Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0200/з |
Дугаар | 293 |
Огноо | 2017-09-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 293
“Н а м” ХХК-ний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0394 дүгээр магадлалтай, “Н а м” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэтс холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Н а м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Н а м” ХХК-ийн эзэмшдэг МV-017394 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0394 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0394 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргах тухай.
Миний бие тус шүүхэд хянагдаж буй “Н а м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болоогүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж “Н а м” ХХК-ийн МV017394 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдрийг буруу тогтоосноос шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “мэдэгдлийг хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 тоот албан бичгээр ... хүргүүлсэн”, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна” гэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “Н а м” ХХК-ийн МV017394 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.21-т зааснаар цуцлах үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.72, 34.23, 34.64 тус тус зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 4-нөөр тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар энэхүү үндэслэл тогтоогдсоноос хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 4-нөөс хойш 10 хоногт багтаан (2016.11.13-ны өдөр) тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан мэдэгдлийг хүргүүлэх зохицуулалттай байна.
Иймд хавтаст хэргийн 29 дэх талд буй мэдэгдлийн агуулга “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл” талаар бус харин “алданги төлөх талаар мэдэгдсэн” мэдэгдэл байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү мэдэгдлийн агуулгаар тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргах, түүнчлэн гомдлын үндэслэлийг зөвшөөрөөгүй тохиолдолд нотлох баримт гаргаж өгөх эрх зүйн үндэслэлгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу хэрэглэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдрийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хэмээн буруу тогтоож, 10 хоногийн дотор буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.25-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөөгүй, мөн зүйлийн 56.36-т заасан эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч эдлэх боломж олгохгүйгээр шууд зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтыг зөрчсөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа болсон байна.
Хоёр. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.27, 34.68. 34.79, 56 дугаар зүйлийн 56.1.2[0-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг захиргааны актыг хаяглагдсан этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг захиргааны актыг хаяглагдсан этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй.
Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүй боловч хуулинд тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д мэдэгдэл өгнө гээд тусгайлан заасан учир цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар мэдэгдэх зохицуулалттай байхад давж заалдах шатны шүүх энэхүү хуулийн заалтыг хэрэглээгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д зааснаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0394 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.
Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших “Төгс өндөр” нэртэй 297.06 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Н а м” ХХК-нд олгохоор шийдвэрлэж, MV-017394 дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №148 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” үндэслэлээр тус компанийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “... /хариуцагч/ маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу төлбөр төлөхийг сануулсан мэдэгдэл болон тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдэл хүргүүлээгүй ... цуцалсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “... “Н а м” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулиар олгосон боломжит хугацааны аль, алинд ч төлбөрөө төлөөгүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ... заасны дагуу ... тусгай зөвшөөрөл эзэмшигчийн системд бүртгэлтэй хаягаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 дүгээр мэдэгдлийг явуулсан... тусгай зөвшөөрлийг цуцласан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Н а м” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-017394 дугаартай тусгай зөвшөөрлийн 2016 оны ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, ийнхүү төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.4-т “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох”-оор, 34.6-д “... /хуульд/ заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “... хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, нэхэмжлэгч “Н а м” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг “түүнийг анх олгосон” жил бүрийн 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож, үндсэн төлбөр дээр нэмж алданги төлснөөр 30 хүртэлх хоногоор хугацааг сунгах боломжтой, сунгасан хугацааны дотор буюу 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай байна.
Иймд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н а м” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөөгүй тул тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-017394 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №148 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... /тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан журмаар төлөх/ үүрэгтэй бөгөөд зөрчвөл ... тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар, 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заах”-аар тус тус заасныг тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг “тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх” Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бий болсон гэж үзэх бөгөөд ийнхүү “үндэслэл бүрдсэн”-ээс хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэх үүрэгтэй, харин хуульд тусгайлан заасан “алданги төлөх боломжтой” 30 хоногийн хугацаанд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй гэж ойлгоно.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдрийг буруу тогтоосон” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “Н а м” ХХК-нд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болон хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13 –ны өдрийн 7/979 дүгээр албан бичгээр Кадастрын хэлтэст бүртгэлтэй “ХУД. 11 хороо, 7 дугаар хэсэг Дагиймаа 5-9 тоот” гэх тус компанийн хаягаар, шуудангаар хүргүүлсэн боловч “уг хаягт хүнгүй, утас нь биш” гэх шалтгаанаар буцаж ирсэн, энэ талаар нэхэмжлэгчээс “... дээрх хаяг дээр манай компани анх байгуулагдсан, одоо ЧД-ийн 2 хороо, Ж.Самбуугийн гудамж, Орон зай төвийн 803 тоот” хаягт үйл ажиллагаа явуулдаг” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, ийнхүү хаяг өөрчлөгдсөн талаараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэдэгдэж, бүртгэлд өөрчлөлт оруулаагүй, энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх” үүрэгтэй, нэхэмжлэгч “Н а м” ХХК хуульд заасан уг үүргээ биелүүлж, хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйгээс үүссэн үр дагаварыг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх мөн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмыг зөрчиж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид “мэдэгдэлгүй” тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... мэдэгдэл өгнө гэж заасан /байхад өгөөгүй/” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0394 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА