| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 220/2020/0592/Э |
| Дугаар | 702 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 702
2020 5 28 2020/ДШМ/702
Р.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
яллагдагч Р.Бын өмгөөлөгч Ч.Атарболд,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/800 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Р.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Рын Б, 1984 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, одоо “...” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;
Р.Б нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-нд Геологи, хайгуулын газрын ахлах геофизикч инженерээр ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа хүлээлгэн өгөхдөө ажил албан тушаалтай нь холбогдуулан итгэмжлэн хариуцуулж өгсөн зөөврийн компьютер 1 ширхэг, GSM 19T proton Magnometer DGPS Systems загварын 2 ширхэг соронзон хайгуулын багаж, гар GPS 1 ширхэг, нийт 14.364.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгөлгүй завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Бд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн...
1. Р.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Б.Баясгаланг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохоор заасан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Монголын Алт” ХХК цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байхад хохирогчоор “Монголын Алт” ХХК-ийг тогтоолгүйгээр Б.Баясгаланг тогтоосон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Хавтас хэргийн 18 дугаар талд “Монголын Алт” ХХК нь тухайн компанийн ахлах хуульч Х.Агиймаа, туслах хуульч Б.Б нарт итгэмжлэл олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Монголын Алт” ХХК-ийг хохирогчоор тогтоосны дараа Х.Агиймаа, Б.Баясгалан нарыг хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тухайн хохирогч байгууллагыг төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалттай юм. Гэтэл хуулийн этгээдийг биш, хувь хүн, иргэнийг хохирогчоор тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
2. Яллах дүгнэлт хуулийн шаардлагыг хангаагүй байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсгээс дүгнэхэд яллагдагч Р.Бын дээрх үйлдлийн улмаас хэнд хохирол учирсан нь тодорхойгүй, “...” ХХК-нд, эсхүл Б.Баясгаланд хохирол учирсан аль нь болохыг тогтоох хэсэгт тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нөхцөл байдлыг тодорхой бичээгүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг, бусад баримтыг хохирогч гарган өгч, хавтас хэрэгт бэхжүүлж, тусгуулахаар заасан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон хохирогч Б.Баясгалан “...мөрдөгчид Р.Бын хөдөлмөрийн гэрээ, нууц үл задруулах гэрээний хуудас болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг өгсөн. Гэтэл хавтас хэрэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдаагүй байна. Яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна. ...” гэж мэдүүлснээс үзэхэд хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн баримтыг бүрэн дүүрэн хавтас хэрэгт тусгаагүй, ямар шалтгаанаар тухайн баримтыг хэрэгт хавсаргаагүй нь тодорхойгүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь хэрэгт ач холбогдолтой тул прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүлээн авах боломжгүй байна. “Монголын Алт” ХХК-ийн захирал Н.Цэлмүүн нь компанийн хэвлэмэл маягтад анх цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан бөгөөд гаргасан гомдолтой холбогдуулан Б.Баясгалангаас хохирогчоор мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй ба хуулийн этгээдийг зайлшгүй хохирогчоор тогтоох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хохирогчийг тогтоох боломжтой. Хэргийн оролцогч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу Р.Бын үйлдлийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоож эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн. Түүнчлэн Р.Б нь “...” ХХК-нд ажиллаж байхдаа түүнд ажил албан тушаалтай нь холбогдуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүй завшсан гэж яллах дүгнэлт үйлдсээр байхад хэнд хохирол учирсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хавтас хэргийн 54 дүгээр талд хохирогч Б.Баясгалангаас хүлээлгэн өгсөн нийт 18 хуудас баримт бичгийг хүлээн авч хэрэгт хавсаргасан талаар мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэж, хохирогч Б.Баясгалан гарын үсэг зурсан байна. Хавтас хэргийн 58 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээний хавсралтад эд хөрөнгийн хариуцлагын гэрээг “...” ХХК-ийн Санхүү эдийн засаг, тайлан бүртгэлийн газрын захирал Д.Сайнжаргал, Р.Б нар байгуулсан талаар баримт авагдсан байтал энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэрэгт ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Р.Бын өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхэд миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөрөө төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж энэхүү ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...хэргийн хохирогчийг зөв тогтоох, ...яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. ...нотолбол зохих байдлууд нотлогдоогүй” гэсэн үндэслэлүүдийг зааж Р.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Яллагдагч Р.Быг “...” ХХК-нд инженерээр ажиллаж байхдаа ажил алба тушаалтай нь холбогдуулан итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоохгүйгээр зөвхөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.
Хэрэгт хавсаргуулахаар мөрдөгчид өгсөн баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах ажиллагааг хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсгүүдэд “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна”, “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогч байгууллага нь яллагдагч Р.Бтай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ” байгуулсан эсэх, байгуулсан бол тухайн эд хөрөнгө тус бүрийг бүрэн хариуцах эсэхэд нэг бүрчлэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Иймд хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/800 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/800 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ