| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 116/2026/0004/З |
| Дугаар | 221/МА2026/0473 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0473
Ц.О, Ч.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 116/ШШ2026/0011 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.О, Ч.Б
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 116/2026/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 116/ШШ2026/0011 дүгээр шийдвэрээр “... Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймаг, Хэрлэн сумын ** дүгээр баг, Ирээдүй гудамж хаягт байрлах нэгж талбарын 21060000** дугаар, гэрчилгээний 00003579** дугаартай 625 м.кв газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” Ц.О, Ч.Б нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлтийг, “газрын байршлыг тухайн газарт нь шилжүүлж, инженерийн шугам сүлжээний бүсээс гаргаж, давхардуулалгүйгээр олгож өгөх тухай” 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Оийн өргөдлийг, “газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Оийн хүсэлтийг тус тус зохих хуулийн дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар “... газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг Дорнод аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас захирамжийн төслийн хамт Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч, Газрын тухай хуулийн 38.4-т заасан “хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана” гэсэн аймгийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул үндэслэлгүй байна.
2.2. Хэрлэн сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт хуучнаар Махын 8 айлын урд 625 м.кв газрыг эзэмшигч иргэн Ц.Оээс газрын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Бд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргасан байх ба аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 1/393 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн төслийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байдаг.
2.3. Дээрх асуудлыг судлахад, иргэн Ц.Оийн эзэмшилд байгаа нэгж талбарын 21060000** дугаартай 625 м.кв газар нь цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугамтай давхцалтай байсан. Иймд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих”-ыг хориглосон заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын 2025 оны 5/1229 дугаар албан бичгээр "газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй" талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Тус газраас газрын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан иргэнд энэ талаар хариу өгсөн байдаг.
2.4. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02/26 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хандан тус газрын хувийн хэргийг бүхэлд нь хуулбарлах шүүхэд ирүүлэх албан бичгийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 1/168 дугаар албан бичгээр Ц.Оийн эзэмшлийн асуудлаар тус байгууллагад хандан гаргаж байсан хүсэлтүүдийг ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн иргэн Ц.Оээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргагдаагүй болно.
2.5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна;” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг аймгийн Засаг даргад хандан гаргах хуулийн зохицуулалттай. Иргэн Ц.О, Ч.Б нар нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах, шилжүүлэх тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны А/342 дугаар захирамжаар байгуулагдсан Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 25/02 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Хэрлэн сум, ** дугаар баг,, НИК-ийн 6-р ШТС-ын зүүн хойд талд 625 м.кв газрыг авто засварын зориулалтаар аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг иргэн Ц.Отэй зөвшилцөх, газрыг шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг гаргах, тодорхой саналтайгаар дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэснийг иргэнд мэдэгдсэн. Гэтэл иргэнтэй газрын асуудлаар зөвшилцөх үед буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул иргэнтэй зөвшилцөх боломжгүй болсон байх тул аймгийн Засаг даргын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар "... Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчээс эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд Дорнод аймгийн Засаг даргаас иргэнд ямар нэг шийдвэр гаргаж, хариу мэдэгдээгүй байна" гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.5-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус хүсэлтийг аймгийн Засаг даргад хандан гаргах зохицуулалттай. Иргэн Ц.Оээс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан хүсэлтэд аймгийн Засаг даргаас тус иргэнд ямар нэг шийдвэр гаргаж, хариу мэдэгдэх үүрэг хүлээгээгүй болно.
2.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар "Хариуцагчаас газар эзэмших эрхийг сунгах асуудлаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/780 дугаар албан бичгээр иргэн Ч.От хариуг хүргүүлсэн" гэж байгаа боловч,..... газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байгааг илэрхийлж байна." гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.2-т заасны дагуу нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул үндэслэлгүй байна. Иргэн Ч.Оээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөл болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, мөн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус "..... газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудал нь уг газарт инженерийн шугам сүлжээ давхацсан гэх шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй байгаа тул газрын байршлыг шилжүүлж, шугам сүлжээний бүсээс гарган давхардуулахгүйгээр олгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах" утга бүхий хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/780 дугаар албан бичгээр "эзэмшил газарт инженерийн шугам сүлжээ давхцаж байгаа тул газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх" тухай хариуг иргэнд хүргүүлсэн.
2.8. Иргэн Ц.О нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан иргэн Ц.Д-н нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргаж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 622 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандан газар эзэмших эрх шилжүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай захирамжийн төсөл ирүүлж байсан. Аймгийн Засаг дарга хянаж, захирамжийн саналын хуудсаар танилцуулга хийх чиглэл өгч инженерийн шугам сүлжээний асуудлын улмаас орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх шилжүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлөх боломжгүй талаар хариуг өгч байсан нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02/26 дугаар "Нотлох баримт гаргуулах тухай" албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан албан бичгийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 1/168 дугаар албан бичгээр нотлох баримтаар хүргүүлж хэргийн материалд хавсаргагдсан. Иргэн Ц.О нь тухайн үед иргэний эзэмшил газарт цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугам давхцаж байгааг мэдсэн байх тул тус асуудлыг мэдсээр байж 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ц.О, Ч.Б нарын хооронд байгуулсан "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулсан байна. Аймгийн Засаг даргын зүгээс иргэн Ч.Баттулгын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр, эс үйлдэхүй гаргаагүй болно.
2.9. Тухайн газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 43 дугаар "Хөрөнгө орлогод авах тухай" тогтоолын дагуу "ТСГ" ХХК-ийн барьсан 40 айлын орон сууцны зориулалттай 92 дугаар байшингийн гадна талын дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг орон нутгийн орлогод авч "Дорнод Нийтийн аж ахуй" ОНӨААТҮГ-т шилжүүлсэн. Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д "инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих", Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ээр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоож, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Шугам сүлжээ нь хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно", Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д "газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох үйл ажиллагааг явуулахыг хориглох"-оор тус тус заасан тул газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.
2.10. Иймд иргэн Ц.О, Ч.Б нарын ирүүлсэн хүсэлтэд аймгийн Засаг даргын зүгээс холбогдох хариуг тухай бүр өгч, зөвшилцөх, санал солилцох ажиллагааг хэрэгжүүлж ажилласан байх тул хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч аймгийн Засаг даргад даалгасан Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 116/ШШ2026/0011 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.От Дорнод аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмших эрх үүсжээ.
3.1. Нэхэмжлэгчээс, дээрх газрын эзэмших эрх хүчин төгөлдөр байх цаг хугацаанд иргэн Ч.Бтай харилцан тохиролцож, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус газрыг Ч.Бд шилжүүлэх тухай өргөдлийг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан.
3.2. Мөн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон Дорнод аймгийн Хот байгуулалтын зөвлөлд хандаж, “... Уг газрын байршлыг ... шилжүүлж, инженерийн шугам сүлжээний бүсээс гаргаж, давхардуулахгүйгээр олгож, миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн газарт хандан “... гэрчилгээний хугацааг сунгуулах” өргөдлийг тус тус гаргаж байжээ.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж,
3.4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ, 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж тус тус заасан.
3.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоож, өргөдөл хүсэлтэд дурдсан асуудал бүрийг хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй байна.
3.6. Гэтэл нэхэмжлэгчээс газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх хугацаандаа эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах мөн газар эзэмших эрхийг болон тухайн газрын байршлыг шилжүүлэх утга, агуулга бүхий өргөдлүүдийг гаргаж, хариуцагчийн зүгээс тэдгээр өргөдлийг хүлээн авч, улмаар шийдвэрлэж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, хариу албан бичгийг гардуулсан гэж тайлбарлан гомдол гаргасан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “…Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өргөдлийг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг мэдэгдэж, гардуулсан болохоо хариуцагч захиргааны байгууллага нотлоогүй, энэ талаар баримтгүй байна.
3.7. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 13 дугаар зүйл “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ”, 3/-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчиж, өргөдөлд дурдсан үндэслэл нэг бүрийг судалж, шийдвэрлээгүй байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмыг тодорхой заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх арга журам, үүсэх үр дагаврын талаар дүгнэх нь зүйтэй байна.
4.1. Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газар нь цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугам болон тэдгээрийн хамгаалалтын зурвас газартай давхцалтай болох нь тогтоогдож байх ба эдгээр цахилгаан болон дулааны шугам сүлжээ нь нэхэмжлэгч Ц.От газар эзэмших эрх олгогдохоос өмнө буюу 1970 онд ашиглалтад оржээ. Нэгэнт тухайн газрын байршил нь цахилгаан болон дулааны шугамтай давхцаж байгаа энэ тохиолдолд газрын байршлыг өөрчлөн тогтоох, цаашлаад инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журмын хязгаарлалтыг зөрчихгүйгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжийг эрх бүхий захиргааны байгууллага судлан зохих журмын дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
4.2. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүсэлт гаргасан газрын байршилд инженерийн шугам сүлжээ байрлаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг бүхэлд нь үгүйсгэх бус, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хавсаргах баримт бичиг болох нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа талаарх нотолгоо, албан татвар, хураамж төлсөн эсэх, мөн маргаан бүхий газартай шугам сүлжээ болон түүний хамгаалалтын бүс аль хэсгээр, ямар хэмжээгээр давхцаж байгаа болохыг тодруулж, давхцаагүй хэсгээр нь ямар зориулалтаар эзэмшүүлэх боломжтой болохыг тогтоох, эсхүл газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлэх зэрэг байдлаар хууль тогтоомжид нийцүүлэн хүсэлтийг шийдвэрлэх боломжийг эрх бүхий байгууллагаас харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 116/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА