Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа, улсын яллагч Т.Төмөртулга, иргэдийн төлөөлөгч Ё.Эрдэнэбаяр, шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х, түүний өмгөөлөгч Н.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1352 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ын М, 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар ***, урьд

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод В.О-ын толгой тус газар архины шилээр цохиж биед нь “дагзанд шарх, баруун нүдний дээд зовхи, бугалга, тохой, баруун мөр, гуя, нуруу, шилбэ, өвдөгт цус хуралт “ бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч В.О-ын толгойн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн төвгөр болон доод гадаргуу тархмал ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн ховил дагасан голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөг язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нас барсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод В.О-ын толгой тус газар архины шилээр цохиж “дагзны шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- “...М гэдэг согтуу залуу О гэдэг эмэгтэйн толгойн тус газар архины шилээр цохиод толгой нь хагараад ухаан алдчихлаа...” гэсэн дуудлагын утга бүхий 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал),

- 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 9-10 дахь тал)

- 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрч Г.Б-ын өгсөн “...Манай хүү өчигдөр гэрээсээ гараад явсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өнөөдөр 16 цагийн өнгөрч байхад гэртээ үл таних эмэгтэй хүний хамтаар ирсэн. Тухайн үед би гэрт нь ороход дагуулж ирсэн эмэгтэйн толгойн зүүн талаас цус гарч, эрүү хавдсан, толгой болон хувцас нь цус болчихсон байхаар нь би цагдаа эмнэлэг дуудсан юм. Миний хүү эхнэр хүүхдээсээ салаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 10 гаруй жил болж байна. Архины хамааралтай. Тухайн үед би гэртээ ороход толгой нүүр, хувцас нь цус болчихсон эмэгтэй байхаар нь хүүгээсээ юу болсон талаар асуухад би архины шилээр цохисон юм гэж хэлсэн. Миний хүү өчигдөр гэртээ хоноогүй бөгөөд З гэх залуугийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон гэж хэлсэн. Намайг гэрт нь ороход манай хүү нэлээд согтуу байсан. Тухайн эмэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд толгойноос нь цус гарч, нүүр, хүзүү, хувцас нь цусанд бохирлогдсон байсан...” гэсэн мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр амь хохирогч В.О-ын гэрчээр өгсөн “...Надад гомдол санал байгаагүй тул очих шаардлагагүй гэж бодсон юм. Тухайн өдрөөс хойш эгчийндээ байсан ба ажил хийгээд завгүй байсан. Миний бие мэдүүлэг өгөхгүй, надад гомдол санал байхгүй болно...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9352 дугаартай дүгнэлтэд “...1. В.О-ын биед дагзанд шарх, баруун нүдний дээд зовхи, бугалга, тохой, баруун мөр, гуя, нуруу, шилбэ, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх дагзны шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 4. 5. Дээрх дагзны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх дагзны шарх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь үзүүлсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэсэн (1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.М нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод В.О-ын толгойн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн төвгөр болон доод гадаргуу тархмал ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн ховил дагасан голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөг язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас В.О нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь:

- “...нэг архи уугаад яваад байдаг эмэгтэй хүн ухаангүй, амьсгалахгүй хэвтэж байна...” гэсэн дуудлагын утга бүхий 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),

- 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн  “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоот хаягтай ертөнцийн зүгээр баруун зүгт харж байрласан хүрэн өнгийн төмөр хаалгатай модон хашаа байлаа. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд байшингийн ертөнцийн зүгээр баруун талд толгойн хэсэг нь баруун урд зүгт чиглэсэн хөлийн хэсэг нь зүүн хойд чиглэсэн, зүүн гарыг биеэс салгаж, хагас атгасан, шулуун байрлалд тавьсан, баруун гарыг хэвлий хэсэгт хагас атгасан байдалтай байршуулж, дээш харсан байрлалтай эмэгтэй хүний цогцос байв. Уг цогцсын шар өнгийн өмд нь хагас тайлагдсан байдалтай, саарал өнгийн цамц нь хагас дээш сөхөгдсөн байв...ойр орчимд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 59-74 дэх тал),

- 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 82-86 дахь тал)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х-ын өгсөн “...Манайх эхээс арван нэгүүлээ бөгөөд В.О нь доод талаасаа 2 дахь дүү буюу айлын 10 дахь хүүхэд юм. Талийгаач В.О нь даруухан дуу цөөтэй хүүхэд байсан ба их цэвэрч хүүхэд байсан юм. Сүүлд О  нөхрөөсөө салаад олон жил болж байгаа юм. Сүүлийн нэг жил орчмын өмнөөс гадуур явдаг болсон. Надтай байнга холбоотой байдаг байсан ба 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нас барсан талаар мэдсэн. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр надаас нэгж асууж холбоо барьсан. Холбоо барих болгондоо нэгж авдаг байсан. ...2008 онд анхны нөхөртэйгөө гэр бүл болоод дундаасаа нэг охинтой болсон бөгөөд 2010 онд тухайн нөхрөөсөө салаад Мэндээ гэх залуутай гэр бүл болцгоосон. Тухайн залуутайгаа гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй болцгоосон бөгөөд одоогоос 4-5 жилийн өмнө хүүхдүүдээ нөхөртөө үлдээгээд салцгаасан. Тухайн нөхрөөсөө салснаасаа хойш архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэг болсон бөгөөд одоогоос 2 жилийн өмнөөс И гэх залуутай хамт амьдраад байгаа сураг дуулдсан бөгөөд удалгүй салцгаасан байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд архийг маш их ууж байгаа бөгөөд нэг эрэгтэйтэй хамт нэгдүгээр хорооллын хойд дэнж дээр амьдарч байгаа, маш их зодуулдаг гэх сураг дуулдсан. Миний бие хамгийн сүүлд О-тай цагаан сарын өмнө уулзсан. Тухайн үед уулзахад их цэвэрхэн хувцасласан архи уудаг гэх шинжгүй байсан. Тэгээд хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаж нэгж асуусан. Түүнээс хойш дахиж холбогдоогүй. Манай дүү Х хэлэхдээ “над руу О-ын өмнөх хамтран амьдрагч залгаад танай дүү чинь энэ хавиар /1 дүгээр хорооллын ард байрлах дэнж/ архи уудаг залуучуудтай яваад байна. Тэгээд нэг залуутай амьдарч байгаа бөгөөд байнга зодуулаад байх шиг байна. Хүн амины хэрэг гарч магадгүй шүү хэрэв тийм бол надад хамаагүй шүү гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 15-16, 108-110 дахь тал),

- 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр цогцост үзлэг хийсэн “Тухайн цогцос нь 171 см урттай, 57 кг жинтэй, толгойдоо 40 см урттай бор өнгийн үстэй эмэгтэй хүний 2 нүдний зовхи хаалттай, эвэрлэг тунгалаг, тэмтрэлтээр хамрын ясны мөгөөрс бүрэн, уруул хөхөлбөр өнгөтэй, баруун дээд 1, 2, 3, 4 зүүн дээд 1-р шүд үгүй, буйл мөлгөр бусад шүд бүтэн. Цээж хэвлий хэлбэр зөв, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, мөчдийн хуруу бүтэн, шээс, өнгөний сүвнээс гарсан зүйлгүй. Хөшилт эрүү, дээд, доод мөчдөд тод үүссэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсэг болон зүүн хажуу хэсгээр хүрэн ягаан өнгөөр үүссэн дарахад арилахгүй. Зүүн хөмсгөнд 2х0.3 см ангайж язарсан зах ирмэг тэгш бус шархтай, зүүн нүдний дээд зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун даланд 2х3 см, баруун бугалганы гадна хэсэгт 2х2 см, 1х1 см, зүүн бугалгын гадна дунд хэсэгт 3х2 см ногоон өнгийн цус хуралтуудтай. Баруун өвдгөнд 3х4 см, баруун шилбэнд 5х4 см, 2х2 см, 2х2 см, 2х1 см зүүн шилбэнд 5х4 см, баруун гуяны дотор хэсэг 6х4 см захаараа шаргал хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Баруун сарвууны ар хэсэгт 1х0.5 см, баруун шанаанд 10х2 см, 12х2 см баруун гуяны урд хэсэгт 12х2 см талбайд  зураасан зулгарлуудтай. Биед өөр ил харагдах гэмтэл шархгүй. Нас бараад 6 цаг болсон байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 75-81 дэх тал),

- 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрч Б.Д-ийн өгсөн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод оршин суудаг бөгөөд манай урд талын хашаанд манай төрсөн дүү М амьдардаг юм. М нь архины хамааралтай бөгөөд гэрээр нь тухайн орчмын архичид цуглардаг. ...Өнөөдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны үед миний бие гадуур явж байгаад гэртээ орж ирсэн. Хашаагаар орж иртэл манай гэрийн хойд талд өмдөө хагас шувталчихсан эмэгтэй хүн хэвтэж байсан. Гэртээ ортол манай нөхөр хойно байгаа эмэгтэйг харсан уу наадхаа хашаанаас гарга хүүхдүүд харчихна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад хартал тухайн эмэгтэй нь согтуу тасарчихсан хэвтэж байсан бөгөөд тухайн эмэгтэйн фудволкноос дээшээ болон доошоо харуулж чирсээр байгаад манай хашааны 00-ын урд талд байдаг урд талын хашаатай холбогдсон завсраар гаргаад, урд талын хашаанд чирч оруулсан. Би тэр эмэгтэйг сэрээх гэж үзсэн боловч их согтуу, байж байлдаа гэж хэлээд байсан. Тэгээд орой цагдаагийн байгууллага ирээд тухайн эмэгтэйг нас барсныг мэдсэн. Би тухайн эмэгтэйг танихгүй. Гэхдээ өмнө нь харж байсан. Манай дүү болох М-ийн гэрээр байнга орж гараад байдаг архины хамааралтай эмэгтэй байдаг. Манай урд айлд 2-3 хоногийн өмнө хэрүүл маргаан болж байсан. Би тухайн үед гэртээ байсан болохоор юуны талаар маргаад байгааг нь сайн сонсоогүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал)

- 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрч Ц.О-ын өгсөн “...Э-ийн хамт гэртээ унтаж байхад өнөө өглөө /2023.08.07-ны өдөр/ 08 цагийн орчим Төрөө, О  нар манай гэрт ирсэн. Тухайн үед О-ын зүүн нүд хөхрөөд хавдчихсан байхаар нь О-аас чиний наад нүүр чинь яасан юм бэ гэхэд Төрөө миний нүүрэн тус газар шаазан аягаар цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал),

- 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрч Г.Б-ын өгсөн “...Би 2023 оны 8 дугаар сарын 07-ны 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ эхнэр Н-д банштай цай хийж өгөөд байж байхад гаднаас манай хүү М, Оюука буюу О-тай хамт бараг хөл дээрээ зогсож чадахгүй согтуу орж ирсэн. ...14 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд О намайг сууж байсан газраасаа гараад урд талын хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаан дотор байшингийн амбаар /таамбар/ ертөнцийн зүгээр баруун талд нь доошоо харсан толгой нь ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай, хувцас нь шороо болсон шар өнгийн даавуун өмд нь хагас шувтарсан байдалтай байсан бие засах гэж оролдсон юм шиг байсан. Би очоод гараас нь татахад гар нь суларсан нүүр хөхөрсөн нэг эвгүй байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн эмэгтэйг 2 сарын өмнө манай хүү М дагуулаад ирсэн юм. Тэгэхээр нь юу хүн бэ гэж асуухад манай хань байгаа юм бид 2 суух гэж байгаа юм гэхээр нь наад хүнд чинь ах дүү хамаатан садан байна уу гэж асуухад хороололд нэг эгч нь байдаг, Хархорин захын урд талд бас нэг эгч байдаг гэж ярьж байсан. ...Тэр 2 ер нь байнга согтууруулах ундаа хэрэглэнэ, гэртээ хоёулаа байдаг тул байнга ууж хоорондоо хэрэлдэж маргалдаж байдаг юм. ...Архи уугаагүй үедээ гайгүй эвтэй байдаг архи уугаад согтохоороо хоорондоо хэрэлдэж зодолддог. Уржигдар буюу 2023 оны 8 дугаар сарын 05-ны орой согтуугаар хоорондоо муудалцаад М талийгаач О-ын баруун хөмсөгний дээд талд нь варианы шилээр яз цохисон байсан. М өөрөө варианы шилээр цохисон гэж байсан. Би тэр шархыг өнөөдөр согтуу байхад нь гараас нь татаж босгох гэж оролдох үедээ харсан. 8 дугаар сарын 05-ны орой тэр хоёрыг гэртээ зодолдож байна гэж хүүхдүүд хэлж байсан би тухайн үед нь очоогүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал),

-2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэрч Г.Б-ын дахин өгсөн “...Би эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод амьдраад 24 жил болж байна. Манай хашаанд төрсөн охиных маань нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Харин манай бага хүү М-ийнх урд талын хашаанд буюу *** тоотод амьдардаг. Манай хүү М ганцаараа амьдардаг байж байгаад сүүлийн 2, 3 сарын өмнөөс нэг эмэгтэйдээ хамтран амьдраад байгаа юм. Ер нь бол М болон тэр эмэгтэй хоёр байнга архи уугаад хоорондоо хэрэлдэж маргалдаад яваад байдаг. ...2023 оны 08 дугаар сарын 05-ны орой М, Оюука хоёр хоорондоо гэртээ маргалдаж хэрэлдэж байгаа сонсогдохоор нь би байшингийнх нь амбаарны цонхоор харахад М, Оюукагийн зүүн талын хөмсөгний хэсэгт юмаар яз цохисон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135-137 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Талийгаач В.О-ын цогцост зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн төвгөр болон доод гадаргуу тархмал ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн ховил дагасан голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун дал, хоёр бугалга, баруун өвдөг, хоёр шилбэ, баруун гуянд цус хуралтуудтай. Баруун сарвуу, баруун ташаа, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн төвгөр болон доод гадаргуу тархмал ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн ховил дагасан голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. 4.Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 5.Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7.Нас барах үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна. 8.Талийгаач нь АВО системээр В/III/ бүлгийн цустай байна. 9.Эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1 дэх хавтаст хэргийн 153-164 дэх тал), 

- 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээч Н.Энхцолмонгийн “...Асуулт:Таны 2023.06.29-ний өдрийн 2126 дугаартай дүгнэлтэд: Талийгаач О-ын зүүн зулай чамархай дагзны дэлбэнгийн төвгөр болон доод гадаргуу тархмал ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн ховил дагасан голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, гэмтэл нь зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэлтэй шалтгаант холбоотой юу? Хариулт: Дээрх гавал тархины гэмтэл нь зүүн хөмсөг, зовхинд цохих үед олсон байх боломжтой байна. Асуулт: Дээрх гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн бэ? Хариулт: Дээрх гэмтлийг 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Асуулт: Дээрх хүнд гэмтлийг авсан үед амь хохирогч идэвхтэй үйлдэл хийх боломжтой юу? Хариулт: Тархинд үүссэн цусан хураа аажим нэмэгдэх явцаар тодорхой хэмжээнд хүрч тархи дарах хүртэл идэвхтэй үйлдэл хийж болно. Энэ нь хэдэн цагаас авхуулан хэдэн хоног төдийгүй 7 хоног хүртэлх хугацаанд үргэлжилж болдог...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-151 дэх тал),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 701 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Б.М нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. Б.М нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. 2.Б.М нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт хэргийн материалд үгүй байна. 3.Б.М нь өөртөө болон бусдад цаашид аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. 4.Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5.Б.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 6.Б.М нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. 7.Б.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 168-169 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, өөр хоорондоо хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн. Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9352 дугаартай дүгнэлтээр В.О-ын биед дагзанд шарх, баруун нүдний дээд зовхи, бугалга, тохой, баруун мөр, гуя, нуруу, шилбэ, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлүүдээс дагзны шарх гэмтэл нь гэмт хэрэг гарсан гэх 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой талаар дүгнэлтэд тодорхой тусгагдсан.

Харин бусад гэмтлүүд нь шинжээчийн үзлэг хийсэн гэх 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс өмнө 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн.

Гэтэл улсын яллагчаас “шүүгдэгч Б.М нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод В.О-ын толгой тус газар архины шилээр цохиж биед нь “дагзанд шарх, баруун нүдний дээд зовхи, бугалга, тохой, баруун мөр, гуя, нуруу, шилбэ, өвдөгт цус хуралт“ бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шинжээчийн дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүсээгүй “...баруун нүдний дээд зовхи, бугалга, тохой, баруун мөр, гуя, нуруу, шилбэ, өвдөгт цус хуралт...” зэрэг гэмтлийг хэргийн үйл баримтад оруулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр дагзны шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн ба гэрч Г.Б-ын өгсөн “...Тухайн үед би гэрт нь ороход дагуулж ирсэн эмэгтэйн толгойн зүүн талаас цус гарч, эрүү хавдсан, толгой болон хувцас нь цус болчихсон байхаар нь би цагдаа эмнэлэг дуудсан юм. ...хүүгээсээ юу болсон талаар асуухад би архины шилээр цохичихсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн “...миний уур хүрээд архины шилээр толгойн тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогч В.О-ын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.М-ийн архины шилээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Б.М нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод В.О-ын толгой тус газар архины шилээр цохиж дагзанд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, идэвхтэй үйлдлээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх, шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирол хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргээс хамаарч хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр амь хохирогч В.О-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй байдлын улмаас толгойн тус газарт аяга шидсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн төвгөр болон доод гадаргуу тархмал ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн ховил дагасан голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөг язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас амь хохирогч В.О нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нас баржээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2126 дугаар дүгнэлтэд талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой гэж дүгнэсэн.

Мөн шинжээчийн “...Гавал тархины гэмтэл нь зүүн хөмсөг, зовхинд цохих үед олсон байх боломжтой байна. ...Дээрх гэмтлийг 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ын “...2023 оны 08 дугаар сарын 05-ны орой М, Оюука хоёр хоорондоо гэртээ маргалдаж хэрэлдэж байгаа сонсогдохоор нь би байшингийнх нь амбаарны цонхоор харахад М, Оюукагийн зүүн талын хөмсөгний хэсэгт юмаар яз цохисон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.О-ын “...Тухайн үед О-ын зүүн нүд хөхрөөд хавдчихсан байхаар нь О-аас чиний наад нүүр чинь яасан юм бэ гэхэд Төрөө миний нүүрэн тус газар шаазан аягаар цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нь өөр хоорондоо харилцан хамааралтай байх тул шүүхээс хэргийн үйл баримтад амь хохирогч В.О-ын биед 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүнд гэмтэл учруулсан болохыг өөрчлөн дүгнэсэн болно.

Амь хохирогч В.О 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр амь насанд аюултай хүнд гэмтэл авсан хэдий боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нас барсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэнд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчаас хэргийг мөн зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.М, амь хохирогч В.О нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байсан гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.М нь аягыг зэвсгийн чанартай хэрэглэсэн байх тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж хүндрүүлэн зүйлчлэх саналыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос албан ёсны тайлбар хийсэн.

“Аяга” нь идээ ундаа хийж идэж, уухад зориулсан ахуйн зориулалттай эд зүйлд хамаарах болохоос аливаа зүйлийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл биш юм.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардалд нийт 8,735,500 төгрөгийг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн байдлаар маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-өөс 8,735,500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х-д олгохоор шийдвэрлэлээ.

Тус хэргийн улмаас В.О-ын амь нас хохирсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

2.1.        Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаангүй. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэрэг 8-15 жилийн хорих ялтай бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг 5-12 жилийн хорих ялтай буюу ял нь ялгамжтай.  Хэрэгт холбогдсон өдрөөсөө эхлэн цагдан хоригдож байгаа тул хохирол төлбөрийг төлж чадаагүй. Хохирогч нь тархины хүнд гэмтэл аваад нас барсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ялтай учир улсын яллагчаас санал болгосноор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Гомдолтой байна, 9 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь бага байна гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн арга, хохирогчид учруулсан гэмтлүүд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, оршуулгын зардал зэргийг огт төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал, уучлалт огт гуйж байгаагүй, олон тооны шарх гэмтэл учруулж байсан зэргийг харгалзан ял оногдуулж өгнө үү...” гэв.

2.2.     Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.М-ийн асап сангийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 182 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.10-ны өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 182-185 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.07.08-ны өдрийн 2020/ХМШЗ/70 дугаартай захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 222 дахь тал), Хур системийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 2, 6-11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Б.М 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжийн эдлээгүй үлдсэн 01 жил 2 сар 26 хоногийг хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байна.

Шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн 2023 оны 08 дугаар сарын 9-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 155 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцов.

2.3.       Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 /ес/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн биечлэн эдлэх 9 /ес/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 155 /нэг зуун тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-өөс 8,735,500 /найман сая долоон зуун гучин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х-д олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАР

 

                   ШҮҮГЧ                                        Б.БАТАА

 

                                 ШҮҮГЧ                                      Б.НАРАНЖАРГАЛ