| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03466/И |
| Дугаар | 183/ШШ2020/03075 |
| Огноо | 2020-11-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2020/03075
| 2020 11 11 | 183/ШШ2020/03075 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................................... тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Б овогт Ж.Б /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............................. өөрийн байранд байрлах, И газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 217 296 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр ажил эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, дээрх шийдвэрийг биелүүлсэн тул нийт 169 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 217 296 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Хариуцагч И газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 169 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байгаа боловч бидний тооцоогоор 135 хоног байна. Хариуцагч талаас энэ хугацаагаар цалин хөлсийг төлөхөд татгалзахгүй, харин илүү гарсан хоногийн үнийн дүнг төлөх боломжгүй гэж үзэж байна. Бусад шаардлагыг зөвшөөрнө” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч И Газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 217 296 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Б-г И газрын харьяа З аймаг дахь “Д” нисэх буудлын даргаар 2011 оноос ажиллаж байхад нь тус газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/000 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, З аймаг дахь Т нисэх буудлын мэдэлд шилжүүлжээ.
Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч, тус шүүхэд хандан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/0000 тоот шийдвэрээр хангаж, нэхэмжлэгч Ж.Б-г И газрын харьяа Завхан аймаг дахь “Д” нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 464 188 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1695 дугаар магадлалаар хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.
Хариуцагч дээрх магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Ж.Б-г ажилд томилсон байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоосон 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийн ажилд томилогдсон өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх ажлын хоногийг тооцоход 135 хоног байх тул үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 өдрийн цалин болох 59 402 төгрөгөөр тооцож, 8 019 270 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 198 026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 426,74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143 258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч И газраас 8 019 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 198 026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 726,74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143 258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ