Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02975

 

 

 

 

 

               2020           10             09   

       102/ШШ2020/02975

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум  тоотод оршин суух  Б овогт Ж О /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Т овогт Н Д /РД:*/

 

6,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О

                                   хариуцагч Н.Д

                                   нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.О би нөхрийн хамт ногоо тарьж, түүнийгээ зарж амьдардаг юм. Н.Дид 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 300 шуудай, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 300 шуудай нийт 600 шуудай төмсийг Л.Бын Пусо маркийн 09-80 ДАР улсын дугаартай машинаар 2 удаа хүргүүлэн Л.Бт хүлээлгэн өгсөн юм. С.Г гэгчийн 0422 ДАХ улсын дугаартай ачааны машинаар лууван 100 шуудай, төмс 150 шуудай нийт 250 шуудай ногоог 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хархорин зах дээр Н.Дид өгч явуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ж.О би өөрийн ажилчдаар өөрийн ногооны зоориноосоо лууван 100 шуудай, төмс 250 шуудай нийт 350 шуудай ногоог О-н 0091 ДАХ улсын дугаартай машинаар тус тус хүргүүлсэн. Ингээд иргэн Н.Доос дээрхи ногооны үлдэгдэл мөнгө болох 6,800,000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч намайг өдий хүртэл хохироож улмаар намайг Дархан-Уул аймгийн шүүхэд өгч, илт гүтгэн доромжилж 6,800,000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан ба би тухайн үед хууль мэдэхгүй улмаас яах учраа олохгүй байсаар 6,800,000 төгрөгийн өрөнд орж үүнийг төлөхөөр болж амьдралаараа давхар хохирч байна. Н.Д нь одоо Хархорин зах дээр ногооны ченж хийдэг ба удаа дараа утсаар ярьж дээрхи мөнгийг нэхэхэд удаа дараа худал ярьж, мөнгийг маань өгөхгүй өдий хүрч байна. Иймд Н.Доос надад учирсан хохирол болох 6,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэх Ж.О нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр 99995997 утастай Б /олны дунд Томоо гэж нэршсэн/ гэдэг жолоочоор  тонн үрийн төмс 1 кг-600 төгрөгөөр үнэлж, намар ургац хураалтаар 6,000,000 төгрөгт тооцож, намрын зах зээлийн ханшаар тооцож авахаар тохиролцож ачуулсан. Намайг 2019 оны 9 дүгээр сард Л.Б /99378255/ жолоочоор 2 удаагийн тээвэрлэлтээр 600*400-24,000 тонн төмс авсан. Төмсний үнэ ханш 1 килограмм нь 350 төгрөг байсан. Тээврийн зардлыг өөрийн Хаан банкны * тоот дансаар төлсөн нь үнэн. Ж.О нь 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс 09 сарын 20-ны өдрийн хооронд гуйсаар байгаад 354,000 төгрөг ногоо хураалтаар ногоо өгнө гээд авсан. Бас 2018 оны 03 сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч н овогтой Дид хариуцагч Ж Оээс 12,900,000 төгрөг гаргуулж өгөх шийдвэр гарснаар 6,000,000 төгрөгт нь намар ногоо өгөхөөр тохирсон. 6,900,000 төгрөг нэхэмжлэгчийн 50299580 тоот дансанд бэлэн төгрөгөөр өгөхөөр тохиролцсон ч өгөлгүй байсаар 2018 оны 12 сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 сарын 01-ний өдрийн хооронд С.Г, О хоёр жолоочтой машинаар тус нэг нэг удаагийн ачилтаар нийт 500 шуудай*40- 20 тонн ногоо явуулсан. 1 килограммын тухайн ханш нь өсөөгүй, 350-400 төгрөгийн  хооронд хэлбэлзэж байсан. Тээврийн зардлыг Н.Д төлсөн. Хариуцагч Ж.Оийн дансаар шилжүүлж бэлэн мөнгө авах ёстой 6,900,000 төгрөгийг 2019 онд багтааж өгнө гэж тохиролцож байсан нь үнэн. Миний 6,900,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Доос 12,900,000 төгрөг зээлж авсан, энэ мөнгөний 6 сая төгрөгт ногоо өгөхөөр, 6,900,000 төгрөгийг мөнгөөр өгөхөөр болсон. Ингээд 2018 оны 12 сард С.Гоор 250 шуудай төмсийг кг-ийг 700 төгрөгөөр, 2019 оны 4 сард И.О-р 150 шуудай  төмсийг кг-ийг 800 төгрөгөөр, 100 шуудай лууван кг-ийг 800 төгрөгөөр, Л.Баар 600 шуудай төмс ачуулсан. Л.Баар ачуулсан 24тн төмсийг 600 төгрөгөөр тооцоход 14,400,000 төгрөг болж байгаа. Ингээд тооцоод үзэхээр 12,900,000 төгрөгийг хангалттай төлсөн гэж үзэж байгаа учраас илүү өгсөн ногооны үнэд 6,800,000 төгрөг нэхэмжилж байна. 2015 оноос хойш ногоо ямар үнэтэй байсныг хар дэвтрээсээ судлахад 2018 онд 250 төгрөгийн ногоо байхгүй байна лууван гэхэд 1000 төгрөг, төмс 800 төгрөг, 2019 оны 4 сард лууван 1500 төгрөг байна, 2020 оны хавар төмс 2500 төгрөг байсан. Хөдөө аж ахуйн газраас сар бүр хүнсний ногооны тайлан мэдээ гаргадаг би үүнийг хар дэвтэр дээрээ он, сараар нь тэмдэглэдэг. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.   

 

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сард Ж.О надаас 10тн үрийн төмс авсан үүнийгээ намар нэг нугалж төмсөөр өгнө эсвэл нэг кг-ийг 600 төгрөгт тооцож 6 сая төгрөг өгнө гэж хэлж авсан. Энэ маргаанд Л.Баар явуулсан төмс ямар ч хамааралгүй. Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэрээр Ж.О нь Н.Д надад 12,900,000 төгрөг өгөхөөр шийдвэрлэгдсэн. Энэ 12,900,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийн ногоог өгсөн. Харин дансаар өгөх ёстой байсан 6,900,000 төгрөгийг би аваагүй байгаа. Нэхэмжлэгч нь цаг хугацаа хожиж сонин сонин юм яриад байна. С.Г, И.О нараар 6,000,000 төгрөгт өгөх ёстой байсан ногоо ачуулсныг авсан. И.О-с 150 шуудай төмс, 100 шуудай лууван нийт 250 шуудай ногоо, С.Гоос 250 шуудай төмс авсан. Би ногооны ченжийн ажил эрхэлдэг учраас энэ ногоог бөөний үнээр 1кг-ийг 250 төгрөгөөр тооцож авсан. Л.Баар явуулсан ногооноос 100 шуудай төмсийг би тээврийн зардалдаа тооцсон байсан яагаад гэвэл ногоо ачуулсан тээврийн бүх зардлыг би өөрөө төлсөн, гэхдээ 6 сая төгрөгт өгөх ногоонд тооцуулахыг зөвшөөрч байна. Тээврийн зардлыг би өөрөө төлсөн байтал 1кг-ийг нь зах зээлийн үнээс хамаагүй өндөр тооцож авна гэж байхгүй. Тухайн үед төмс, лууван Ж.Оийн хэлж байгаа шиг үнэтэй байгаагүй. Зах зээлийн бөөний үнэ 2018 он, 2019 он, 2020 оны үнэ яг ижилхэн байгаа. Иймд би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, харин миний 6,900,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү.  

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ж.О нь Н.Дид холбогдуулан илүү шилжүүлсэн ногооны үнэд 6,800,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “2018 оны 12 сард С.Гоор 250 шуудай буюу 10,000кг төмсийг 1кг-ийг 700 төгрөгөөр тооцож 7,000,000 төгрөг, 2019 оны 4 сард И.О-р 150 шуудай буюу 6,000кг төмсийг 1кг-ийг 700 төгрөгөөр тооцож 4,200,000 төгрөг, 100 шуудай буюу 4,000кг лууванг 1кг-ийг 800 төгрөгөөр тооцож 3,200,000 төгрөг, Л.Баар 2018 оны 9 сард 300 шуудай буюу 12,000 кг төмс, 2018 оны 11 сард 300 шуудай буюу 12,000кг төмс ачуулснаас 100 шуудай буюу 4000кг төмсийг 600 төгрөгөөр тооцож 2,400,000 төгрөг нийт 16,800,000 төгрөгийн ногоог Н.Дид өгч, төлөх ёстой төлбөрөө өгсөн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр Н.Дийн нэхэмжилж буй 6,800,000 төгрөгийг авахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ. 

 

Харин 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “төмс, лууванг тухайн үеийн зах зээлийн үнээр бодож 800 төгрөгт тооцож Л.Баар 24тн төмс, С.Гоор 10тн төмс, И.О-р 6тн төмс, 4тн лууванг Н.Дид өгч шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөсөө илүү өгсөн ногооны үнэд 6,800,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсан байна. Энэхүү шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “ногоо ачуулсан тээврийн зардлыг төлөөд, дээрээс нь ногоог зах зээлийн бөөний үнээс илүү үнээр тооцож авах үндэслэл байхгүй, тухайн үед төмс, луувангийн бөөний үнэ 1 шуудай нь 10,000 төгрөг буюу 1кг-ийг 250 төгрөгөөр тооцож байсан, энэ үнээр бодож 6,000,000 төгрөгийн ногоог авсан, үлдсэн 6,900,000 төгрөгийг мөнгөөр төлөх ёстой төлөөгүй” гэж маргав.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1493 дугаар захирамжаар Ж.О нь Н.Дид төлөх 12,900,000 төгрөгийн 6,000,000 төгрөгт төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоог 2018 оны 9 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгөх, үлдсэн 6,900,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хаан банкны дансанд шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байх ба уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа үйл баримт тогтоогдов.

 

Хариуцагч Н.Д нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...шүүхийн шийдвэр гарснаас хойш Ж.О нь төлбөрийн 6,900,000 төгрөгийг шилжүүлээгүй учир 6,900,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан байх ба харин Ж.О нь “н.Баар 2018 оны 9 дүгээр сарын 19, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр нийт 24тн ногоо ачуулсан, 2018 оны 12 дугаар сарын 19-нд С.Гоор 4тн лууван 2,800,000 төгрөг, 6тн төмс 4,200,000 төгрөг 10тн 7 сая төгрөгийн ногоо ачуулсан, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр И.О 4тн лууван 3,200,000 төгрөг, 6тн төмс 5,400,000 төгрөг 8,600,000 төгрөгийн ногоо ачуулав” гэсэн тайлбарыг бичгээр гаргажээ.     

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас хариуцагч Н.Д нь Л.Баас 24тн төмс, С.Гоос 10тн төмс, И.О-с 6тн төмс, 4тн лууван хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй хэн аль нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин тухайн ногооны үнийн талаар маргав. Хариуцагчийн хүлээн авсан ногооноос Л.Баар хүргүүлсэн 24тн төмсний 20тн-ыг энэ маргаанд хамааралгүй өр төлбөрт тооцохоор талуудын тохирсон болно.  

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн ногооны үнийн талаар зөрүүтэй тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хэн алиных нь тайлбараас үзвэл 6,000,000 төгрөгт тооцох төмс, луувангийн нэгж үнийг 700 төгрөг, 800 төгрөг байхаар тохирсон нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар төмс, луувангийн нэгж үнийг 800 төгрөг байсан гэж үзэх нотлох баримтгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх“ гэж заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчээс авах төлбөрөөсөө 6,800,000 төгрөгийн үнэ бүхий ногоо илүү авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Дид холбогдох 6,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА