Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 926

 

Магадлал

 

 

 

 

 

 

 

2018.04.16                                                     Дугаар 926                                 Улаанбаатар хот

М ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00516 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ж-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 127 261 120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М ХЗХ-ны гишүүн Ц.Ж тус хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.69 хувийн хүүтэй авсан. Энэ хугацаанд хүүнд 5 264 400 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Иймд зээл 40 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 72 717 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 543 520 төгрөг, нийт 127 261 120 төгрөгийг Ц.Ж-гаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлд дурдсанаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3.69 хувийн хүүтэй гэрээ хийсэн нь үнэн боловч мөнгийг би өөрөө аваагүй. Мөнгийг манай бэр эгч Я.С авч бүх мөнгийг авч бизнест зарцуулсныг нэхэмжлэгч тал сайн мэдэж байгаа. Гэрээг би зөвхөн 2012 онд 1 жилийн хугацаатай хийсэн ба энэ хооронд нэхэмжлэгч тал надтай биш манай бэр эгчтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр хугацаа сунгаж өдий хүрсэн. Би өөрийн настай ээж, охины хамт амьдардаг ба бусдын буруугаас болж байраа алдахыг хүсэхгүй байгаа тул хариуцагчийг Я.С-гаар сольж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүилийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Ж-гаас 125 184 882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2 076 240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ж нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205014367 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж-гаас 783 874 төгрөгийг гаргуулан М ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шанты шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэргийн шүүх хуралтай давхацаж байсан тул шүүх хурлын тов, мэдэгдэх хуудас болон хурлын зарыг хавсарган өгсөн. Гэтэл шүүх хуралдааныг хийсэн байна. Иймд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2018/02436 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Ц.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 127 261 120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нь 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3.69 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах байтал хугацаандаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлнө гэсний дагуу нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас шаардаж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205014367 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаар тогтоогдож байна./хх4-9/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...надтай гэрээ хийсэн нь үнэн боловч, бэр эгч болох Я.С мөнгийг авч бизнестээ ашигласан, төлбөрийг төлөх боломжгүй байгаа гэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь “гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Ц.Ж-гаас 125 184 880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгджээ. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан       /хх-108-111/ ба шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж уг хүсэлтэд дурдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тов гарахаас өмнө мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “шүүх хурал явуулж, эрхийг зөрчсөн” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205014367 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 794 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ