Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0468

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                С.Рын нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2026/0032 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Р

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Б.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Т

Хариуцагч Д.Р

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ж.С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 119/2026/0020/З                                          

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2026/0032 дугаар шийдвэрээр “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.4, 32.6, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Роос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан” Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгчээс тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд Хүрэнбулаг багт бүртгэлгүй иргэдийг хуралд оролцуулж санал өгсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хаягийн лавлагаагаар тус багт бүртгэлгүй нэр бүхий 12 иргэн оролцсон болох нь тогтоогдсон. Гэтэл дээрх хууль зөрчсөн зөрчил тодорхой баримтаар тогтоогдсоор байтал уг маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Мөн нэхэмжлэгч хуралд оролцсон бүх иргэдийн хаягийн лавлагааг авах талаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийн дагуу лавлагааг гаргаж ирүүлээгүй бөгөөд иргэний бүртгэлийн мэдээллийг нэг бүрчлэн шалгавал илүү олон иргэд бүртгэлгүй байх магадлалтай байсан болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар буюу Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Быг багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үндэслэх хэсэгт дурдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

2. 3. Тооллогын комиссын тогтоолтой маргаагүй гэж үндэслэх хэсэгт дурдаж улмаар тооллогын комиссын тогтоолтой маргаагүй нь иргэдийн Нийтийн Хуралдаанаас гарсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг зөвтгөх үндэслэл мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ/2026/0032 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3. Үйл баримтын хувьд, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар 264 хүн саналын хуудас бөглөж, нэхэмжлэгч С.Род 115 (46.4%) санал, гуравдагч этгээд Б.Бд 149 (56.4%) санал өгснөөр тухайн өдрийн Хурлын 05 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Б.Быг Хүрэнбулаг багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

4. Ийнхүү нэхэмжлэгч С.Роос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан.

5. Анхан шатны шүүх “... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, 56 дугаар зүйлийн 56.5.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;, 56.5.2-д энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэж тус тус зааснаар Хүрэнбулаг иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг даргаар Б.Быг томилуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Учир нь нутгийн өөрийн удирдлагыг сонгох арга, хэлбэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-т “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус заасан байна.

7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор хуульчилсан. Энэ хэргийн тухайд 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багт харьяалалгүй нэр бүхий 12 иргэн оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн хэдий ч энэ нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

8. Тодруулбал, Хүрэнбулаг багийн Засаг даргыг сонгох тухайн өдрийн Хуралд нэр дэвшигч нэхэмжлэгч С.Р 115 санал, гуравдагч этгээд Б.Б 149 санал авч, 34 саналын зөрүүгээр гуравдагч этгээд ялагч болсон байх тул энэхүү сонгуулийн үр дүнд санал өгөх эрхгүй 12 иргэний санал нөлөөлөх боломжгүй байх тул сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

9. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...тус багт бүртгэлгүй нэр бүхий 12 иргэн оролцсон болох нь тогтоогдсон. Ийнхүү тогтоогдсоор байхад маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

Уг сонгуульд санал өгөх эрхгүй 12 иргэн оролцсон байх боловч энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөх боломжгүй болох нь тогтоогдсон тул энэ үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох боломжгүй юм.

10. Мөн гомдолд “... иргэний бүртгэлийн мэдээллийг нэг бүрчлэн шалгавал илүү олон иргэд бүртгэлгүй байх магадлалтай байсан” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс сонгуульд оролцсон боловч Хүрэнбулаг багт оршин суудаггүй иргэдийн нэрсийг удаа дараа тухайлан нэр заан гарган өгч маргасан байна. Анхан шатны шүүх энэ хүрээнд холбогдох байгууллагаас иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулж, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

10. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

11. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2026/0032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Р, түүний өмгөөлөгч Э.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                      Ц.ОДМАА