| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02748/И |
| Дугаар | 3129 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 3129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗ-д холбогдох,
Тэтгэмж 22,929,786 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Довдонбалжир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Довдонбалжир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бнь Улаанбаатар төмөр замын тээврийн дээд сургуулийг 1979 онд төгсөж, УБТЗ-ындаргын 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар зам засварын 5 дугаар цехэд 3 дугаар зэргийн замчнаар ажилд томилогдсон. 1981 онд 3 жилийн хугацаатай цэргийн албанд татагдаж 1984 онд халагдаж ирсэн. 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эргэж жолоочоор ажилд ороход эмнэлгийн магадалгаа өөрийн хүсэлтийг нь үндэслэж ажилд авсан. 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байгаад 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс автомеханикч мөн оны 06 дугаар сараас автомеханик жолоочоор томилогдсон. 2004 оны 30 дугаар тогтоолоор авто цехийн автомеханикч, тоног төхөөрөмжийн засварчнаар 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Үргэлжлүүлж 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр жижүүрийн албан тушаалд томилогдсон 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарыг хүртэл автобусны жолоочоор ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүсэж үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Улмаар 2016 оны 01 дүгээр сард замын 2 дугаар ангид жолоочоор ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сард өмнө ажиллаж байсан замын засварын цехэд автомеханикч, засварчнаар 2020 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийг хүртэл ажиллаж өндөр насны тэтгэвэрт гаргахаар ажлаас чөлөөлөгдсөн. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд С.Бнийт 40 жил ажилласан. Байгууллагын хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан тасралтгүй ажилласан хугацааны нэмэгдэл олговрыг авах дээд хэмжээ буюу тасралтгүй 36 жил ажиллаж уг болзлыг 2015 онд хангасан. 2020 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхөд төмөр замын байгууллагад 4 жил 4 сар ажилласан гэж тооцож 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. 2 сарын хугацааны олговрыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул шүүхэд хандсан. Ажилтанд өндөр насны тэтгэвэрт гарахад 1 удаа олгодог тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг хөдөлмөр, нийгмийн харилцааны суурь хуулиуд болох Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын хуулиуд дээр тасралтгүй ажиллах хугацааны тэтгэмжтэй холбоотой зохицуулалт байхгүй. Хуульд зааснаар ажилласан жил, цалин хөлсний дундаж зэргийг харгалзан үзэх ёстой бөгөөд энэ тохиолдолд С.Бхохирсон гэж үзэж 18 сарын дундаж цалинтай тэнцэх олговорт Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 22,929,786 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.БМонгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд тасралтгүй 36 жил, нийт 40 жил ажилласан гэж тайлбарлаж байна. Тасралтгүй 36 жил ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа эсэхийг шүүх анхаарч үзэж ёстой. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид тасралтгүй ажилласан гэдэг ойлголт байхгүй гэж хэлж байна. Нөгөө талаасаа Монгол улсад ажилласан жилээс хамаарч олгодог тэтгэмж бүх иргэдэд олгогддоггүй. Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтанд ажилласан жилээс нь хамаарч байгууллагаас тэтгэмж олгодог зохицуулалт хуульд байхгүй. Харин Засгийн газраас баталсан төрийн албан хаагчдад төрийн албанд ажилласан жилийг харгалзаж өндөр насны тэтгэвэрт гарах үед 1 удаагийн тэтгэмж олгодог зохицуулалттай. УБТЗ-ынажилчдад олгодог тэтгэмжийг ямар тохиолдолд яагаад олгож байгааг хөндөж ярих ёстой байх. Тасралтгүй ажилсан тэтгэмжийг олгож байгаа зорилго нь төмөр замын мэргэжил нь ховор мэргэжилд тооцогддог учир тусгай мэргэжлийн хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор журам мөрдөж ажилладаг. Уг журмыг 2012 онд батлагдсан Төмөр замын тээврийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд төмөр замын ажилчдад ямар нийгмийн баталгаа олгохыг заасан төмөр замын байгууллагад тасралтгүй 25 жилээс дээш ажилласан эрэгтэй, 20 жилээс доошгүй жил ажилласан эмэгтэй төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгож байгаа бол 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж зааснаар зохицуулсан зохицуулалтыг дотоод журамдаа тусгаж мөрдөн ажилладаг. Хуулиар тогтоосон 6 сарын тэтгэмжийг ажилласан жилээс нь хамаарч 18 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгодог. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны 03 дугаар сард замын даргын баталсан А195 тоот тушаалаар батлагдсан төмөр замд тасралтгүй ажилласныг тооцох журмаар тэтгэмжийн хэмжээг тогтоосон хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан учир уг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А195 тоот тушаалаар батлагдсан журмыг баримталж холбогдох тэтгэмжийг олгосон. Тасралтгүй ажилласан хугацааг А195 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд тогтохдоо төмөр замын байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан хугацаа, жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаа мэргэжил дээшлүүлэхээр сургалцсан хугацаа, шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдсон зэрэг тохиолдлуудыг тасралтгүй ажилласан хугацаанд оруулж тооцохоор заасан. Харин тасралтгүй ажилласан хугацаа тасарсанд тооцох зохицуулалт нь уг журмын 4 дүгээр бүлгээр зохицуулагдсан. Ажилтан ажиллаж байгаад шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бол мөн ажлын байранд архидан согтуурах зэргээр сахилгын ноцтой зөрчил гаргасан 4 дүгээр бүлгийн 4.1.4-д өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол тасралтгүй ажилласан жилийг тасарсанд тооцно гэж заасан бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч 1979 онд ажилд орж 1981 онд цэргийн албанд татагдаж 1984 онд цэргээс халагдаж 1984 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эргэж ажилд орсон. Цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд оруулж тооцохгүй. Харин цэргээс халагдсанаас хойш 1 сарын дотор ажилдаа эргэн орсон тохиолдолд ажилласан жил тасалдсанд тооцохгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар цэргийн албанд явахаар ажлаас чөлөөлөгдсөн 1984 оны 08 дугаар сарын 01-ны өдөр эргэж ажилдаа орсон. 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Иймд тухайн үед мөрдөж байсан тасралтгүй ажилласан жилийг тооцдог журмыг үндэслэж шийдэх ёстой. 2008 оны А33 дугаар тушаалын журмын 4-д цэргийн жинхэнэ албанд татагдаж халагдсанаас хойш 1 сарын дотор ажилдаа эргэж орсон бол өмнө ажиллаж байсан хугацааг төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацаанд тооцно. Гэхдээ завсарласан хугацааг оруулж тооцохгүй гэж заасныг үндэслэж цэргийн албан хаасан 3 жилийн хугацааг ажилласан хугацаанд тооцохгүй. Тухайн хүнийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажилласныг нотлох гол баримт нь ажилд орсон, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэр гэсэн баримтуудаар ажилласан жил хөтөлбөргүй нотлогдох ёстой. Нэхэмжлэгч төмөр замын байгууллагад 1979 оноос 2015 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй 36 жил ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтуудыг өөрөө гаргаж өгөх ёстой. Хавтаст хэрэгт баримтаар өгсөн зарим баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй нотариатаар баталгаажуулаагүй, хуулбар үнэн тэмдэг дарагдсан нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. 36 жил ажилласан байдал тогтоогдохгүй. 2015 онд ажлаас халагдсаны дараа 2016 онд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажилд орж 2020 оны 05 дугаар сард ажлаас халагдсан учир уг 4 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан байна. А195 тоот тушаалын 4 дүгээр бүлгийн 4.3-д зааснаар энэхүү журмын 4.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бол ажилтан тодорхой хугацааны тодорхой хугацааны дараа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажилд орсон тохиолдолд ажилласан жилийг шинээр эхлэн тоолно. Мөн үүнээс өмнө үйлчилж байсан А 33 тоот тушаалын 5 дугаар зүйлд ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол төмөр замын системийн байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцно гэж заасан эдгээрийг үндэслэж нэхэмжлэгч С.Б-ийн2016 оноос өмнө ажилласан хугацааны тасралтгүй ажилласан хугацаа тасарсан. Харин 2016 оноос 2020 оны хоорондох 4 жилийн хугацаанд тохирох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төмөр замын байгууллагад 35 жилээс дээш ажилласан тохиолдолд олгодог 18 сарын дундаж цалинтай тэнцэх 22,929,786 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан байгаа боловч 22,929,786 төгрөгийг хэрхэн тооцож, юунд үндэслэж гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 35-аас дээш жил ажилласан тул 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 1 удаагийн тэтгэмж 22,929,786 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журамд ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор заасан. Нэхэмжлэгч С.Бөөрийн хүсэлтээр ажлаас халагдсан учир 2016 оноос өмнө ажилласан хугацааны тасралтгүй ажилласан хугацаа тасарсан. Тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журмаар тасралтгүй ажилласан хугацааг харгалзан тэтгэмжийн хэмжээг тогтоосон. С.Б-ийнажилласан жил тасарсан бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-т 35-аас дээш жил тасралгүй ажилласан нь баримтаар нотлогдохгүй байна гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Бнь УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 1 удаагийн тэтгэмж 22,929,786 төгрөг гаргуулахаар шаарджээ.
УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр УТЗ-ын замын засварын машинт станцад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн С.Б-ийнтөмөр замын байгууллагад 36 жил ажилласны тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах тухай өргөдлийг хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 42 дугаар зүйлийн 42.1, Замын даргын тухай 2020 оны 03 сарын 12-ны өдрийн А-195 дугаар тушаалыг нэгдүгээр хавсралтаар баталсан УБТЗ ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 4.1, 41.1.1, 4.3-т зааснаар С.Б-ийнтөмөр замын байгууллагад 36 жил ажилласан жил ногдох тэтгэмж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэлийн дээрх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-т заасан шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаанд хамаарна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Бнь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1981 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс автомеханикч, жолоочоор ажиллаж байгаад 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр жижүүрийн албан тушаалд томилогдсон, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл автобусны жолоочоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийг хүртэл 2 дугаар ангид жолооч, замын засварын цехэд автомеханикч, засварчнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нотлогдож байна гэж үзэв.
УБТЗ-ындаргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тоолох журам-ын дөрөв дэх хэсгийн 4.1.1-д Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор заасан байна. Мөн тушаалын гуравдугаар хавсралтаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам-ыг баталсан байх бөгөөд журмын 1.2-т тасралтгүй 35 ба түүнээс дээш жил ажилласан эрэгтэй ажилтанд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохоор тусгажээ.
Нэхэмжлэгч С.Бнь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр гарч, дахин 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийг хүртэл ажилласан байх тул Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам-д заасан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгох тэтгэлгийг шаардсан нь үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан байх тул Төмөр замын тээврийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д төмөр замын байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бол зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах гэж заасны дагуу зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах нийгмийн баталгаагаар хангагдана.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас нэхэмжлэгч С.Б-ийннэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 1,273,877 төгрөг гэж тодорхойлжээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 7,643,262 төгрөгийг өгөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 7,643,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,286,524 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 7,643,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,286,524 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Бнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 137,242 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР