Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0474

 

         

      

 

           Н ХХК нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0296 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, О.М

Хариуцагч Р.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2024/0281/З                                          

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0296 дугаар шийдвэрээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан Н ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-212200001** дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 1,781,068,171.83 төгрөг болон 1,747,248,498.99 төгрөгийг тус тусын үндэслэлээр хасуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэж байсан. УИХ-аас энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан боловч Үндсэн хуулийн цэц 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд УИХ өөрөө хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин өөрчлөн найруулсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Н ХХК нь зөвхөн өөрийн ашиглалтын 3 тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлож худалдсан жоншны баяжмалд АМНАТ төлөх үүрэгтэй гэсэн үг.

2.2. Гэтэл анхан шатны шүүх Н ХХК-ийн 2018 онд бусдаас худалдан авч экспортолсон 10053.7 тн, 2019 онд бусдаас худалдан авч экспортолсон 5999.5 тн жоншны баяжмалын борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулж, торгууль, алданги төлүүлэхээр акт тогтоосныг өөрчлөн зөвтгөөгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр Н ХХК-ийн нийт экспортолсон жоншинд тооцоолол хийж нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй болохыг тогтоосон.

2.3. Мөн дүгнэлтэд нэхэмжлэгчийг 2018 онд бусдаас худалдан авч экспортолсон 10053.7 тн жоншны хүдэрт 398 993 956.30 төгрөгийн үндсэн төлбөр /Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь заалт/, 368 868 767.51 төгрөгийн нэмэлт төлбөр /Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.7 дахь заалт/, нийт 767 862 723.81 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 230 358 817.14 төгрөгийн торгууль, 153 572 544.76 төгрөгийн алданги, 2019 онд бусдаас худалдан авч экспортолсон 5999.5 тн жоншны хүдэрт 211 576 927.12 төгрөгийн үндсэн төлбөр /Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь заалт/, 207 939 130.30 төгрөгийн нэмэлт төлбөр /Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.7 дахь заалт/, нийт 419 516 057.42 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 125 854 817.22 төгрөгийн торгууль, 83 903 211.48 төгрөгийн алданги, нийтдээ 1 187 378 781.22 ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 356 213 634.37 төгрөгийн торгууль, 237 475 756.24 төгрөгийн алдангийг хууль зөрчин ногдуулсныг тогтоосон байхад анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй.

2.4. Нэхэмжлэгч тал захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэх ёстой гэж маргаагүй. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн үнэлгээг тооцно гэснийг хэрэглээгүйд гомдолтой байгаа болно. Учир нь, “Адил-Оч” ХХК нарын нэр бүхий 13 компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагатай, “Монголианфлюор спар” ХХК, “Бужгар орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах шаардлагатай нэгтгэсэн захиргааны хэргийг Улсын дээд шүүх 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 001/ХТ2025/0011 дугаартай тогтоол гаргасан. Тус тогтоолоор “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2024/0038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай” гэж шийдвэрлэсэн.

2.5. Үндэслэл нь захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа, тухайлбал хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан тусгайлсан журамд нийцсэн байх учиртай. Засгийн газар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр маргааны бүхий 81 дүгээр тогтоолыг батлах үед Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байсан, уг хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 Монгол улсын Үндсэн хууль, энэ хуульд нийцсэн байх, 60.1.2 тусгайлсан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангах, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж хэрэгжилтийн үйл явц, үр дүнг дүгнэх ёстой.

2.6. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтын хүрээнд Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө баталсан дээрх тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийж, тухайн зохицуулалт үр нөлөөтэй, зорилгоо хангаж, хэрэгжилт нь хангалттай байгаа эсэхийг тогтоох үүднээс хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байтал хариуцагч Монгол Улсын Засгийн газар 2016 онд маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргаснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэх талаар ажиллагаа хийгээгүйгээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа маргаан бүхий актын заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох /хууль дээдлэх зарчим/ түүнчлэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох /зорилгодоо нийцсэн/ /бодит нөхцөлд тохирсон/ /шийдвэр нь үндэслэл бүхий буюу харьцангуй байх/ зарчмыг хангасан эсэх нь эргэлзээтэй байна.

2.7. Дээр дурдсанаас харахад хуулийн хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор экспортод гаргаж буй хайлуур жоншны АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг Хятадын www.indmin.com цахим хуудаст байршсан олон улсын худалдааны /international Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байгаа нь хууль бус, аж ахуйн нэгж байгууллагуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоосон байгаа болно. Тиймээс маргаж буй нөхөн ногдуулалтын актаар Н ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр даалгахдаа экспортод гаргаж буй хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжаар www.indmin.com-г ашиглах ёсгүй байсан гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.1. Хариуцагч татварын улсын байцаагч Р.Б, П.Д нар нь 2122501509 дугаар томилолтын дагуу Н ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг явуулжээ.

3.2. Маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-212200001** дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,447,263,179,96 төгрөгийн нөхөн татвар, 801,206,050.2 төгрөгийн торгууль, 495,618,957.4 төгрөгийн алданги, нийт 3,744,088,187.56 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3.3. Нэхэмжлэгч Н ХХК-иас дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор маргаан бүхий НА-212200001** дугаар нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулж, 48,762,083,059.02 төгрөгийн зөрчилд 2,447,263,179.9 төгрөгийн нөхөн татвар, 801,206,050.2 төгрөгийн торгууль, 495,618,957.4 төгрөгийн алданги, нийт 3,744,088,187.5 төгрөгийн төлбөр ногдуулснаас буцаасан 342.6 тонн хайлуур жоншны хүдэрт ногдуулсан 12,381,012.5 төгрөгийн үндсэн, 11,142,911.2 төгрөгийн нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 7,057,177.1 төгрөгийн торгууль, 4,704,784.7 төгрөгийн алданги, нийт 35,285,885.5 төгрөгийн төлбөрийг бууруулж, 2,423,739,256.3 төгрөгийн нөхөн татвар, 794,148,873.11 төгрөгийн торгууль, 490,914,172.7 төгрөгийн алданги, 3,708,802,302.10 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н ХХК нь 2018 онд 3,603.00 тн 612,451,811.55 төгрөгийн үнэлгээнээс 30,622,590.58 төгрөг, 2019 онд 4,293.48 тн 729,892,115.22 төгрөгийн үнэлгээнээс 36,494,605.76 төгрөг, 2020 онд 3,596.63 тн 871,283,617.50 төгрөгийн үнэлгээнээс 43,564,180.88 төгрөг, 2021 онд 3,219.50 тн 709,598,033.32 төгрөгийн үнэлгээнээс 35,479,901.67 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр татварт тайлагнажээ.

3.5. Харин Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гаалийн мэдээгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 2018 онд 13.656.80 тн, 2019 онд 11,247.45 тн, 2020 онд 6.534.51 тн, 2021 онд 3.219.50 тн, нийт 34.658.26 тн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортод гарган борлуулсан болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр байна.

3.6. Хэдийгээр нэхэмжлэгчээс “өөрийн уурхайн талбайгаас заримыг нь олборлосон, заримыг нь бусдаас худалдан авч, экспортолсон тул энэ хэсэгтээ АМНАТ төлөх үндэслэлгүй, ... шүүх хуульд заасан журмын дагуу авагдсан шинжээчийн дүгнэлтийг шийдвэр гаргахдаа үнэлээгүй” гэж маргах боловч бусдаас худалдан авч, экспортолсон гэх үйл баримт санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримт болон татварын улсын байцаагч нарын хяналт шалгалт хийгдсэн баримтууд өөр хоорондоо зөрүүтэй өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй баримтуудаа шинжээчид гаргаж өгсний улмаас дүгнэлт, актаар тогтоогдсон дүн зөрүүтэй гарсан явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй юм. 

Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдахгүй байх тул эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.7. Нэхэмжлэгчийн “...Засгийн газрын 81 дүгээр тогтоол хүчингүй болсон, борлуулалтын орлогоос татвар ногдох орлогыг тооцох байсан” гэх агуулга бүхий гомдлын тухайд,

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай 81 дүгээр тогтоолоор Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д экспортод гаргаж буй хайлуур жоншны АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг www.indmin.com цахим хуудаст байршсан олон улсын худалдааны /international Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон.

Уг тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалжтай холбоотойгоор “Адил-Оч” ХХК нарын нэр бүхий 13 компаниас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан маргаж, Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Улмаар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дугаар хавсралтад заасныг Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалжийг www.fastmarkets.com гэж 2025 оны 38 дугаар тогтоолоор өөрчилсөн байх бөгөөд энэ нь маргаан бүхий актыг гаргасан цаг хугацаанд үйлчлэхээргүй байх төдийгүй нэхэмжлэгчээс маргаж буй гэрээний үнээр тооцуулах үндэслэлд шууд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүнд www.indmin.com сайтын үнийг баримтлан нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээдийн үүрэг юм.

3.8. Ийнхүү нэгэнт 2018-2021 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллээр Н ХХК нь 2018 онд 13.656.80 тн, 2019 онд 11,247.45 тн, 2020 онд 6.534.51 тн, 2021 онд 3.219.50 тн, нийт 34.658.26 тн /фк-75%-иас дээш агуулгатай/ ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон болох нь тогтоогдож байх тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                       

                        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                          Ц.ОДМАА