Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 3031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Н Х ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О Э Э Ж ХХК/РД:00000/-д холбогдох,  

33,737,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Н Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Х ХХКнь өөрийн охин компаниудын салбар дэлгүүр болох 49 объектыг хамгаалуулах зорилгоор О Э Э Ж ХХК2019 оны оны 12 дугаар сарын 01-ний өдрийн NH/2043 дугаар Дохиолол, хамгаалалтын гэрээ байгуулсны үндсэн дээр хамтран ажилладаг. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу хамгаалагч нар объектод гэнэтийн халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. 2020 оны 03 дугаар сарын 01-ээс 2020 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн цонхоор үл таних этгээд нэвтэрч, 3 давхарт байрлах гар утасны лангуунаас 26 ширхэг гар утас хулгайлж 33,147,756 төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдэх явцдаа хаалга, цонх зэргийг эвдэлж 590,000 төгрөгийн бусад хохирол учирсан. О Э Э Ж ХХК-иасдохиолол хамгаалалтын гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн 33,737,756 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч О Э Э Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Номин холдинг ХХК-иас О Э Э Ж ХХК-дхолбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохиролд нэхэмжилж байгаа 33,737,756 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Н Х ХХК-тай2019 оны оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс NH/2043 дугаар Дохиолол, хамгаалалтын гэрээг байгуулж хамтран ажиллаж ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 01-ээс 2020 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн 3 давхарт үл таних этгээд нэвтрэн орж гар утас хулгайлсан хэрэг гарсан. Нэхэмжлэгч алдагдсан гар утасны үнэлгээг 33,147,756 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсэж, холбогдох ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас үнэлгээний компанийг шинжээчээр томилж, үнэлгээг гаргуулахад алдагдсан гар утаснуудыг 31,113,000 төгрөгөөр тооцож үнэлсэн. Нэхэмжлэгч 33,147,756 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна гэжээ.  

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Н Х ХХКнь хариуцагч О Э Э Ж ХХК-дхолбогдуулан харуул хамгаалалтын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс эд хөрөнгө алдагдаж, учирсан хохиролд 33,737,756 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Н Х ХХКнь хариуцагч О Э Э Ж ХХК-дхолбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-ний дагуу хариуцагч Номин их дэлгүүрийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс дэлгүүрийн 3 давхарт байрлах гар утасны лангуунаас 26 ширхэг гар утас хулгайд алдагдаж 33,147,756 төгрөгийн хохирол, хаалга, цонх эвдэрч 590,000 төгрөгийн хохирол, нийт 33,737,756 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо төлүүлэхээр шаардлага гаргажээ.  

Хариуцагч О Э Э Ж ХХК нь нэхэмжлэгч Н Х ХХК-тай байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, 2020 оны 03 сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин их дэлгүүрийн 3 давхраас 26 ширхэг гар утас халгайд алдаж, цонх, модон хаалга эвдэрсэн талаар маргаангүй байна. Харин хулгайд алдсан 26 ширхэг гар утасны үнэлгээг өндрөөр үнэлсэн, үнэлгээг тогтоосон баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй гэж тайлбарласан болно.

 Нэхэмжлэгч Н Х ХХКнь хариуцагч О Э Э Ж ХХК2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дохиолол хамгаалалтын гэрээ-г 1 жилийн хугацаатай, байгуулсан байх бөгөөд гэрээгээр хариуцагч О Э Э Ж ХХКнь гэрээний хавсралт 1-д тусгасан 49 объектыг хамгаалалтдаа авч, гэнэтийн халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 Талуудын гэрээнд тусгасан нөхцөл, хүсэл зоригоос үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарах, Иргэний хууль болон Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.  

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилэх бөгөөд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-ний дагуу гэрээнд заасан 49 объектыг хамгаалалтдаа авч, гэнэтийн халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах үүрэг хүлээсэн байх бөгөөд 2020 оны 03 сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин их дэлгүүрийн 3 давхрын цонх, модон хаалгыг эвдэж, 28 ширхэг гар утас хулгайд алдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 03 сарын 30-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, зохигч талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.  

Нэхэмжлэгч нь 28 ширхэг гар утсыг 33,147,756 төгрөгөөр үнэлсэн байх боловч Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийж, 26 ширхэг гар утсыг 31,113,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хариуцагч дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа нотолж чадаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 Мөн нэхэмжлэгч хаалга, цонхны засварын зардалд 590,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх хэрэгт авагдсан нотлох баримтад гарын үсэг, тамга тэмдэг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй.

 Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 26 ширхэг гар утас хулгайд алдаж, цонх, модон хаалга эвдэрсэн тухайд маргаангүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу учирсан хохирлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 Иймд хариуцагч О Э Э Ж ХХК-иас31,113,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,624,756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О Э Э Ж ХХК-иас31,113,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,624,756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Номин холдинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О Э Э Ж ХХК-иас313,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР