Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0464

 

                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХКийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0254 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг 

Хэргийн индекс: 128/2024/0417/З                                           

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0254 дүгээр шийдвэрээр “... Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3, 56 дугаар зүйлийн 56.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан Т ХХК-иас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан 1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/1262 “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох,  2/Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, 3/Захиргааны хууль бус акт, хууль бус эс үйлдэл гаргасантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор (Улаанбаатар, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Богд-Ар хороолол)-ын ажил гүйцэтгэх” НХААГ-19/188 тоот гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах, 4/Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцын алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,177 төгрөгийн хохирол гарсныг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний заалтыг нөхөн тохируулж хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн ба нийтийн эрх ашгийн хүрээнд гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн талаар дүгнэлт хийжээ. Маргаан бүхий захиргааны актын хувьд "нийтийн эрх ашгийг хамгаалах" үндсэн зорилгодоо нийцээгүй, иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь захиргааны гэрээ болохын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцсэн байхыг шаардана. Захиргааны гэрээг цуцлагч тал нь захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг заавал хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, нөгөө талаас тайлбар авах зэрэг ажиллагаанууд хийх ёстой байсан. Захиргааны гэрээг цуцалсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх ёстой байсан ба "нийтийн ашиг сонирхлыг хамгаалах" хүрээнд гаргасан гэх хуулийн заалтыг хариуцагчаас тайлбарладаг ч энэ эрх ашиг ямар байдлаар яаж зөрчигдөх гээд байгаа талаар баримт бүрдүүлээгүй, судлалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчмыг зөрчсөн.

2.2. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхааралгүйгээр шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Захиалагч талаас гэрээг цуцалсан үндэслэлээ "хугацаанд нь барилга барьж дуусгаагүй" гэж мэдэгдэл болон бусад албан бичиг шийдвэртээ тусгасан байдаг. Энэ маргааны гол шаардлага нь гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох, түүний үндэслэл болоод байгаа хууль бус эс үйлдэл байгаа болохыг тогтоолгох юм. Гэрээг цуцалсан үндэслэл нь Захиргааны байгууллагын өөрийн буруутай эс үйлдэл байгаа эсэх, тухайн үйлдэлтэй холбоотой хохирол байгаа эсэхийг захиргааны хэргийн шүүхээс л тогтоох боломжтой.

2.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1-т нэхэмжлэгчийн үнийн өсөлттэй холбогдуулан ажиллах хүч, машин механизм, тээврийн зардлыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргажээ гэж дүгнэсэн. Гэвч тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхойлж тайлбарласан тайлбар, үндэслэл нь ойлгомжгүй хэрхэн яаж хангахгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн хууль бус эс үйлдэл гаргасантай холбоотой нэхэмжлэл дээр маш тодорхой дурдсан, гарсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан байхад тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм.

2.4. Тодруулбал цэцэрлэгийн барилгын ажлын газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар хүндрэл учирч, ковид-19 цар тахал гарч бүх нийтийн хөл хорио тогтоосон, материалын үнэ өсөж нийлүүлэлт ховордсон, хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өссөн үндсэн шалтгаануудаар хугацаа алдсан байхад хариуцагч энэ талаар бодитой судлаагүй. Захиалагч талын үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа алдаж 2023 онд барилга барих болоход үнийн өсөлт их гарсан ч барилгын ажил 80 хувьтай гүйцэтгэгдсэн. Үлдсэн 20 хувийг хийж гүйцэтгэхэд одоогийн мөрдөгдөж байгаа үнэ ханш, тарифаар хийж гүйцэтгэхээс өөр аргагүй болсон.

2.5. Ер нь гэрээний дагуу хийгдэж байгаа ажил зөвхөн гаргаж өгсөн санхүүжилтийн хүрээнд, гүйцэтгэлийг нь хийчхээд дараагийн санхүүжилт орж ирэхэд дараагийн ажлыг гүйцэтгэх гэсэн дарааллаар явагддаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон бусад эрх бүхий байгууллагад гэрээний талаар, гэрээний хугацаа, удааширч байгаа нөхцөл байдлын талаар, нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар удаа дараа албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч захиалагч талаас шаардлагатай арга хэмжээг аваагүй, санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т ХХК нь нийслэлийн Засаг даргын Тамгын газартай “Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Богд-Ар хороололд 200 ор бүхий цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” НХААГ-19/188 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

2.2. Улмаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1262 дугаар албан бичгээр “... Уг төсөл арга хэмжээний гэрээний хугацааг удаа дараа сунгаж, түүнчлэн ажлыг дуусгах талаар шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээт ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөөгүй ...” талаар дурдаж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасныг тус тус үндэслэн НХААГ-19/188 дугаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн байна.

2.3. Улмаар нэхэмжлэгчээс “1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/1262 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгох; 2/Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах; 3/Захиргааны хууль бус акт, хууль бус эс үйлдэл гаргасантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор (Улаанбаатар, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Богд-Ар хороолол)-ын ажил гүйцэтгэх №НХААГ-19/188 тоот гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах; 4/Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцын алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,177 төгрөгийн хохирол гарсныг хариуцагчаас гаргуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3. Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1262 дугаар албан бичиг нь маргаан бүхий гэрээнээс тусдаа захиргааны акт мөн эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж, мөн зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гээд 52.2.1-д “төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд”, 52.2.2-т “захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд”, 52.2.3-т “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд”, 52.2.5-д “хуульд заасан бусад харилцаанд” гэж захиргааны гэрээг байгуулж болох харилцааг заажээ.

3.2. Талуудын хооронд 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулах, тэдгээрийн сурч боловсрох эрх буюу нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор байгуулсан маргаан бүхий гэрээ нь агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т заасан “...нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” хамаарч байх тул Т ХХК болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан захиргааны гэрээ болно.

3.5. Захиргааны гэрээний нэг тал болох захиргааны байгууллага нь тухайн гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйл мөн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан бусад хуульд заасан үндэслэлийн дагуу цуцлах эрхтэй. Харин уг эрхийнхээ хүрээнд гэрээний харилцааг дуусгавар болгохоо илэрхийлж буй мэдэгдэл нь захиргааны бие даасан акт болохгүй. Өөрөөр хэлбэл, 03/1262 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй юм.

3.7. Иймд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1262 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

4. Харин анхан шатны шүүх үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй боловч талууд гэрээний хугацааг нийт 6 удаа сунгаж, гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээний сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүртэл буюу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэхэд гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

4.2. Дээр дурдсанаар талууд гэрээний хугацааг удаа дараа сунгахдаа үүрэг гүйцэтгүүлэгчээс болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, мөн үнийн өсөлт зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тухай бүр шаардаж, урьдчилан сануулж байжээ.

4.3. Т ХХК болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын байгуулсан маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 200 ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Богд-Ар хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5-т “Дор дурдсан бичиг баримт нь гэрээний салшгүй хэсэг болно”, үүнд гэрээний ерөнхий, тусгай нөхцөлийг хавсралтаар тусгаж, мөн гэрээний 7-д “Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ” гэж тохиролцсон байна.

4.4. Уг гэрээний хавсралт болох гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2.2-ын в-д “гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх” ... Хэрэв гүйцэтгэгч мэдэгдэл авснаас хойш 14 хоногийн дотор дээрх алдаагаа засч чадахгүй бол эсвэл засах арга хэмжээ авч эхлээгүй бол захиалагч гүйцэтгэгчид гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2-т заасны дагуу гэрээг нэг мөсөн цуцлах мэдэгдэл өгч гэрээг цуцалж болно” гэж заасан байх бөгөөд энэ тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж үзэхээр байна.

4.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдлыг зохицуулсан бөгөөд 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж заасан. Уг маргааны хувьд хуулийн энэхүү үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.

4.6. Тодруулбал, хариуцагч гэрээний хугацааг үүсээд буй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нийт 6 удаа сунгаж, гэрээг дуусгавар болгохоос өмнө удаа дараа нэхэмжлэгчид урьдчилан сануулсан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож, нэгэнт гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн, цэцэрлэгийн барилга баригдаагүйн улмаас тухайн засаг, захиргааны нэгжид амьдарч буй иргэдийн сурч боловсрох эрх болон цэцэрлэгийн хүртээмжтэй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байх тул тийнхүү гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... гэрээг цуцлагч тал нь захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг заавал хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, нөгөө талаас тайлбар авах зэрэг ажиллагааг хийх ёстой” гэжээ.

4.9. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргээ биелүүлэхийг захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь тухай бүр шаардаж, энэ талаар сануулж байсан нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/1066 дугаар, мөн газрын 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/1452 дугаар, 2/1453 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/1655 зэрэг албан бичгүүдээр тогтоогдож байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

4.10. Мөн гомдолд “... хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан. Хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан байхад тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй...” гэжээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдох боловч нэгэнт гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан үр дагаварт нөлөөлөхгүй, мөн 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0254 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/1262 “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” гэснийг хасч, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Т ХХКиас гаргасан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/1262 “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” болгон тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

           

                        ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

                       

                        ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА