Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0541

 

2019 оны 9 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0541

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: П.Д

Хаяг:

Хариуцагч: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 30 дугаар тогтоолыг хууль бус байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 дугаар тогтоол хууль ёсны байж чадаагүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг тогтоолын үндэслэлд Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татагдсан гэх үндэслэлийг удирдлага болгосон. Мөн дунд хэсэгт нь Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Тогтоох хэсэгт дурдсан гомдолтой холбоотой гарсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлиг гарч миний бүрэн эрх түдгэлзүүлсэн.

Энэ зарлигийн гол үндэслэл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэг байсан. Эх сурвалж нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 дугаар тогтоол гэж үзэж байна.

Хууль ёсны үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байдалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол өөрийн үйл ажиллагаанд нийцээгүй шийдвэр гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны явц болон бичлэгээс харахад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байх үед буюу Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Тухайн хэргийн холбогдолтой материалууд нь анхан шатны шүүхээр үнэлэгдэж, дүгнэгдээгүй, зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг үндэслэн дүгнэлт хийж, тэр бүх баримтыг Авлигатай тэмцэх газраас гаргуулж авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад н.Орхон гэж хүний гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгосон. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэргийг өнгөрсөн хугацаанд яллагдагчаар татагдсан тогтоол болон бүх шатны прокурорт гомдол гаргасан. Энэ байдлаар тайлбарлаж болохгүй, хүчин төгөлдөр болоогүй прокурорын тогтоолыг гол үндэслэлээ болгосон байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн яллагдагчаар татсан прокурорын дүгнэлтэд дээд шатны прокуроруудад нь гомдол гаргасан байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар 56 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд үүнийг тайлбарлахдаа ...тогтоолын биелэлт хангагдсан гэж үздэг гэж тайлбарласан. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан.

Шүүхийн ерөнхий зөвлөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ишлэл болгосон учраас тайлбарлаж байна. Өмнө нь өмгөөлөгч Ц.Д бид хоёрын гаргасан гомдол явсаар байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 56 дугаар тогтоолын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1984 дугаартай, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хариу мэдэгдэх хуудаст ...шүүгч гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай үндэслэлээр тогтоогдвол яллах дүгнэлт үйлдэхээс өмнө саналаа ирүүлнэ үү гэх утгатай байсан. Хэрэв 56 дугаар тогтоолоо үндэслэж байгаа бол энэ заалт хангагдах ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ...таны шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал яригдана гэж хэлсэн. Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна. Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ гэж заасан байна. Үүний дагуу асуудал яагаад шийдэгдээгүй талаар Нийслэлийн прокурор н.Мөнхцэцэгт гомдол гаргасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариу ирсэн.

Нийслэлийн прокурор н.Баярмагнайд мөн гомдол гаргасан. Үүний хариу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Сүүлд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Хариу ирүүлэхдээ 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлиг гарсан учраас танд хариу мэдэгдэх боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогч миний эрхийнхээ дагуу гаргаж байгаа асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөл хууль зүйн үндэслэлгүйгээр хөндлөнгөөс халдаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн бөгөөд нөхцөл байдлыг тогтоох захиргааны шийдвэр гаргахад бодитой нөлөөлсөн зүйлийг тодруулаагүй, нотлох баримт цуглуулах ажиллагаа нь хангалттай байсан гэж үзэхгүй байна. Төрийн захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг хангах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралд би өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Ингээд Н.Лүндэндорж дарга надад хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа ...асуудлыг шийдэх гэж байна гэж хэлсэн. Өмгөөлөгчтэй оролцсон шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзээгүй. Энэ цаанаа үр дагавартай байсан болов уу гэж бодож байна.

Бодит нөхцөл байдлыг тогтоох талаар бичгийн нотлох баримт хэрхэн бүрдсэн тухай асуудлыг тавихад уг асуудал хангалтай талаар баримт байхгүй. Миний дүү болох н.Нандинцэцэг гэж хүүхдийн мэдүүлгийг маш их эрхэмлэдэг. Мөн хууль бусаар утсаар асууж авсан процесс ажиллагааг туйлын аюултай зөрчсөн н.Халиуныг уг хуралдаанд оруулсан. Одоо хүртэл энэ нь шүүхээр үнэлэгдээгүй. Үүнтэй холбоотой Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн гэдэг асуудлаар би 3 жил гаруй гомдол гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр надад ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй. Би өөрөө араас нь гүйж байж түдгэлзүүлэх санал гэдэг бичгийг олж мэдсэн. Танилцуулга хийхээр тухайн өдөр ороход Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд н.Халиун гадаа нь ирсэн байсан. Тэгээд намайг ор гэхээр нь ороход С.Билгүүн н.Халиун нар хамт орсон. Ингээд Н.Лүндэндорж дарга ...чиний асуудлыг хэлэлцэх гэж байна. Чи гараад хүлээж бай... гээд өрөөнөөс гаргасан.

н.Отгонцэцэг гэж эмэгтэй надтай холбоотой асуудлыг танилцуулж байсныг би гараад сонссон. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоол гарах хэлэлцүүлэгт бүхэлд нь намайг оролцуулж байсан. Хуралдааны дэг гэдэг зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хурал дээр танилцуулаагүй. Хэсэгчлэн нээлттэй болон хаалттай оруулна гэвэл би ойлгох байсан. Өнгөрсөн хугацаанд нотлох баримтууд болох бичлэгийг үзэж чадахгүй байсаар өнөөдөр олж сонслоо. Шүүхийн журмаар гаргуулж авсан. Өмнө хэлэлцсэн асуудлыг хэлэлцсэн гэдгийг олж мэдлээ. н.Алтангэрэл прокурорын 1984 дүгээр тогтоолыг үл авч хэлэлцсэн. Гишүүд хоорондоо маргаантай асуудал байсан болов уу. Энэ мэтээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нотлох баримттай танилцаад тайлбар өгөх эрхтэй байна. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд би тайлбар гаргаагүй. Би хүсэлт гаргасан учраас хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэж найдсан.

Тийм ч учраас уг хүсэлтийг хэлэлцсэн болох нь бичлэгийн 70 орчим хувьд байгаа. Тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй олон минутын зүйлийг П.Д өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байна гэж дурдсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд өөртөө ашигтайгаар тэмдэглэлийг бичдэг юм байна. Ёс зүйн хороогоор жил гаруй явахад бас ийм байсан. Хамгийн сүүлийн баримт болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл болон бичлэг хоорондоо эрс зөрүүтэй байна. Би шийдвэр гаргаж байгаа хэсгийг заавал тусгахыг шаардахгүй ч миний асуудалд бодит нөхцөл байдалд тулгуурлан гаргах ёстой. Бичлэг дээр тухайн баримтууд хуурамч байна гэж хэлэхээр Н.Лүндэндорж дарга хэлсэн хүнийг нь /С.Билгүүн/ зэмлэдэг. Ийм асуудал хэлэлцэж байхад яагаад нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт оруулж ирж байгаа талаар хэлдэг.

Төслөө хэлэлцээд тогтоол гаргахдаа ...нэгэнт түдгэлзүүлсэн учраас прокуророос тогтоолыг нь өгнө гэж захиргааны байгууллага ярьсан байна. Шүүгч биднийг хамгаалах үүрэгтэй захиргааны байгууллагын бодит байдал ийм байна.

Маргаан бүхий тогтоол гарахдаа хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй. Нийслэлийн Прокурорын газраас санал ирүүлсэн гэх боловч ямар санал ирсэн тухай, үндэслэлийг дурдаагүй. Мөн миний тайлбарыг тусгаагүй. 2018 оны 56 дугаар тогтоолын хувьд маш том үндэслэл бичсэн байдаг. Надтай холбоотой гарсан шийдвэр шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гарсан анхны шийдвэр юм. Энэ тогтоолоор шүүгчийн хувь заяаг шийдвэрлэсэн эрхийн акт гарсан. Уг тогтоолын үндэслэл хангагдсан бол үүнийгээ тодорхой дурдах ёстой байсан. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй.

Тухайн бичлэгт миний хэлсэн 17 минутын тайлбарыг бүрэн бичээгүй. Миний хувьд бүх зүйлийг тодорхой ярьсан. Шийдвэр гаргах гэж их удсан. Гадаа хүлээж бай гээд хүлээлгэсэн. Хуралдаан дууссаны дараа надад нэг ч хүн хариу өгөөгүй. Би шийдвэрээ сонсмоор байна гэж хэлэхэд ...та эмнэлэг рүү явах ажилтай бол явж бай. Араас тань шийдвэрээ хэлье... гэсэн. Ингээд надад хариу өгөхгүй байсаар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр н.Өнөрбаяр гэж хүн надтай утсаар холбогдож, та тогтоолоо аваарай гэж хэлсэн. Хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад ...таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дэмжиж ерөнхийлөгчид явуулсан гэж хэлсэн. Би яаралтай авахад гомдол гаргах талаар дурдсан зүйлгүй тогтоол гарсан байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад удаа дараа гомдол гаргасан. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө эмнэлэгт хэвтэж байгаад ажил дээрээ очиход Тамгын газрын дарга надад бүрэн эрх түдгэлзүүлсэн тухай ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулсан.

Гэтэл би 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хүсэлт гаргаж байсан. Хамаг амьдралаа би шүүхийн байгууллагад зориулсан. Маш их харамсалтай байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоол хуульд нийцүүлж гараагүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д эрүүгийн хариуцлагад татагдсан гэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж, хэрэгжүүлсэн. Тус газар нь хууль хэрэглэх байгууллага биш, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Өмнөх 56 дугаар тогтоолд эрүүгийн хариуцлагад татагдсан гэдэг агуулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаа. Энэ нь онолын нэг мөр ойлголтгүй байна. Шүүхээс тодорхой тайлбар гараагүй бөгөөд маргаантай байна гэж дурддаг. Гэвч сүүлд 30 дугаар тогтоолд хуулийн дээр дурдсан заалтыг үндэслэдэг. Эрүүгийн хариуцлагад татагдсан гэдгийг яллагдагчаар татагдсан гэх агуулгатай адилтгаж хэрэглэсэн.

Гэтэл эрүүгийн хариуцлага гэдэг нь гэм буруутай нь тогтоогдсон хүн, хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх процесс юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгдсэн байдлаар ингэж ойлгодог. Яллагдагчаар татах тогтоолыг мөрдөн байцаах ажиллагааны явцад прокурор үйлддэг акт юм. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл ...Прокурорын тухай хуульд байгаа прокурорыг түдгэлзүүлэх үндэслэл болох яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарсан тохиолдолд түдгэлзүүлнэ гэдэгтэй адилтгаж авч хэрэглэнэ гэж дурдаад Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг дурдаад төсөөтэй хэрэглэсэн.

Захиргааны байгууллага хуулийг төсөөтэй хэрэглэж болох уу, Захиргааны харилцаанд хуулийг төсөөтэй хэрэглэж болох уу гэдгийг шүүх анхаарна уу. Миний үзэж буйгаар захиргааны байгууллага хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Захиргааны хэргийн шүүх ч захиргааны хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэдэггүй. Иргэний хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэнэ гэдэг зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагад татагдсан гэдэг ойлголтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой байсан гэхээр одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөл хариултаа олох бүрэн боломж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хариуцлагад татагдах, гэм буруутайд тооцох гэдгийг маш тодорхой зүйлчилж өгсөн.

Мөн прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17, 31 дүгээр зүйлийн 31.1-д маш тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах ажиллагааг хуульд заасны дагуу эхлүүлж байгаа ажиллагаа юм. Эрүүгийн хариуцлагад татагдсан гэх ойлголт нь хэзээ тогтоогдох вэ гэхээр мөн хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд уг асуудал шилжүүлж, шүүхээс шийдвэр гаргаж, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл уг үйлдэлд нь холбогдуулсан эрүүгийн хариуцлага ногдуулах асуудал гэж ойлгох нь зүйтэй. Гэхдээ үүнийгээ шууд шийдвэрлэх үү, эрүүгийн хариуцлага ногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэх үү гэдгийг ялгаж тусгасан байна.

Хуулиас харахаар эрүүгийн хариуцлагад татагдсан гэдэг ойлголт хэзээ тодорхой болох вэ гэхээр тухайн хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараад, ял шийтгэл ногдуулах бол эрүүгийн хариуцлагад татах үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд ойлгоно. Ингэснээр эрүүгийн хариуцлагад татагдана. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлж байгаа прокурорын тогтоолыг үндэслэн эрүүгийн хариуцлагад татагдсан гэж дурдсан. Яллагдагчаар татагдах гэдэг үгийн хариуг эрүүгийн хариуцлагад татах гэх үгтэй ойролцоо байна гэж ойлгоод хэрэгжүүлээд байсан юм биш биз дээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хэд хэдэн маргаантай байгаагийн хамгийн ноцтой нь хууль хэрэглээний асуудал юм.

Нэхэмжлэгч П.Д-гийн хувьд гэм буруугүй байгаа. Эрүүгийн хариуцлагад татагдсан зүйл байхгүй байхад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Прокурорын тухай хуулийн зүйл заалтыг төсөөтэй хэрэглэх үүднээс хуулийг буруу хэрэглэсэн. Процессын хувьд Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн хэд хэдэн ноцтой алдаа байна. Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг хэрэгжүүлэхдээ зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон үйл ажиллагаа явуулах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-т Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. гэж заасныг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заажээ.

Гэтэл Прокурорын байгууллага шүүхийн өмнө тухайн маргааны нэг талыг төлөөлж буюу төрийг төлөөлж, яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг субъект юм. Прокурорын тогтоолоор шүүгчийг уг хэргийг шийдэх эсэхийг шийдэж байгаа бөгөөд цаашлаад шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байна. Хэрэв ингэж хэрэглэх нь зөв гэх жишиг тогтсон тохиолдолд эрүүгийн шүүх хуралдаанд орж байгаа прокурор тухайн шүүгчтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх бүрэн эрх нь прокурорын байгууллагад байна. Шүүхийн болон бусад байгууллагын хяналт байхгүй. Ийм байдлаар тухайн хэргийг шийдвэрлэж байгаа шүүгчийн бие даасан байдалд нөлөөлөх нэг арга прокурорт байна. Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийг Прокурорын тухай хуульд заасан прокурорын эрх хэмжээтэй адилтгаж, төсөөтэй хэрэглэж байгаа нь шүүгчийн статусыг прокурорын статустай адилтгаж үзсэн байна. Шүүх засаглалыг прокурорын гарт өгч байгаа нь шүүхийн бие даасан байдлыг хангаж байгаа хэрэг мөн үү.

П.Д 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарсан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой холбогдуулаад шат шатанд нь гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан гомдолд хяналтын прокурор н.Алтангэрэл 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5/1984 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариуд ...П.Д-д холбогдуулсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож... гэж дурдсан байна. Шинээр прокурорын тогтоол үйлдсэний дараа шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах нь зүйтэй байсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлж байгаа доод шатны прокурорууд уг ажиллагааг хэрэгжүүлээгүй. Заавал биелүүлэх шинж чанартай акт хэрэгжүүлээгүй байна. Мөн дээд шатны прокурор хүчингүй болгосон учраас прокурорын тогтоол үйлчлэхгүй. Хүчингүй болсон актыг хүчинтэй гэж үзэн Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэглэсэн байна.

Хүчингүй болгохгүй байгаа үйлдэлтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн прокурорт гомдол гаргасан. Хариу өгөхдөө 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаад 3 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан. Энэ хугацаанд дээд шатны прокурорт гомдол гаргасан. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралд дээр ...гомдлын хариу ирээгүй байна гэж тайлбарласан. Шүүхийн ерөнхий зөвлөл Нийслэлийн прокуророос хариу авсан ба уг хариу нь ...уг прокурорын тогтоол хүчингүй болоогүй гэжээ. Хүчингүй болоогүй хэдий ч гомдлыг шийдвэрлээгүй. Улсын ерөнхий прокурор хүртэл гомдол гаргаад шийдвэрлэх хүртэл уг тогтоолын үйлчлэлгүй байна. Албан бичигт үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэж байна уу. Хүчин төгөлдөр бус прокурорын тогтоолыг үндэслэсэн.

Эцэслэн үйлчлэх боломж нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр болох боломжгүй. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллагаа хийсэн нь нотлох баримттай холбоотой маш ноцтой зөрчил юм. Тухайн хурлын тэмдэглэлээс харахад захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхтэй. Энэ талаар П.Д ...өмгөөлөгч эмчилгээ хийлгэж байгаа тул өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаж өгнө үү... гэж хэлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурал шүүх хуралдаан биш учраас заавал өмгөөлөгчтэй оролцох шаардлагагүй гээд үйл ажиллагааг цааш үргэлжлүүлсэн.

Нотлох баримттай холбоотой дээд шатанд гомдол гаргасан байгаа гэхээр хуулиа мэдэхгүй прокурор гомдол гаргах эрхтэйгээр тогтоол гаргасан байна. Иймд уг тогтоолыг цааш авч үзэх шаардлагагүй гэж дурддаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг шийдэх субъект биш юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 25.1.7-д оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах гэж заасныг тус тус зөрчсөн. Хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа үндэслэж байгаа баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байсан гэдэг нь тухайн хурлын дуу бичлэгээс сонсогдоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан гэм буруугүйн талаар хөдлөмгүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй, мөрдөн байцаалтын явцад олж мэдсэн нууцыг задруулахгүй, холбогдох баримт бичгийг хадгалах, хамгаалах арга хэмжээ авна гэх үндсэн чиг үүрэгтэй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт Шүүхийн ерөнхий зөвлөлд ирсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нууц хамгаалагдсан уу? Хүчин төгөлдөр прокурорын тогтоол ирэхэд хангалттай. Хурал дээр насанд хүрээгүй хүнийг гэрчээр асуусан тэмдэглэл, ашиг сонирхолтой хүний гомдол, гэрчийн мэдээлэл, утсаар ярьсан тэмдэглэл, дансны хуулга зэргийг дүгнэсэн.

Энэ баримтуудыг эрүүгийн хэргийн шүүх дүгнээгүй байхад Шүүхийн ерөнхий зөвлөл гэх захиргааны байгууллага дүгнэж хэлэлцээд нэхэмжлэгчийг гэм буруутай мэтээр дүгнээд, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж шийдвэр гаргасан нь П.Д-гийн эрх зүйн байдлыг тухайн хурал дээр дордуулаад яллах чиглэлийн шүүх хуралдаан болсон нь харагдаж байна. Өөрийг нь тухайн хуралд оролцох боломжоор хангаагүй, хаалттай шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ нэгэнт танилцуулаагүй учраас онолын хувьд үйлчлэх ёсгүй. Нөгөө талдаа Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Гомдол гаргах хугацаа нь дууссан, гомдлыг шийдсэн тохиолдолд үйлчилнэ. Танилцуулахаас өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан байдаг. Хэрэв хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан бол өнөөдөр энэ хүний эрх зүйн байдал дордохгүй байсан. Түүний шүүгчийн бүрэн эрх нь хэвээр ба Шүүхийн ерөнхий зөвлөл саналаа гаргах хуульд нийцнэ.

Уг шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор П.Д-гийн хувьд цаашид эрх сэргээлгэх цаашдын боломжууд нээгдэнэ.

Иймд хуулийг зөв хэрэглээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх журмыг, 17.1.5-д эрүүгийн хариуцлагад татагдсан гэж бүрэх эрх түдгэлзүүлэх үндэслэлийг хуульчилсан.

Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/1593 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д нь ...албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1051 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн хэргийн хариуцагч П.Орхоноос 20 сая төгрөг шаардсан, мөн П.Орхоноос 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хамаатан болох А.Нандинцэцэгээр дамжуулан 1 сая төгрөгийг хээл хахууль болгон авсан гэх үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 01 дүгээр 18-ны өдөр П.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийн холбогдогч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасны дагуу түүний шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа ирүүлсэн.

Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж 56 дугаар тогтоолоор шүүгч П.Д-гийн өмгөөлөгчөөс Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдол нэг мөр шийдвэрлэгдээгүй, яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бичмэл нотлох баримтыг ирүүлээгүй зэрэг үндэслэлээр шүүгч П.Д-гийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үндэслэлгүй гэж үзсэн.

Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин шүүгч П.Д-гийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 1/732 тоот албан бичгээр санал дахин ирүүлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 30 дугаар тогтоолыг баталсан ба улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 44 дүгээр зарлиг гаргаж, шүүгч П.Д-гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж байна гэж ойлголоо.

Хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч ирж байна. Үүнийг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд урьдчилсан нөхцөл хэрхэн үүсэх тодруулга хийе. Эхлээд нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ёстой ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага нь хэрэгжсэн, ажиллагаа дуусгавар болсон байхыг шаардана. Хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд тухайн тогтоолыг хэрэгжих бүрэн үндэслэлтэй нөхцөлд гаргана. Хоорондоо уялдаа холбоотой буюу урьдчилсан нөхцөл хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг зорилгодоо нийцсэн акт гаргаагүй гэж тайлбар хийж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн бие даасан хараат байдлыг ханган ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс холбогдох бусад хуулиудаар нарийвчилсан зохицуулалтуудыг зохицуулж өгсөн байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Ерөнхийлөгчид санал болгох талаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан. Ингэхдээ эрүүгийн хариуцлагад татагдсан гэх асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нарийвчлан тусгагдсан заалт гаргах боломжгүй байна. Эрх зүйн нийтлэг зарчмын үүднээс тайлбарлавал Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар эрх зүйн маргаантай байгаа асуудлыг хэрхэн зохицуулж, хэрэглэх нь ойлгомжгүй байгаа нөхцөлд болон илүү нарийвчилсан хуулийг хэрэглэх нь ойлгомжгүй бол сүүлд нарийвчлан заасан хуулийг баримтлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан асуудал нь Прокурорын тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж тодорхой тайлбарласан заалт байна. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч үзэж асуудлыг шийдсэн.

Хүчин төгөлдөр болоогүй прокурорын тогтоолд үндэслэсэн гэх асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөл гэм буруугүйн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш. Шүүхийн захиргааны байгууллага болохын хувьд саналаа хүргүүлсэн бөгөөд бие даан шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш юм. Холбогдох байгууллагуудаас хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоолыг гаргахдаа ...шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр нь албан ёсоор гаргаагүй, шүүн таслах ажиллааг хэрэгжүүлэх эрх хэвээр байхад түүнийг яллагдагчаар татах нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийн баталгааг алдагдуулсан гэж үзэж байна... гэж байгаа. Энэ нь Прокурорын байгууллагаас заавал яллагдагчаар татсан тогтоолыг гаргуулахыг шаардахгүй байгаа. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн асуудал юм. Нэхэмжлэгчийн хувьд ноцтой хүлээж авч байна.

Нөгөө талаас шүүгчийн эрх зүйн хамгаалалт хийж байна гэж ойлгож болох юм. Шүүгчийн бүрэн эрх хэрэгжиж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нь тохиромжтой юу. Өөрөөр хэлбэл, шүүгчийн албан тушаалаас бүрэн халаагүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Нөгөө талаас нь сөрөг эрх зүйн акт гэж үзэж болохгүй.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэдэгтэй нь холбогдуулж дараах тайлбарыг хийе. Хууль зүйн туслалцаа авах хуулиар олгогдсон эрх байгаа хэдий боловч хязгааргүй эрх биш гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөл анхнаасаа уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан зүйл байхгүй. Тухай бүрт нь мэдэгдээд, өмгөөлөгчийн гаргаж байсан хүсэлтийн дагуу шаардлагатай зүйлийг тодруулж байсан.

Нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийгдээгүй гэж байна. Хоёр ч удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийг саналаа явуулахыг Прокурорын байгууллагаас мэдэгдсэн. Өмнө уг асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой хугацаанд хойшлуулж, ажиллагаа хийгдсэний үндсэн дээр шийдвэрлэсэн. Шүүгчийн эрх зүйн байдлыг хамгаалж, бодит байдлыг тогтоохын тулд холбогдох баримтуудыг гаргуулж авсан.

Нэхэмжлэлийн шаардлага өмнө нь захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргах үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байсан.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д анх тус шүүхэд хандан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч П.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн ерөнхий зөвлөл зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан, хүчин төгөлдөр болоогүй байсан прокурорын тогтоолд үндэслэсэн, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчин, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хангалттай хийгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг минь зөрчсөн, 30 дугаар тогтоолыг мэдэгдэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн зэргээр тодорхойлон маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201701000004 дугаар тогтоолоор П.Д нь ...албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1051 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн хэргийн хариуцагч П.Орхоноос 20 сая төгрөг шаардсан, мөн П.Орхоноос 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хамаатан болох А.Нандинцэцэгээр дамжуулан 1 сая төгрөгийг хээл хахууль болгон авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах-ыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгажээ.

Улмаар Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/1593 дугаар албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хандан ...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн ... шүүгч П.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэн насанд хүрээгүй гэрч А.Нандинцэцэг, Б.Гэрэлт-Од нарын болон П.Орхоны мэдүүлэг, Хаан банкны дансны болон Юнител ХХК-ийн дугаарын хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудыг прокуророос Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлээгүй учир дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хангалттай үндэслэл байна гэж прокурор үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэхээс өмнө хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн холбогдох нотлох баримтуудыг саналын хамт ирүүлсэн ... тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр шүүгч П.Д-гийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үндэслэлгүй гэж үзэж 56 дугаар тогтоолыг гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/732 дугаар албан бичгээр нэхэмжлэгч П.Д-гийн Шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 56 дугаар тогтоолд дурдсан холбогдох нотлох баримт болох 15 хуудас материалын хамт/ Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан дахин ирүүлснийг хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдэн,

нэхэмжлэгч болон түүний өгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/132 дугаар албан бичгээр Нийслэлийн Прокурорын газарт хандан ...шүүгч П.Д-г эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон гэх ... нөхцөл байдлыг гүйцэд тодруулсны үндсэн дээр ... бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй байх тул асуудлыг тодруулж хариу ирүүлнэ үү гэсэн утга бүхий тодруулга авах тухай албан бичгийг хүргүүлжээ.

Уг албан бичгийн дагуу Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/1170 дугаар албан бичгээр ...Прокуророос шүүгч П.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон талаар шийдвэр гаргаагүй болно гэсэн хариуг ирүүлсэн байна.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-гийн Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 30 дугаар тогтоолыг батлан гаргажээ.

2. Шүүгч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасанчлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдон, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэн болохын хувьд аливаа эрх бүхий байгууллага, албан тушаалтан түүний хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргах ёсгүй.

Тэр тусмаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхийлөгчөөс тухайн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно, 20.4.1 Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглох болон 20.4.2 шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох гэж тус тус заасантай нийцэхгүй, шүүгчийн бүрэн эрх, эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх баталгааг алдагдуулах үр дагавартай.

Энэ ч үүднээс нэхэмжлэгч П.Д-д холбогдох шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/1593 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох нотлох баримт дутуу гэх үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үндэслэлгүй хэмээн шийдвэрлэж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж холбогдогч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагын үүднээс Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/732 дугаар албан бичгээр П.Д-гийн Шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 56 дугаар тогтоолд дурдсан холбогдох нотлох баримт болох 15 хуудас материалын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд дахин ирүүлжээ.

Улмаар хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Прокурорын газраас Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг дахин ирүүлсэн болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, уг асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан хүсэлт хүргүүлж байсан, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг хүсэлтийг нь хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн бөгөөд эдгээр баримтуудтай нэхэмжлэгч тухай бүр танилцаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д-ын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 01/132 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 1/1170 дугаар албан бичиг болон хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөл нь зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргаагүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх зорилгогүй, нэхэмжлэгчийг албан үүргээс нь бүрэн мөсөн чөлөөлсөн, огцруулсан асуудал биш, гагцхүү тухайн маргаан бүхий нөхцөл байдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүгчээс хуульд заасан бүрэн эрхээ эдлэн шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдлыг түр зогсоох замаар хэн бүхэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн суурь зарчмыг хангаж, шүүх болон шүүгчдэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах, тухайлан шүүгч П.Д-д итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад чиглэсэн гэх тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан хуульд үндэслээгүй, Шүүхийн ерөнхий зөвлөл зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан, хүчин төгөлдөр болоогүй байсан прокурорын тогтоолд үндэслэсэн, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хангалттай хийгүй гэх үндэслэлийг хүлээн боломжгүй байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэл болох 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцож хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэх болон шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг минь зөрчсөн, 30 дугаар тогтоолыг мэдэгдэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч П.Д-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны товыг мэдэгдсэний дагуу П.Д нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанд оролцон ...Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхээ эдэлж хуралд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэн олонхийн саналаар /1 гишүүн дэмжиж, 3 гишүүн татгалзсан/ шийдвэрлэсэн,

Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/732 дугаар албан бичигтэй холбоотойгоор нэхэмжлэгч П.Д өөрийн нөхцөл байдлыг тайлбарлан, гишүүдийн асуултад хариулах зэргээр хуралдааны үйл ажиллагаанд оролцсон болох хэргийн оролцогчдын тайлбар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хуралдааны бичмэл болон дуу бичлэгэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг минь зөрчсөн гэх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг мэдэгдэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн агуулгыг нэхэмжлэгч П.Д-д мөн өдөртөө мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл /Ж.Өнөрбаяр ... утсаар 15 цаг 22 минутад 30 дугаар тогтоолыг буюу хуралдааны шийдвэрийг анх мэдэгдсэн/ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд албан ёсоор бичгээр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д нийцсэн байна хэмээн шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан П.Д-гийн Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М