| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа, улсын яллагч С.Батгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001950 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.И-той маргалдаж, түүний хөлийг өшиглөн хавирч унаган, улмаар түүний биед баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч О.М нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу хот хоорондын нийтийн тээвэрт үйлчлүүлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ Драгон төв дээр ирсэн. Автобуснаас буун ачаагаа авахдаа жолооч Д.И-той маргалдаж, “хүлээж чадахгүй нь. Ачаа яасан удаан өгдөг юм” гэх шалтгаанаар муудалцан хохирогчийн хөлийг өшиглөн хавирч унаган, улмаар түүний биед баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
- Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Хохирогч Д.И-ийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө үүрээс 04 цагийн үед Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Би Нөхөрлөл зам ХХК-д хот хооронд автобус барьдаг. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо шинэ Драгон дээр автобустайгаа ирээд хүмүүсээ буулгаад ачаагаа буулгаж байхад М гэдэг залуу жолооч талын багажийн хаалгыг өөрөө онгойлгохоор нь би очоод яагаад хаалга зөвшөөрөлгүй онгойлгоод байгаа юм бэ, хүмүүсийн ачаа солигдоод алга болчихдог юм гэж хэлэхэд М та нарыг хүлээж зогсоно гэж юу байдаг юм бэ гээд ачаа гаргаад байсан. Манай ээлжийн жолооч О очоод битгий ачаа гаргаад бай, хүний ачаа солигдоод алга болчихдог юм гэж хэлэхэд М О-ыг заамдаж аваад чамайг ална шүү гэхээр нь би очоод салгасан. Тэгтэл над руу дайраад намайг заамдаж авахад би зөрүүлээд заамдахад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би М-д хандан хүмүүсийн ачаа солигдоод алга болчихдог юм. Эхнээс нь өгч байна гэж хэлтэл М муу сайн хулгайчууд автобустай чинь шатаана гэж орилж байгаад над дээр хүрч ирээд заамдаж аваад хөл хавираад газар унагаад миний дээгүүр давсан. Тэгээд би босох гэтэл баруун хөл шагайны дээгүүр хугарсан байсан. М миний дээрээс дараад унасан хөл рүү өшиглөх үед л хугарсан байх. Газар унаад босох гэтэл баруун талын хөл эргэчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
-Гэрч Г.О-ийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 05 цагийн үед Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Драгон дээр хүү М-той хамт ирсэн юм. Би Хөвсгөл аймаг Улаанбаатар хот хооронд олон удаа явдаг. Манай хүү анх удаа автобусаар надтай хамт явсан. Энэ автобусны жолооч маш их соёлгүй, бүдүүлэг, хүмүүстэй маргаан хийдэг. Замдаа хүн амьтныг бие засуулахгүй, хэрүүл маргаантай л Улаанбаатар хотод ирсэн. Намайг автобуснаас буухад жолооч залуу ачаа тээшний маргаан хийгээд байхаар нь би тоохгүй машиндаа очоод суугаад байж байтал манай хүүгийн дуу гарахаар нь цонхоороо харсан чинь манай хүүг жолооч залуу заамдаад авчихсан байсан. Тэгээд юу болоод байна гээд очиход тэр манай хүүг мөргөөд байсан. Миний хүү тэр залууг та боль, битгий маргаан хийгээд бай гэж хэлж байсан. Тэгээд тэр залууг цаашаа бай гэж байгаад хавирч унагаасан. Гэтэл тэр газар унаад хөл гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
-Гэрч Т.О-ын “...М гэдэг зорчигч автобусны нөгөө талын тээшний хаалгыг өөрөө онгойлгохоор нь би очоод тээш солигдох асуудал гардаг юм. Чи түр байж бай гэж хэлэхэд та нарыг хүлээж чадахгүй, яасан удаан өгдөг юм бэ гэж хэлсэн. Тэгээд намайг заамдаад авахад И ах хүрч ирээд боль гээд салгасан. Тэгтэл И-той маргалдаад заамдаад авахаар нь би боль гээд салгасан. Дараа нь би ачааг нь аваад өгье гэж бодоод тээш рүү тонгойж байхад И ах хөл хугарчихлаа гээд орилсон. Эргээд хартал И ах газар унасан, хөлөө бариад сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12952 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Д.И-ийн биед баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2023.10.07-ны өдөр Хөвсгөл аймгаас автобусаар ээжтэйгээ хотод ирсэн юм. Тэгээд автобус Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ драгон дээр ирж зогсоод хүмүүс автобуснаас буугаад ачаа бараа тээшээ авсан. Ээж түрүүлээд машин руугаа явсан. Тэгээд би ачаагаа авах гэтэл байхгүй байхаар нь нөгөө талын тээшний хаалгыг онгойлгоод ачаагаа авах гэтэл жолооч залуу болох И ирээд тээшний хаалга зөвшөөрөлгүй онгойлголоо гээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байхад И намайг заамдаад авахад би зөрүүлж заамдаж аваад бид хоёр барьцалдаж авахад манай ээж болон нөгөө жолооч хоёр боль гээд салгасан. Тэгээд дахин хэрэлдэж байгаад дахин барьцалдаж аван би И-ийг хавиран унагаасан. Тэгтэл хөл хугарчихлаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт “...Үйлчилгээний байгууллагад сэтгэл санааны хүчирхийлэл байгаад байдаг. Тухайн өдөр би 2 хүүхэд болон ээжтэйгээ хамт үйлчилгээ авсан. Ачаа бараагаа авах болсон чинь ам зөрсөн. Тэгээд юу юугүй зодоон болсон. Би бие хамгаалах урлагаар хичээллэж байсан. Тэгээд ахын гаргасан үйлдэлд хариу үзүүлсэн. Ахын нас сүүдрийг бодолгүй хавираад унагаачихсан чинь ахын хөл хугарсан. Миний зүгээс хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан болохоор гэмшиж байна. Би ахыг эргэж эмнэлэг дээр очсон. Ах хүлээж аваагүй. Намайг очсоны маргааш ээж минь цай хоол аваад очсон байсан. Үүднээс нь буцаагаад явуулсан. Ах чамайг яаж ийж байгаад шоронгийн хадаас болгоно гэсэн. Энэ үг жоохон хүнд туссан. Хохирогчоос нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, өөр хоорондоо хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч О.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдав.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12952 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Д.И-ийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч О.М нь тухайн үед үүссэн маргаанаас болж хохирогч Д.И-той барьцалдаж, хавирч унагасан үйлдэл, хохирогчийн биед учирсан “баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч О.М-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.3 Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.И-ийн биед хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр нийт 21,224,746 төгрөгийн хохирол нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Хохирогчоос эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээтэй холбоотой 2,589,546 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн.
1. Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн эмчилгээний баримтаар Гэгээн манал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 705,000 төгрөгийн баримтад үндэс онош “тархины гүрээний артерийн судасны нарийсал” гэсэн нь хохирогчид учирсан “баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт” гэмтэлтэй холбоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэх 1,884,546 төгрөгийг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтад “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан.
Хохирогчоос эхнэр Б.О цалингүй чөлөө авч намайг асарсан тул цалингийн зөрүү 1,011,000 төгрөгийн нэхэмжилнэ гэсэн.
Хэрэгт авагдсан хохирогч Д.И-ийн эхнэр Б.О-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, түүний чөлөө хүссэн хүсэлт, хохирогч Д.И-д баруун шаант /шилбэ/ ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдлыг зэрэг харгалзан үзэж Б.О-ийн хэрэг болохоос өмнөх 3 сарын дундаж (1,586,335+1,763,799+1,858,500=5,208,634/3=1,736,211) цалингаас 2023 оны 10 дугаар сард авсан цалин болох 847,500 төгрөгийг хасч, зөрүү болох 887,711 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
3. Хохирогч Д.И-оос эхнэр Б.О-ийн хамтаар Хөвсгөл Улаанбаатарын хооронд онгоцоор явсан төлбөрт 574,200 төгрөгийн нэхэмжлэх боловч хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан баримтад “нэхэмжлэл”, 54-55 талд авагдсан баримт нь гадаад хэл дээр үйлдэгдсэн онгоцны электрон тасалбар байх бөгөөд нислэгийн төлбөр төлсөн зарлагын баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэх боломжгүй байна.
4. Хохирогчоос тээврийн хэрэгсэл жолоодож чадахаа больсон, Хөвсгөл Улаанбаатарын хороонд тээврийн үйлчилгээнд явсан ээлжийн жолооч О-д 1 удаагийн явалтын төлбөрт 800,000 төгрөг, нийт 11 удаагийн явалтын төлбөр 8,800,000 төгрөг зарцуулсан төлбөрийг нэхэмжилсэн.
Гэвч хэрэгт хохирогч Д.И болон Нөхөрлөл зам ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ авагдаагүй, ээлжийн жолооч Т.О-тай гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, ээлжийн жолооч Т.О нь урьд ээлжээр ажиллахдаа хэдэн төгрөгийн цалинтай байсан нь тодорхойгүй, урьд нь Т.О-д ээлжийн жолоочийн цалин өгч байсан атлаа ямар үндэслэлээр нэг удаагийн бүтэн эргэлтийн төлбөрт төлсөн гэх 800,000 төгрөгийг бүтнээр нь нэхэмжилж байгаа ойлгомжгүй, хохирогч Д.И нь хэдий хугацаанд ажлаас чөлөөлсөн талаарх эмнэлгийн магадалгаа хэрэгт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.
5. Сэтгэл санааны хохирол 8,250,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд:
Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай Хууль зүй, дотоор хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг баталсан.
Уг журамд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр тогтоохоор заасан.
Харин дээрх 5 төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох хууль зүйн зохицуулалтай.
Гэвч хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан баримтад “шүүх эмнэлгээр сэтгэцийн хор уршгийг тогтоолгохгүй” гэж бичиж тэмдэглэсэн, хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдаагүй байх тул сэтгэл санааны хохиролд 8,250,000 төгрөгийг нэхэмжилснийг хянан хэлэлцэх боломжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс хууль хэрэглээний шинэ тутам зохицуулалт байсан тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоолгох боломжтой гэж мөрдөгчөөс ойлгуулсан тул шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэж бичиж өгсөн гэсэн тайлбар гаргасан, хохирогчоос өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэж байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
5. Хохирогч Д.И-д Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 1,939,000 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэргийн 76 дахь талд авагдсан баримт, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Б.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-оос 1,939,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд 1,939,000 төгрөгийг нөхөн төлсөн. Харин хохирогч Д.И-д учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-оос 2,773,250 төгрөг гаргуулан хохирогч Д.И-д олгож, хохирогч Д.И нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч О.М-ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр завсарласан боловч Эрүүл мэндийн даатгалын санд 1,939,000 төгрөгийг нөхөн төлж харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.773.250 төгрөгийг төлөөгүй байна. Уг гэмт хэрэгт шүүгдэгч О.М нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын шатанд цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч шүүх хуралдаанд эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй гэж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцтай. Шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрөө төлөөгүй. Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч гэмшсэн гэдэг байдал харагдахгүй байна. Нийтэд тустай ажил хийх байдлаар өөрийгөө засахад анхаарах шаардлагатай гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч: “...Би хохирогчид санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан. Харамсаж байна. Хохирогчийг эмнэлэг дээр байхад эргэж очсон боловч хүлээж аваагүй. Хохирогч намайг шоронгийн хадаас болгоно гэсэн. Ажил хөдөлмөрийн хувьд цар тахлаас болоод тасалдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар намайг хохирогчийн талаас уучлалт гуйгаагүй гэж байна. Би хохирогчийг ойлгож байна. Миний ээжийг хоол цай бариад очиход өөдөөс нь хоол ундыг нь цацсан байсан. Би аргагүй хамгаалалтын улмаас хөлийг нь гэмтээсэн. Хохирогчийн хөлийг хугалсан үйлдэлдээ маргахгүй байна. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2.2 Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43-44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), Хур нэгдсэн хайлтын лавлагаа (хавтаст хэргийн 47-49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр зэргийг гэмтэл учирсан, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүлийн байдал/, зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч О.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй, иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан, ам бүлийн байдал зэргийг харгалзан хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч О.М-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3 Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт О-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 2,000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 2,000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-оос 2,773,250 /хоёр сая долоон зуун далан гурван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Д.И-д олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Д.И нь гэмт улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР