Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00292

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02975 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.О-ийн хариуцагч Н.Д-ид холбогдуулан гаргасан 6 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Н.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ж.О- нөхрийн хамт ногоо тарьж, худалдан борлуулж амьдардаг. Н.Д-ид 2018 оны 09 сарын 14-ний өдөр 300 шуудай, 2018 оны 11 сарын 07-ны өдөр 300 шуудай, нийт 600 шуудай төмсийг Л.Болдбаатарын Пусо маркийн 09-80 ДАР улсын дугаартай машинаар 2 удаа хүргүүлэн Л.Болдбаатарт хүлээлгэн өгсөн юм. С.Ганцоож гэгчийн 04-22 ДАХ улсын дугаартай ачааны машинаар лууван 100 шуудай, төмс 150 шуудай, нийт 250 шуудайг 2018 оны 12 сарын 19-ний өдөр Хархорин зах руу Н.Д-ид өгч явуулсан. 2019 оны 04 сарын 01-ний өдөр Ж.О- өөрийн ажилчдаар ногооны зоориноосоо лууван 100 шуудай, төмс 250 шуудай, нийт 350 шуудай ногоог н.Оюундэлгэрийн 00-91 ДАХ улсын дугаартай машинаар тус тус хүргүүлсэн.

Н.Д-оос 12 900 000 төгрөг зээлж 6 000 000 төгрөгт нь ногоо өгөх, 6 900 000 төгрөгийг нь мөнгөөр өгөх болсон. Ингээд 2018 оны 12 сард С.Ганцоожоор 250 шуудай төмсийг кг-ийг 700 төгрөгөөр, 2019 оны 04 сард И.Оюундэлгэрээр 150 шуудай төмсийг 1 кг нь 800 төгрөгөөр, 100 шуудай лууван 1 кг-ийг 800 төгрөгөөр, Л.Болдбаатараар 600 шуудай төмс ачуулсан. Л.Болдбаатараар ачуулсан 24 тонн төмсийг 600 төгрөгөөр тооцоход нийт 14 400 000 төгрөг болж байна. 12 900 000 төгрөгийг хангалттай төлсөн гэж үзэж байгаа учраас илүү өгсөн ногооны үнэд 6 800 000 төгрөг нэхэмжилж байна. 2015 оноос хойш ногоо ямар үнэтэй байсныг хар дэвтрээсээ судлахад 2018 онд 250 төгрөгийн ногоо байхгүй байна лууван гэхэд 1000 төгрөг, төмс 800 төгрөг, 2019 оны 04 сард лууван 1 500 төгрөг байна, 2020 оны хавар төмс 2 500 төгрөг байсан. Хөдөө аж ахуйн газраас сар бүр хүнсний ногооны тайлан мэдээ гаргадаг би үүнийг хар дэвтэр дээрээ он, сараар нь тэмдэглэдэг.

Н.Д-оос дээрх ногооны үлдэгдэл мөнгө болох 6 800 000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өдий хүртэл хохироож улмаар намайг Дархан-Уул аймгийн шүүхэд өгч, илт гүтгэн доромжилж 6 800 000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан ба тухайн үед хууль мэдэхгүй улмаас яах учраа олохгүй байсаар 6 800 000 төгрөгийн өрөнд орж үүнийг төлөхөөр болж амьдралаараа давхар хохирч байна. Н.Д- нь одоо Хархорин зах дээр ногооны ченж хийдэг ба мөнгийг нэхэхэд удаа дараа худал ярьж, өгөхгүй өдий хүрч байна.

Иймд Н.Д-оос надад учирсан хохирол болох 6 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.О- нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр 9999-5997 утастай н.Болдсүрэн /олны дунд Томоо гэж нэршсэн/ гэдэг жолоочоор тонн үрийн төмс 1 килограммыг нь 600 төгрөгөөр үнэлж, намар ургац хураалтаар 6 000 000 төгрөгт тооцож, намрын зах зээлийн ханшаар тооцож авахаар тохиролцож ачуулсан. 2019 оны 09 сард Л.Болдбаатар /9937-8255/ жолоочоор 2 удаагийн тээвэрлэлтээр 24 000 тонн 1 килограмм нь 350 төгрөгийн үнэтэй төмс авсан. Тээврийн зардлыг өөрийн Хаан банк ХХК-ийн 5029915680 тоот дансаар төлсөн нь үнэн. Ж.О- нь 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс 09 сарын 20-ны өдрийн хооронд гуйсаар байгаад 354 000 төгрөг ногоо хураалтаар ногоо өгнө гээд авсан. Бас 2018 оны 03 сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Н.Д-ид хариуцагч Ж.О-ээс 12 900 000 төгрөг гаргуулах шийдвэр гарснаар 6 000 000 төгрөгт нь намар ногоо өгөхөөр тохирсон. 6 900 000 төгрөг нэхэмжлэгчийн 5029915680 тоот дансанд бэлэн төгрөгөөр өгөхөөр тохиролцсон ч өгөлгүй байсаар 2018 оны 12 сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 сарын 01-ний өдрийн хооронд С.Ганцоож, Оюунгэрэл хоёр жолоочтой машинаар тус нэг нэг удаагийн ачилтаар нийт 500 шуудай 40-20 тонн ногоо явуулсан. 1 килограммын тухайн ханш нь өсөөгүй, 350-400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. Тээврийн зардлыг Н.Д- төлсөн. Хариуцагч Ж.О-ийн дансаар шилжүүлж бэлэн мөнгө авах ёстой 6 900 000 төгрөгийг 2019 онд багтааж өгнө гэж тохиролцож байсан нь үнэн. Миний 6 900 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Д-ид холбогдох 6 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018, 2019 оны төмс луувангийн үнэ ханшийг тодруулах шаардлагатай байгаа талаар илэрхийлсэн боловч уг хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тодруулж болдог гэж тайлбарласан болно. Мөн анхан шатны шүүхэд өөрийгөө төлөөлүүлэн хууль, эрх зүйн мэдлэгтэй н.Энхболд гэгчийг итгэмжилсэн төлөөлөгчөөр авсан боловч шүүх хуралдаан болохоос өмнө нас барсны улмаас шүүхээс намайг шүүх хуралд оролцуулсан болно. Энэ талаар мэдлэггүй тул өмгөөлөгч авах шаардлагатай талаар шүүгчийн туслахаар дамжуулан уламжлахад тэгэх шаардлага байхгүй, өөрөө оролцоход л болно гэж өмгөөлөгч авах эрхээр бүрэн хангаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхэд төмс, хүнсний ногооны үнэ тодорхойгүй гэх байр суурьтай байсан бол хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2018, 2019 онд төмс хүнсний ногоо хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байсан талаарх статистик мэдээг Нийслэлийн статистикийн газраас гаргуулах боломжтой байсан. Гэтэл шүүх дээрх эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч Н.Д-ид холбогдуулан, 6 800 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 1493 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч Н.Д-ид 6 900 000 төгрөгийг мөнгөөр, 6 000 000 төгрөгийг хүнсний ногоогоор, нийт 12 900 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх ба уг захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх захирамжийг биелүүлэх үүргийнхээ хүрээнд төлбөр төлөгч Ж.О-ийн зүгээс төлбөр авагч Н.Д-ид нийт 40 тн төмс, 4 тн лууван хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин төлбөр төлөгч Ж.О- нь төлбөр авагч Н.Д-ийн өмнө хүлээсэн 12 900 000 төгрөгийн үүргээ хүнсний ногоогоор төлж барагдуулсан эсэх нь маргааны гол зүйл болсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 1 кг төмсийг 600 - 800 төгрөгт, 1 кг лууванг 800 төгрөгт тооцож, нийт 12 900 000 төгрөгийн хүнсний ногоог хариуцагчид өгч, захирамжийг бүрэн биелүүлсэн гэж, хариуцагч нь 1 кг төмс, 1 кг лууванг тус бүрийг нь 250 төгрөгт тооцож, 6 000 000 төгрөгийн хүнсний ногоог хүлээн авсан, 6 900 000 төгрөгийн өр төлбөр үлдсэн гэж маргасан байна.

 

Зохигчид ийнхүү өгсөн, авсан хүнсний ногооны хэмжээнд маргаагүй атлаа, уг хүнсний ногооны үнийн талаар, мөн шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгчийн төлөх төлбөр дууссан эсэх талаар маргаж байхад шүүхийн зүгээс тухайн цаг үед төмс, луувангийн зах зээлийн бөөний үнэ ханш хэд байсан болохыг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь бодит үнэнд нийцэхээр байтал уг ажиллагааг хийлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болжээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь ногооны үнэ 6 000 000 төгрөгийг хариуцагчаас авахыг, эсхүл шүүгчийн захирамжийн дагуу төлөх нийт 12 900 000 төгрөгийг төлж барагдуулсан болохоо тогтоолгохыг хүсээд байна уу гэдгийг тодруулах нь маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэдийгээр зохигчдын зүгээс тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилуулах, эрх бүхий байгууллагаас хүнсний ногооны бөөний үнэ хэд байсан талаар мэдээлэл гаргуулах талаар хүсэлт гаргаагүй боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд уг ажиллагааг хийх боломжтой юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг хийх эрх зүйн боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР