Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,    

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Н.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000336 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЖ91042419 тоот регистрийн дугаартай, Үхэрчин мөнх овогт Нэргүйн Болдбаатар,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Нэргүйн Болдбаатар нь согтуурсан үедээ давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багт байрлах буудалд унтаж амарч байсан Л.Наранцэцэгийн Samsung note-2 маркийн rap утас, бэлэн мөнгө 32.500 төгрөгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 212.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг 41 дүгээр байрны 13 тоотод оршин суух Л.Ганболдын гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний хажуу дээрээ 4 хүчтэний дүрстэй хар мөнгөн бүс 1 ширхэг, жолоогүй бүдүүн мөнгөн бөгжтэй, амгайныхаа хажууд морины дүрс бүхий мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад бага хэмжээний буюу 2.680.000 төгрөгийн, уг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ цонхны шилийг хагалж, тагтны вакум хаалганы түгжээг эвдэлж 35000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө намайг буудалдаа унтаж амарч байхад гаднаас үл таних залуу орж ирж сэрээсэн. Тэр үед би юун хүн бэ гараач гэхэд тэр залуу гараад явчихсан. Буудлын өрөөний хаалга онгорхой, гаднах хаалгыг цоожтой гэж бодсон байсан. Гэтэл тэр хаалгыг гаднаас нь хүн онгойлоод орох боломжтой юм билээ. Тэр залууг гарсаны дараагаар гар утас, мөнгөө үзтэл миний нөт-2 маркийн гар утас, бэлэн 32.500 төгрөг хулгайд алдагдсан байсан. Би тэр хүний араас хувцасаа өмсөөд ум хумгүй гүйж гарахад хашаанд нэг хүн явж байсан, түүнийг дуудтал хүрээд ирсэн, тэр залуугаас чи манайхаас хүн гарахыг харав уу гэтэл нэг залуу хойшоо гүйгээд явсан гэж сэжигтэй нь аргагүй хэлсэн. Тэгэхээр нь би чи авчихсан юм бишүү гээд халаас руу нь гараа хийтэл миний rap утас байсан. Би гар утсаа авч чадаагүй тэр залуу шууд зугтсан. Тэгээд байж байсан цагдаа нарт хулгайч баригдсан сураг сонсогдсон, очоод уулзтал миний гар утас, мөнгийг хулгайлсан залуу мөн байсан. Түүнээс гар утас, бэлэн 32.500 төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би хөдөө явж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийг харж үлдсэн Даваацэрэн хичээлдээ явсан байсан бөгөөд би гэртээ ирээд гэрт байсан мөнгөн аяга, мөнгөн хазаар хоёр алга болсныг мэдээд Даваацэрэнг дуудахад тэр ирээд хулгайч орсон юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд би тэр даруй нь цагдаад мэдэгдсэн юм. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би ангийнхаа хүүхдийн гэрт нь очиж хоносон юм тэгээд маргааш нь ирэхэд полкон онгорхой байсан гэж хэлсэн юм. Тэгээд тэр оройдоо эд зүйлээ бүртгэж үзэхэд мөнгөн бүс алга болсон байсныг би мэдсэн юм. Манай гэрээс мөнгөн хазаар, мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг зүйлүүд алга болсон байгаа. Намайг явахад полконы шил цуурсан байсан бөгөөд намайг хөдөөнөөс ирэхэд бүр хагарчихсан байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 136/,

Иргэний нэхэмжлэгч Д.Батчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор сумын 1 дүгээр багт Уян нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Гантөмөр гэдэг хүн ирээд өөрийнхөө цахим үнэмлэхийг үзүүлж бүртгүүлээд нэг мөнгөн аягыг 14 хоногийн хугацаатай 40.000 төгрөгийн барьцаанд тавьж үлдээгээд явсан юм. Тэгээд би өнөөдөр тэр мөнгөн аягыг нь цагдаад хураалгасан байгаа. Тэр Гөнтөмөр гэдэг хүн ганцаараа ирсэн ба тэр мөнгөн аягаа 14 хоногийн хугацаатай 40.000 төгрөгийн хугацаатай тавьсан юм. Хүүтэйгээ нийлээд 44,000 төгрөг болж байгаа юм Тэр хүн надад тэр барьцаалсан мөнгөн аяганаас өөр зүйл үзүүлээгүй. Ганцхан мөнгөн аяга л авч орж ирсэн. Тэр Гантөмөр гэх хүний эгч нар нь гээд хоёр хүн надад уг мөнгөн аягыг барьцаалсан үнэ болох 40.000 төгрөгийг хүүтэй нь нийлүүлээд нийт 44.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь төлж барагдуулсан болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139/, 

Гэрч Л.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг гэртээ байж байхад орой 20:00 цаг өнгөрч байхад манай найз Энхчимэг найз залуу гээд Болдоо гэдэг запуугийн хамт манайд ирээд тэр хоёр манайд хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь 08:00 цагт гараад явсан. Энхчимэг, Болдоо гэдэг тэр залуутайгаа явсан би ч хичээлдээ явсан. Тэгээд тэр өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би хичээлээсээ өдөр тараад 12:00 цаг өнгөрөөгөөд Энхчимэгийн хамт гэртээ ирээд гэрээ шалгачихаад хөшигнүүдээ татчихаад явсан. Тэр өдрөө би амьчуулд байдаг манай найз Богд сумаас ирсэн гэхээр нь тэд нар дээр очиж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14:00 цагийн үед Энхчимэгтэй хамт гэртээ ирсэн чинь Ганболд ахын байрны хоёр палокон нь онгойлттой, цонх онгорхой байсан, том өрөөнд байдаг ханын стенкны нэг талын хаалга нь онгорхой байсан. Тэр хаалган дээр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Энхчимэг бид хоёр арчиж цэвэрлэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хөдөөнөөс Ганболд ах ирээд гэрт байсан юм алга болсон байна гээд цагдаад мэдэгдсэн юм. Тэр хоёрыг Ганболд ах гэрт хоночихоод маргааш өглөө нь гарч явахад мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс зэрэг нь байж байсан. Мөнгөн хазаар нь том өрөөнд байдаг эмээл дээр байсан. Харин мөнгөн аяга нь ханын стенкэн дотор байсан, харин мөнгөн бүс нь тэр ханы стенкны доод талын шүүгээнд байсан юм. Би Болдбаатарыг авсан байх гэж бодоод сэжиглэж байна. Яагаад гэхээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой надруу Болдбаатар утсаар яриад намайг хаана байна гэхээр нь би амьчуулд айлд байна гэсэн чинь Энхчимэгтэй хэрэлдчихлээ, хаана байгаа бол гээд архи уучихсан согтуу ярьсан юм. Тэр өдөр Болдоо надтай утсаар ярихдаа өөрийгөө хаана байгаагаа хэдээгүй, надруу нэг юнителийн дугаараас л ярьсан, би одоо тэр дугаарыг нь мэдэхгүй байна. Тэр над руу ярихдаа Энхчимэг уурлаад явчихлаа, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна чамтай хамт байгаа юу гэхээр нь би надтай хамт байхгүй, би амьчуулд айлд байна гэж хэлсэн юм би өөр зүйл хэлээгүй. Тэр над руу орой 21:00 цагийн үед залгаж тэгж ярьсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142/,

Гэрч Б.Энхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 11-р сарын 09-ний өдөр Даваажаргал намайг дуудаад манайд хүрээд ир гэхээр нь би очсон чинь надтай ханьтай хоночих гэсэн юм. Тэр үед би очихдоо Болдбаатартай хамт очсон юм. Тэгээд тэр шөнөө тэр Даваацэрэнгийн ахынд нь бид гурав цуг хоносон. Хонохдоо Болдбаатар бид хоёр унтлагынх нь өрөөнд нь унтсан, Даваацэрэн болохоор том өрөөндөө унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь Даваацэрэн хичээлдээ явсан, Болдбаатар бид хоёр цуг явсан. Тэгээд 2016 оны 11-р сарын 10-ны өдөр би Болдбаатар миний утсыг аваад явсан байсан бөгөөд би Болдбаатартай уулзаж өөрийнхөө гар утсыг авчихаад би байдаг байрандаа ирээд хоносон. Тэгээд 2016 оны 11 сарын 11-ний өдөр Даваацэрэн бид хоёр тэрний байдаг нөгөө айлд нь ирсэн чинь цонх нь онгойчихсон, хаалганы бариул зэрэг нь цус болчихсон байхаар нь Даваацэрэн бид хоёр хулгай орсон гэж мэдээгүй гэрийг нь цэвэрлээд цус болсон газруудыг нь арчиж цэвэрлэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145/,

Шүүгдэгч Н.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр найз Очироотой хамт Баянхонгор аймгаас хуучин Жинст сум руу хамт явсан тэндээ бид хоёр Очироогийн гэрт очиж хоноод маргааш нь бид хоёр хамт Ерөөл нэртэй 0.5 литрийн архи хувааж уугаад орой нь дахиад хүний 2 шил Нийслэл нэртэй пиво уугаад замын айлд орж тэндээ монгол шимийн архи тухайн гэрийн эзэнтэй хувааж уугаад бараг үүр цайлгасан юм. Тэгээд өглөө нь би ганцаараа тухайн айлаас гарч яваад одоо хулгай хийсэн гээд байгаа буудал руу ороод нэг модон хаалгатай өрөөг татаж үзэхэд онгорхой байхаар ороод дотор нь байсан нөт-2 маркийн хар өнгийн утас авсан мөн бэлэн 6.000 мянган төгрөг авч гарсан намайг тухайн зочид буудлын өрөө рүү ороход нэг эмэгтэй хүн унтаж байсан юм. Тэгээд би буцаад Очироогийнд очоод байж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирээд намайг бариад авсан би тухайн авсан эд зүйлээ эзэнд нь хүлээлгэн өгөөд Баянхонгор аймгийн цагдаагийн газар дээр мөрдөн байцаагч Б.Батцэнгэл дээр шалгагдаж байгаад тэндээ Батлан даалтанд гарч байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээд эгч Ариунболдынд байсан юм ... Тэгээд маргааш өнжөөд нөгөөдөр нь гэрт нь очсон чинь гэрт нь эзэн байхаар нь би байшингийнх нь зүүн талын тагтны цонхыг хагалж дотор нь ороод том өрөөнд нь байсан хананы стенкнээс 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бүс, нэг ширхэг мөнгөн хазаарыг аваад буцаад тэр цонхоороо гараад явсан. Тэгээд тэр өдрөө мөнгөн аягыг нь Дэлгэрэх захын ар талд байдаг ломбарданд 40.000 төгрөгөөр, мөнгөн бүсийг нь Дэлгэрэх захын ар талд байдаг өөр нэг ломбарданд 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд мөнгийг нь үрээд дуусгасан. Мөнгөн хазаарыг нь тэр өдрийнхөө шөнө Баянхонгор суманд нэг таксинд сууж явж байгаад таксины мөнгө болох 15.000 төгрөгний барьцаанд жолоочид нь өгсөн тэгээд буцааж аваагүй байгаа ... Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө зочид буудалд унтаж амарч байсан нэг эмэгтэй хүний нөт-2 маркийн гар утас, бэлэн 32500 төгрөгийг хулгайлж авсан. Дээрх хулгайлж авсан зүйлүүдийг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тухайн үед Жинст суманд байж байгаад цагдаа нарт баригдсан юм ... нөгөөдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед Даваацэрэнгийн байдаг айлд нь очсон чинь цонхоор нь харсан чинь хүн байхгүй байхаар нь зүүн талын тагтны цонхыг нь хагалаад дотор нь ороод том өрөөнд нь байсан 1 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс зэргийг аваад буцаад орж ирсэн цонхоороо гараад явсан. Тэгээд дунд захад байдаг ломбарданд мөнгөн аягыг нь барьцаанд тавьж 40.000 төгрөг авсан. Би ломбарданд тавихдаа Гантөмөрийн нэрийг хэлээд тавьчихсан. Мөнгөн бүсийг би Лхамхүү эгчийн гэрт үлдээчихсэн. Харин мөнгөн хазаарыг нь тэр оройдоо Баянхонгор сумын 3 дугаар багаас 1 дүгээр багт төвд орж таксинд сууж буухдаа таксины жолоочоос нь би 15.000 төгрөг зээлээд барьцаанд нь тэр мөнгөн хазаарыг нь түр өгсөн юм. Тэр мөнгөнүүдээ үрээд дуусгасан. Тэр үед би ганцаараа явж байгаад юм хулгайлсан юм. Би тэр жолоочийн нэр хаяг, утасны дугаар, машины марк, дугаар зэргийг нь мэдэхгүй. Нэг цагаан жижиг машин байсан. Жолооч нь 35-36 орчим насны эрэгтэй хүн байсан. Одоо тэр жолоочийг хаана байгааг мэдэхгүй байна ... Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Баянхонгор Жинст сумын Бодь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах буудалд унтаж байсан нэг эмэгтэй эгчийн гар. утас, 32500 төгрөгийг хулгайлж авсан, хулгайлж авсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 41 дүгээр байрны 13 тоотод байх айлаас мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж авсан. Хохирогч иргэнд мөнгөн аяга, мөнгөн бүс хоёрыг буцааж өгсөн. Дээрх 2 үйлдлийг хийхдээ ганцаараа явсан. Мөнгөн хазаарыг нь танихгүй таксины жолоочид 15.000 төгрөгийн барьцаанд өгсөн. Тэр жолооч цагаан өнгийн прүс маркийн суудлын автомашинтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52, 58-59, 168-169, 173-174, 176-177/,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “... мөнгөн аяга 1 ширхэг 180.000 төгрөг, мөнгөн хазаар 1 ширхэг 1.500.000 төгрөг, мөнгөн бүс 1 ширхэг 1.000.000 төгрөг, цонхны шил 30.000 төгрөг, тагтны вакум хаалганы түгжээ 1 ширхэг 5000 төгрөг” -ний үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 163 хуудас/,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Samsung note -2 маркийн rap утас нь 180.000 төгрөг ...” -ний үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 31 хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Д.Батчимэгээс Эд зүйл хураан авах тогтоол. эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /мөнгөн аяга/ /хх-ийн 124-125 хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн иргэн Б.Лхамхүүгээс 1 ширхэг мөнгөн бүс хураан авсан тогтоол, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /мөнгөн бүс//хх-ийн 126- 127 хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /мөнгөн бүс. мөнгөн аяганд//хх-ийн 128-129 хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /мөнгөн бүс, мөнгөн аяга, хүрэн өнгийн зүйлээр бохирлсгдсон бор өнгийн цаас//хх-ийн 130-132 хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /мөнгөн бүс, мөнгөн аяга//хх-ийн 133 хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хулгайлагдсан гэх гар утас, бэлэн мөнгөний/ хх-ийн 8- 11 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилэх тогтоол, тэмдэглэл / яллагдагч Н.Болдбаатарын 5000 төгрөг/ /хх-ийн 18-19 хуудас/,

Баянхонгор  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 тоот шийтгэх тогтоол хуулбар /хх-ийн 64-81 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 111-114 хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн эвлэрлийн гэрээ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.    

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Н.Болдбаатар нь тус шүүхийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багт байрлах буудалд нэвтэрч Л.Наранцэцэгийн Samsung note-2 маркийн rap утас, бэлэн мөнгө 32.500 төгрөгийг хулгайлж, бусдад 212.500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ялтай байхдаа давтан үйлдэлээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг 41 дүгээр байрны 13 тоотод оршин суух Л.Ганболдын гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад 2.680.000 төгрөгийн, уг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ цонхны шилийг хагалж, тагтны вакум хаалганы түгжээг эвдэлж 35.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул Н.Болдбаатарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Н.Болдбаатар нь тус шүүхийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан тохиолдол боловч дахин давтан үйлдэлээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэж дээрх хэргүүдийг нэгтгэсэн байх тул шүүгдэгч Н.Болдбаатарт Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Болдбаатарт Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулсан тул өмнөх хэргийн улмаас цагдан хоригдсон 115 хоног энэ хэргийн учир цагдан хоригдсон 50 хоног, нийт 165 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5000 төгрөгийг шүүгдэгчид буцаан олгож 2016 оны 12 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Үхэрчин мөнх овогт Нэргүйн Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх буюу тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Болдбаатарын цагдан хоригдсон 165 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.     

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5000 төгрөгийг шүүгдэгчид буцаан олгож 2016 оны 12 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Н.Болдбаатарын эдлэх ялыг 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА