Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 3143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нэхэмжлэгч: А б м ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С с ХХК /РД:0000/-д холбогдох, 

34,314,169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А Б М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Б М ХХК нь С С ХХК-тай2019 оны 08 сарын 30-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр А Б М ХХК нь Тоюута Такома маркийн 7744 УБР улсын дугаартай автомашиныг 62,000,000 төгрөгт тооцон барилгын хөөсөн хавтан авахаар шилжүүлэх, С С ХХКнь 41,300,000 төгрөгийн үнэ бүхий, 350 ширхэг, /21-22/ м.кб төрлийн хөөсөн хавтанг 2019 оны 09 сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, үлдэх 20,700,000 төгрөгт захиалагч талын өөр барилгад хөөсөн хавтан нийлүүлэхээр тохиролцсон.

Гэрээг дүгнэн тооцоо нийлэхэд 23,128,060 төгрөгийн хөөсөн хавтан нийлүүлэлгүй үлдсэн байсан. Хариуцагч тал танилцаж гарын үсэг зураад дутуу байгаа хөөсөн хавтанг өгнө гэсэн ч нийлүүлээгүй. Бид барилгын компани, гадна фасад хийгдэж байсан бөгөөд хугацаандаа нийлүүлэх хөөсөө нийлүүлээгүйтэй холбоотойгоор учирсан хохирлыг нэхэмжилнэ гэхэд Танайд учирсан хохирлыг төлнө. 25,000,000 төгрөг болгож нэмж өгье. 3 дугаар сар гэхэд өгнө гэсэн асуудал яригдсан ба бид энэ хугацаанд шүүхэд хандахгүй хүлээсэн. Хавар болж 3 сараас хөөсөн хавтан нийлүүлэх ёстой байсан ч нийлүүлэлт хийгдээгүй. Бидний зүгээс хэд хэдэн удаа мэдэгдэх хуудас явуулсан. Сүүлдээ өөрсдөө утсаа авахаа больсон. Иймд дутуу хөөсөн хавтангийн үнэ 23,091,700 төгрөг, гэрээнд алданги 0.2 хувиар тооцож төлөхөөр тохирсон. 23,091,700 төгрөгийн 0,2 хувийн алданги 46.183 төгрөг, хэтрүүлсэн хугацаа 243 хоног, 11,222,469 төгрөг нийт 34,314,169 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч А Б М ХХК нь хариуцагч С С ХХК-дхолбогдуулан Бараа материал худалдах, худалдан авах гэрээг цуцалж, барилгын хөөсөн хавтан хавахаар шилжүүлсэн төлбөрт 23,091,700 төгрөг, алданги 11,222,469 төгрөг нийт 34,314,169 гаргуулахаар шаардсаныг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч А Б М ХХК нь хариуцагч С С ХХК-тай2019 оны 08 сарын 30-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр А Б М ХХК нь Тоюута Такома маркийн 7744 УБР улсын дугаартай автомашиныг 62,000,000 төгрөгт тооцон барилгын хөөсөн хавтан худалдан авахаар шилжүүлэх, С С ХХКнь 41,300,000 төгрөгийн үнэ бүхий, 350 ширхэг, /21-22/ м.кб төрлийн хөөсөн хавтанг 2019 оны 09 сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, үлдэх 20,700,000 төгрөгт захиалагч талын өөр барилгад мөн хөөсөн хавтан нийлүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. 

Дээрх гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.  

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дагуу хөөсөн хавтан нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хугацаа тогтоож өгсөн боловч тогтоосон хугацаанд мөн үүргээ гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, худалдан авахаар шилжүүлсэн барааны үнэ, алданги гаргуулахаар шаардсан.  

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.  

Харин гэрээ цуцалсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болох боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гадуулан өгч, хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.  

Иймд хариуцагч С С ХХК-иас34,314,169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Б М ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С С ХХК-иас34,314,169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Б М ХХК-д олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А Б М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,521 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С С ХХК-иас329,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР