Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0570

 

2019 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0570

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: Т т ХХК

Хаяг:

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М-ын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0175230 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч улсын байцаагч Т.М, гэрч А.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Т т ХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т т ХХК нь анх тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М-ын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-104/02-180073 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдол гаргасан.

Гэвч улсын ахлах байцаагч Т.М нь он сарын хувьд алдаатай шийтгэлийн хуудас гаргаснаа хүлээн зөвшөөрч, тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дахин шинээр шийтгэлийн хуудсыг бичиж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М-ын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0175230 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Т т ХХК нь 2018 оноос эхлэн түлш жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани Б о м ХХК-тай түлш нийлүүлэх гэрээ байгуулан, түлш нийлүүлсэн бөгөөд тухайн компанид бөөнөөр түлш нийлүүлсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Манай компани нь Уул уурхайн сайдын 2013 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам-ын 2.2-т заасан бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг агуулахаас худалдаагүй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт манай компанийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б о м ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулах хүсэлтийг гаргасан боловч ...хоёр компанитай холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэж байгаа тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн атлаа манай компанийг торгосон шийдвэрээ өөрчлөөгүй нь шударга ёсны болоод тэгш ёсны зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Манай компанийг ямар нэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад агуулахаас түлш бөөнөөр борлуулсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр Б о м ХХК-ийн ...бөөнөөр агуулахаас худалдан авсан гэх худал мэдээллийн дагуу манай компанийг торгосон нь манай эрх, ашиг сонирхолд бүдүүлгээр халдсан хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б о м ХХК- иас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авч Т т ХХК-ийн шатахуун бөөнөөр худалдаалсан үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шалган 07-Б1802090567/0121 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн, хохирогч болон холбогдогч талаас тайлбар авч, холбогдох бичиг баримтыг шалган, Нийслэлийн прокурорын хяналт дор хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шийтгэлийн хуудаст 2018 гэхийг 2017 гэж бичсэнийг Тамгын газарт өөрөө хүсэлт гарган шалгуулсан ба механик алдаа байна гэж үзээд дахин шийтгэлийн хуудас хэрэглэхийг зөвшөөрсөн болно.

Уул уурхайн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан нарийвчилсан журмаар агуулахаас худалдаалах тухай тусгасан ба уг журмын тайлбарыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас манай байгууллагад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07/1323 дугаартай албан бичгээр ирүүлсэн ба тайлбараас дүгнэлт хийхэд Т т ХХК-ийг бөөний худалдаа эрхэлж байсан нь тодорхой харагдана.

Газрын тосны бүтээгдэхүүний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа гэж газрын тосны бүтээгдэхүүнийг нэг удаад тээврийн хэрэгслийн нэг торхны хэмжээнээс багагүй хэмжээгээр борлуулалт хийхийг" гэж заасан ба Т т ХХК нь тээврийн хэрэгслээр борлуулалт хийсэн бөгөөд энэ нь бөөний худалдаа болох нь шалгалтын явцад нотлогдсон болно.

Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т.М миний бие Б о м ХХК-иас ирүүлсэн гомдлыг шалгаж шийдвэрлэсэн ба зөрчлийн хэргийг шалгах явц Нийслэлийн прокурорын хяналт дор явагдсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан асуудал нь 2 компанийн хоорондын төлбөр тооцооны асуудал тул миний шалгаж байгаа асуудалд хамаарахгүй болохыг Нийслэлийн Прокурорын газар тогтоосон болно.

Т т ХХК-ийн гаргасан гомдол надад хуваарилагдаагүй, өөр улсын байцаагч шалгаж хариу өгсөн байх тул энэ асуудал надад хамаагүй болно.

Иймд шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Т т ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийг холбогдох хуулийн дагуу төлүүлэхийг хүсэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Т т ХХК анх тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т.М-ын Т т ХХК-д оногдуулсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-104/02-180073 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий гомдлыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М-ын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0175230 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн эцэслэн тодорхойлсон.

 

Шүүх эцэслэн тодорхойлсон гомдлын шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б о м ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан ...Т т ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авалгүйгээр түлш, шатахууныг бөөнөөр худалдсан зөрчлийг гаргасан гэх гомдол гаргасантай холбогдуулан тус газрын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т.М Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэнТөрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5дугаар зүйлийн 52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ, -т заасан журмын дагуу хяналт шалгалтын ажлыг эхлүүлж,

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргагч Б о м ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, холбогдогч Т т ХХК-ийн төлөөлөгч Б.Б нараас мэдүүлэг авчээ.

Шалгалтын явцад холбогдогч Т т ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т заагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол-д заасан үндэслэлээр тус зөрчлийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 02-07-104/02-180073 дугаар шийтгэлийн хуудсаар Т т ХХК-д хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Т т ХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ ... бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг агуулахаас худалдаагүй, шийтгэх хуудасны огноо илт алдаатай, ...2017 оны 02 дугаар сарын 17, 19 нь мэдэгдэхгүй шийтгэлийн хуудсаар торгосон болон 2018 оны шийтгэлийн хуудсыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин шинээр бичиж өгсөн нь илт хууль бус хэмээн тайлбарлан маргаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа гэж газрын тосны бүтээгдэхүүнийг нэг удаад тээврийн хэрэгслийн нэг торхны хэмжээнээс багагүй хэмжээгээр борлуулалт хийхийг, 9 дүгээр зүйлийн 9.1-д Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ хэмээн хуульчилсан бөгөөд Уул уурхайн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.2-т Жижиглэнгийн худалдаа эрхлэх - бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцаас худалдах үйл ажиллагаа[1] хэмээн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, гомдол гаргагч Т т ХХК нь Уул уурхайн сайдын 2016 оны А/84 дүгээр тушаалаар тус бүр 3 жилийн хугацаатай олгогдсон бүх төрлийн шатахууны импортын тусгай зөвшөөрөл, бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж,

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 дугаар гэрээгээр 300.000 литр дизель түлшийг, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаартай гэрээгээр 99.180 литр дизель түлшийг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 дугаартай гэрээгээр 49.720 литр дизель түлшийг тус тус Б о м ХХК-нд зээлээр худалдан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу тус компанийн уурхай дээр хүргэж өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 дугаар гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаартай гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 дугаартай гэрээ, Т т ХХК-иас З Т Т Т ХХК-тай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А т г, Т ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 9 дугаартай гэрээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн төлөөлөгч Б.Б-ын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 448.900 литр дизель түлшийг Б О м ХХК-нд зээлээр худалдсан Т т ХХК-ийн үйлдлийг Уул уурхайн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.2-т тодорхойлсон /2.2.2.Жижиглэнгийн худалдаа эрхлэх - бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцаас худалдах үйл ажиллагаа/ түгээх станцаас худалдах үйл ажиллагаа хэмээн үзэх боломжгүй.

Хэдийгээр хариуцагч улсын ахлах байцаагч Т.М-оос 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02-07-104/02-180073 тоот шийтгэлийн хуудсын огноог 2017 хэмээн буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан 02-07-104/02-180073 дугаар шийтгэлийн хуудас, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т заасан зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдлыг үгүйсгэхгүй,

алдаатай бичигдсэн шийтгэлийн хуудастай холбоотойгоор Т т ХХК-иас гаргасан гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс улсын байцаагчид дахин шийтгэлийн хуудас хэрэглэхийг зөвшөөрч, үүний үндсэн дээр хариуцагчаас 0175230 тоот шийтгэлийн хуудсыг дахин бичиж холбогдогчийн төлөөлөгчид гардуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02-01/1793 дугаар албан бичиг болон хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул шүүх гомдол гаргагчийн гомдлыг хангаж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан улсын ахлах байцаагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бусад тооцох боломжгүй байна.

Иймд, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн Т т ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т заасан шийтгэлийг оногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т.М-ын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0175230 тоот шийтгэлийн хуудсыг шүүх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн үзэж, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12 Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.М-ын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0175230 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий "Т т ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М