Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02425

 

МАГАДЛАЛ

2020.12.23. Дугаар 2425

 

 

 

 

 

 

Л.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/03121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ш, Д.О нарт холбогдох, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Ш.Ө, Б.Б нар нь миний хүү А.Молорыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зодож түүнд тархи доргилт, хамрын ясны хугарал таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулсан. Дээрх үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулсан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5209 тогтоолоор Ш.Ө, Б.Б нарыг насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. А.Молор нь 14 хоног хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгүүлсэн боловч бүрэн тэнхрээгүй. Хамар нь байнга битүүрч цус гардаг, мөн хамар нь илт муруй харагддаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээгээр хамрын хянга ясны зүүн талын ирмэгээр дотогш цөмөрч бороолсон таславч муруй, самалдаг улайсан, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл учирсан нь тогтоогдсон. Эмнэлэгт үзүүлж эмчээс зөвлөгөө авахад хагалгаа хийхээс өөрөөр хэвийн байдалдаа орох боломжгүй гэх хариу өгсөн. ЭМЖЖ /чих хамар хоолой/ эмнэлэгт хандан эмчлүүлэх гэсэн боловч шинжилгээ 100 000 төгрөг, СТ 140 000 төгрөг, хагалгааны төлбөр 1 850 000 төгрөг, 5 хоногийн ор хоногийн төлбөр нь 150 000 төгрөг, нийт 2 240 000 төгрөг шаардлагатай болсон. Иймд Ш.Ө, Б.Б нарын хууль ёсны асран хамгаалагч болох Д.О, Д.Ш нараас гэм хорын улмаас үүссэн эмчилгээний зардал болох 2 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн Д.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А.М Б.Б, Ш.Ө нар хоорондоо муудалдаж зодолдсон. Ингэж зодолдсоны дараа Ш.Өсөх-Ирээдүйн эцэг, А.М-ын эхийн хамт А.Молорыг гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд тухайн үед гэмтлийн эмч хамрын гэмтэл байгаа талаар хэлээгүй. Харин үзээд хүүхдийн тархи доргисон байх магадлалтай гээд хэвтрийн дэглэм сахих заавар бичиж өгсөн. А.М-ын хамар тэр үед хавдаагүй, цус гараагүй байсан. А.М-ын эх энэ үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад шалгуулахад үед Д.Ш бид тус бүр 400 000 төгрөг өгсөн. Баянгол дүүргийн прокурор болон мөрдөн байцаагч нар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан талаар бидэнд мэдэгдэж танилцуулаагүй. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагч нь танилцуулаагүй учраас бид А.Молорт гэмтлийн ямар зэрэг тогтоогдсон болон шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Ангийн багш Д.Батсүх нь хүртэл тухайн үед хүүхдүүд ямар байдалтай байсныг сайн мэдэж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үйлдлээс болж А.М-ын хамарт шинэ гэмтэл үүсээгүй харин хуучин гэмтэл байсан гэж үзэж байна. Ш.Ө, Б.Б нар нь А.М-ын шанаа руу нь цохисноос биш хамар руу нь цохиогүй. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гаргасан. Эдгээр дүгнэлтүүдэд хамар хугаралтай гэж гарсан байдаг боловч Ш.Ө, Б.Б нарын үйлдлээс хамар хугалсан гэж дурдаагүй. Насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг төрөөс хариуцдаг байхад заавал ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагагүй. ГССҮТ-ийн эмч Л.Дагвадоржийн үзлэгийн тэмдэглэлийг харахад хамар хугарсан гэсэн онош тавиагүй. Рентген зураг авахуулахад хугарсан зүйл байхгүй, тархи доргисон гэж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон хүрэл овогт Дэмбэрэлийн Шаравжамцаас 1 120 000 төгрөг, хариуцагч Багамонгол овогт Дугаржавын Отгонцэцэгээс 1 120 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ван овогт Ламжавын Ариунгэрэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 25 395 төгрөг, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 25 395 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. А.Молор нь насанд хүрээгүй тул үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх ёстой байхад заавал хувийн эмнэлэг болох ЭМЖЖ эмнэлэгт төлбөртэй хийлгүүлэх шаардлагагүй. Тус эмнэлэгээс гаргаж өгсөн баримт нь хуурамч нотлох баримт юм. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлэгийн рентген зурагаар хамар хугарсан гэж гараагүй. Мөн нэхэмжлэгч нь гомдол санал байхгүй хариуцагч нараас тус бүр 400 000 төгрөг авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Ариунгэрэл нь хариуцагч Д.Ш, Д.О нарт холбогдуулан А.М-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5209 дугаар тогтоолоор 15 настай Ш.Ө, Б.Б нар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15 настай А.М-ын толгой тус газар гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчний мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрээгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээхээс татгалзсан байна. /хх-15-16/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Ш.Ө, Б.Б нарын дээрх үйлдэлд гэм буруутай байдлыг тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд А.М-ын хамар өмнө нь гэмтэлтэй эсэх талаар маргаж улмаар анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШТ2020/00035 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна. /хх-64-65/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр А.М-ын биед учирсан хамрын ясны хугарал, таславчний мурийт гэмтэл нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үүссэн шинэ гэмтэл болохыг тогтоосон. Мөн Гэмтэл, согог үндэсний төвийн эмч Л.Дагвадоржийн хамар илт муруйсан, цөмөрсөн биш бол гаднаас хараад хугарсан үгүйг тодорхойлох боломжгүй, А.Молор рентген зураг авахуулсан, тухайн үед тархины доргилт гэж оношилсон, рентген зурагт харагдах, харагдахгүй хугарал гэж байдаг гэж мэдүүлснийг харьцуулан дүгнэхэд хариуцагч нарын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирогч хуучин гэмтэлтэй байсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага дахь хагалгааны төлбөр 1 850 000 төгрөг, шинжилгээ 100 000 төгрөг, СТ 140 000 төгрөг, ор хоног 150 000 төгрөг, нийт 2 240 000 төгрөгийн зардал нь А.М-ын эрүүл мэндэд учирсан хохиролд хамаарна.

 

А.М-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад 2 240 000 төгрөг шаардлагатай болохыг чих, хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэг тодорхойлсныг хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаасан баримтыг гаргаагүй.

 

Насанд хүрээгүй буюу 15 настай Ш.Ө, Б.Б нар А.М-ын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт заасны дагуу өөрсдөө хариуцан арилгах үүрэгтэй боловч тэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цалин, хөлс орлоготой нь тогтоогдоогүй тул уг гэм хорын хохирлыг хууль ёсны төлөөлөгч болох тэдний эцэг, эх нь нөхөн хариуцах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах талаар зохицуулсан тул анхан шатны шүүх эмчилгээний зардал 2 240 000 төгрөгийг Д.Ш, Д.О нараас 50 хувиар харьцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт насанд хүрээгүй хүмүүсийн бусдад учруулсан арилгах талаар зохицуулсан байхад шүүх мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болсныг залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/03121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг ... 503 дугаар зүйлийн 503.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 27 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА