Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, *******овогт ******* *******,  

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Тээврийн товчоонд байрлах “Аяны зоог” гэх газар 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Тээврийн товчоонд байрлах “Аяны зоог” гэх газар 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******гийн өгсөн … шөнө 03 цагийн үед нэг хүүхэд орилоод гараад ирэхээр нь би яасан бэ чи яагаад орилоод байгаа юм бэ гээд хэлсэн чинь чи намайг зарчихлаа гээд хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуусан чинь тэр хүнтэй байсан хүмүүс нь наад эмэгтэй чинь худлаа орилоод гээд хажуугаар гараад явсан. Тэгээд чамд ямар хамаатай юм гээд хуруугүй гээд элдэв нэгээр хэлээд орилоод байхаар нь би нэг удаа алгадаад авсан чинь тэр эмэгтэй миний үснээс зулгаасан. Тэгээд миний үснээс зулгаагаад татаад байсан болохоор хүзүү өвдсөн. Манай ээж л салгасан. Тэгээд миний гарнаас базаад миний хөлрүү өшиглөсөн. Намайг хүн зарсан гээд доромжилсон. Намайг хуруугүй зардаг, Солонго бааранд орж ирдэг хүмүүсийн юмыг нь аваад шалдлаад явуулдаг гэх зэргээр доромжлоод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч өгсөн ... ******* босож ирээд та намайг зөндөө зодлоо ш дээ гээд Болормаагийн үснээс зулгаасан. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Ноцолдож байхдаа тэр хоёр хэн хэнийхээ хаана нь цохисныг мэдэхгүй. Ямарч байсан ноцолдоод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч өгсөн ... Болормаа унтаж байсанаа сэрээд яи яагаад байгаа юм бэ, наана чинь хүмүүс амарч байгаа шүү дээ гээд хэлсэн чинь тэр эмэгтэй чамд ямар хамаа байгаа юм бэ, хуруугүй Болороо чамайг охин баарандаа зардаг гэсэн ш дээ гээд хэлсэн чинь Болормаа битгий хачин юм  яриад бай гээд янхан энэ тэр гээд нэг нэгнээ аймар хэлээд байж байтал нөгөө эмэгтэй нь Болормаагийн үснээс зулгаагаад үсийг нь тэр дор нь эргүүлж бариулж үснээс нь тавихгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүгдэгч *******гийн өгсөн ... Түвшинзаяа бие засах гээд гараад явахаар нь би араас нь гарах гэтэл нэг залуу нь миний күртикнээс татаад байж бай л даа гэхээр нь энэ хүмүүсээ аваач гэж орилсон чинь тэр залуу миний күртикнээс тавихаар нь би гараад иртэл Болормаа гэх эмэгтэй чи яахаараа орилж гарч ирдэг юм гээд миний толгойруу нэг зүйлээр нилээн хэдэн удаа шавхуурдахаар нь би яагаад байгаа юм бэ та боль гэтэл Болормаа миний үснээс зулгаахаар нь би Болормаагийн үснээс нь зулгаасан. Тэгээд бид хоёр хэн хэнийхээ нүүрнээс маажсан ... Болормаад хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 14 тоот шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, баруун нүд, хацарт зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн өдөр шинээр үүссэн байх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 41/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.нямүсрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******овогт ******* *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА