Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 3029

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Г-д холбогдох, 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У миний бие 2004 онд Ц.Гтай танилцаж, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Ц.Гтай хамтын амьдралаа эхлүүлэхдээ өөрийн хүү Н.Гүндсамбуутайгаа хамт очсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Г.Оргил, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Анар, 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр охин Г.Эмүжин нар тус тус төрсөн. Манай гэр бүл байнгын хэрүүлтэй, хүчирхийлэлтэй байдаг. Олон удаа гэрээсээ хөөгдөж явсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Г.Оргил, Г.Анар нарыг Ц.Г-ынасрамжид үлдээнэ. Хүү Н.Гүндсамбуу, охин Г.Эмүжин нарыг өөрийн асрамжид авна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг хэн аль нь төлөхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. 

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цоодол овогтой Гантулга миний бие Б.Утой 2004 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Б.У нийт 7 удаа хаяж явсан байдаг. Намайг хүчирхийлэл үйлдсэн гэж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаснаар хүчирхийлэл үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад иргэний хэрэг үүссэн. Г.Анар, Г.Оргил нарыг өөрийн асрамжид үлдээж гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө. Би дагавар хүүхэдтэй хүнтэй суусан. Миний дагавар хүүхэд миний төрсөн хүүхэд биш Б.У нь Г.Анар, Г.Оргил нарт сайн дураараа тэтгэлэг өгөх эсэхээ шийдэх байх. Би хуульд заасан тэтгэлэг төлөхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ц.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Ц.Г нар 2000 оны 01 сарын 08-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Анар /РД:УК06231854/, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Г.Оргил /РД:УО14262077/, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин Г.Эмүжин нар төрж, эцэг, эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, Учрахуй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэг, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Г.Гүндсамбуу /РД:ЩС02282595/ 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, одоо насанд хүрсэн байна. /хх-ийн 6-13/ 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй болсон хэмээн тайлбарлажээ. 

Гэрлэгчид гэр бүлийн харилцааг цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Б.У, хариуцагч Ц.Г нарт эвлэрүүлэх арга хэмжээг авах нь ач холбогдолгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв. 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан. 

Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Ц.Г нар насанд хүрээгүй хүү Г.Анар, Г.Оргил нарыг эцгийн, охин Г.Эмүжинг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохиролцсон байх тул гэрлэгчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, хүү Г.Анар, Г.Оргил нарыг эцэг Ц.Гантулгын, охин Г.Эмүжинг эх Б.Угийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. 

Хүүхдийн тэтгэлгийн болон эд хөрөнгийн талаар гэрлэгчид маргаангүй гэснийг дурдав. 

Г.Гүндсамбуу нь насанд хүрсэн байх тул шүүхээс асрамж тогтоох үндэслэлгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ц.Г, Б.У нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Анар /РД:0000000/, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.Оргил /РД:000000/ нарыг эцэг Ц.Г-ынасрамжид, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Г.Эмүжинг эх Б.Угийн асрамжид үлдээсүгэй. 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай. 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Угоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР