Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:  Д.Эрдэнэсоёл

Шүүгдэгч:******* түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201705000028 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, хувьдаа таван толгой хоньтой, Дэмбэрэл овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг ХААН банкны уурын зууханд 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн  орчим иргэн ******* зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.Батбаяр, Б.Амарбаяр, ******* бид дөрөв ХААН банкны уурын зуухны амралтын байранд архи уусан. Бид дөрөв 0.75  литрийн багтаамжтай нэг шил “Ерөөл” архи  хувааж уусан.

Тэгээд би ах хүү үнсээ авъя гэхэд  П.Батбаяр ах:- чи ав, би авахгүй гэснээс маргасан. П.Батбаяр ах намайг:- банди минь, би чам шиг бандийг зөндөө үзсэн. Чи намайг зодож чадахгүй гээд байхаар нь би хоёр цохиод авсан. Тэгээд би гараад үнсээ авсан. Үнсээ авчихаад халуун ус руу ортол П.Батбаяр ах халуун усанд хувцсаа солиод сууж байхаар нь би:- үнсээ авъя ах хүү гэхэд би явлаа ажиллахгүй гээд хэрүүл өдөөд байхаар нь ахиад нэг цохиод авсан. Би П.Батбаяр ахыг гараараа нүүрэн тус газарт гурван удаа цохисон. Хохирогч П.Батбаярт хохирол 150 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гомдол, саналгүй гэсэн  ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Уурын зуухыг дөрвүүлээ галладаг юм. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Амарбаяр, Ж.Хүрэлээ, ******* бид дөрөв уурын зуух галлаж байсан. Тэр өдөр бид нар баяраа тэмдэглээд нэг шил архи ууцгаасан. Согтсон хүн байгаагүй. Архиа ууж дуусгаад  ахиад нэг, нэг  пиво уусан.  Би  зуухандаа галаа түлээд байж байгаад  нэг цай уух гээд ортол  байшинд баахан хүмүүс пиво уугаад байж байсан.Намайг орж ирэхэд ганц татчих гэхэд нь ганц татсан..Тэгээд би үнсээ ав  гээд *******д хэлтэл хүний үг даахгүй уурлаад намайг зодсон юм байна лээ. Би болсон явдлыг сайн санахгүй байгаа. Б.Амарбаяр бид хоёрыг салгасан гэж надад хэлсэн. Тухайн үед миний хоёр нүд хавдчихсан, зүүн талын хавирга  жаахан хөндүүр байсан...Миний бие гайгүй болсон. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй надад учирсан хохирол болох мөнгийг төлж барагдуулсан. ******* надад бэлэн 70000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэд нар орой 17:40 цагийн орчимд амралтын өрөөнд ортол *******, П.Батбаяр хоёр архи уугаад байж байсан. Б.Амарбаяр нь халуун усны өрөөнд толгой хүзүүгээ угаагаад байж байсан. Тэгээд намайг тэнд орсны дараа нөгөө хоёр чинь гараад явсан. Гараад  ойролцоогоор 10 минут болсон байх нөгөө хоёр чинь маргалдсан юм байна лээ, юунаас болж маргалдсан талаар  би мэдээгүй, нөгөө ээлжийн слесарь н.Баярсайхан ирээд  ажлаа хүлээлцэхээр хувцас сольдог өрөө рүү ороход баруун талын нүдний орчимд улайсан харагдсан. Тэгэхээр нь би яасан юм гэхэд  ******* цохисон гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Харин орой 18 цаг өнгөрөөд тарах гэж байхад *******, ******* зодсон…Амралтын байранд ороход *******, *******, П.Батбаяр нар архи уугаад сууж байсан. Би тэнд орж цай уучихаад үнсээ аваад байж байтал П.Батбаяр ах *******д зодуулчихлаа гээд нүүр нь  шалбараад цус гарчихсан орж ирсэн…******* араас нь орж ирээд ******* толгой тархи руу нь нүдээд байсан. Тэгэхээр нь би боль гээд салгасан. П.Батбаяр сандал дээр сууж байхад нь орж ирээд зодсон, газар унахаар нь би салгаад Д.Батбаяр ах, зодсон банди бид гурав халуун ус руу орж, толгой тархиа угаагаад би Д.Батбаяр ахыг хүргээд өгөх үү? гэхэд П.Батбаяр ах:- яах юм би өөрөө явчихна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн

1.  биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, дээд уруулд шарх, дух, баруун дээд зовхи, баруун хацар, шанаа, зүүн чамархай, зүүн хацар, эрүүнд зулгаралт, баруун нүдний салстад, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

2.Дээрхи гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3.Иргэн биед 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-28/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаар тодорхойлолт /хх-ийн 40/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 42/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-49/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар  шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 65-67/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг ХААН банкны уурын зууханд 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн  орчим иргэн ******* зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/, хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19/, гэрч *******, Б.Амарбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-23/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн “ ...  биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, дээд уруулд шарх, дух, баруун дээд зовхи, баруун хацар, шанаа, зүүн чамархай, зүүн хацар, эрүүнд зулгаралт, баруун нүдний салстад, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүссэн байна...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 27-28/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.*******д холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  Ж.******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул нэг сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялын арван тав хоногийг нэмж нэгтгэн  ял оногдуулах” тухай саналыг гаргасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтыг үнэлээд шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч П.Батбаяртай сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон боловч, шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар таван жил арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн нэг жил долоон хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-д заасан зүйл анги нь анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд тооцогдсон тул шүүгдэгч *******ыг ялыг  тэнсэж хянан харгалзах хугацаанд,эсхүл ялтай байхдаа  дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар  зүйлийн 58.1-д зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Батбаяр   нь хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  талаар  бичгээр илэрхийлсэн ба  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж ял оноох нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “таван тооны хонийг ”  битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр  сарын 13-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “таван тооны хонийг” эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Дэмбэрэл овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч *******ыг  нэг сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан нэг  сарын баривчлах ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар таван жил арав хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн нэг жил долоон хоногийн  хорих ялын заримыг болох нэг сарын ялыг нэмж нэгтгэж шүүгдэгч *******ын  биечлэн эдлэх ялыг хоёр сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хоёр сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын “таван тооны хонийг ”  битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр  сарын 13-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын  хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “таван тооны хонийг” эзэмшигч *******д  буцаан олгосугай.  

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Ц.Түмэнжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 02  дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээдэд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ