Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар  001/ХТ2022/01120

 

 

                                 П.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

                                  хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02191 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2103 дугаар магадлалтай,

П.Т-ын нэхэмжлэлтэй,

Ж.А-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т-, түүний өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Т- нь хариуцагч Ж.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02191 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар П.Т-ын Ж.А-гаас гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2103 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А-гаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Т-од олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, 457,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2103 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулж үзээгүй, мөн тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлээгүйгээс гадна хууль буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүх магадлалдаа “... П.Т, Ж.А нар 2017.10.23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ... болох нь худалдах-худалдан авах гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон” гэсэн боловч хариуцагч Ж.А нь худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Т-ын өмчлөлд шилжүүлэхдээ уг эд хөрөнгийг түүнд худалдаагүй юм, түүнийг худалдах гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл ч Ж.А-д байгаагүй. Энэ нь хэргийн баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх тэдгээр нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэх үндэслэл болсон. Ж.А  нь хариу тайлбартаа “... Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хаана байдаг талаар би мэдэхгүй, хараагүй, нэхэмжлэгч П.Т гэдэг залууг ч өмнө нь огт харж байгаагүй. Ж.А-надаас зээл авахдаа зээлийн барьцаа болгон худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий эд хөрөнгийг над руу шилжүүлсэн, дараа нь Ж.А уг үл хөдлөхийг П.Т-ын нэр дээр шилжүүлээрэй гэж гуйхаар нь шилжүүлсэн ба маргааш нь Ж.А надад зээлээ төлж дуусгасан” гэсэн байдаг.

4.2. Гэрч Ж.Анхтуяагийн шүүх хуралдаанд өгсөн “... П.Т- надад 60,000,000 төгрөг зээлүүлэхийн тулд 46а байрны зоорийн хэсгийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг, мөн Ж.Анхтуяагийн “Миний бие Ж.А-нь 2017.08.25-ны өдөр өөрийн нэр дээр эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 4-р хороо, 46а байр, зоорийн хэсгийн 214 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.А-гийн нэр дээр шилжүүлж зээл авсан нь үнэн. Ж.А-гаас зээлсэн мөнгөө төлөхийн тулд 2017.10.23-ны өдөр Ж.А-гаас гуйж, П.Т-ын нэр дээр шилжүүлсэн ... болно. Уг байр нь Ж.А-тай ямар ч хамааралгүй, зөвхөн зээл авахын тулд нэр дээр нь шилжигдсэн болно.” гэх нотариатчаар гэрчлүүлсэн тайлбар, дансны хуулгууд, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээрх баримтуудаас харахад хариуцагч Ж.А нь маргаан бүхий эд хөрөнгийг хаана байдаг талаар мэдэхгүй, түүнийг үзэж хараагүй, мөн уг эд хөрөнгийг худалдах талаар нэхэмжлэгч П.Т-од хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсон зүйл огт байхгүй болох нь нотлогддог. Үүний зэрэгцээ Ж.А-нь Ж.А-гаас зээл авахдаа зээлийн барьцаа болгон худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.А- руу шилжүүлсэн, дараа нь нотариатчаар гэрчлүүлсэн тайлбар өгч, Ж.А-гаас гуйж тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч П.Т-ын нэр дээр шилжүүлсэн, улмаар маргааш нь буюу 2017.10.24-ний өдөр Ж.А-Ж.А-д зээлээ бүрэн төлж дуусгасан зэрэг нь дээрх баримтуудаар тогтоогддог. Энэ бүх баримтуудаас үзэхэд Ж.А- нь П.Т-той худалдах-худалдан авах гэрээ бодитоор байгуулсан гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Магадлалын дээрх хэсгийн заалтыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь хариуцагч Ж.А- нь нэхэмжлэгч П.Т-од маргаан бүхий эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон зүйл огт байхгүй. Мөн Ж.А уг эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдаагүй, худалдах гэсэн хүсэл зориг түүнд огт байгаагүй болох нь хэрэгт дурдсан баримтуудаар нотлогддог. Гэрч Ж.Анхтуяагийн шүүх хуралд өгсөн “... Би П.Т-оос 60,000,000 төгрөг дансаар авсан. Гэрээнд миний дансаар мөнгө авна гэж тохирсон нь угаасаа би П.Т-оос мөнгө зээлж байгаа болохоор өөрийнхөө данс руу мөнгийг шилжүүлсэн юм.” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч П.Т худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Ж.А-д 60,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдсон. Гэтэл шүүх “... үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон агуулгатай байна.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүх ингэж дүгнэх болсон үндэслэлээ болон гэрч Ж.А-гийн мэдүүлгийг няцаасан үндэслэлээ магадлалдаа тодорхой зааж тусгаагүй нь магадлалыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

4.3. Шүүх магадлалдаа “... Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх боломжтой бөгөөд гэрээний 2.2-т “5099004141 тоот дансанд худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөхөөр заасан бөгөөд 60,000,000 төгрөгийг уг дансанд шилжүүлсэн байх тул хариуцагчийн өмнө үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.” гэснийг хуульд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт гэж үзэхгүй. Учир нь Ж.А нь Ж.А-г гуйсны дагуу худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч П.Т-той хийсэн бөгөөд төлбөрийг Ж.А-гийн данс руу шилжүүлсэн, үүсэх үр дагаврыг Ж.А нь хариуцах үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч П.Т-оос хариуцагч Ж.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 60,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна. 

7. Нэхэмжлэгчээс “... 2017.10.23-ны өдөр Ж.Анхтуяа, Ж.А нартай уулзаж, худалдах-худалдан авах гэрээ байгуулаад үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээний 2.1-д заасан данс руу шилжүүлсэн. Ж.А улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа түлхүүрээ өгнө гэсэн боловч өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Ж.А чиний 60,000,000 төгрөгийг өгье, гэхдээ энэ хөрөнгийг зараад өгье гэсэн... гэвч буцаан өгөөгүй, Ж.А-д холбогдуулан Баянзүрх дүүргийн шүүхэд байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахад Ж.А “миний өмчлөлөөс П.Т руу шилжсэн нь үнэн, энэ хөрөнгөд миний нэг ч хөрөнгө байхгүй тул чөлөөлөх үндэсгүй” гэсэн. Шүүх Ж.А-гийн эзэмшилд байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд гэрээнээс татгалзаж, Ж.А-гаас 60,000,000 төгрөгөө авах хүсэлтэй...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжлэл гаргасан П.Т- гэх залууг би өмнө харж байгаагүй. Ж.А-надаас мөнгө зээлж зээлийн барьцаанд миний нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж зээл авсан. Зээлээ буцааж төлж тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ надаас буцааж нэхэмжлэгч П.Т-ын нэр рүү шилжүүлж авсан. Өнөөдрийн байдлаар Ж.А-надад ямар нэгэн өр төлбөргүй болно, уг нэхэмжлэл надад хамааралгүй, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... 2017.10.23-ны өдөр талуудын хооронд  хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 төгрөг гэж үнэ тохирсон байгаа нь 60,000,000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлгүй, энэ гэрээнд, төлбөр төлөх нөхцөлийг, “ХААН банк” ХХК-ийн Ж.Анхтуяагийн эзэмшдэг дансаар шилжүүлэхийг бичсэн үндэслэл тодорхойгүй, гэрээнд шалтгааныг дурдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан хөрөнгийн үнэ 25,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч Ж.А-д хөрөнгөө үнэ тохирч худалдах, худалдан авагч П.Т- тохирсон үнийг худалдагчид төлөх хүсэл зориг бодитоор илэрхийлэгдээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэлцэл бодитоор хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй,  мөн нэхэмжилж байгаа 60,000,000 төгрөг нь гэрээний үнэ болохгүй, гэрээний үүрэг биш байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй ...” гэсэн дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

9. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Талууд 2017.10.23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр, зоорийн хэсэгт байрлах 214 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримтаас үзэхэд 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх боломжтой бөгөөд гэрээний 2.2-т 5099004141 тоот дансанд худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөхөөр заасан байх бөгөөд нэхэмжлэгч уг дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагчийн өмнө үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдолгүйгээр П.Т-од шилжүүлэх үүргээ зөрчсөн тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хангасан байна.

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг гэрээнд заасан дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн байхад хариуцагч тухайн хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

11. Гэтэл анхан шатны шүүх “талууд гэрээний үнийн дүнг өөрөөр тохирсон, төлбөр шилжүүлэх данс нь хариуцагчийнх биш байгаа нь ойлгомжгүй, мөнгийг түүнд шилжүүлээгүй” гэх зэрэг үндэслэл заан хэрэгт авагдсан нотлох баримт болох хуулийн шаардлага хангасан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг үгүйсгэн зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

12. Иймд, “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, Ж.А-нэхэмжлэгчээс зээл авахын тулд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн нэрээс нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө нь анхнаасаа Ж.Анхтуяагийн хөрөнгө байсан, Ж.А-нь нэхэмжлэгчийн эсхүл Ж.А-гийн нэр дээр шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, тийм байтал Ж.А-нь нэхэмжлэгчээс зээл авахын тулд тухайн хөрөнгийг барьцаа болгож түүний нэр дээр шилжүүлсэн гэх тайлбар бүрэн нотлогдохгүй, харин нэхэмжлэгч өөрийн худалдан авсан хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүй байснаас хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байсан зэрэг үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг илүүтэй нотолж байна.

13. Нэгэнт нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй, гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн (гэрээний зүйлийн) бүртгэлийг хариуцагчийн нэр дээр буцаан шилжүүлэх талаар дүгнэлгүй орхигдуулсан нь буруу байна.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2103 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... олгосугай.” гэснийг “... олгож, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000710959 дугаар гэрчилгээтэй, П.... Т... /ЦГ8506........../-ын нэр дээрх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 46-а байр, зоорийн хэсэг тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2204016837 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч Ж.А-гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгасугай.” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 282,950 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 175,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД