Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 890

 

МАГАДЛАЛ

 

2018.04.11                                                     Дугаар 890                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00342 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТБ ХХК-д холбогдох,

 

Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 041 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын     19-ний өдрийн 1406 дугаартай магадлалаар Н.О-ийг ТБ ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 193 188 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар Н.О-ийг ажилд эгүүлэн тогтоосон. Иймд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 041 050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна. Цалин хөлстэй тэнцэх олговорт            1 872 390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ажилгүй байсан хугацааны цалингаас 2 041 050 төгрөгийг хасч, эвлэрэх боломжгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ТБ ХХК нь  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар Н.О-ийг ТБ ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлстэй тэнцэх олговорт 6 193 188 төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Н.О нь мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй үндэслэлээр ажлаас халагдсан тул 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2 041 050 төгрөгийг хасч эвлэрэх хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТБ ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 041 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 872 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 810 төгрөгийг Улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Н.О-т олгож, хариуцагч ТБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 95 610 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.О-ийг ажилд нь эгүүлэн тогтооход үргэлжлүүлэн өвчтэй гэх шалтгаанаар ажил тасалсан зэргээс үзэхэд ажил хийх хүсэлгүй, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 5 сарын цалин хөлсөнд 5 041 050 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 041 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 872 390 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэмэгдүүлснийг хариуцагч 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

ТБ ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.О-ийг тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00895 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.О-ийг ТБ ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 193 188 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01210 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байна. /хх 5-23/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар магадлалын дагуу нэхэмжлэгч Н.О-ийг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн хувьд ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилж байгаа гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын      19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээг шүүхийн магадлалаар тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 48 009 төгрөгийг ажилгүй байсан 105 хоногт тооцон                    5 041 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 95 610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

    ШҮҮГЧИД                                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ