Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 891

 

МАГАДЛАЛ

 

2018.04.11                                                     Дугаар 891                                 Улаанбаатар хот

 

 

 

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Б.А, Д.М нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 95 074 246,58 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.А, Д.М нар нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус банктай №13/100 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 87 500 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 21 байр, 24 тоотод байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Б.А, Д.М нар өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 82 754 696.20 төгрөг, зээлийн хүүнээс 10 266 291.98 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 2 053 258.40 төгрөг тус тус төлөөгүй ба 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлөлтийг бүрэн хийлгүй нийт 570 хоног хугацаа хэтрэн КБ ХХК болон Б.А, Д.М нарын хооронд байгуулсан №13/100 тоот Зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 дэх заалтуудыг тус тус зөрчин банкийг хохироосоор байна. Иймд үндсэн зээл 82 754 696.20 төгрөг, зээлийн үндсэн хүү 10 266 291.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 053 258.40 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлээ төлөхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205029102 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.М-ын орон сууцыг ипотекийн зээл авахад нь батлан даагчаар Б.А гарын үсэг зурсан. Гэтэл МО-ын зээл төлөгдөөгүй гэх асуудлаас Элбэг их дэлгүүрийн урд байрлах КБ-ны салбарын эдийн засагч дуудаж та батлан даагчаар гарын үсэг зурсан учир төлбөрийг төлөх үүрэг хүлээж байгаа, хэрэв барьцаат байрыг худалдан борлуулж банкийг хохиролгүй болгоход татгалзах зүйлгүй гэж бичиг хийж өгөхгүй бол таныг зээлийн хэтрэлттэй хар дансанд оруулж цааш явуулна, та ямар нэг зээл авч чадахгүй гэж тулган шаардсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн шүүхэд гэж хаяглуулж авсан. Тиймээс өмнөх тайлбар нь миний хүсэлт зоригийн тайлбар биш. Д.МО болон түүний нөхөр Т.С нар бүх эд хөрөнгөө үйлдвэрт оруулж үйл ажиллагаа эхлүүлэх үедээ бусдад залилуулж хохирсон ба цагдаагийн байгууллага болон Баянзүрх дүүргийн шүүхээс эхнээсээ шийдвэр гарч байгаа. Тиймээс эд хөрөнгөө бусдад алдсанаас болж хэсэг хугацаанд төлбөрөө хийгээгүй нь нотлох баримтаар нотлогдоно. Цаашид үйлдвэрээ авч ажиллуулан зээлээ төлж барагдуулах боломж байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А, Д.М нараас нийт 95 074 246,58 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Д.М нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 24 тоотод байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+633322/ 703 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамж 703 522 төгрөг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас зээлийг төлөх хугацааг хэтрүүлэх болсон шалтгаанаа нотолсон баримтуудыг гаргаж өгсөн боловч төлбөр төлүүлэхгүй байх шалтгаан нөхцөл болохгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна. Мөн КБ ХХК нь гэрээнээсээ татгалзах талаар мэдэгдээгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байгаа. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн ба энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэх заалтад хамаарах үндэслэлтэй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тул төлөгдөөгүй хугацааны төлөх төлбөрийг гаргуулахаар өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч Б.А, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82 754 696 төгрөг, үндсэн хүү 10 266 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 053 258 төгрөг, нийт 95 074 246 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн үлдэгдлийг 82 754 696 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №13/100 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нар нь 87 500 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205029102 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 24 тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны    гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байх ба зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийг авсан, өгсөн талаар талууд маргаагүй. /хх 7-15, 16, 26/

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Төлбөрийг төлөх боломжгүй байсан, зээлийн үндсэн төлбөрийг 80 584 814 төгрөг гэж тооцоолсон, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2033 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар талууд тохиролцсон байх ба хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш биелүүлээгүй тул нэхэмжлэгч КБ ХХК нь зээлийн гэрээний 8.3.3-т “зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /60 хоног үргэлжилсэн бол/” гэж зааснаар зээлийн гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь “гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Б.А, Д.М нараас 95 074 246 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн.

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205029102 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 24 тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэнийг буруутгах боломжгүй юм.

Хэргийн 50-67 дугаар талд хариуцагч Д.М-ын нөхөр Т.С-ийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, тус шүүхийн шийдвэр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, хөрөнгө үнэлгээний тайлан, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргийг нотариатаар баталгаажуулан баримтууд авагдсан байх ба хариуцагч нар нь дээрх баримтуудыг үндэслэн зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг баримтууд нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр    үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нараас төлсөн 704 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                  ШҮҮГЧИД                                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ