Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0254

 

2019 оны 4 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0254

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: С.Б

Хаяг:

Хариуцагч: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Би, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай тогтоол нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт, Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/736 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэжээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлагад татагдсан... гэсэн үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие 2 удаа гэрчээр мэдүүлэг л өгсөн бөгөөд намайг ямар нэг хэрэгт прокуророос яллагдагчаар татсан тогтоол баримтууд байхгүй.

Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/736 тоот албан бичгээр ...шүүгч С.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагатай байх тул... гэжээ. Энэ нь надад ямар нэг хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татаагүй болохыг нотолж байна.

Үүний дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 01/131 дугаартай албан бичгийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус хангаж, хамгаалах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн тул шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг гаргахдаа хуулийн дагуу тухайн шүүгчид холбогдох хэргийн бодит байдлыг шалгасан баримтуудыг тал бүрээс нь нягтлан үзэж дүн шинжилгээ хийх шаардлагатай. Иймд шүүгч С.Б-ын эрүүгийн хариуцлагад татах үндэслэл, түүнд холбогдох баримтуудыг ирүүлнэ үү. гэжээ.

Гэтэл Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/223 дугаартай албан бичгээр ...холбогдох баримтуудыг хүргүүлэх боломжгүй байна... гэсэн албан бичгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд буцаан хүргүүлсэн байна. Эдгээр нь шүүгч надад ямар нэг эрүүгийн хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тогтоол, нотлох баримтууд байхгүй учраас Нийслэлийн Прокурорын газраас ирүүлээгүй гэж ойлгож байна.

Иймд Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн атлаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар нэг нотлох баримт, яллагдагчаар татсан тогтоол байхгүй байхад гагцхүү прокурорын албан бичгийг үндэслэж шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол гаргаж байгаа нь хууль зөрчиж байна.

Иймд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Би шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Ерөнхийлөгч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх журмыг, 17.1.5-д эрүүгийн хариуцлагад татагдсан гэж бүрэн эрх түдгэлзүүлэх үндэслэлийг хуульчилсан.

Нийслэлийн Прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б нь ...Мобиком корпорацийн компьютерийн системд санаатайгаар хууль бусаар халдаж, мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт холбогдсон учир эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагатай байх тул түүний шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/736, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/1223 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн. Прокурорын байгууллагаас удаа дараа ирүүлсэн саналын дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг батлан гаргасан, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар зарлиг гаргаж, хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтын эрүүгийн хариуцлагад татагдсан гэх томьёолол нь эрх зүйн онолын хувьд маргаантай, нэг мөр тогтоогүй, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор тодорхойлоогүй, эрдэмтэн судлаачид янз бүрээр тайлбарладаг ойлголт боловч түүнийг зөвхөн яллагдагчаар татагдсан гэсэн явцуу агуулгаар тайлбарлан ойлгож болохгүй.

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 56 дугаар тогтоолыг гарган дээрх тохиолдолтой ижил тохиолдлыг шийдвэрлэхдээ маргаантай хэм хэмжээг илүү нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт ...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх... гэж заасныг агуулгын хувьд адилтган ойлгож хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр албан ёсоор гаргаагүй, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх хэвээр байхад түүнийг яллагдагчаар татах нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийн баталгааг алдагдуулсан гэж үзсэн. Энэ дагуу Прокурорын байгууллагаас шүүгч С.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхээс өмнө түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсний үндсэн дээр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс дээрх 31 дүгээр тогтоолыг гаргасан тул шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан эрүүгийн хариуцлагад татагдсан гэдгийг зөвхөн яллагдагчаар татагдсан гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд хууль хэрэглээний ноцтой бөгөөд явцуу алдаанд хүргэнэ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.36-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор заасан байх тул шүүгч С.Б-д холбогдуулан эрх бүхий этгээдээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байх хугацаанд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн мэдүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэл болохгүй юм.

Иймд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоол нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчөөгүй, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулаагүй байх тул нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь тус шүүхэд хандан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.     Маргаан бүхий үйл баримтын тухайд: Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 1/736 дугаар албан бичгээр нэхэмжлэгч С.Б-ын Шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан ирүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/131 дүгээр албан бичгээр Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнайд хандан ...тухайн шүүгчид холбогдох хэргийн бодит байдлыг шалгасан баримтуудыг тал бүрээс нь нягтлан үзэж, дүн шинжилгээ хийх шаардлагатай. Иймд шүүгч С.Б-ыг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл, түүнд холбогдох баримтыг ирүүлнэ үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн дагуу Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/1223 дугаар албан бичгээр нэхэмжлэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байх боловч ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана гэж заасан тул... мөрдөн байцаалтын нууцлалыг хангах үүднээс холбогдох баримтуудыг хүргүүлэх боломжгүй байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг уламжилж өгнө үү гэсэн хариуг ирүүлжээ.

Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б-ын Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 31 дүгээр тогтоолыг батлан гаргажээ.

2.  Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ ... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт яллагдагчаар татагдсан бол түдгэлзүүлнэ гэж хуульчилсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол гарах үед намайг яллагдагчаар татаагүй байсан нь уг тогтоол хуулийг зөрчсөн болохыг харуулж байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоолоор яллагдагчаар татагдсан байсан шүүгч П.Д-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид мэдүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл нэг асуудлаар хоёр өөр шийдвэрийг гаргах боломжгүй хэмээн тодорхойлон маргаж байна.

3.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон маргаж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль анх 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд түүнээс хойш нийт 9 удаа[1] нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5. дахь заалтад өнөөдрийг хүртэл хугацаанд өөрчлөлт ороогүй бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсончлон яллагдагчаар татагдсан бол гэсэн бус, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд /2002 оны/ заагдсан эрүүгийн хариуцлагад татагдсан гэх харьцангуй тодорхой гипотез нөхцөлийг агуулсан байна.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоолын 2-т эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэдэгт шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны (эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх г.м) алиныг ч явуулахгүй байхыг ойлгоно хэмээн тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

4.  Шүүгч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасанчлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдон, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэн болохын хувьд аливаа эрх бүхий байгууллага, албан тушаалтан түүний хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргах ёсгүй.

Тэр тусмаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхийлөгчөөс тухайн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно, 20.4.1. Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглох болон 20.4.2..шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох гэж заасантай нийцэхгүй, шүүгчийн бүрэн эрх, эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх баталгааг алдагдуулах үр дагавартай.

Энэ үүднээс авч үзвэл, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны ... шүүгч С.Б-д Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагатай байх тул ... шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг хэлэлцэн, уламжилж өгнө үү гэх 1/736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэж, Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 31 дүгээр тогтоолыг батлан гаргасан нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар зарлигаар С.Б-ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болохыг дурдах нь зүйтэй байна.

5.  Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь үндэслэл болгон маргаж буй Шүүхийн ерөнхий зөвлөл нэг төрлийн асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоол нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч П.Д-ийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй, Ерөнхийлөгчөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн зарлиг гаргаагүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 3 сарын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг оруулж ирсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцээгүй, шүүгчийн бүрэн эрхийн баталгааг алдагдуулсан гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр нь нэхэмжлэгч С.Б-д холбогдох маргаан бүхий үйл баримтаас өөр нөхцөл байдал байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанчлан энэ асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан С.Б-ын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М