| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн А овогт О-гийн Б-д холбогдох эрүүгийн 2435000000010 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................... Увс аймгийн ................ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, зээ дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын ............................ багийн .............................. оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, А овогт О-гийн Б-, (Регистрийн дугаар: .................................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн ................ сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Ё-гийн баруун талын шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиж, уг баарны гадна талд Д.Ё-гийн нүүр хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн ................ сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Ё-гийн баруун талын шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиж, уг баарны гадна талд Д.Ё-гийн нүүр хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал);
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал);
4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал);
5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай “...Д.Ё-гийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлний баруун хэсэг, зүүн чамархай, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлний баруун хэсэг, зүүн чамархай, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлний баруун хэсэг, зүүн чамархай, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал);
6. Хохирогч Д.Ё-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... би бие засчхаад залуучууд дундуур явж гарах гэхэд нэг залуу нь ямар ч шалтгаангүй миний баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохиж бид хоёр барьцалдсан бөгөөд бие засах газарт орж ирсэн танихгүй залуучууд бид хоёрыг салгаж би бүжгийн талбай руу явсан. Намайг бүжгийн талбай дээр ирсний дараа бие засах газар дотор маргалдсан залуу хажуудаа найзтайгаа ирж дахин надтай маргаан үүсгэсэн бөгөөд ............. баарнаас гараад ир гэж хэлээд дагуулж ертөнцийн зүгээр ............. баарны ар талд том биетэй залуу миний нүүр хэсэгт гараараа 2 удаа хүчтэй цохисон, би яаж байна гэж хэлээд уг залуутай барьцалдахад намайг хавирч газар унагаасан. Түүний дараа бие засах газарт маргалдсан залуу миний нүүр хэсэгт өшиглөж миний хамрыг гэмтээсэн. ..Миний хоёр нүд болон шанаа хавдаж хөхөрсөн, хамрын яс хугарсан, толгой хавдсан гэх гэмтлүүд учирсан. Бие засах газарт О.Б- намайг эхэлж цохих үедээ миний баруун шанаа хэсэгт цохисон. Түүний дараа ............. баарны гадна талд Г- намайг газарт унагаачихсан байх үед миний хамар руу өшиглөж, хамар хугалсан...миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй учир сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...О.Б- надаас уучлалт гуйж надад 300.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Би адилхан эр хүмүүс ийм зүйл байлгүй яахав гэж бодоод О.Б-ыг уучилсан, надад одоо ямар нэгэн хохирол болон хор уршиг гомдол, санал нэхэмжлэх зүйл юу ч байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-33 дахь тал);
7. Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... найз Д.Ё- хүнд цохиулчихсан нүүр нь цус болчихсон гарч ирсэн бөгөөд түүний араас 2 залуу ирж бүжгийн талбай дээр чамайг ална гэж маргалдаж байгаад Д.Ё-г дагуулаад гадагшаа гарсан. ................ баарнаас намайг гарч ирэхэд О.Б- гэх залуу нь Д.Ё-гийн дээрээс дэвсэж байгаа харагдсан бөгөөд би тухайн хүмүүсээс Ё-г салгаж авсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал);
8. Гэрч Х.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Тухайн үед би Ё- гэх залууг хавсарч унагаагаад шанаа хэсэгт нэг удаа цохисон. Өөрөөр би ямар нэгэн байдлаар тухайн хүний биед халдаагүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал);
9. Шинжээч Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Үзүүлэгч Д.Ё-гийн хамар ясны хугарлаас үүдэлтэйгээр зүүн нүдний салстад цус харвалт үүссэн. Яагаад гэвэл зүүн нүдний цус харвалт нүдний дотор салстад учирсан байх бөгөөд тус цус харвалт хамар ясны хугарлаас үүдэлтэй. Тиймээс хамар ясны хугарал болон зүүн нүдний салстын цус харвалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал);
10. Шүүгдэгч О.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ё-гийн эрүүл мэндэд “Хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлний баруун хэсэг, зүүн чамархай, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос О.Б-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
12. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч О.Б-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
13. Шүүгдэгч О.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ё-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Д.Ё- нь мөрдөн байцаалтын шатанд “...хохиролд 300.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан тул гомдол байхгүй болно” гэх мэдүүлэг гаргасан, шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 300.000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус нотлогдож байна. (Хавтаст хэргийн 33, 133 дахь тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 83, 86-90 дэх тал);
3. Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч О.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч О.Б-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч О.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ац овогт О-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч О.Б- нь гэмт хэргийн хор уршигт 300.000 (гурван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.
5. Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА