Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин, 

улсын яллагч: Н.Халиунаа /томилолтоор/,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал /ҮД:2780/,

хохирогч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Г холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* ********** /регистрийн дугаар: *******/,

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн **********байрны 1 давхрын лифтний үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************ шалтаг шалтгаангүйгээр гараараа толгой нүүр хэсэгт 5-6 удаа цохиж биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу дух хүзүү цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт хамрын нуруунд шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн **********байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа **********тай маргалдаж улмаар 1 давхрын лифтний үүдэнд **********гарч явахад нь гараараа толгой нүүр хэсэгт 5-6 удаа цохиж биед нь “хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу дух хүзүү цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт хамрын нуруунд шарх” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

-Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед ажлаа тараад найз **********гийн гэрт буюу 52 дугаар байрны 5 давхарт очиход түүний 2 жаахан хүүхэд **********гийн найз гэх 2 эмэгтэй 2 эрэгтэй нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэд нар 2-3 хоног архи ууж байна гэсэн. Тэгээд ********** намайг гэрт орох үед пиво аваад ороод ирээрэй гэхээр нь Би **********гийн гэрт орохдоо 5 пиво, чихэр аваад орсон. Тэгээд 2 пиво өөрөө уучихсан ба ********** 1 пиво нөгөө үл таних 3 эмэгтэй пиво уугаад миний авсан пиво дуусчихсан. Тэгсэн тэр эрэгтэйн нүдний шилтэй эрэгтэй нь над руу уурлаад чи пиво харамлалаа гээд над руу уурлаад байсан. Тэгээд тэр 2 эрэгтэй гарч яваад архи авч орж ирээд уугаад байсан надад тэр архинаас 2 хундага хийж өгөхөөр нь би уусан. Тэгээд би болсон одоо явлаа гээд **********гийн гэрээс гараад лифтэнд суугаад 1 давхар руу буусан чинь өөдөөс үл таних эрэгтэйн нүдний шилтэй эрэгтэй нь лифтний өөдөөс гараад ирсэн. Тэгсэн тэр нүдний шилтэй эрэгтэй шууд миний нүүр толгой руу rapaapaa 5-6 удаа цохиж зодсон ба тэр үед миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохих үед миний хамраас цус гараад дух хавдсан. Тэгээд тэр нүдний шилтэй эрэгтэйн эхнэр нь бололтой эмэгтэй хүрч ирээд тэр нүдний шилтэй залуу бид хоёрыг салгаад **********гийн гэрт ороод цагдаа дуудсан. Тэр үед миний нуруу язарч хугарсан дух газраа хавдсан баруун хөмсөгний дээд улайсан шархтай байсан. Эгэмний орчимд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,  

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч эмч Б.Долгормаа Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14632 дугаартай:

“...1. А.********** биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу дух хүзүү, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч Н.Гын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* тоотод гэртээ байхдаа 12 цагийн үед манай эхнэр Намууны найз Дэлгэржаргал эгч эхнэр рүү яриад идэш ирсэн мах чанаад байж байна та хоёр манайд ороод ир гээд эхнэр бид 2 манай байрны залгаа 52 дугаар байр руу Дэлгэржаргалын гэр рүү явж байтал Цоомоо, Цогтоо гээд бас 2 найз тэдний гэр рүү явж байхад нь таараад хамт очсон. Дэлгэржаргал эгч гэртээ 2 хүүхэдтэйгээ байсан. Тавуулаа нийлээд Цогтоо ах бид 2 архи уугаад бусад нь пиво уусан. Тэгээд Цогтоо ах бид 2 тэдний гэрээс гарч дэлгүүр ороод 1,1 пиво уучхаад нийлээд байж байгаад эргээд иртэл нэг танихгүй эмэгтэй ирчихсэн сууж байсан, Цогтоо ах бид 2 орж суугаад ширээн дээрээс 1,1 пиво авах гэтэл нөгөө танихгүй эмэгтэй наадах пивыг чинь би авч ирсэн гээд байхаар нь за за тэгээд тавьчихаад бид 2 дэлгүүрээс 0,5 литр “ARHI” гэсэн бичигтэй архи авч орж ирээд жижиг өрөөнд нь хуваагаад уугаад сууж байтал тэр танихгүй эмэгтэй буюу ********** ирээд наад архинаасаа нэг хийчих гээд хийж өгсөн чинь байн, байн ирээд байхаар нь цаанаа эмэгтэйчүүдтэйгээ суу, би хүнтэй юм ярьж байна гэсэн чинь ********** архи харамлаад гээд уурлаад байсан. Намайг үсчин хийдэг гэсэн чинь хаана хийдэг юм гэхээр нь халдвартад гэсэн чинь захын үсчин гээд янз бүрээр хэлээд ********** бас гэрийн эзэн рүү мах чаналаа гэж хэлчхээд надад дан байцаа идүүллээ гээд тэр хавиар агсраад байхаар нь би эхнэртэй явъя гэж хэлчхээд түрүүлээд хувцсаа өмсөөд гараад 1 давхарт эхнэрээ хүлээж байсан чинь ********** гарч ирээд улны үсчин гэж хэлэх шиг болохоор нь уур хүрээд нүүр рүү нь 1 удаа алгадсан чинь зууралдаад явахгүй байхаар нь түлхсэн эргэж намайг өшиглөөд, толгой руу цохиод байхаар нь дахиад 3-5 удаа нүүр рүү нь алгадчихсан. Тэр үед манай эхнэр гарч ирээд намайг салгаад бид 3 лифтэнд суугаад дээшээ гараад буцаж Дэлгэржаргалын гэрт ороод нэг нь цагдаа дуудсан байсан. удалгүй цагдаа тэднийд ороод ирсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

 

Хохирогч А.********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие **********ийн **********, нөхөр охины хамт гурвуулаа амьдардаг. Би үсчин мэргэжилтэй үсчний салон 12 жил ажиллуулж байна. Хэрэг гардаг өдөр би 11 цагийн үед найз хүүхнийдээ очсон. Өглөө нь найз руугаа залгаж яриад уулзахаар болсон байсан. Намайг орж ирэхдээ 6 пиво бариад ороод ир гэсэн. Тухайн үед тэднийд мана найз 2 жоохон охинтойгоо, ********** эхнэртэйгээ, цэцэрлэгийн багш нөхөртэйгөө байсан. Би 5 пиво аваад орсон. Хоёрыг нь би уугаад, цэцэрлэгийн багш, манай найз, **********ын эхнэр нэг нэгийг уусан. ********** цэцэрлэгийн багшийн нөхөртэй орж ирэхэд **********ын эхнэр манай найз 2 та хоёрт өгөх пиво байхгүй гээд архи авчирч уусан. Өмнөх өдөр нь тэр хэд бас уусан юм  шиг байсан. ********** цэцэрлэгийн багшийн нөхөр нар нэлээн согтолттой байсан. Би тэр өдөр өдөржин зогсоод ядраад 2 пиво бариад орсон. Эхний нэг пиво уугаад тэр хоёроос архи гуйж уусан. 50 грамм архи эхэлж уугаад, хоёр дахь удаагаа гуйж уухад харамлах янзтай байсан. Би дахиад гурав дахиа гуйхад надад өгөөгүй. Тэр үед хэрүүл маргаан ч болоогүй. Манай найз надад мах чанаж өгнө гэж байсан. Би мах чанаж өгнө гэчхээд байцаа хуураад байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Би найзтайгаа 6 жил найзалсан. Найзындаа би энэ хүмүүсээс зөвшөөрөл авч уухгүй. 3 дахь удаагаа гуйхад өгөөгүй. Би архи их уудаггүй, пиво л уудаг. **********ын эхнэртэй нь болон найзтайгаа яриа өрнүүлээд байж байсан. Хүнээс архи гуйж уух миний буруу гээд харьж амрах гээд 12 гээд гарахад лифтний үүдэн дээр ********** намайг бариад зодсон. Ганц архи авч өгч чадахгүй үсчин гэж ямар юм байдаг юм бэ гэсэн. Би анх удаа хүнд зодуулаад шоконд орсон. Би одоо 5.872.500 төгрөг нэхэмжилж байгаа. 5.000.000 төгрөг нь хамрын хагалгаанд зарцуулагдана. Хамрын гадна талын ясыг нөхөн сэргээх, таслагчийг тэгшлэх мэс засалд орно. Үлдсэн мөнгө нь эм авсан, шинжилгээ хийлгэсэн төлбөр байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...яллагдагч Н.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/, шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримтуудыг шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч эмч Б.Долгормаа Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14632 дугаартай дүгнэлтээр хохирогч А.********** биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүр рүү нь цохиж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Г нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол 5,872,500 төгрөгийг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/ нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогчид учруулсан эрүүл мэндийн үйлчилгээ авсан зардал болон хамрын мэс засалд орох шаардлагатай зардлыг шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр төлөх завсарлага авч 5,872,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул /хариуцлагын хуралдаанд хохирогч хүлээн авснаа мэдүүлсэн/ шүүгдэгч Н.Гыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч **********д учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь / хамар яс, хамрын таславчийн хугарал/ харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн **********байрны 1 давхрын лифтний үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* шалтаг шалтгаангүйгээр гараараа толгой нүүр хэсэгт 5-6 удаа цохиж биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу дух хүзүү цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт хамрын нуруунд шарх гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Гаас 872,000 төгрөг гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдэ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Шүүгдэгч Н.Г нь хохирогч **********д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт хураагдсан 1 сидиг хавсаргуулах саналтай байна. Уг торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлт гаргав.

 

Хохирогч: “...Миний хамар яс нь бүрэн эдгээгүй. 3-6 сарын дотор эдгэдэг. 3-6 сарын дараа хагалгаанд орно. Гоёл клиник эмнэлэгт хагалгаанд орох хүсэлтэй байгаа. Урьдчилгаа 2 сая байршуулаад цаг аваарай гэсэн. Гоёл клиник дээр давхраа хийлгэж байсан тул эмч нартай нь уулзаад хагалгаа хийлгэхээр болсон. Унтуулгатай ордоггүй тул таславчийн гэмтлийг өөр эмнэлэгт хийлгэхээр болж байгаа. 3 дугаар эмнэлэг янзлахгүй гэсэн. Нэг зэрэг унтуулгатай ороод гадна дотор янзлуулах нь дээр гэсэн. Би **********ад маш их гомдолтой байгаа. Сэтгэл санааны хохирол, ажлаа алдсаны нөхөн төлбөрийг давж заалдаж гаргуулж авахыг хүсэж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч: “...********** эгчээс уучлалт гуйж байна. Харж үзнэ үү. Би энэ хэргээс болоод ажилдаа явж чадахгүй болсон. Хохирол төлөх гэж хүүтэй мөнгө зээлсэн...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.**********ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хохирогчтой тохиролцохоо илэрхийлсээр ирсэн. Хохирогч 5.000.000 төгрөг нэхэмжилдэг. Уг эмчилгээг хийлгэсэн гэх баримт байхгүй тул хийлгэсний дараа өгнө гэдгээ илэрхийлсэн. Хохирогчийн өөрийнх нь гаргаж өгсөн 3 дугаар эмнэлгийн баримтад 150.000 төгрөг тушаав гэсэн гараар бичсэн баримт байна. Энэ баримт шаардлага хангахгүй байгаа тул 722.500 төгрөг төлөхөд бэлэн байна. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна, эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг, 14 хоногт хөдөө, 14 хоногт хотод ажилладаг. Эхнэр бага насны 2 хүүхэдтэйгээ байдаг. Улсын яллагчийн саналд маргах зүйл байхгүй. Торгох ялыг оногдуулж өгнө үү. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш дуудсан цагт ирж байсан. Хөдөө гадаа явахгүй байгаа. Удаан яваагүй тул ажлаа алдах эрсдэл үүсээд байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хурлаас өмнө хохирлыг төлсөн, баримт гаргаж өгөх боломжгүй болсон. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Г нь гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Н.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид... учруулсан хохирлыг төлсөн; гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон,  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон түүний ам бүлийн байдлын хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг нь харгалзан торгох ял оногдуулж шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* **********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

                                                                                                                                              

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Гад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********** цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА