Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, улсын яллагч Д.Ганчимэг, иргэдийн төлөөлөгч Ц.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Ц.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001519 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ын Х, 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Я” ХХК-нд ажиллаж байсан, ам бүл 1, *** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ***, урьд

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Я” ХХК-ийн хашаанд байрлах ажилчдын байранд 2023 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө  Б.И-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж хүнийг санаатайгаар алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Х, Б.И, Т.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Я” ХХК-ийн ажилчдын байранд байрлан ажилладаг байжээ. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Ц.Х, Б.И нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шүүгдэгч Ц.Х нь амь хохирогч Б.И-ын цээжин тус газар хутгалж алсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

- Дуудлагын утга: “1 согтуу хүн хамт уусан хүнээ хутгалсан, хутгаа бариад яваад байна” гэх СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Я ХХК-ийн ажлын байран хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 4-12 дахь тал),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

- Гэрч Д.М-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороо Я гэх газар ...түрээсэлж бой хийж ажилладаг. Б.И болон түүний хамтран амьдрагч Б, мөн хутгалсан залуу Ц.Х нар нь энэ газар эсгийний үйлдвэрт ажиллаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 5-нд талийгаач болон Ц.Х нар хамтдаа архи уусан. ...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн үед сэрэхэд талийгаач болон Ц.Х нар байрлаж байсан байрандаа хэдэн шил архи уусан согтуу байсан. ...23 цаг өнгөрч байхад Б эгчийн охин манай ажил дээр уйлаад орж ирсэн. Аавыг Ц.Х ах хутгалчихлаа гээд ороод ирэхээр нь би хамтдаа гэрт нь орохоор явж байтал Б гэрийнхээ ойролцоо уйлаад сууж байсан. Ц.Х гэрийнхээ үүдэнд гарч ирээд “би та нарыг бүгдийг чинь ална” гээд орилоод зогсож байснаа ална аа гээд хөөхөөр нь би болон Б эгч хүүхдийнхээ хамт хашаанаас гарч зугтаасан. Ц.Х намайг дуудаад миний хажууд суу гэсэн. Би гэрт нь орж И-ын цусыг нь тогтооё гэхэд Ц.Х аль хэдийн И үхчихсэн гээд орилоод байсан. ...Талийгаач болон Ц.Х хоёр сүүлийн 2 хоног хамт архи ууж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  53-55 дахь тал),

- Гэрч Б.Б-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороонд байрлах Я ХХК-ийн хашаан дотор 2021 оны 05 дугаар сараас эхлэн хувиараа эсгий үйлдвэр ажиллуулж байна. 2023 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад 00 цагийн орчим манайд гэр бүлээрээ ажиллаж байсан Б нь над руу залгаад Ц.Х И-ыг хутгалчихлаа гэсэн. ...Энэ гурван хүн манай байгууллаг дээр эсгий хийх ажилд бүх төрлийн ажил хийдэг ...ажилчдын байранд хамт нэг өрөөнд амьдардаг. ...И нь огцом түргэн зантай хамтран амьдрагчтайгаа хааяа маргалдаж байгаа харагддаг. Ц.Х нь болохоор энэ хоёрыгоо бодвол арай тайван хүлээцтэй хүн гэж бодсон. Ц.Х болон И нар ер нь архи уух дуртай боловч Ц.Х нь хугацаанаас өмөн суллагдсан болохоор хэл амнаас хол байдаг. Сардаа нэг удаа Баянхонгор аймаг явж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа газарт очиж бүртгүүлдэг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

- Гэрч Т.Г-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ...Ц.Х, И бид 3 хотын төв явсан. ...Бид 3 буцаад эмээлтэд байрлах ажлын байр луугаа явах замдаа И, Ц.Х хоёр ...2 шил Хараа нэртэй архи авсан. ...Ц.Х, И хоёр авч ирсэн архиа хувааж уусан. Ууж байхдаа хоорондоо багадаа болж байсан асуудлаа яриад маргалдаад байсан. ...Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...И, Ц.Х хоёр өмнөх орой нь авсан архиа үргэлжлүүлэн ууж байгаад 10 цагийн орчим тэр 2 хамтдаа хотын төв рүү явсан. ...15 цагийн орчим ирэхдээ ахиад 0,5 литрийн Хараа нэртэй 2 шил архи авч ирсэн ба тэр оройдоо хувааж уусан. Ууж байхдаа явцдаа Ц.Х ер нь маргаан үүсгээд И-ыг өдөөд хэрэлдэх гээд байсан. Энэ талаар бичлэг хийсэн боловч харанхуй, яриа нь бүдэг нь сонсогдсон байсан. 22 цагийн орчим унтахаар хэвтсэн. Ц.Х нь ална, хядна гээд ганцаараа орон дотроо дүнгэнэж яриад байсан. Манай талийгаач миний урдуур, манай охин өөрийнхөө орон дээр тусдаа унтаж байсан. Гэнэт Ц.Х босч ирээд гал тогооны шүүгээнээс хар иштэй хутгыг аван дээш хараад хэвтэж байсан талийгаач Иын цээж хэсэг рүү 2-3 удаа хутгалсан ба 2 гараараа хутгаа барьсан байсан. Ингээд гар утасныхаа гэрлийг асаахад ор дэр хамаг юм цус болсон, талийгаач орны урдуур унасан байдалтай байсан. Би охиноо аваад гэрээс гарсан. Ц.Х араас хутга бариад гарч ирээд охин бид 2-т хандаж “та 2-г ч гэсэн ална гүйцээнэ” гэж орилоод гэрээс зайл, явцгаа гээд хөөгөөд байсан. ...М ахаас тусламж гуйж улмаар М ах цагдаа дуудсан. ...талийгаач намайг гөлөг гэдэггүй шүү, намайг Б-ын И гэдэг, чи харин өнчин өсөө биз дээ гэж хэлэхэд хэсэг чимээгүй орон дотроо хараалж хэлж байгаад гэнэт босч ирээд гал тогооноос хутга авч улмаар уг хутгаа 2 гартаа барьж байгаад талийгаачийн цээж хэсэг рүү 2-3 удаа хутгалж амь насыг нь хороосон. ...Ц.Х нь манай талийгаачийн амь насыг хохироосны дараа манай 10 настай охин болох Ү бид 2-г гэрээс гарцгаа, зайлцгаа, гичийнүүдээ гэх мэтээр харааж зүхээд, гар гээд хөөгөөд байсан. Харин ардаас хөөж гүйсэн зүйл байхгүй. ...Яг хойноос гүйсэн зүйл байхгүй. ...Талийгаач төрсөн ах нь хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Г.Ү-ын “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой Ц.Х ах болон талийгаач аав хоёр архи ууж байгаад бид нар бүгдээрээ унтахаар хэвтсэн. ...Аав Ц.Х ахтай маргалдаад байсан. Ц.Х ах орноосоо босоод явахаар нь гарах гэж байгаа юм байх гэж бодсон. Удалгүй манай ээж орилохоор нь би утасныхаа гэрлийг тусгаад хартал шалан дээр цус болсон байдалтай Ц.Х ах хутга барьсан байсан. ...Ц.Х ээж бид хоёрыг цохисон биед халдсан зүйл байхгүй. ...Хойноос орилоод байсан, хөөж явсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  102 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ын “...Б-ын И нь миний төрсөн дүү, 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, айлын бага хүүхэд. ...2023 оны 5 дугаар сараас одоо ажиллаж байсан газартаа ажилд орсон, мөн 1 хүүхэдтэй хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. ...Би оршуулгын зардал болон бусад хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  92 дахь тал) гэсэн мэдүүлэг,  

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. 10. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хөндий рүү цээжний зүүн урд болон баруун ар дээд хэсгээр нэвтэрч зүрх, уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх сул цус 2050 мл, баруун хөндий дэх сул цус 600 мл, үнхэлцгийн хөндий дэх сул цус 30 мл, шарх орчмын цус хуралт, баруун мөрний ар дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлийн өөрөө учруулах боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь маш богино хугацаанд түргэн зуурт үхэлд хүргэнэ.

5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

6. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. талийгаач нь цээжний хөндий рүү цээжний зүүн урд болон баруун ар дээд хэсгээр нэвтэрч зүрх, уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх сул цус 2050 мл, баруун хөндий дэх сул цус 600 мл, үнхэлцгийн хөндий дэх сул цус 30 мл, шарх орчмын цус хуралт, баруун мөрний ар дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд цочмог цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.

8. 2023.09.07-ны өдрийн 06 цагт талийгаачийн цогцост гадна биеийн үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 7-8 цаг болсон байх боломжтой гэжээ.

9. Талийгаачийн ходоод нь 20 мл шингэн шаргал ногоон өнгийн агууламжтай байна.

11. Химийн шинжилгээгээр талийгаач Б.И-ын цусанд 2,9 промилли, ходоодны шингэнд 7,6 промилли, шээсэнд 3,3 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Цусанд 2,9 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

12. ДНХ-ийн харьцуулах шинжилгээг тус газрын тусгай шинжилгээний хэлтэст шинжээч томилсон тогтоол хүргүүлэн хийлгэх боломжтой.

13. Дээрх тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

14. Талийгаачийн цус О1-р бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 107-117 дахь тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 776 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 168-169 дахь тал)  зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Талийгаач Б.И нь цээжний хөндий рүү цээжний зүүн урд болон баруун ар дээд хэсгээр нэвтэрч зүрх, уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх сул цус 2050 мл, баруун хөндий дэх сул цус 600 мл, үнхэлцгийн хөндий дэх сул цус 30 мл, шарх орчмын цус хуралт, баруун мөрний ар дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд цочмог цус алдаж цус алдалтын шокоор 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Х талийгаач Б.И нар нь Баянхонгор аймагт төрж өссөн, багаас бие биеэ таньдаг ба Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Я” ХХК-ийн ажилчдын байранд байрлан ажилладаг байсан.

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Ц.Х, Б.И нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шүүгдэгч Ц.Х нь амь хохирогч Б.И-ын цээжин тус газар хутгалсан үйлдэл, талийгаач Б.И-ын биед учирсан гэмтэл, уг гэмтлийн улмаас нас барсан нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа өөрт төрсөн уур бухимдлаа барьж чадалгүй 3 удаагийн идэвхтэй үйлдлээр талийгаачийн биед халдаж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаангүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-аас оршуулгын зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн 7,244,011 төгрөгийг шүүгдэгч Ц.Х-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

2.1.        Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоогдох саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг устгуулах, шүүгдэгч Ц.Х-ын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна... ” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Төрсөн дүүгийн маань амь насыг хохироосонд гомдолтой байна. Шүүх хуульд зааснаар хөнгөрүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Ц.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өмнө хэдийгээр хорих ял эдэлж байсан боловч засрал хүмүүжил олж хугацаанаасаа өмнө суллагдсан. Ам бүл ганцаараа хэдий боловч хамаатан садан, ах эгч нараас нь тусалж дэмжих боломжтой, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хорих ялаа эдэлж байх хугацаанд төлж барагдуулах боломжтой зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэв.  

2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 191 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 192 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 193 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 180 дахь тал), ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 188 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг /хүний амь нас хохирсон/, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан/-ыг тал бүрээс нь харгалзан шүүдэгч Ц.Х-т улсын яллагчаас санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ц.Х-ыг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үйлдсэн 2 жил 6 сар 10 хоногийг хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацааг тогтоосон байна.

Гэвч шүүгдэгч Ц.Х хяналтын хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 6 сар 10 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Ц.Х хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналтын хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хын цагдан хоригдсон нийт 141 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцов. 

2.3.       Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Ц-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 зургаан сар 10 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг   14 /арван дөрөв/ жил 06 /зургаа/ сар 10 /арав/ хоногийг хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ын цагдан хоригдсон нийт 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-аас 7,244,011 /долоон сая хоёр зуун дөчин дөрвөн мянга арван нэг/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Х-т урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАР

 

                    ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                      Б.НАРАНЖАРГАЛ