| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0121/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч С.Батгэрэл,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000002077 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Б-ын Б, Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанид ачигч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд
1.Октябрийн районы шүүхийн 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 1, 117 дугаар зүйлийн 3, 155 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
2.Найрамдлын районы 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 144 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
3.Октябрийн районы шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 170/а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 1, 117 дугаар зүйлийн 3, 155 дугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
4.Баянзүрх дүүргийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар,
5.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 124 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
6.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 146 дугаар зүйлийн 1, 148 дугаар зүйлийн 1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
7.Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
8.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар цэцэрлэг дотор хохирогч Ц.О-оос самсунг А-32 загварын гар утсыг нь “утсаараа нэг яриулаач, хүүхэд рүүгээ ярья” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч Б.Б нь хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар цэцэрлэг дотор хохирогч Ц.О-оос самсунг А-32 загварын гар утсыг нь “утсаараа нэг яриулаач, хүүхэд рүүгээ ярья” хэмээн хуурч, зохиомол зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “Манай ээж хүүхэд авч байгаад утсаа алдсан байна” гэсэн утга бүхий Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хохирогч Ц.О-ийн өгсөн “... Миний бие 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг өнгөрөөгөөд өөрийн ач охин болох Ч-ийг *** дугаар цэцэрлэгээс нь авахаар очсон. Очоод хүүхдээ ангиас нь аваад хувцсыг нь өмсгөх гээд сууж байтал нэг залуу ирээд “утсаараа нэг яриулаач, хүүхэд рүүгээ яриад өгье” гэж хэлэхээр нь би хэлсэн дугаарыг нь хийгээд тэр залууд өгсөн. Өгчхөөд хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд хартал тэр залуу байхгүй байсан. Цэцэрлэг дотор, бас гадаа хайгаад олдоогүй учир цагдаад хандсан. Миний алдсан гэх гар утас нь ягаан өнгийн хавтастай, хар өнгөтэй, дэлгэц нь дээд хэсэгтээ цуурчихсан, ажиллагаа хэвийн Самсунг А51 маркийн гар утас байсан. Би гар утсаа 2022 оны 08 дугаар сард манай хүүхдүүд миний төрсөн өдрөөр бэлэглэж байсан. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй байна. Тухайн хүн нь 40-45 орчим настай, 175-180 см орчим өндөртэй, хар өнгийн богино үстэй, хар өнгийн куртиктэй, хар өмдтэй, хар өнгийн цамцтай, эрэгтэй хүн байсан. Би дараа харвал таних байх гэж бодож байна. Тэр хүн архи уучихсан шинжтэй архи үнэртэж байсан. Надад хэлэхдээ гар утсаараа яриулаач гэж хэлээд авсан. Гар утсыг хүчээр авч зугтаасан асуудал байхгүй. Надад худал хэлж аваад явчихсан. Тэр цэцэрлэг нь 1 давхартаа орж гардаг хэсэгтээ камертай байх шиг байсан. Би нүдээрээ бол хараагүй. Өөрийн алдсан гар утсаа олж авах хүсэлтэй байна...Миний гар утсыг 2023 оны 6 сард хүү Э 300,000 төгрөгөөр авч бэлэглэж байсан. Одоо би 300,000 төгрөгөөр үнэлнэ..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12-13 дахь тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-22 дахь тал),
-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 904 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Самсунг А32 гар утас-хуучин хэрэглэж байсан, 1 ширхэг, 290,000 төгрөгөөр тогтоож байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
-Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дугаар цэцэрлэг дээр би өөрийн зээгээ авах гээд очсон. Улмаар тэр үед архи уумаар санагдаад байхаар нь би нэг үл таних эгчийн гар утсыг гуйж ярья гэж худлаа хэлээд утсыг нь тэр чигээр нь аваад явсан. Ингээд би гар утсыг нь нэг газар 2 шил архиар зараад уучихсан. Хаана ямар газар зарснаа санахгүй байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар цэцэрлэг дотор хохирогч Ц.О-оос самсунг А-32 загварын гар утсыг нь “утсаараа нэг яриулаач, хүүхэд рүүгээ ярья” хэмээн хуурч, зохиомол зориуд бий болгон хохирогчийн Самсунг А52 гар утсыг авч хохирол учруулсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулсан” гэж дүгнэснийг шүүхээс “зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэж өөрчлөн дүгнэсэн болно. Учир нь шүүгдэгч Б.Б нь тухай үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор “утсаараа нэг яриулаач, хүүхэд рүүгээ ярья” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Б нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болно.
1.3 Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.О нь “...хохиролд 300,000 төгрөг төлүүлсэн тул гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч 22 хоног цагдан хоригдсон тул 15 нэгжийг цагдан хоригдсон нэг хоногт хөрвүүлж тооцуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай. Битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44-47 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.21-ний өдрийн 2022/ШЦТ/224 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,330,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд 22 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2,330 (хоёр мянга гурван зуун гуч) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,330,000 (хоёр сая гурван зуун гучин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 330,000 (гурван зуун гучин мянга) төгрөгийн торгуулийн ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн биечлэн эдлэх 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР