| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/02031/И |
| Дугаар | 183/ШШ2020/03074 |
| Огноо | 2020-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2020/03074
2020 11 11 183/ШШ2020/03074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................. тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 35 настай эмэгтэй, Т овогт И.О /рд:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........................ тоотод байрлах, “Б” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 69 399 589 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч И.О нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Н группын Б ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 89 м.кв, 4 өрөө байрыг захиалан бариулсан. И.О-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, байрны захиалгын төлбөрийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 49 100 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3 800 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 4 033 500 төгрөг, нийт 57 993 500 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г банкнаас орон сууцны зээлийн гэрээгээр авсан 148 000 000 төгрөгийг нэмж гэрээгээр хүлээсэн 205 993 500 төгрөгийг төлж барагдуулсан. Харин гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барилгыг барьж, улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн, одоо тус байранд амьдарч байна. Иймд дээрх гэрээний 6.2-т “Гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. Уг алдангийг захиалагчийн орон сууц хүлээлцэх үеийн төлбөрөөс суутгах тооцох ба хэрэв захиалагч төлбөрөө бүрэн төлсөн бол алдангийг захиалагчид олгоно, ажлын хувь хэмжээг талууд үе шатны ажлын дарааллын дагуу угсралтын ажил хийгдсэнийг 50 хувь, дээвэр цонхны ажил хийгдсэнийг 65 хувь, гадна фасад, дотор ханын ажил хийгдсэнийг 80 хувь, дотор инженерийн шугам сүлжээ хийгдсэнийг 90 хувь, цагаан засал хийгдсэнийг 95 хувь, обой наагдсаныг 100 хувь гэж тооцно” гэж заасны дагуу 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах байсан өдрийн байдлаар зөвхөн суурийн цутгалтыг хийсэн байсан тул 100 хувь үүргээ гүйцэтгээгүй байсан гэж тооцон, 205 933 500 төгрөгөөс 0.1 хувийн алдангийг уг орон сууцыг хүлээлгэн өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 337 хоногоор тооцоход 69 399 589 төгрөгийг төлөх үүрэгтэй тул үүнийг гаргуулна. Гэрээний 6.2-т заасан 45 хоногийн хэтрэхийг зөвшөөрсөн хугацааг улсын комисс хүлээж аваад ажиллуулах боломжтой хугацаа байсан гэж үзэж байгаа. Талууд гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. И.О гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, байрандаа орж чадаагүйгээс байр түрээсэлсэн, зээлийн хүү төлсөн зэрэг байдлаар хохирсон, гэвч хохирсон байдлуудаа тооцож нэхэмжлээгүй. Шинжлэн судлуулсан цутгамал бетон гүйцэтгэх акт нь 2019 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар хийгдэж дууссан гэж байна, гэтэл дээрх хугацаанаас өмнө гэрээний 6.2-т заасан буюу 45 хоногийг тооцсон хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр дууссан юм. Иймд талууд гэрээгээр 50 хувиас доош тооцох алдангийг тохиролцоогүй, угсралтын ажил дууссан бол 50 хувь гэж тохирсон, судлуулсан баримтаар угсралтын ажил 2019 оны 3 дугаар сарын 6-нд дууссан тул бид 50 хувьдаа хүрээгүй байсан гээд тооцож нэхэмжилсэн” гэв.
Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч И.О-тай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Гарден сити цогцолбор хотхоны 1303 дугаар байрны, 3 дугаар давхар, 304 тоотод байрлах нийт 89 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хугацаанд нь барьж, улсын комисст хүлээлгэн өгөх, ажлын хөлсийг гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон, И.О гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн, энэ талаар маргаан байхгүй. Харин И.О манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлээгүй гэж гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь бид дээрх 1303 дугаар байрны угсралт, түүний инженерийн шугам сүлжээ, газар шороо, цутгалтын ажлыг 2018 оны 3 дугаар улирлаас эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд уг барилгыг товлосон хугацаанаас даруй 1 жилийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, бид 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар тус 1303 дугаар барилгад холбох инженерийн шугам сүлжээний ажлыг бүрэн хийчихсэн, газар шороо болон 5 дугаар давхар хүртэлх цутгалтын ажлыг бүрэн хийчихсэн байсан болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдал үүссэнийг мэдсээр байж нэмэлт хугацаа өгөх, гэрээг цуцлах ямар нэг алхам хийгээгүй тул хохирол шаардах эрх үүсээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Гүйцэтгэгчийн хувьд Г төслийн 1 дүгээр ээлжийн 284 айлын 12 блок орон сууцыг ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн нь дан ганц манай буруугаас болоогүй. Бид улсын комисс ажиллуулах хүсэлтээ Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 7 дугаар сарын 22, 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд хүргүүлсэн боловч харамсалтай нь улсын комисс бүрдэхгүй байсаар төслийн 1 дүгээр блокийг 2019 оны 12 дугаар сарын 18-нд улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авсан. Байнгын ашиглалтад ороогүй орон сууцанд хүн амьдрахыг хориглодог бөгөөд энэхүү 6 дугаар сарын14-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 6 сар гаруй буюу 188 хоногийн хугацаа биднээс үл хамаарсан нөхцөл байдлыг үүсгэсэн хугацаа юм. Гэрээний 3.1, 4.10-т зааснаар тооцож үзвэл, гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг ашиглалтад оруулсан байвал зохих хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байхаар байна. Энэ хугацаа болон улсын комисс ажиллуулах хүсэлт гаргасан хугацааны хооронд 4 сар орчим буюу 117 хоног байна. Мөн гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгэл 2018 оны жилийн эцэст 73.2 хувьтай байсан ба 2019 оны 6 дугаар сарын 14-нд 95-99 хувьд хүрч улсын комисс ажиллуулах хэмжээнд хүрсэн болно. Алданги тооцож болох 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 117 хоногт гүйцэтгээгүй гүйцэтгэл 26-2 хүртэл хувийн хооронд хэлбэлзэж байна. Үүнийг дунджилбал 14 хувь болно. Захиалагчийн төлсөн 205 000 000 төгрөгийн гүйцэтгээгүй гүйцэтгэлийн дундаж 14 хувьд харьцуулж, 5 079 900 төгрөгийн хэмжээнд алданги төлөхийг зөвшөөрнө. Мөн дээрх шаардлага нь гэрээний 6.4-т алдангийн дээд хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж заасныг зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү. Барилгын ажил дотроо 7, 8 үе шаттай, дандаа зэрэгцээд явдаг тул зөвхөн гадна талын буюу 3 сард цутгалт нь дуусаагүй байсан гэх байдлаар дүгнэж болохгүй. 6 сар гэхэд бүх юмаа дуусгасан, ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон гэдгээ бүх захиалагч нарт танилцуулсан. Огт бариагүй байсан гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.О нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт, алданги 69 399 589 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзвэл, талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Б ХХК нь Хан-Уул дүүргийн ........................ тоотод байрлах 89 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах, захиалагч буюу И.О нь гэрээгээр тохирсон төлбөрийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд болон захиалагч И.О гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, нийт 205 993 500 төгрөгийг төлж барагдуулсан, ажил гүйцэтгэгч нь уг мөнгийг хүлээн авсан эсэхэд маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь “...гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн, 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барилгыг барьж, улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 6.2 дахь заалтаар ...гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг ...45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд ...алдангийг захиалагчид төлнө, ... угсралтын ажил хийгдсэнийг 50 хувь ... гэж тохиролцсон. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажил дуусаагүй, 50 хувьд хүрээгүй байсан, талууд гэрээгээр үүнээс доош ажлын гүйцэтгэлийн хувийг тохиролцоогүй тул 100 хувь ажил гүйцэтгээгүй байсан гэж үзэж, 205 933 500 төгрөгөөс 0.1 хувийн алдангийг орон сууцыг хүлээлгэн өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 337 хоногоор тооцож, нийт 69 399 589 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан,
хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагаас 5 079 900 төгрөгийн хэмжээнд алданги төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлээгүй гэж гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь үндэслэлгүй. ...Орон сууцыг ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн нь дан ганц манай буруугаас болоогүй. Бид улсын комисс ажиллуулах хүсэлтээ ...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 7 дугаар сарын 22, 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд хүргүүлсэн боловч улсын комисс бүрдэхгүй байсаар 2019 оны 12 дугаар сарын 18-нд хүлээж авсан. 2018 оны жилийн эцэст ажлын гүйцэтгэл 73.2 хувьтай байсан. ...Дээрх шаардлага нь гэрээний 6.4-т алдангийн дээд хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж заасныг зөрчсөн” гэж маргасан.
Зохигчид дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “...Гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн, тэрээр алданги шаардах эрхтэй байх боловч талууд алдангийн дээд хэмжээг гэрээний 6.4 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч 205 933 500 төгрөгөөс 0.1 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Мөн талууд дээрх заалтаар гүйцэтгээгүй үүргийн ажлын хувь хэмжээг ажлын дарааллын дагуу угсралтын ажил хийгдсэнийг 50 хувь, дээвэр цонхны ажил хийгдсэнийг 65 хувь, гадна фасад, дотор ханын ажил хийгдсэнийг 80 хувь, дотор инженерийн шугам сүлжээ хийгдсэнийг 90 хувь, цагаан засал хийгдсэнийг 95 хувь, обой наагдсаныг 100 хувь гэж тооцохоор тохиролцсон.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр, маргаж буй 1303 дугаар орон сууц 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсныг нотлох зорилгоор, барилгын ажлын гүйцэтгэлийн тайлан, барилгын ажлын ил, далд акт зэргийг Улсын төв архиваас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд архиваас ирүүлсэн баримтад хавсрагдсан, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актад уг ажлын дууссан хугацааг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэж тогтоожээ.
Дээрх баримт, хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...барилгын ажил дотроо 7, 8 үе шаттай, дандаа зэрэгцээд явдаг” гэх тайлбар, мөн хэрэгт авагдсан, гүйцэтгэгч байгууллагаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр улсын комисс ажиллуулахаар хүсэлт гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гарсан зэрэг үйл баримтаар шүүх гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад ажлын гүйцэтгэл 50 хувь байх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд талуудын гүйцэтгээгүй үүргийг 50 хувь гэж тооцож, 102 966 750 төгрөгөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 337 хоногийн 0.1 хувиар алдангийг тооцоход 34 699 795 төгрөг болох боловч гэрээний 6.4-т нийцүүлэн, 102 966 750 төгрөгийн 20 хувиар тооцож, 20 593 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260 917 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 20 593 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48 806 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260 917 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ