| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308025011826 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г-ийн У, Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, С ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** амьдардаг гэх, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У нь хохирогч Г.О-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 11 дугаар сарын 24-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч Г.У хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Г.У 2023 оны 08 дугаар сарын 3-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны нутагт дэвсгэрт байрлах Л зочид буудлын 3 тоот өрөөнд өөрийн найз, хохирогч Г.О-ын хамт архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдаж Г.О-ыг гялгар ууттай архины шилээр цохиж зодон биед нь баруун бугалга, хэвлий, нуруу, зүүн шуу, 2 сарвуу, 2 тавхайн ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “Найз хүүхэн согтуу намайг зодоод одоо агсан тавиад энд орилж чарлаад байна” гэсэн утга бүхий Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хохирогч Г.О-ын өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим 19 дүгээр байрны урд байрлах автобусны буудал дээр өөрийн найз болох У-тай уулзсан. ...Л нэртэй зочид буудал ороонд хоногоор амрах болсон. У бид хоёр авсан архиа хувааж уугаад сууж байсан чинь 23 цагийн орчим манай найз А над руу утсаар залгахаар нь би байгаа газраа зааж өгсөн. Тэгсэн такси бариад очъё, чи мөнгийг төлөөрөө гэж хэлсэн. 15-20 минутын дараа А гаднаас орж ирсэн. Тэгсэн чинь У чи муу гуйлгачин өвчтэй хүнээр таксины мөнгө төлүүлэх гэлээ, чи одоо зайл гээд А-ыг хөөж гаргаад өрөөний хаалгыг түгжиж байгаад хаях гээд гялгар уутанд хийсэн байсан архины шилийг баруун гартаа бариад миний гар, баруун ташаа, толгой хэсэгт 6-7 даа цохиж байгаад өрөөнөөс гараад явахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би эмнэлэгт огт үзүүлээгүй, санал гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Гэрч М.Н-ийн өгсөн “...Би Л зочид буудалд угтах үйлчилгээний ажилтан хийж байхад 02 цагийн үед 3 тоот өрөөнд чанга дуу чимээ гараад байхаар өрөөг тогшиход нүдний шилтэй эмэгтэй хаалга онгойлгохоор нь та 2 энд зодолдож болохгүй гэж хэлсэн. Тухайн эмэгтэй чанга дуугаар орилж байгаад өрөөн дотор байсан 0,5 литрийн ундаатай цагийн өнгийн гялгар уутаар намайг цохих гээд дайрахаар нь би тухайн өрөөнөөс зугтаж гараад амралтын өрөөнд орсон чинь ойролцоогоор 5 минутын дараа манай буудлаас гараад явсан ба тухай 3 тоот өрөөнд үлдсэн эмэгтэй дээр нэг залуу ирээд аваад явсан. ...Тухайн 2 эмэгтэй архи уусан байсан. Гэхдээ их согтоогүй байсан...” (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10129 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Г.О-ын биед баруун бугалга, хэвлий, нуруу, зүүн шуу, 2 сарвуу, 2 тавхайн ар хэсэгт цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.У нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 10129 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.О-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Г.О-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Г.У архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрт үүссэн уур бухимдал, үйлдлээ хянаж чадаагүйн улмаас хохирогч Г.О-ын гялгар ууттай архины шилээр цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан “баруун бугалга, хэвлий, нуруу, зүүн шуу, 2 сарвуу, 2 тавхайн ар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Г.У-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3 Хохирол, хор уршиг
Хохирогч Г.О-ын хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, түүний сэтгэц учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоохоор удаа дураар дуудсан боловч сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоолгүй байна.
Гэвч хохирогч Г.О-ын биед хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул хохирогч Г.О нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай. Битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 87-88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Г.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.У-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Г-ийн У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.О нь өөрт учирсан хохирол, хор уршгийг талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР