Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208038991794 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н-ы Э, Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эх дүүгийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух бүртгэлтэй,  *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд:

- Сүхбаатарын районы ардын шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 249 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь хохирогч Л.Б-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч Н.Э хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн Л.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн тал, зүүн мөр, дал, өвдөг, шилбэ, шагайн үе, уланд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал) , 

- Хохирогч Л.Б-ын “...Би Э-ын гэрийг мэднэ. Сая цагдаатай цуг очиход нөгөө махлаг биетэй нь байсан. Э байхгүй байсан. ...Зүүн нүд хавдсан, толгой хавдсан, хамраас цус гарсан. Зүүн мөр хөдлөхөөр хөндүүртэй байна. Зүүн хөлийн шагай хэсэг ганжингаар цохиж гэмтээсэн. ...гомдолтой байна. Э найзтайгаа нийлж зодсон. ...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хороололд танил Г гэх хүнтэй хамт автомашин засаж дуусаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 20 цагийн үед Г бид хоёр Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хороо Зүүн салааны улаан худаг гэдэг газар ирээд автобусны ойролцоо байх хүнсний дэлгүүр орж 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авахад дэлгүүрийн гадаа Н.Э болон нэг үл таних залуутай хамт зогсож байсан. Бид 4 хамт манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах *** тоотод ирээд 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи уусан. ...Э намайг ямар муухай хардаг пизда вэ гээд гараа миний зүүн нүд хэсэг, нүүр, толгой хэсэгт олон удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлийн Э учруулсан. ...Э намайг цохиж зодоод байхаар нь би цагдаа дуудах гэсэн чинь Э миний гар утсыг аваад ямар хүнтэй яриад байгаа юм бэ гэж харчхаад буцаагаад надад өгсөн. Миний гар утсыг Э эвдээгүй. ...Гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 24-25 дахь тал),

- Гэрч Н.Б-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ ганцаараа архи уугаад сууж байхад 18 цагийн орчим манай төрсөн ах Э ганцаараа орж ирээд нүүрсний картаа өгчих гээд аваад гарсан. ...Б-ын гэрт манай ах Э, танил Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...Манай ах Э, Б-ыг нь  2-4 удаа алгадсан. ...Тэр хоёр яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15920 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2. Л.Б-ын бие зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн тал, зүүн мөр, дал, өвдөг, шилбэ, шагайн үе, уланд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 5. Дээрх гэмтлүүдээс зүүн далны цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Н.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15920 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Б-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Э нь  өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Л.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Н.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрт үүссэн уур бухимдал, үйлдлээ хянаж чадаагүйн улмаас Л.Б-ын цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би хохирогч Л.Б-ын нүүр хэсэгт алагдсан, гартаа бээлий барьж байгаад цохисон, хүмүүст харагдахдаа алгадаж байгаа мэт харагдсан байх” гэж, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би Батбаярыг зодож цохиогүй...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн.

Гэвч хэрэгт авагдсан хохирогч Л.Б-ын “...Би Э-ын гэрийг мэднэ. Сая цагдаатай цуг очиход нөгөө махлаг биетэй нь байсан. Э байхгүй байсан. ...Э намайг ямар муухай хардаг пизда вэ гээд гараа миний зүүн нүд хэсэг, нүүр, толгой хэсэгт олон удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлийн Э учруулсан...” гэсэн мэдүүлэг нь гэрч Н.Б-ийн “...Манай ах Э Б-ыг 2-4 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг,  түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, “...СХД-ийн *** тоотод суух хаягтай Э-д зодуулсан гэх тул ...тус тоотыг шалгахад хүн зодсон гэх Э гэгч нь хаяг дээрээ байхгүй байв...” шийдвэрлэлтийн мэдээлэлтэй дуудлагын лавлагааны хуудас зэргээр давхар нотлогдож, шүүгдэгчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Н.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3 Хохирол, хор уршиг

Хохирогч Л.Б нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх боловч түүний биед хөнгөн зэргийн хохирол учирсан тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан баримтад хохирогч Л.Б нь 2022 оны 11 сард түргэн тусламжийн үйлчилгээ авсан гэх боловч гэмт хэрэг үйлдсэн гэх 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уг тусламж үйлчилгээ авсан гэх өөр бусад нотлох баримт байхгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 300 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт шүүгдэгч Н.Э-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), эрүүгийн хариуцлагын хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна.

Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /59 настай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаартай “Ял дүйцүүлэн хасах” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар тогтоожээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 503 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.12 дугаар зүйлд заасныг баримтлан Н.Э-ын эдлээгүй үлдсэн 3 жил 25 хоногийг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна.

Гэвч шүүгдэгч Н.Э нь хяналтын хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 280  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийн хугацаагаар хорих ял дээр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 25 хоногийг хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Н.Э нь биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Н-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийн хугацаагаар хорих ял дээр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 25 хоногийг хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Б, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР