Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/036

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батдорж

Улсын яллагч:  Д.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч:Т.Батбаатар, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Батбаатарт холбогдох эрүүгийн 201705000027 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох эд хөрөнгөгүй,  Түнтүү овогт Тэрбишийн Батбаатар /ВК67021610 регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.Батбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-1 тоотод иргэн Д.Рэнцэндоржтой хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож, биед нь “хөнгөн” гэмтэл санаатай учруулан заазуур барьж айлган сүрдүүлсэн гэмт хэрэгт  холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Т.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5- 5-1 тоотод гэртээ байж байхад манай найз Баатар нэг шил архитай ирсэн. Бид нар хувааж уусан...Тэгээд Баатар нэг найзруугаа утсаар залгаад нөгөө найз нь ахиад нэг шил архи авчирч ирээд ууж дуусгаад тэд нар явсан.

Хэсэг хугацааны дараа эхнэр ирээд аяга, таваг хараад хэн ирсэн юм гээд асуугаад байхаар нь хүн орж ирээд аяга цай хийж өгсөн юм гээд байж байтал эхнэр намайг цагдаа дуудаж, хатаалгана энэ тэр гээд утсаа авахаар нь би утсыг нь булааж аваад гаднаас нь цоожлоод гарсан...Тэгээд хаалганы цоожийг нь онгойлгоод, утсыг өгчихөөд эгчийндээ очсон. Буцаад иртэл эхнэр надтай зөрөөд гарсан. Тэгээд цагдаа дуудаад би саатуулагдсан. Согтуудаа би эхнэрийгээ хэл амаар доромжилсон гэх мэдүүлэг./ хх-ийн 13-14/

...Баатар манайд нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид хоёр уусан. Баатар нэг найз руугаа залгаад дуудсан. Удалгүй Цэрэн 0.33 литрийн багтаамжтай архитай ирсэн. Бид нар хувааж ууж дуусгаад  эхнэр ирээд уурлана та хоёр яв гээд тэр хоёрыг явуулсан. Орой 18 цагийн орчим манай эхнэр Д.Рэнцэндорж ирэхээр нь би урдаас нь тосоод гарсан 2 шуудай мод аваад ирсэн байхаар нь би модыг нь амбаарт оруулж тавиад гэртээ орсон чинь яагаад рам онгойлгочихсон юм гээд шууд уурлаад тэгээд манайд хэн ирсэн юм архичид орж ирсэн байна цагдаа дуудана гээд утсаа гаргаад ирэхээр нь цагдаа дуудах шаардлагагүй ямар агсам тавьсан биш гээд утсыг нь булаацалдсан тэгсэн намайг элдэв нэгээр хэлээд байхаар нь миний уур хүрээд барилцаж, утсыг нь булааж аваад гэрээс гарч гаднаас нь цоожилсон. Тэгээд хамар хашааныхаа Бямбаа гэдэг айлд орж болсон явдлыг хэлсэн чинь Бямбаа ах та нар хүүхдүүд биш яаж ингэж болдог юм очиж цоожийг нь онгойлго гэж хэлсэн тэгээд буцаж ирээд гэрээ онгойлгож орчихоод утсыг нь тавьчихаад би гараад хүргэн ахындаа нэг цаг орчим болоод буцаад ирсэн чинь Д.Рэнцэндорж юу ч болоогүй юм шиг байж байсан тэгээд удаагүй цагдаа орж ирээд намайг авч явж саатуулсан. Би тухайн үед Д.Рэнцэндоржийг зодож, цохисон асуудал гараагүй. Утсыг нь авах гэж л барилцаж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46/

Шүүгдэгч Т.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч Д.Рэнцэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн. Т.Батбаатар өмнөөс гараад ирсэн тэр  халамцуу  байсан.  Манай хашаагаар архины шил тамхины иш  байсан. Гэртээ яваад ороход гэрээр дүүрэн тамхины иш, шавар шавхай архи тамхины үнэр гэж авах юмгүй байхаар нь би “чи арай ч дээ миний гэрт архичид цуглуулаад би орой болгон гэрээ цэвэрлэж унтдаг биз дээ” гэхэд Т.Батбаатар чи надад ганц тамхи ч аваад өгчихгүй гээд шууд уурлаад чамайг ална гүйцээнэ гээд намайг барьж аваад дараад өвдгөөрөө цээжин дээр хоёр удаа  дарж,  миний цамцаар хоолой боосон тэр үед нь би ухаан балартсан байсан. Сэрээд харсан чинь Т.Батбаатар байхгүй миний гар утас байхгүй,  гэрээсээ гарах гэхэд хаалга цоожтой байсан. Удалгүй Т.Батбаатар ороод ирэхээр нь би гар утсаа авах гэтэл миний цээж рүү гараараа цохиод ална гээд  заазуур тулгасан заазуураар учруулсан гэмтэл байхгүй. 2016.12.30-ны өдөр зодохдоо ална гээд ганцхан заазуур тулгасан заазуураар учруулсан гэмтэл байхгүй.Надад хутга тулгаагүй.Т.Батбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26/

Гэрч Д.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад Т.Батбаатар манайд орж ирсэн. Т.Батбаатар орж ирэхдээ эрүүл байх шиг байсан. Тэрээр “эхнэр  дургүй хүргээд болдоггүй, гаднаас нь цоожилчихоод ороод ирлээ” гэж хэлсэн.Тэгэхээр нь би “цаадахын чинь улам уур нь хүрчих байх та хоёр ямар хүүхдүүд байгаа биш” гэж хэлээд гаргасан. Т.Батбаатар буцаад гараад явсан, эргэж манайд орж ирээгүй гэх мэдүүлэг. / хх-ийн 27-28/

Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д.Рэнцэндорж гэх эмэгтэйг үзэж, дүгнэлт гаргасан. Үзлэгээр биеийн байдал хөнгөн, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлтэй илэрч байсан ба дагзны булчингийн хөшиг нэг хуруу, шарлангуй царайтай байсан. Түүний биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэсэн оноштой байсан. Би уг оношийг өөрийн дүгнэлтэд тусгасан. Надад Д.Рэнцэндорж миний хоолойг боосон гэж ярьж байсан. Би энэ хүнийг хэрэг учрал гарсан өдрөөс гурав хоногийн дараа биед нь үзлэг хийсэн. Д.Рэнцэндоржийг боосон гэх ором ажиглагдаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 28-39/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн

1.Д.Рэнцэндоржийн биед тархи доргилт, зүүн бугалага цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 34-35/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, хохирогч Д.Рэнцэндоржийг асуусан тэмдэглэл, мэдүүлэг/ хх-ийн 11-12, 22-24, 25-26/, шүүгдэгч Т.Батбаатарыг асуусан тэмдэглэл, мэдүүлэг/ хх-ийн 13-14, 46-47, 49-50/ эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-20/, гэрч Д.Бямбаагийн мэдүүлэг/ хх-ийн 27-28/, гэрч Т.Батцэцэгийн мэдүүлэг/ 29-30/,  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /ххи-ийн 33/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, шинжээч Б.Баяртогтохын мэдүүлэг /хх-ийн 38-39/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тодорхойлолт /хх-ийн 51/, шүүгдэгч Т.Батбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 61/, Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд Т.Батбаатарын захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаа/ хх-ийн 62-72/, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /73-74/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-79/, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35-3/338 дугаар албан бичиг /хх-ийн 76/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 97/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Батбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-1 тоотод хамтран амьдрагч иргэн Д.Рэнцэндоржтой хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46, 49-50/, хохирогч Д.Рэнцэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-26/, гэрч Д.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн  ... “Д.Рэнцэндоржийн биед тархи доргилт, зүүн бугалага цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна”... гэх дүгнэлт  /хх-ийн 34-35/, шинжээч Б.Баяртогтохын мэдүүлэг/ хх-ийн 38-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Батбаатарт холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  Т.Батбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  Т.Батбаатар нь 1993 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1999  оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 06 сарын  хорих ялаар  тус тус шийтгэгдсэн боловч эрүүгийн хуульд заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Т.Батбаатарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Батбаатар нь гэр орондоо байнга хүчирхийлэл үйлдэж байдаг нь цагдаагийн байгууллагын нэгдсэн санд захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаагаар   нотлогдож байх бөгөөд хохирогчийн эрхийг хангахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх,гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар хүчирхийлэлийг таслан зогсоох арга хэмжээ авах,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан шударга ёсны зарчимд “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна”мөн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3-д “эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн нийгмийг гэмт халдлагаас хамгаалах...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх,хүмүүжүүлэх,гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн хуулийн зарчмыг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Батбаатар нь хохирогч Д.Рэнцэндоржтой сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон боловч согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй  байна.

Шүүгдэгч Т.Батбаатарыг согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн  гэмт хэрэг үйлдсэн,   гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо сайн дураараа төлсөн  буюу гэм хорыг арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Рэнцэндорж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар  бичгээр илэрхийлсэн ба  шүүгдэгч Т.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  заазуур нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Түнтүү овогт Тэрбишийн Батбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Батбаатарыг  хоёр сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн  51.1-д зааснаар шүүгдэгч Т.Батбаатарт оногдуулсан хоёр сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан заазуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Т.Батбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Батбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ