| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/0153/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
2024 02 20 2024/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл-6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт, .............тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
........ овогт Т.Б РД:******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хохирогч М.Б-тай найз нөхдийн харилцаа холбоотой байхдаа олж мэдсэн арилжааны банк дахь данс руу нэвтрэх нууц үгийг ашиглан, “ХАС” банкны ****** дугаар тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 2,970,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь хуудас/,
- Хохирогч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 онд “ХАС” банкнаас ******* тоот хугацаатай хадгаламжийн данс нээсэн. Тухайн дансыг барьцаалж зээл авах боломжтой бөгөөд данс барьцаалж зээл авснаар авсан зээл нь тухайн данс руу биш өөр данс руу шилжин ордог. Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар би өөрөө 1,565,000 төгрөгийн зээлийг тухайн дансаа барьцаалж “ХАС” банкны ****** тоот өөрийнхөө данс руу авсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би 1,565,000 төгрөгийн зээлээ зээлийн үлдэгдэлтэй болсон байсан бөгөөд энэхүү зээлээс би 4,288,000 төгрөгийн зээлийг огт аваагүй тул дансаа шүүж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 23 минутад зээл авагдсан байсан боловч ямар данс руу орсон аппликейшн дээр гарч ирэхгүй байгаа. Тухайн зээлийг би аваагүй. Би өөр хүнд өгөөгүй, яаж зээл авсныг нь мэдэхгүй байна. ...Би гүйлгээгээ дахин тулгаж үзэхэд Б гэх хүн нь миний “ХАС” банкны ******* тоот данснаас надад мэдэгдэлгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 970,000 төгрөгийн зээл авсныхаа дараа Б өөрийн “ХААН” банкны ******* тоот данс руу шилжүүлэн авсан байсан тул би тэр өдрөө мэдээд гэр бүлийнхэн болон Баас энэ зээлийн талаар асуухад “надад мэдэхгүй” гэж хэлсэн мөртлөө цагдаагийн байгууллага дээр ирээд мэдүүлэг өгөөд гарч явсны дараа надад Б “би тухайн зээлүүдийг аваад ашиглачихсан” гэж надад хэлсэн. Би Б гэдэг хүнтэй өмнө нь үерхэж байсан болохоос миний ямар нэгэн зээлийн хадгаламжийг ашиглаж зээл авахыг зөвшөөрөөгүй байтал миний интернэт банк руу орохыг маань хараад нэвтрэх нэр, нууц үгийг минь мэдээд зээл аваад өөрөө ашиглачихсан байсан тул би гомдолтой байна. Дээрх хоёр гүйлгээ нь 2,970,000 төгрөгөөс надад буцааж өгсөн зүйл огт байхгүй, тухайн гүйлгээнүүд нь зээлээр авагдсан тул хүү нь бодогдож байгаа. Одоогийн байдлаар 11,320,000 төгрөгийн хүү бодогдсон байгаа. Тухайн хугацаатай хадгаламжийн хүү нь жилээр бодогддог бөгөөд 17.4% хүүгээр бодогдож тооцдог. Би тухайн гүйлгээнүүдийг харуулсан хоёр хуудас цаас болон “Хас” банкнаас гүйлгээний хуулга харуулсан 1 хуудас цаасыг гаргаж өгье” гэв. /хх-ийн 8, 16 дахь хуудас/,
- Яллагдагч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....”ХАС” банкны ******* тоот дансыг мэднэ. Манай найз охин Б-ын нэр дээр байдаг хугацаатай хадгаламжийн данс байгаа юм. Тухайн дансыг барьцаалж зээл авах боломжтой. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш би дансны эзэмшигч Б-д мэдэгдэхгүй дээрх дансыг барьцаалж зээл авч өөрийн ******* тоот “ХААН” банкны данс руу мөнгө авч байсан бөгөөд эхний хэдэн гүйлгээг би буцаагаад данс руу нь хийчихсэн харин 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдөр би Б-ын интернэт банк руу нэвтэрч 2,000,000 төгрөг, 970,000 төгрөгийн зээл авч өөрийн дээрх данс руу шилжүүлж авсан боловч одоог болтол буцааж төлөөгүй байгаа. Дээрх зээлүүдийг авахдаа би Б-д мэдэгдэлгүйгээр авсан. Би өмнө хийж байхад нь нэвтрэх нэр, нууц үгийг нь харчихсан, надад зээл авах ямар ч зөвшөөрөл өгөөгүй. Би олсон мөнгөөрөө 1xbet тоглосон. Өөр нэмж хэлэх юм байхгүй, би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх хуудас/,
- “ХАС” банк дахь М.Б-ын эзэмшлийн ******** дугаартай дансны хуулга,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх хуудас/,
- Хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 31-32 дахь хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 42 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 43-44 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын шатанд хэргийн материалтай танилцсан. Т.Б болон өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн нөхцөл байдлын хувьд өөрийн найзын данснаас мөнгө авсан асуудал байдаг. Үүнтэй холбогдон гарсан хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруу дээрээ маргаангүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч М.Б нь 2,970,000 төгрөгөө буцаан авсан байх ба түүнд хурлын тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн ажил сургууль, гэр өөрчлөгдөхөд холбогдох байгууллагад мэдэгдэх чиг үүрэг хүлээлгэх улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв.
Иймд шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.Б-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Т.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.Б-ыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ