| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 136/2019/00423/И |
| Дугаар | 491 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 491
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О овогт Д.Э
Хариуцагч: Р овогт Ч.И
18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Ч.И, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А нь Ч.И-т гэдэг бүсгүйтэй нэг байгууллагад ажиллаж байгаад танилцаад нэг нэгийгээ таньдаг болсноор улмаар дотно харьцаатай болсон байна. Д.А хэлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хамт хоносон. 2017 оны 04 дүгээр сард Ч.И-т нь жирэмсэн болсон гэж хэлдэг ба Д.А үнэмшихгүй байсан чинь ЭХО-д харуулсан зураг, шинжилгээний бичиг явуулаад 2 ихэр гэж хэлсэн байдаг. Ингэснээр Д.А нь өөрт байгаа бүхнээ Ч.И-тэд зориулсан гэдэг. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хотод манай дэлгүүрт хулгай орчихлоо мөнгө хэрэгтэй байна. Надад чамаас өөр гуйх хүн алга гээд 5 000 000 төгрөг зээлээч гэсэн. Чатаар над руу хагарсан шилэн хаалганы зураг явуулсан би үнэмшээд тэр өдрийнхөө үдийн хойно 5 000 000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ээж мөнгөгүй болчихлоо дэлгүүрийн бараа татах хэрэгтэй байна ээж мөнгөтэй болохоороо өгнө гэнээ удаахгүй гэсэн гээд уурлаад байхаар нь 06 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг 2 удаа, нийт 4 000 000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эрэгтэй дүү болох Жамсран нь Замын-Үүдэд дадлага хийж байгаа, байх газар байхгүй байр түрээслэх хэрэгтэй байна гээд 500 000 төгрөг өгөөч гэхээр нь 5С0 000 төгрөг зээлсэн. 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ээж Солонгос явчихсан ажлаар ирэх гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гээд 4 000 000 төгрөг хэрэгтэй байна, ээж рүү 20 000 000 төгрөг явуулах ёстой ээжийн том ах бусдыг нь цуглуулсан гэнэ, одоо 4 000 000 төгрөг олоод шууд ээж рүү шилжүүлэх хэрэгтэй байна гэж гуйсаар 4 000 000 төгрөг авсан. 2017 оны 06 сарын 27-ны өдөр дүүгийн хонхны баяр болж байна чи мөнгө шилжүүлээч гэхээр нь 100 000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 07 сарын 03-ны өдөр би Сайншандад явж байна хошууч Цэцэгсүрэнтэй хамт, бид 2 эндээс юм цуглуулж явтал мөнгө дутчихлаа 2 000 000 төгрөг өгөөч Жийжийгийн эгч мөнгө орж ирэхээр буцаагаад өгнө гэнэ гэж хэлээд гуйгаад байхаар нь 2 000 000 төгрөг өгсөн. 2017 оны 07 сарын улсын баяр наадмаар Итгэлт, түүний охин Энгүүн бид гурав манай аавын дүү болох Нямдоржийнд очиж амарсан. Энэ бүх хугацаанд миний аав ээжтэй утсаар ярьж охин нь удахгүй 12 сард амаржина гэж хэлдэг байсан. Цаашид яаж амьдрах талаараа ч ярилцдаг байлаа. Би хот руу орж амьдарна энд 5 жил болчихлоо одоо өөр анги байгууллага руу явна гэж хэлдэг байсан. Мөнгө хэрэг болоод танай ээж хэзээ мөнгө өгөх гэж байна гэхээр л бөөн хэрүүл болдог байсан. Миний ээж тэр мөнгийг чинь өгчихнө. Чи одоо юун сүртэй бэ, юм үзээгүй юм шиг гээд л. Дараа нь ээж чи бид хоёрыг хот руу орж ирээд байр авахад чинь дээр нь мөнгө нэмээд өгнө гэж байна гэж хэлдэг байсан. Би жирэмсэн бас өвдөөд байна витамин төмрийн бэлдмэл хэрэгтэй байна эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгмөөр байна гэж хэлэх бүрд нь мөнгө өгдөг, зарим үед өөрөө авч өгдөг байлаа. 2017 оны 10 дугаар сард би өөр анги руу шилжих болж хот руу явахад намайг гаргаж өгөөд хайр нь удахгүй араас чинь очно гэж хэлээд миний гарыг өөрийнхөө гэдсэн дээр тавиад хөдөлж байгаа биз гэхэд юу ч мэдэгдэхгүй байсан. Гэдэс нь томорч байгаа нь мэдэгддэггүй байлаа. Манай хамаатнууд болон найзууд харчхаад юу ч мэдэгдэхгүй байна ямар сонин юм бэ гэхээр нь би ингэдэг юмаа. Охин дээрээ 7 сартай болох хүртэл мэдэгдээгүй гэж хэлдэг байсан. Би хотод томилогдон ирээд сар болоод намайг хуурч байсан юм байна гэдгийг нь ойлгосон. Өнгөрсөн бүхий л хугацаанд болон манай гэр бүл түүнд итгэж байхад тэр зүгээр л биднийг хуурч байсан. Анх надтай танилцахдаа аав ээжийгээ танилцуулж ярихдаа том машины жолооч, бас морь уядаг, ээжийгээ ХУДүүргийн татварын байцаагч хийдэг гэж танилцуулж байсан. Сүүлд нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр энэ асуудлаар ээжтэй нь уулзахад ээж нь тийм ажил хийж байгаагүй тухайгаа хэлсэн. Мөн охин нь өөрт нь надаас мөнгө авдаг байснаа хэлээгүй байсан. Мөн анх надад манайх шинэ гэмтлийн автобусны буудлын урд зочид буудал ажиллуулдаг доороо дэлгүүртэй гэж хэлж байсан. Ээж нь надтай уулзахаасаа өмнө бид хоёрын ямар харьцаатай, надаас мөнгө авдаг тухай, юу гэж хэлж авдаг талаар юу мэдэхгүй байсан. Энэ эмэгтэйд итгэж өөрийнхөө амиар дэнчин тавьж олсон мөнгөө өгч үрэн таран хийлгээд одоо өөрөө орох оронгүй хотод байр түрээслэн амьдарч байна. Иймээс Ч.Иээс 18 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.И гэдэг бүсгүйтэй нэг байгууллагад хамт ажилладаг байсан. 2016 онд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирэхэд манай ангид шинээр ажилд орсон эмэгтэй байсан. Нэг байгууллагад ажилладаг болохоор нэг нэгийгээ тодорхой хэмжээгээр мэддэг байсан. 2017 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад буюу 03 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад баяр хүргэсэн. Тэрнээс 2 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 20-ны өдөр уулзаад хамт хоносон. Түүнээс хойш харилцаа эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сард надад жирэмсэн болсон гэж хэлсэн. Тухайн үед би хүлээн зөвшөөрч чадаагүй. Дараа нь надтай ярихдаа чи хүлээн зөвшөөрөхгүй байх чинь хамаагүй би хүүхдээ гаргана гэж хэлсэн. 05 дугаар сард хоёр ихэр гэдгийг надад хэлсэн. Би итгээгүй. Над руу фэйсбүүкийн чатаар жирэмсэн болсон тухай эхоны зураг, шинжилгээний хариу явуулаад чи үгүй гэж байвал би үхнэ гэж хэлдэг байсан. Тэгээд би хүлээн зөвшөөрч, үнэн гэдэгт нь итгэж өөрт байгаа бүхнээ зориулсан. Өөрийнх нь аав, ээж юу хийдэг тухайгаа бага зэрэг ярьж байсан. Нэг эрэгтэй дүүтэй гэж хэлж байсан. ...Д.Агийн хувьд ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй, 492.1.2 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй. Учир нь Д.А нь Ч.Иийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй. Мөн хайр дурлал, хамтран амьдарсан тохиолдол байхгүй. Хариуцагч Ч.И нь хариу тайлбар дээрээ хамтран амьдарч байсан талаар бичсэн байдаг боловч энэ нь гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг. Д.А өөрөө ч гэсэн энэ талаараа тайлбарладаг. Мөн хамт ажиллаж байсан хоёр гэрчийг асуухад үгүйсгэгддэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч болон өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулаад нэмэлт тайлбар хэлэхэд Д.А нь картгүй байсан учраас миний дансанд мөнгө хийгээд авдаг байсан гэж байна. Энэ бол үндэслэлгүй. Ямар ч байгууллага цахимд ороод цалингаа бэлнээр өгөхөө больчихсон үе. Тэгээд данс нээлээ банкнаас карт автоматаар ирдэг болсон. Хувь хүнээрээ карт захиалахаа болиод байгууллагаас бүртгүүлээд авдаг болсон. Д.А нь зэвсэгт хүчинд ажилдаг тул картгүй байх боломжгүй. Тиймээс энэ бол үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгийг Ч.И нь хууран мэхэлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Д.Аг картгүй байсан гэж үзэж байгаа бол картгүй байсныг нь нотлох үүрэгтэй. Хаан банкнаас нотлох баримтаар гаргаж авах боломжтой. Ямар дансандаа хэзээ карт авсан гэх зэрэг нь тодорхой байдаг. Тэгэхээр энэ бүхэн үгүйсгэгдэж байна. Мөн Энхбаатарын хүүхэд биш байхад гэрчүүд мөн гэж мэдүүлсэн гэж хэлж байна. Гэрчүүд хэний хүүхэд гэдгийг нь мэдэхгүй. Энхбаатартай хамтран амьдардгийг мэддэг учраас охин нь байхаа л гэж бодсон байх. Бусдаар бол гэр бүлийн дотоод асуудлыг мэдэх боломжгүй. Гэрчүүд харсан, үзсэнээ л үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Харин гүйлгээний утгууд нь ахуйн болон бэлэглэлийн шинжтэй байна гэж үзээд байх шиг байна. Тэгэхээр энэ бүхэн дээр Д.Аг Ч.И нь хууран мэхэлж мөнгө авч байсан. Хамт амьдарч байсан гэдгийг яаж нотлох юм бэ? Энэ асуудлаар шүүхэд хандаад жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд Ч.Иийн зүгээс ямар ч нотлох баримтыг гаргаж өгдөггүй. Өмнө нь өөр өмгөөлөгчтэй байсан юм бол уу. Над руу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байна гэж нэг хүн ярьдаг байсан. Шүүхэд хариу тайлбар бичиж өгөх гэж байна гээд явсаар байсан. Харин шүүхээс Ч.Ид нэлээн итгэл хүлээлгэсэн. Нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш шүүхийн заасан хугацаанд хариу тайлбарыг гаргаж өгөх ёстой байтал хариуцагч хариу тайлбараа гаргаж өгөөгүй. Би ч шүүхэд шаардлага тавьж байсан. Хариуцагч хариу тайлбараа өгөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм шүү гэхэд нэг хүн ярьсан юм аа гэж явсаар байгаад Ч.Иээс хариу тайлбар ирсэн байдаг. Мөн гүйлгээний утга дээрээ 247 болон хайртай чамдаа гэх мэтээр явуулсан нь үнэхээр чамдаа хайртай юм шүү, чамаас хоёр хүүхэдтэй болсон шүү гэдгийг Энх-Амгаланд итгүүлсэн үнэмшүүлсэн байсан. Гэтэл үнэхээр хайртай гээд байсан хүн яагаад хоёр ихэр хүүхдийг нь үр хөндүүлж байгаа юм. Энэ хэрэгт үр хөндүүлсэн гэх баримт авагдаагүй. 18 000 000 төгрөгийг тодорхой дурдсангүй гэсэн нь нотлох баримт шинжлэн судлахад гараад ирэх байх. Учир нь би жирэмсэн, өвдөөд байна гэх мэтээр мөнгө нэхэж авсан нь дансны хуулгаар харагдаж байгаа. Тэр бүхнийг нэмэхэд 18 450 000 төгрөг болж байгаа.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс 18 000 000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрнө. Шүүхэд зөвшөөрч байна гэж бичээд өгье. Хариуцагчтай шүүх дээр уулзаад байж байна. Хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга гэж хэлсэн учраас би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй шүүх хуралдаанд орсон. Хэрвээ тэгж яриагүй бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд улсын тэмдэгтийн хураамж төлөөд орж ирэх боломжтой байсан. Тиймээс 18 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Үнэхээр хайртай дуртай байж байгаад үр хөндүүлснээс болж салсан гэх зүйл байхгүй. Энэ хүн удаа дараа худлаа ярьж миний мөнгийг авч намайг орох оронгүй болгож хохироосон. Хэрэгт авагдсан нэхэмжлэл болон нотлох баримтыг үндэслээд илт хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Рэнхүү овгийн Ч.И би нэхэмжлэгч Д.Агийн шүүхэд гаргасан 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Би Дорноговь аймгийн Зүүнбаян 1-р багт орших Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн холбооны албанд холбоочноор ажилд орсон. Намайг очих үед Д.А нь тус ангид ротын захирагч албан тушаалтай ажиллаж байсан. Улмаар бид 2017 оны 02 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Зүүнбаянд 2018 оны 10 сар хүртэл хамтран амьдарсан ба 2017 оны 03 дугаар сард жирэмсэлсэн. Би Д.Агаас нэхэмжлэлд дурдсанчлан мөнгө зээлж байсан удаагүй. Хамтран амьдарч цаашид гэр бүл болох гэж байсан учраас гэрийн... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Энх-Амгалантай 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэл хамтран амьдарч байсан. Тэр хугацаанд бид хоёр мөнгийг нэг нэгийнхээ данс руу хийж хувийн эд зүйл болон хувцас, хоол хүнс гэх мэт бүх л зүйлдээ зориулж байсан. Би Д.А руу чатаар хагарсан шилний зураг явуулж байгаагүй. Мөн Солонгост ээж байдаг гэж хэлээд 4 000 000 төгрөгийг би аваагүй. 07 дугаар сард бид хоёр хамт хотод орсон. 2017 оны 07 дугаар сараас эхлээд миний картыг Д.А ашиглаж эхэлсэн. Өөрийнх нь картын хугацаа дууссан. Картгүй болсон гээд хэрэглэж байсан. Тэгэхдээ миний данс руу 4 000 000 төгрөгийг хийгээд 2 000 000 төгрөгөөр нь Мөнгөнзавъяагаас надад ээмэг бөгжний хослол авч өгсөн. Тэгээд тэр өдрөө Зүүнбаян руу буюу ажил руугаа явсан. Одоо бид хоёр харилцаагүй болсон ч гэсэн би аав, ээжийг нь мэдэх болохоор энэ хүний нэхэмжлээд байгаа 18 000 000 төгрөгийн 11 500 000 төгрөгийг өгч тэр хүнийг хохиролгүй болгож өгье гэж бодож байна. Миний дансны хуулганаас задалж үзэх юм бол надад ийм мөнгө хэрэгтэй байна, ингэмээр байна надад зээлээч гэж огт хэлж байгаагүй. Харин найз залуугийнхаа хандлагаар тэгье, ингэе гэх мэтээр манай дүү дадлагаа хийж байгаа хайраа түрээснийх нь мөнгийг явуулчихъя гэж ярилцаад л явуулж байсан. Харин Жижи эгчтэй холбогдолтой 2 000 000 төгрөг гэж яриад байгаа нь би Цэцэгсүрэн, Жижи эгч хоёртой явж байсан үнэн. Тэгээд явж байхдаа хувцас авах гэж байгаагаа хэлээд л мөнгө авч байсан болохоос би худлаа хэлж мөнгө авч байгаагүй. Би нэг охинтой. 2011 оны 05 дугаар сард төрж байсан. 9 настай охинтой. Дөнгөж арван жилээ төгсөөд төрж байсан болохоор аав Чулуундоржоор овоглож байгаад охиноо сургуульд орохоос нь өмнө өөрөөрөө овоглосон. Миний охин бол Энхбаатарын охин биш. Энхбаатартай 2018 оны 07 дугаар сараас эхлээд хамт амьдарсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.
Тухайн үед намайг жирэмсэн болсон гэхэд итгэхгүй байсан. Тэгэхээр нь би эход үзүүлээд зургийг нь аваад чатаар явуулсан. Тухайн үед өөрөө үүрэг хариуцлага хүлээхгүй байсан. Тэгснээ би чамд хайргүй, сэтгэлгүй гээд шилжээд явсан. Би шилжиж явсных нь дараа тэр анги болон гэрт нь очиж байсан. Тэгээд би хүүхдээ авхуулахад 5 сартай хоёр ихэр хүүхэд байсан. Хүүхэд төрөхөд маш их эрсдэлтэй байсан. Би энэ их эрсдэлийг үүрч чадахгүй учраас надад нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа. Тэгээд би шүүх дээр ийм асуудалтай байна гэсэн албан бичгийг хийж өгсөн байгаа. Харин эмнэлгээс болно гэвэл би дахиж очиж уулзаад нотлох баримт авна. Тухайн үед тэр хүмүүс надаас мөнгө аваад л хийсэн. Тэгээд дараа нь гарах тэр их эрсдэлд үүрэг хүлээхгүй гэдэг утгаараа л надад нотлох баримт гаргаж өгдөггүй. Би Энх-Амгалангийн аав, ээжийг л бодоод нэхэмжлээд байгаа 18 000 000 төгрөгөөс 11 500 000 төгрөгийг нь өгье гэж бодсон. Би энэ мөнгийг огт мэдэхгүй, танихгүй хүнээс зээлж аваагүй. Хайраа ингэх гэсэн юм аа гэх мэтээр ярилцаж байгаад л авсан. Намайг үнэхээр худлаа хэлж байна гэж үзэж байгаа бол юугаар нотлох юм бэ гэж асуумаар байна. Би бол дандаа амаар хайраа тэгье, ингэх гэсэн юм аа л гэж мөнгө авч байсан болохоос надад худлаа хэлж авч байсан зүйл байхгүй. Манай ээжтэй уулзсан гэдэг талаар би мэдээгүй юм байна. Манайхыг буудал ажиллуулдаг байсан гэж бичсэн байдаг. Манайх буудал ажиллуулж байгаагүй. Манай ээж буудалд ажилладаг байсан гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Ч.Ид холбогдуулан 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.И нэхэмжлэлийн шаардлагаас 11 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ч.И нар нь 2017 онд Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний дугаар ангид хамт ажилладаг байсан, улмаар дотно харилцаатай болсон гэх ба талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.Итэй дотно харилцаатай болсны дараагаар жирэмсэн болсон гэж надад итгүүлэн хууран мэхэлж 2017 оны 05 сараас 2017 оны 11 сарын хооронд нийт 52 удаагийн гүйлгээгээр авсан 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэж, хариуцагч нь татгалзлаа “...Д.А бид хоёр хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдарч байсан, улмаар би жирэмсэлсэн боловч хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй тул 5 сартай үр хөндүүлсэн” гэж тус тус тайлбарладаг. Түүнчлэн хариуцагч Ч.И нь нэхэмжилсэн мөнгөнөөс хамгийн анх буюу 2017 оны 05 сарын 13-ны өдөр авсан 5 000 000 төгрөг, 2017 оны 06 сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөгөөр 2 удаа авсан нийт 4 000 000 төгрөг, 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 500 000 төгрөг, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 2 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө, бусад бага багаар хийсэн мөнгийг хамт амьдарч байхдаа хэрэглээндээ зарцуулсан, зарим нь миний дансанд ороогүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Д.Агийн харилцах данснаас хариуцагч Ч.Иийн 5070156186, 5365136269 тоот дансанд нийт 52 удаагийн гүйлгээгээр 18 193 700 төгрөг шилжүүлсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хууль болон гэрээнд зааснаар үүсэх ба Д.А, Ч.И нарын хооронд гэрээ, хэлцэл хийгдсэн буюу шаардаж буй мөнгөн төлбөртэй холбоотой харилцан тохиролцсон гэх зүйл байхгүй учраас гэрээний үндсэн дээр үүрэг үүсэхгүй.
Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал бэлэглэлийн гэрээнд үндэслэсэн учраас талуудын хүсэл зоригийг харгалзан дараах байдлаар дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.
Бэлэглэлийн гэрээний гол нөхцөл бол хариу төлбөргүйгээр хөрөнгө шилжүүлэх ба талуудын хүсэл зориг бол ердийн бэлэг бус, харин дотно харилцаатай байсантай холбоотой байна. Иймд үүнийг бэлэглэлийн гэрээний шинжийг бүрэн агуулсан гэж үзэхгүй учраас талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний бус үүргийн хүрээнд буюу хуульд зааснаар үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3. дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Энх Амгалан нь хариуцагч Ч.Иээс 18 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зүйл заалтууд нь нэг талаас тухайн хөрөнгө шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцаан шаардах, нөгөө талаас буюу энэхүү маргааны тухайд эрх бүхий этгээдийн ухамсартай шилжүүлгийн үндсэн дээр бусад хэлбэрээр үндэслэлгүй хөрөнгөжих тохиолдол байна.
Аливаа этгээд нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр бусдын зардлаар хөрөнгөжсөн бол буцаан төлөх ёстой ба нэхэмжлэгч нь хариуцагчид хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэж байсан зорилго биелээгүй шинжтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2 дахь хэсэгт шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй ба талуудыг хамтын амьдралтай байсан гэх бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь үгүйсгэгддэг.
Түүнчлэн хариуцагч Ч.И нь тус шүүхэд 2020 оны 02 сарын 12-ны өдөр гаргасан тайлбартаа “...Улмаар бид 2017 оны 02 сараас эхлэн Зүүнбаянд 2018 оны 10 сар хүртэл хамтран амьдарсан ба 2017 оны 03 сард жирэмсэлсэн...” гэж, шүүх хуралдаанд “...Би Д.Атай 2017 оны 05 сараас 2017 оны 10 сар хүртэл хамтран амьдарч байсан, 2017 оны 10 сард тэр шилжиж явсан”, “...н.Энхбаатартай 2018 оны 07 сараас эхлэн хамт амьдарсан”, “...Би 2017 оны 06 сарын 01-ний өдөр Зүүнбаянд нярваар ажилд орж байсан” гэх мэтээр зөрүүтэй тайлбар гаргадаг.
Мөн маргаан бүхий 4 000 000 төгрөгийн тухайд “...07 сард бид хоёр хамт хотод хоносон, ...тэгэхдээ миний данс руу 4 000 000 төгрөг хийгээд 2 000 000 төгрөгөөр нь Мөнгөн завьяагаас надад ээмэг бөгжний хослол авч өгсөн” гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаар 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг гүйлгээ хийгдсэн зэргээс үзэхэд цаг хугацааны хувьд зөрүүтэй нь эргэлзээ төрүүлэхүйц байхаас гадна хариуцагч талыг татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Агийн хариуцагч Ч.Иээс 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Ч.И нь 2020 оны 10 сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч талаас 2020 оны 10 сарын 21-ний өдөр шинээр 26 хуудас нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан “...хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” зэрэг хэргийн оролцогчийн эрхээр нь хангасан болохыг тэмдэглэвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.И-ээс 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.И-ээс улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН