Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/03121

 

 

 

 

 

               2020           10               20   

       102/ШШ2020/03121

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Хангал, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ** тоотод оршин суух В овогт Л А /РД:**,  утасны дугаар: **/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ** тоотод оршин суух Б овогт Д Ш /РД:**, утасны дугаар: **/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ** тоотод оршин суух Б овогт Д О /РД: **, утасны дугаар: **/

 

Эмчилгээний зардалд 2,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х

                                хариуцагчийн төлөөлөгч Д.Б

                                   гэрч Л.Д

                                иргэдийн төлөөлөгч Л.О

                                нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 15 настай Ш.Ө, Б.Б нар нь миний төрсөн хүү А.Мыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүлэглэн зодож тархи доргилт, хамрын ясны хугарал таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулсан. Дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5209 тогтоолоор Ш.Ө, Б.Б нар нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж хэргийг хаасан.   Хүү А.М нь 14  хоног хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгүүлсэн боловч бүрэн тэнхрээгүй ба амархан ядардаг ба одоогоор хамар нь байнга битүүрч нусаа нийх үед цус гарч зовиуртай байхаас гадна энгийн хүний нүдээр харахад хамар нь илт муруй, түүнчлэн Монгол улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээгээр хамрын хянга ясны зүүн талын ирмэгээр дотогш цөмөрч бороолсон таславч муруй, самалдаг улайсан, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл учирсан болохыг тогтоосон.  Миний хүү А.М нь дөнгөж хүүхэд насан дээрээ явж буй нэгэн бөгөөд хүний гоо сайхан гэдэг маш чухал зүйл хүү минь одоо хамраасаа ичиж өөртөө итгэлгүй болох цаашлаад энэ хүүгийн минь амьдралд сөргөөр нөлөөлөх вий гэж эх хүний хувьд санаа зовж маш олон эмнэлгээр явсан боловч хагалгаа хийхээс нааш хэвийн байдалдаа орох боломжгүй гэж хариу өгсөн. ЭМЖЖ / чих хамар хоолой/ эмнэлэгт хандан хүүгээ эмчлүүлэх гэсэн боловч шинжилгээ 100,000 төгрөг, СТ 140,000 төгрөг, хагалгааны төлбөр  1,850,000 төгрөг, 5 хоногийн ор хоногийн төлбөр нь 150,000 төгрөг нийт 2,240,000 төгрөг шаардлагатай гэсэн. Ш.Ө, Б.Б нарыг хариуцагчаар татах гэсэн боловч эдгээр хүүхдүүд нь насанд хүрээгүй учир эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч нарыг нь хариуцагчаар татсан болно. Иймд Ш.Ө, Б.Б нарын хууль ёсны асран хамгаалагч болох Д О, Д Ш нараас гэм хорын улмаас үүссэн эмчилгээний зардал болох 2,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 15 настай Ш.Ө Б.Б нар нь 15 настай А.Мыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүлэглэн зодож тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учруулсан. Дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5209 тогтоолоор Ш.Ө, Б.Б нар нь насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж иргэний хэргийн журмаар шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж хэргийг хаасан. А.М нь 14 хоног хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгүүлсэн боловч тухайн үед бүрэн тэнхрээгүй, амархан ядардаг, хамар нь байнга битүүрч нусаа нийх үед цус гарч зовиуртай, энгийн хүний нүдээр харахад хамар нь муруй, түүнчлэн Монгол улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээгээр хамрын хянга ясны зүүн талын ирмэгээр дотогш цөмөрч бороолсон таславч муруй, самалдаг улайсан, тархи доргилт, хамрын ясны хугарал зэрэг гэмтэл учирсан болохыг тогтоосон. А.М нь дөнгөж хүүхэд насан дээрээ явж буй нэгэн бөгөөд хүний гоо сайхан гэдэг маш чухал зүйл. Одоо хамраасааа ичиж өөртөө итгэлгүй болсон. Цаашлаад энэ хүүгийн амьдралд сөргөөр нөлөөлөх вий гэж санаа зовж маш олон эмнэлгээр явсан боловч хагалгаа хийхээс нааш хэвийн байдалдаа орох боломжгүй гэж хариу өгсөн. ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хандан эмчлүүлэх гэсэн боловч шинжилгээ 100,000 төгрөг, СТ 140,000 төгрөг, хагалгааны төлбөр 1,850,000 төгрөг, 5 хоногийн ор хоногийн төлбөр нь 150,000 төгрөг нийт 2,240,000 төгрөг шаардлагатай гэсэн. Ш.Ө, Б.Б нарыг хариуцагчаар татах гэсэн боловч эдгээр хүүхдүүд нь насанд хүрээгүй, өөрийн орлогогүй учир эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч нарыг нь хариуцагчаар татсан. Иймд Ш.Ө, Б.Б нарын хууль ёсны асран хамгаалагч болох Д О, Д Ш нараас гэм хорын улмаас үүссэн эмчилгээний зардал болох 2,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хавтаст хэргийн 26 дугаар талд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Ө, Б.Б нарын эцэг, эхчүүд нь А.Мын ээж дээр ирж уучлалт гуйж 400,000 төгрөг өгсөн баримт байгаа. Тэр мөнгийг нь авсан, энэ мөнгөөр нь эмчилгээ хийлгэсэн, мөнгөний зарцуулалтын баримтыг мөн хэрэгт өгсөн байгаа. Шинжилгээний хувьд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зодуулаад 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шинжилгээ хийлгэхэд нарийвчилж шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн байдаг. Хавтаст хэргийн 8 дугаар талд энэ талаарх баримт байгаа. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлсэн баримт хэрэгт байгаа. Ш.Ө, Б.Б нарын хувьд А.Мыг нийлж зодсон асуудал дээр маргаан байхгүй. Иймд Иргэний хуулийн 228.4, 497.1, 497.2, 503, 505-т зааснаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжпэл гаргасан. Иймд эмчилгээний зардалд 2,240,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Л.А нь 2019 оны 11 сарын 08-ны өдөр Д.О надад болон Д.Ш бидэнд холбогдуулан 2,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Д.О миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь 2019 оны 9 сарын 12ны өдөр нэхэмжпэгч Л.Аийн хүү А.М миний хүү Б.Б, Ш.Ө нар хоорондоо муудалдаж зодолдсон байсан. Ингэж зодолдсоны дараа би Өн аав, Мын ээжийн хамт А.Мыг гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд тухайн үөд гэмтлийн эмч хамрын гэмтэл байгаа талаар хэлээгүй. Харин үзээд хүүхдийг тархи доргисон байх магадлалтай гээд хэвтрийн дэглэм сахих заавар бичиж өгсөн юм. Мын хамар тэр үед хавдаж бариагүй, цус гараагүй байсан. Мын ээж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Цагдаагийн байгууллагад миний хүү Б байцаалт өгч байхад ээж хүний хувьд надад хүүхдээ мөрдөн байцаагчид зандчуулаад сууж байхыг харахад хэцүү байсан учраас дахин цагдаагаас дуудахгүй л байвал боллоо гэж бодож байсан. Эмнэлэгт үзүүлсний дараа Өн аав, бид хоёроос Мын ээж 500,000 төгрөг нэхсэн. Тухайн үед хүүхдэд ямар нэг гэмтэл бэртэл болоогүй байсан боловч, бидний хувьд нэг ангийн хүүхдүүд болохоор дахин асуудал гарахгүй л байвал болоо гэж бодон Мын ээжид 400,000 төгрөг нийлүүлээд өгсөн. Ингээд бидний хувьд асуудал дууслаа л гэж бодсон. Баянгол дүүргийн прокурор Батсайхан болон мөрдөн байцаагч А.Ариунзаяа нараас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж байгаа талаар бидэнд мэдэгдэж танилцуулаагүй. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг ч мөрдөн байцаагч нь танилцуулаагүй учраас бид Мт гэмтлийн ямар зэрэг тогтоогдсон болон шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Гэтэл гэнэт Өн аав ийм нэхэмжлэл ирсэн талаар надад хэлсэн. Би нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэлд миний мэдэхгүй баримтууд байсан бөгөөд нэхэмжлэлд Мын ээж А нь худал гүтгэлгийн шинжтэй зүйлс бичиж, өөрийн дураар мөнгө нэхэмжилсэн байна. Үнэхээр тухайн үед хүүхдийн хамар гэмтсэн байсан бол гэмтлийн эмч анхан шатны тусламж үзүүлэх байсан төдийгүй бидний хувьд н М Мын ээжтэй цуг явж байсны хувьд хүүхдийн хамар ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн талаархи мэдэх боломжтой байсан. Ангийн багш Батсүх нь хүртэл тухайн үед хүүхдүүд нмар байдалтай байсныг сайн мэдэж байгаа Багш Батсүх нь энэ асуудлыг мэдэж, хүүхдүүдийн эцэг эх рүү ярьж Мын ээж А, Өн аав Ш, Батдагвын ээж О миний бие бид нар сургууль дээр нь очсон юм. Тиймээс багшийг нь сайн мэднэ гэж бодож байна. Миний хувьд нөхцөл байдлыг эхнээс нь аваад сайн мэдэж байгаагийн хувьд уг гэмтлийг хэрэг болсон 2019 оны 9 сарын 12-ны едер аваагүй. Харин хуучин хамрын гэмтэл байсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 400,000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй гэж өөрөө бичиж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Хувийн эмнэлгийн нэхэмжлэх нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй гэж үзэж байна. Ш.Ө, Б.Б нар нь А.Мын шанаа руу нь цохисноос биш хамар руу нь цохиогүй. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гаргасан байдаг. Эдгээр дүгнэлтүүдэд хамар хугаралтай гэж гарсан байдаг боловч Ш.Ө, Б.Б нарын үйлдлээс хамар хугалсан гэж шинжээчийн дүгнэлтэнд дурдаагүй. Ш.Ө, Б.Б нарын эцэг, эхчүүд нь А.Мын эцэг, эхтэй уулзаж уучлалт гуйгаад 400,000 төгрөг өгч цаашид гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн баримт хэрэгт байгаа. Насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг төрөөс хариуцдаг. Тийм байхад заавал ЭМЖЖ гэдэг хувийн эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. ГССҮТ-ийн эмч Л.Дагвадоржийн үзлэгийн тэмдэглэлийг харахад хамар хугарсан гэсэн онош тавиагүй байдаг. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Хамар хугалсан гэдэг асуудал нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Рентген зураг авахуулахад хатуу эд хугарсан зүйл байхгүй буюу яс хугарсан зуйлгүй, тархи доргисон байна гэсэн байдаг. А.Мын шанаа руу нь цохьсон гэж ангийн багш н.Б мэдүүлсэн байдаг. Хамар руу нь цохьсон бол цус гарах ёстой. Гэтэл цус гарсан зүйл байгаагүй. Иймд А.Мын хамранд учирсан гэмтэл нь тухайн цаг үед Ө, Б нарын үйлдлээс үүсээгүй, харин өөр нөхцөл байдлаас шалтгаалж тухайн үед өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Мөн Ш.Ө нь А.Мыг цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг ба Б.Б энэ зодоонд оролцоогүй байдаг. Иймд нэгэнт энэ зодоонд оролцоогүй учраас Д.Оийг хамтран хариуцагчааар оролцуулах шаардлагагүй, хасах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. Учир нь:

 

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Д.Ш, Д.О нарт холбогдуулан тэдний насанд хүрээгүй хүүхдүүд Л.Аийн хүү А.Мыг зодсоны улмаас тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учруулсаны улмаас эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардалд 2,240,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр насанд хүрээгүй А.Мыг насанд хүрээгүй Ш.Ө, Б.Б нар зодож тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учруулсан болох нь тэдний өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримтуудаар тогтоогдсон боловч Ш.Ө, Б.Б нарыг 16 нас хүрээгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5209 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Дээрх тогтоолд хэн аль нь гомдол гаргаагүй үйл баримт тогтоогдсон.

 

Талууд А.Мыг Ш.Ө зодсон үйл баримтад маргаагүй, харин “тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархины доргилт онош тогтоогдсон, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдоогүй, А.Мын ээж санал гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, А.Мыг Б.Б зодоогүй” гэж маргаж байна.

 

 А.Мыг зодсон үйл баримтыг цагдаагийн байгууллага шалгаж байхдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байх ба тухайн шинжээчийн дүгнэлтэд “А.Мын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. Уг дүгнэлт болон тухайн үед А.М, Ш.Ө, Б.Б нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн Ш.Ө, Б.Б нарын үйлдлээс А.Мын биед “тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон  гэж үзжээ. Тухайн хэргийн оролцогч нар болох Ш.Ө, Б.Б нарын хууль ёсны төлөөлөгчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг зөвшөөрөөгүй бол дахин шинжилгээ хийлгэх, прокурорын тогтоолд дурдсан үйл баримтыг зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүйг болсон үйл баримт, тогтоогдсон гэмтлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А.Мыг насанд хүрээгүй Ш.Ө, Б.Б нар зодсон, тэдний үйлдлээс А.Мын биед “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл үүссэн үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч тал А.Мын биед учирсан гэмтлийг хэрэг маргаан болох үед үүсээгүй, хуучин гэмтэл байх магадлалтай гэж маргасныг үндэслэн тэдний хүсэлтээр шинжээч томилсон ба шинжээч “А.Мын биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А.Мыг үзсэн Гэмтэл согог, судлалтын үндэсний төвийн эмч Л.Дагвадоржоос хариуцагч тал гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрчийн мэдүүлэгт “илт хамар муруйсан, цөмөрсөн л биш бол хамрыг шууд гаднаас нь хараад хамар хугарсан үгүйг тодорхойлох боломжгүй, А.Мыг рентген зураг авахуулсан байна, тухайн үед тархины доргилт онош тавьсан байна, рентген зурганд харагдах хугарал, харагдахгүй хугарал гэж байдаг, рентгенээр харагдаагүй бол компьютер томографийн зураг авахуулах шаардлагатай” гэжээ. Дээрх нотлох баримтуудаас үзвэл хэрэг учрал болох үед А.Мын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учраагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Мөн А.Мын хамар руу цохиогүй гэж марган ангийн багш Д.Б гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч “зүүн талын чамархай хэсэгт улайсан байсан” гэж мэдүүлсэн нь А.Мын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.   

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар Ш.Ө, Б.Б нар нь А.Мын биед учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэвч цалин хөлс, орлогогүй сургуульд суралцаж буй насанд хүрээгүй хүмүүсийн учруулсан гэм хорыг арилгуулахаар эцэг, эхийг зохих ёсоор үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.   

 

А.Мын эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад 2,240,000 төгрөг шаардлагатай болохыг чих, хамар хоолойн эмнэлэг “ЭМЖЖ” ХХК тодорхойлсныг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг үндэслэн эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан эмчилгээний зардлыг тавь, тавин хувиар хариуцагч нарт хариуцуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч нар А.Мын эмчилгээний зардалд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 400,000 төгрөгийг сайн дураар өгсөн, уг мөнгийг эмнэлэгт үзүүлэх, эмийн эмчилгээнд зарцуулсан талаарх баримтыг нэхэмжлэгч ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас /мэс засал хийлгэх шаардлагатай зардлаас/ хасаж тооцох үндэслэлгүй байна. Мөн А.Мын эх Л.А нь “цаашид ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй” гэдгээ илэрхийлсэн нь А.Мын биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардлыг шаардах эрхийг хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч Д.Шаас 1,120,000 төгрөг, хариуцагч Д.Оээс 1,120,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Д Шаас 1,120,000 төгрөг, хариуцагч Б овогт Д Оээс 1,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В овогт Л Ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 25,395 төгрөг, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 25,395 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА

 

                  ШҮҮГЧИД                                                              Н.ХАНГАЛ

 

                                                                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ