Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 3028

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Г.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБТЗ-д холбогдох,

 Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.С2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УБТЗ галт тэрэгний үйлчлэгчээр ажилд орсон. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай захиргааны чөлөө авсан. Захиргааны чөлөө дуусаж ажилдаа орох тухайгаа мэдэгдсэн боловч ...түр хүлээж бай. Таныг захиргааны чөлөө авсан хугацаанд түр ажилтан авсан байгаа. Тэр хүнийг гарахаар дуудна... гэж хэлсэн. Би буцаж ажилдаа орох зорилгоор эхний хэд хоног өдөр бүр очиж асуудаг байсан. Намайг 2014 оны 08 дугаар сарын дундуур ажилдаа ор гэж дуудсан. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн шинжилгээ, шалгалт зэргийг өгч галт тэрэгний зааварлагч ажлын байранд томилогдон ажиллаж эхэлсэн. Би ажлаас халагдсан тухайгаа мэдээгүй. 2019 онд галт тэрэгний зааварлагч ажлын байранд томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай нэгжид НБА-ын шалгалт 2 удаа ирсэн. 2020 оны 01 дүгээр сард 2 дах удаагийн НБА-ын шалгалтаар надад 1,800,000 төгрөгийн акт тавьсан. Акт тавих болсон шалтгаан нь 2014 онд ажлаас халагдсан байхад 2020 оныг хүртэл удаан жилийн нэмэгдэл олгосон байна. Тус удаан жилийн нэмэгдлийн олговрыг буцааж байгууллагад төлүүлэхээр болсон. Яагаад надад акт тавьсан талаар асуухад өргөдөл, хүсэлт баримтуудыг үзүүлсэн. 2014 онд ажлаас халагдсан тушаалтай анх удаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр танилцсан. Би ажлаас халагдсан тушаал гарсныг мэдээгүй байсан. Иймд намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Снь анх УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчлэгчээр 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусаж, 2007 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд ажиллаж байсан. 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зорчигчийн вагон тээврийн захиргаанд өргөдөл гаргасан. Өргөдөлд дурдсанаар гадаад улсад байдаг авга эгч нь төрөх болсон тул хүүхдийг асрах шаардлагатай байна. Иймд 6 сарын чөлөө олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан. Г.С-ынөргөдлийг захиргаанаас хүлээн авч 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 681 дугаар тушаалаар 6 сарын хугацаатай чөлөө олгосон. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа 6 сарын чөлөө дуусаж ажилдаа орох байсан. Ажилдаа орох хүсэлгүй байна. Дахин 6 сарын чөлөө авах шаардлагатай гэж 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин өргөдөл өгсөн. Зорчигч суудлын вагон депогийн захиргаа тус өргөдлийг хүлээж аваагүй. Учир төмөр замын тээвэр тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зарчимтай байдаг вагоны үйлчлэгчийн албан тушаал уг зарчимд нийцэж ажилдаг. Дахин чөлөө өгөх боломжгүй та ажилдаа орно уу гэж хариу өгсөн. Г.Снь ахин чөлөө өгөх боломжгүй бол ажлаас чөлөөлөгдье гэж хүсэлт өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 тоот тушаал гарсан. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалснаас хойш 6 сарын дараа буюу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 тоот тушаалаар буцааж ажилд авсан. Тушаалын үндэслэх хэсгийн 3-д Г.С-ыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс вагоны үйлчлэгчээр ажиллуулсугай гэсэн байх бөгөөд уг тушаал гарсан өдөр нэхэмжлэгчтэй шинээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ нь хууль зүйн факт үүсгэдэг үйл ажиллагаа учир хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах үйл явцад ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэрэв 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 115 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахад эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад яагаад дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж байгааг асууж тодруулах боломж байсан. Хууль ёсны эрх ашгаа зөрчигдөж байгааг мэдэх боломж байсан. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар УБТЗ Г.Сажилд орсон. Энэ үеэс тасралтгүй ажилласан хугацааг тоолсон нь үндэслэлтэй байна. Ажлаас халагдсанаа мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч нийгмийн даатгалын сангаас авсан нэгдсэн маягтад нэхэмжлэгчийн чөлөөтэй байсан хугацаа болон ажлаас чөлөөлөгдсөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал харагдана. 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл 6 сарын захиргааны чөлөөтэй байх хугацаанд төлөх ёстой нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг ажил олгогчоос төлсөн. Маргаан бүхий 115 дугаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгчийн сар бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлөөгүй нь 115 дугаар тушаал үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн 6 сарын хугацаагаар захиргааны чөлөө сунгагдсан гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Хэрэв 6 сарын чөлөө дахин сунгагдсан бол 2014 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлөх байсан. Эдгээр баримтаар захиргааны чөлөө дахин 6 сараар сунгагдсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Хэрэгт авагдсан УБТЗ-ын даргын 2008 оны А33 тоот тушаалаар ажилчдын тасралтгүй ажилласан нэмэгдлийн хугацааг тогтоож, тасралтгүй ажилласан нэмэгдлийг тооцдог. Уг журмын 5 дугаар зүйлд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцно 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхээс анхаарч үзэж, нэхэмжлэгч энэ үеэс шинээр дахин ажилд орж байсан үе гэдгийг мэдэх боломжтой байсан учир тухайн үед Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан 3 сарын хугацааг эдлээгүй, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ. Энэ тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөөгүй. Ажилтны хүсэл зориг, гаргасан өргөдөл зэргийг үндэслэж ажилтны санаачилгаар ажлаас халсан. Мөн хуулийн 126 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдүүлэх маргаан юм. Нэхэмжлэгч байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой байсан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шүүхэд хандах байсан. Шүүхийн хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.Снь хариуцагч УБТЗ-д холбогдуулан Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээ зүйлийн 39.2 дахь хэсгийг үндэслэн 27 дугаар цувааны вагоны үйлчлэгч Г.С-ынөргөдөл, хувийн хүсэлтийг харгалзан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 03 сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. Уг тушаалыг Г.Солонгод 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан байна. /хх-ийн 8/

 Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Сөөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтээ гаргасан тул түүний хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шүүхэд хандах эрхтэй. Шүүхийн хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй маргаан гэж тайлбарлажээ.

 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу ажил олгогчийн санаачлгаар ажлаас буруу халсан ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэх бөгөөд шүүхээр маргааныг шийдвэрлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэсэн байхыг шаардахгүй.

 Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.Снь УБТЗ Зорчигч тээврийн галт тэрэгний үйлчлэгчээр 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2007 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байранд ажилласан байна. Улмаар 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г.Снь зорчигчийн вагон тээврийн захиргаанд 6 сарын чөлөө олгох хүсэлт гаргасныг хүлээн авч, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 389 дугаар тушаалаар түүнд 6 сарын хугацаатай чөлөө олгосон байна. Чөлөөний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 дугаар Үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар Г.С-ыг мөн өдрөөс вагоны үйлчлэгчээр ажиллуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаангүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно, 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэж заасан.

 Зохигчдын маргаж буй 2014 оны 02 сарын 28-ны өдөр Г.С-оосУлаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн захиргаанд гаргасан өргөдлийг нэхэмжлэгч Г.Сбичсэн эсэхэд дүгнэлт гаргуулахаар шүүхээс Шүүхийн үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 2695 дугаар дүгнэлтэд 1.Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн УБТЗ-ын суудлын вагон депогийн захиргаанд өргөдөл гаргах нь гэж гарчигласан шинжилж буй бичиг, гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар илүүлсэн Г.С-ынгэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэж, шүүхээс уг баримтад бүрэлдэхүүнтэй томилсон шинжээчийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 3585 дугаар дүгнэлтэд 2.Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй цагаан цаасан дээр бичигдсэн 2014.02.28-ны өдрийн УБТЗ-ын Суудлын вагон депогийн захиргаанд өргөдөл гаргах нь гэсэн шинжилж буй гар бичвэр нь харьцуулах загварт ирүүлсэн Г.С-ынгэх бичгийн хэвийн загваруудтай хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний хэлбэр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шижүүдээрээ тохирохгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй цагаан цаасан дээр бичигдсэн 2014.02.28-ны өдрийн УБТЗ-ын Суудлын вагон депогийн захиргаанд өргөдөл гаргах нь гэсэн шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Г.С-ынгэх бичгийн хэвийн загваруудтай хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний хэлбэр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шижүүдээрээ тохирохгүй байна гэжээ.  

            Шинжээчийн дүгнэлтээр 2014.02.28-ны өдрийн УБТЗ-ын Суудлын вагон депогийн захиргаанд өргөдөл гаргах нь гэсэн өргөдлийг Г.Сбичсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд уг хүсэлтийг хариуцагч байгууллага албан хэрэг хөтлөлтийн дагуу бүртгэлд бүргэсэн, шинээр ажилд орох хүсэлт гаргасан, дахин ажилд авч ажиллуулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.  

Түүнчлэн ажил олгогч 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 дугаар Үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар Г.С-ыг Вагоны үйлчлэгчээр ажиллуулсан, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 03, 04 дүгээр сард байгууллагаас төлсөн, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан зэргээс үзвэл нэхэмжлэгч ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

 Хөдөлмөрийн гэрээний талууд гэрээг шинэчлэн байгуулах боломжтой учир ажил олгогч 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 дугаар Үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар Г.С-ыг Вагоны үйлчлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ажилтан өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин ажил олгогч ажилтанд холбогдох шийдвэрийг танилцуулах үүрэгтэй.  

Иймд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Снь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР