 ам.доллар, “Т” ХХК 173 446.77 ам.доллар гэж тус тус тайлагнажээ.
2.6. Хариуцагчаас аудитаар “Ж” ХХК 2021 онд батлагдсан төлөвлөгөө, төсөв хэтрүүлсэн 4 413.50 ам.доллар, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу 2 620.28 ам.доллар, зөвшөөрөлгүйгээр үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбогдон гарсан 283 954.96 ам.доллар, тайлант хугацааны өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй зардал 90 979.07 ам.доллар, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу тухайн жилийн хайгуулын өртөг нөхөгдөх зардлын хувиар тооцож нэмсэн захиргааны зардал 10 884.55 ам.доллар,
“М” ХХК 2021 онд батлагдсан төлөвлөгөө, төсөв хэтрүүлсэн 9 283.26 ам.доллар, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу 1 339.92 ам.доллар, тайлант хугацааны өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй зардал 134 312.66 ам.доллар, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу тухайн жилийн хайгуулын өртөг нөхөгдөх зардлын хувиар тооцож хассан захиргааны зардал 7 246.79 ам.доллар,
“Т” ХХК санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу 3.51 ам.доллар, тайлант хугацааны өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй зардал 19 312.91 ам.доллар, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу тухайн жилийн хайгуулын өртөг нөхөгдөх зардлын хувиар тооцож хассан захиргааны зардал 1 885.71 ам.долларын зөрчлүүд илэрсэн гэсэн үндэслэлээр “Ж” ХХК-иас 371 083.26, “М” ХХК-иас 152 182.63, “Т” ХХК-иас 20 282.24 ам.долларыг өртөг нөхөгдөх зардлаас хасаж баталгаажуулж, ийнхүү бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тохиролцсон хайгуулын ажлын доод хэмжээний зарцуулагдаагүй үлдсэн хэсгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь буруу байна.
2.7. Учир нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 1.3-д “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна...”, мөн Төрийн аудитын тухай хуулийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч компаниудаар төлүүлэхээр тогтоосон 1 019 175.00 ам.долларын хувьд тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүйтэй холбоотой буюу Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.3-д заасныг зөрчсөн эсэхтэй холбоотой асуудал юм.
2.8. Нөгөөтээгүүр, Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар аудитын байгууллага гэрээлэгчийн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах эсэх, түүнчлэн ямар хэмжээгээр баталгаажуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээс бус төлбөрийн акт тогтоох хуульд заасан үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
2.9. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгч нартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “гэрээ байгуулсан өдөр”-ийг “төрийн захиргааны төв байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон өдрийг”, “Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсан өдрийг” ойлгоно гэж, “гэрээт жил”-ийг “гэрээ байгуулсан өдөр буюу дараагийн жилийн уг өдрөөс эхлэн тооцсон дараалсан хуанлийн 12 (арван хоёр) сарын хугацааг” ойлгоно гэж тус тус заажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/47 дугаар тушаалаар уламжлалт бус газрын тос хайх тусгай зөвшөөрөл авсан авч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг батлуулж, хайгуулын ажлаа эхэлсэн, харин нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/239 дүгээр тушаалаар Уламжлалт бус газрын тос хайх тусгай зөвшөөрөл авч, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гарснаар хайгуулын ажлаа эхлүүлсэн байх төдийгүй дээрх 2 компанийн хувьд тухайн онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэх цаг хугацааны хувьд боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд албан бичиг хүргүүлэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар 12-ны өдрийн 9/4554, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 9/5350, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08/1435 дугаар албан бичгүүдээр хайгуулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит боломж гэрээлэгч нарт байгаагүй, мөн төлөвлөгдсөн ажлыг он дамжуулан гүйцэтгэж болно гэх хариуг тус тус өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниудыг хайгуулын ажлын доод хэмжээг хуанлийн жилд хийж гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэл болохоор байна.
2.10. Мөн Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9-д зааснаар гэрээлэгч “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11.1.4-д байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгасан бол эскроу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан авах эрхтэй талаар зохицуулсан, түүнчлэн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар байгаль орчныг нөхөн сэргээх мөнгөн хөрөнгө нь төсөвт төвлөрдөггүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас “М” ХХК-ийг Эксроу дансанд байршуулаагүй 7 157.94 ам.долларыг ийнхүү төлүүлэхээр акт тогтоосон нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.4-т тус тус заасанд нийцэхгүй байна. Төлбөрийн акт тогтоох үндэслэлд хамаарахгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдэд маргаан бүхий актуудын огноог “2025 оны” гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байсныг дурдах нь зүйтэй бөгөөд энэ төрлийн алдааг цаашид гаргахгүй байхад анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН