| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02797/И |
| Дугаар | 3089 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 3089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т Д ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л И ХХК /РД:0000/-д холбогдох,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 13 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Бат-Очирын нэр дээр гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагчийн төлөөлөгч Т.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т Д ХХК нь Л И ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1501/001 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компанийн барьж байгаа Ласти таун орон сууцны хотхоны хар шал цутгалт, хана угсрах ажил хийхээр тохирсон. Ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх явцад Л И ХХК-ийн барилгын материал нийлүүлэлтийн ажил зогссоноос шалтгаалж, гэрээнд заасан ажлууд гүйцэт хийгдэлгүй зогссон. Т Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд талуудын санхүүгийн алба тооцоо нийлэхэд нийт 30,760,000 төгрөгийн ажил хийсэн гэдгийн м.кв талбайгаар тооцож гаргасан. Л И ХХК-иас 4,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх хугацаанд авсан. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцож 41.3 м.кв талбайтай орон сууцыг Т Д ХХК-д өгөх ёстой байсан. Т Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 26,760,000 төгрөг болж нэг өрөө байрны төлбөрт хүрэхгүй болсон учир Т Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Я.Бат-Очир нь Ай Би Эф Эй ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Ай Би Эф Эй ХХК мөн барилгад цахилгааны монтажийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн. Л И ХХК-ийн санхүүгийн албатай тооцоо нийлж цахилгааны монтаж хийсэн ажлын төлбөрт 1 өрөө орон сууц авч үлдэгдэл 15,340,000 төгрөгийг Ай Би Эф Эй ХХК нь хувьцаа эзэмшигч Я.Бат-Очирт өгөх учир 15,340,000 төгрөгийг Т Д ХХК-д шилжүүлж тооцоо нийлж 42,100,000 төгрөг болсон. Уг 42,100,000 төгрөгөөс 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцсон 1 өрөө 41.3 м.кв талбайтай орон сууцыг Т Д ХХК-д өгч зөрүү 800,000 төгрөгийг Л И ХХК-д өгөхөөр эцсийн байдлаар тооцоо нийлж акт үйлдсэн. Тухайн орон сууцыг хүлээн авч ашиглалтад орсон учир Т Д ХХК-иас орон сууцанд орж одоог хүртэл амьдарч байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар удаа дараа хандсан боловч Л И ХХК-ийн удирдлагууд олон удаа солигдсоноос шалтгаалж улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа удааширсан учир шүүхээр өмчлөлөө тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Л И ХХК-ийн төлөөлөгч Т.Чимэддулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т Д ХХК-ийн захирал Я.Бат-Очир Дархан-Уул аймгийн, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 13 тоот, 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Т Д ХХК нь Л И ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. 2013 онд манай компанийн захирал н.Батаа Л И ХХК-д 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Л И ХХК орон сууц захиалгаар бариулах гэрээг давхардуулж хийж байгаатай холбоотойгоор компанийг цаашид хамгаалах, оруулсан хөрөнгөө авахын тулд н.Батаа 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж оруулсан хөрөнгөө буцаан авсны дараа компанийг буцаан олгох хэлцлээр Л И ХХК-ийг шилжүүлж авсан. Манай компанийн захирал н.Батаа гадаад орон руу явах гэж байсан. Мөн н.Лхагвасүрэн захиралд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар шилжүүлж өгөхөөр тохирсон байснаас шалтгаалж н.Батаа захирал ...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Монгол улсад байхгүй байна. Зээлсэн мөнгөө буцааж аваад компанийн шилжүүлээрэй... гэж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т.Чимэддулам миний нэр дээр шилжүүлсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар шилжүүлэх байсан боловч н.Лхагвасүрэн ...Хятад улс руу явж мөнгө авч ирж танай мөнгийг өгнө... гэж удаа дараа хэлж байсан. Тохирсон хугацаандаа хөрөнгө оруулалтын мөнгийг буцааж өгч компаниа шилжүүлж аваагүй учир 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай компани дээр хөрөнгө оруулагч н.Болормаа, түүний өмгөөлөгч, Л И ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч н.Лхагвасүрэн, нягтлан н.Оюунчимэг, хөрөнгө оруулагч н.Батаа, түүний өмгөөлөгч нар хэлэлцэж нэг байрыг 2-3 хүнд давхардуулж гэрээ байгуулсан байна. Хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгөө авна. н.Лхагвасүрэнг буцааж компаниа ав 60/40 харьцаатайгаар компанийг худалдаж авч гэрээ байгуулах санал тавихад, 100 хувиар гэрээ байгуулна гэж н.Лхагвасүрэн хэлж Л И ХХК-ийн нэр дээрх өмнөх өр төлбөр болон цагдаа, шүүхийн байгууллагаар хэлэлцэгдэж байгаа маргааны үр дагаврыг өөрөө хариуцна гэснээр хэлцэл хийж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100 хувь компанийг н.Лхагвасүрэнд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш н.Лхагвасүрэн хувьцаа эзэмшигч болсон түүнээс хойш мөнгөө хөөцөлдөхөд Хан уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан центэр оффисын 5 тоотод удаа дараа очиход олдохгүй байна. н.Лхагвасүрэн 2018 оны 04 дүгээр сард компанийг буцааж шилжүүлээгүйг мэдсэн. Өнөөдрийг хүртэл Монгол улсын хилээр орж ирээгүй байна. Байрнууд дээр давхардуулж гэрээ хийсэн гэдгийг анх авахдаа мэдээгүй. Бидэнд бичиг баримт хүлээлгэж өгөлгүйгээр итгэл үзүүлж шилжүүлснээр хуулийн байгууллагуудын өмнө үүрэг хүлээж байна. Т Д ХХК-ийн өмчлөгчөөр тогтоолгох байрыг анх ашиглалтад орсноос хойш н.Гомбо-Очир гэдэг хүн байгааг мэдсэн. Л И ХХК миний нэр дээр шилжсэн хэвээр байгааг мэдсэн цагаас хойш хууль цагдаагийн байгууллагын өмнө энэ компанийг төлөөлж байна. Өнөөдрийг хүртэл санхүүгийн бичиг баримтыг хүлээж аваагүй Т Д ХХК-тай байгуулсан гэрээг мэдэхгүй. Нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн нотлох баримтуудтай танилцаж гэрээ байгуулсан болохыг мэдсэн. Хөрөнгө оруулагч н.Болормаа, Л И ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захиралд н.Лхагвасүрэнтэй эвлэрлийн гэрээ байгуулж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр захирамж гарсан. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10Б байрны 13 тоот 1 өрөө байр н.Болормаагийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Маргаан бүхий орон сууц эрхийн зөрчилгүй Т Д ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлгүй байсан. н.Болормаагийн өмчлөлд шилжүүлэх 46 байрны жагсаалтад 13 тоот байсан. Гэхдээ н.Гомбо-Очир гэдэг хүн ашиглалтыг төлж, амьдарч байгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон н.Болормаа нар мэдэж байсан. Удаа дараагийн хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээ гарсан. н.Болормаа, н.Дөлгөөн нарын нэр дээр орон сууцуудын гэрчилгээг гаргуулсан. Сонсох ажиллагаа явагдсаны үндсэн дээр н.Болормаа, н.Дөлгөөн нарын дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Т Д ХХК, болон Я.Бат-Очир нар энэ асуудлаар надтай уулзаж байгаагүй. Хөрөнгө оруулагч нарын маргаантай асуудал хэд хэдэн шүүхээр хянан хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. н.Батпүрэвтэй холбогдох маргаан 3 шатны шүүхээр шийдэгдэж Хан-Уул дүүргийн анхан шүүхэд буцаагдсанаар шүүхээр эвлэрэх асуудал яригдаж байна. 144 айлын орон сууцанд ямар ч гэрчилгээ гаргахгүйгээр түдгэлзүүлсэн байгаа. Шүүхийн байгууллагаар маргаантай асуудлыг шийдвэрлүүлнэ гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т Д ХХК нь хариуцагч Л И ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 13 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Бат-Очирын нэр дээр гаргуулахыг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т Д ХХК нь хариуцагч Л И ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15-01/001 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Т Д ХХК нь Л И ХХК-ийн барьж байгаа Ласти таун орон сууцны хотхоны орон сууцны хар шал цутгалт, хана угсрах ажлыг хийх, Л И ХХК нь ажлын хөлсөнд Дархан сум, 11 дүгээр багийн Ласти таун орон сууцны хотхоны 2-р блок, 1-р орц 5 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 12/
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ай Би Эф Эй ХХК, Л И ХХК-ийн хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Я.Бат-Очир, Л И ХХК-ийн хооронд 2017 оны 01 сарын 07-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, тус гэрээний хавсралт зэргээр хариуцагч Л И ХХК нь нэхэмжлэгч Т Д ХХК-д Т Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 26,760,000 төгрөг, Ай Би Эф Эй ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 15,340,000 төгрөгийн авлага нийт 41,100,000 төгрөгийн төлбөрт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 13 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон болох нь нотлогдож байна гэж үзэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргийг гүйцэтгэсэн учир захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.
Хариуцагч хэлэлцэн тохирсон хөлсөө нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргийг бодитоор биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна. Учир нь маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг Л И ХХК-иас Д.Болормаад 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллаагаар шилжүүлж, улсын бүртгэлд Д.Болормаа өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг буруу болох талаар хэрэгт баримтгүй байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.
Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл маргааны зүйл болох орон сууц үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээдийн өмчлөлд байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Л И ХХК-д холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 13 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Бат-Очирын нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Т Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Л И ХХК-д холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны 13 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Бат-Очирын нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Т Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР