Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000002190 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н-ийн У, Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн “***” ОНӨААТҮГ-т хог тээврийн ачигч ажилтай, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.У нь хохирогч Н.Б-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч Н.У хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Н.У нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн Н.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд шарх, дух, баруун шанаа, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “Манай хүү хүн зодоод байна” гэсэн утга бүхий Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хохирогч Н.Б-ийн өгсөн “... Би эхнэр Б-тай 10 жил гаруй хамт амьдарч байгаад 5 сарын өмнө бид хоёр салсан юм. Салсан шалтгаан нь нэг танихгүй хүн дундуур ороод эхнэртэй минь нууц амрагийн харилцаа тогтоож үүнээсээ болж эхнэр бид хоёрын харилцаа маань муудаад салсан. Өнөөдөр буюу 2023.10.25-ны өдөр Баянхошууны тойрог дээр ганцаараа явж байтал бид хоёрын дундуур ороод байсан гэх залуугийн ээж нь над руу яриад эхнэрээ ирж аваач ээ, энэ хүүхнээс хүүхдээ салгамаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би салсан эхнэрээ очиж авъя гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байрлах гэрт нь очсон. Тэгээд салсан эхнэртээ “чи одоо яачихсан юм бэ, хүүхдүүд дээрээ очихгүй юм уу” гэж хэлсэн чинь л цаанаас нь нөгөө залуу уурлаж, өмөөрөөд бид хоёр маргалдаж, муудалцсан. Муудалцаж байхдаа тухайн залуу миний цээж рүү өшиглөж унагаагаад, зүүн талын хөмсөгт нэг удаа цохисон. Би тухайн үед тэр залуугийн биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- Гэрч Ц.Б-ы өгсөн “...Би 2023.10.25-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод гэртээ байж байсан. Тэгсэн манай нөхөр Н.Б хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж ирээд манай хүүхэд цаашаа зугтаасан чинь Батзориг намайг цохисон. Тэр үед У гэрт ирж таарсан ба намайг цохиж байхыг хараад хүрч ирээд Б-той маргалдаж муудаад хоорондоо зодолдоод би салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Би Б-той танилцаад 10 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй. Б-оос салж 2023 оны 05 сараас тусдаа амьдарсан. Б архины хамааралтай, архи их уудаг. Харин Н.У-тай 2023.08 сард танилцаад 2023 оны 10 сараас эхлэн хамт амьдарсан. ...Тухайн үед хэн нэгэнд бэртэл учирсан талаар би санахгүй байна. Б-ийн шанаанаас цус гараад байсан. У цохиж байхад цус гарсан...” (хавтаст хэргийн 11 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13927 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Н.Б-ийн биед хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд шарх, дух, баруун шанаа, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Хоёр нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөгний гадна булангийн шарх гэмтлүүд нь тус тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэсэн (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Н.У нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 13927 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Б-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Г.О-ын  эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Н.У-ын хохирогч Н.Б-ийн цээж рүү өшиглөж, зүүн талын хөмсөг хэсэгт цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан “хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд шарх, дух, баруун шанаа, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Н.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3       Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Б-оос хэрэгт 308,586 төгрөгийн хохирлын баримт гаргасан боловч хавтаст хэргийн 42 дахь талд авагдсан баримт нь үзлэгийн хуудас, 41 дэх талд авагдсан баримт тухайн үзлэгийн зарлагын баримт байх тул нийт 158,586 төгрөгийг шүүгдэгч Н.У-аас гаргуулж хохирогч Н.Б-т олгох нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон байх боловч хохирогч Н.Б нь  сэтгэцэд учирсан хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх эсэх нь тодорхойгүй байх хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал), оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал), *** ОНӨААТҮГ-ын тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35-38 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.У-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Н-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.У-т сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-аас 158,586 (нэг зуун тавин найман мянга таван зуун наян зургаа) төгрөг гаргуулж хохирогч Н.Б-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР