Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/02643

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/02643

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Стадион оргил 58/6 тоот “Б Х ” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 39 дүгээр байрны 56 тоотод оршин суух Г У

 

Гэм хорын хохиролд 40,999,966 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч К.О

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

                                   хариуцагч Г.У

                                   хариуцагчийн өмгөөлөгч С.Г

                                   нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б Х ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Б Х ” ХХК нь Байгал брендийг үндэслэн дэлхийн жишиг стандарт шаардлагад нийцсэн оюуны бүтээлээр олон улсын зах зээлд  Монгол улсаа таниулах, суртчилах зорилгоор 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид Монголын түүх соёл, уламжлал, бэлгэдэл дээр суурилан, ямар ч цаг үед оршихуйц дахин давтагдашгүй загвар хийцийг бүтээж, хэрэглэгчид хүргэх зорилго тавин өөрсдийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.   Манай компани нэг бүтээлийг зах зээлд гаргахын тулд мэргэжлийн дизайнерын баг ажиллуулж тэдэнд өндөр цалин өгхөөс гадна НДШ, ХАОАТ, гаалийн татвар , ААНОАТ, түрээсийн байрны төлбөр, түүнтэй холбоотой оюуны өмчийн патент, сорьцын төлбөр гэх мэт маш өндөр зардал гаргадаг. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүндээ “Оюуны өмчийн газар”-т мэдүүлэг өгч “Патентийн эрх” авсан. Үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч Divine jewelry брендийн эзэн Г.У нь байгал нэрийн патентийн эрх бүхий “Өлзий” коллекци 30-0002771, өлзий коллекц өлзий хээ 30-000276, өлзий хээтэй хослол 30-0002772 зэрэги багтсан энгэрийн зүүлт, ээмэг бөгж зэргийг хуулбарлан Тайланд улсад захиалгаар хийлгэж Зайсан хил худалдааны төвийн 4 давхар, Мах Малл төвийн 1 давхарт тус тус байрлах үнэт эдлэлийн лангуугаар худалдаалж байна. Уг хууль бус үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсанаар Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500,000 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч уг зөрчлөө өнөөдрийг хүртэл давтан гаргасаар байна.   Манай компаний 2018 онд борлуулсан борлуулалт 2019 онд илт буурсан. LE15JKAC011 кодтой хатан ээмэг алдагдал 12,409,966 төгрөг, SS16JULAE004 кодтой өлзий бөгж алдагдал 9,267,500 төгрөг, SS16JULAA003 кодтой өлзий хар манатай зүүлт алдагдал 12,231,000 төгрөг, SS16JULAF003 кодтой өлзий энгэрийн зүүлт 7,091,500 төгрөг нийт учирсан хохирол 40,999,996 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Х ” ХХК нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөд монголын түүх, соёл, уламжлал дээр суурилсан ямар ч цаг үед оршихуйц, дахин давтагдашгүй загвар хийцийг бүтээж, хэрэглэгчид хүргэх зорилго тавин өөрсдийн багийг бүрдүүлж ажиллаж эхэлсэн. Манай компани нэг бүтээлийг зах зээлд гаргахын тулд мэргэжлийн дизайнерын баг ажиллуулж, тэдэнд өндөр цалин өгөхөөс гадна нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн татвар, аж ахуй нэгжийн татвар, түрээсийн байрны төлбөр, түүнтэй холбоотой оюуны өмчийн патент, сорьцын төлбөр гэх мэт маш өндөр зарлага гаргадаг. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнүүдээ Оюуны өмчийн газарт мэдүүлэг өгч патентийн эрх авдаг. Хатан ээмэг, өлзий бөгж, өлзий энгэрийн зүүлтний борлуулалт 2019 онд илт буурсан. Учир нь манай компанийн байнгын үйлчлүүлэгчид танайхтай адиил бүтээгдэхүүнүүд Зайсан хилл худалдааны төв, Мах Молл төвүүдэд хямдхан зарагдаж байна, гэтэл  танайх хэтэрхий үнэтэй байна гэсэн гомдол ирсэн. Ингээд манай компани тухайн газрууд дээр очиж үзэхэд Г.У гэдэг эмэгтэй манай бүтээгдэхүүнийг Тайланд улсад захиалгаар хийлгэж, Зайсан хилл болон Мах молл худалдааны төвүүдээр худалдан борлуулж байсан болохыг илрүүлсэн. Үүний үндсэн дээр Оюуны өмчийн газарт гомдол гаргаж, зөрчлийн хэргийг нээж шалгаад хариуцагч Г.Уийг “Б Х ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоож, 500,000 төгрөгөөр торгосон байсан. Хэдийгээр Г.У торгуулсан ч манай компанийн нэг жилийн хугацаанд буурсан хохирлыг төлүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны борлуулалтын буурсан орлогоор гаргасан байгаа. Манай компанийн хатан ээмэгний нэгж үнэ 364,999 төгрөг бөгөөд 2018 онд борлуулалтын тоо 46 ширхэг, 2019 онд 12 борлуулагдаж 34 ширхэгийн алдагдалд орж орлого олоогүй. Үүнийгээ нэгж үнийн тоонд үржүүлэхэд 12,406,966 төгрөг, өлзий бөгж нэгж үнэ 168,500 төгрөг 2018 онд 200 ширхэгийг борлуулсан бол 2019 онд 145 ширхэгийг борлуулж 55 ширхэгийн алдагдалд орсон. Үүнийгээ нэгж үнээр үржүүлэхэд 9,267,500 төгрөг, өлзий хар манатай зүүлтний буурсан тоог нэгж үнээр үржүүлэхэд 12,231,000 төгрөг, өлзий энгэрийн зүүлт 545,500 төгрөг 2018 онд 35 ширхэгийг борлуулсан бол 2019 онд 22 ширхэг борлогдож алдагдал 13 ширхэг болсон байна. Үүнийгээ нэгж үнээр үржүүлэхэд 7,091,500 төгрөг болж байна. Ингээд нийт 40,999,966 төгрөгийн орлого олоогүй хохирсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Б Х ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч Г.У би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Г.У намайг илтэд гүтгэж маргааны эд зүйлийг хуулбарлан Тайланд улсад захиалгаар хийлгэж, зарж борлуулж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гарган, тухайн зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан боловч өнөөдрийг хүртэл давтан гаргасаар байна гэх зэрэг бодит байдлыг гуйвуулсан өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан арга хэмжээг дэвэргэж өнөөдрийг хүртэл зарж борлуулаад байгаа мэт дурдсан байгаа нь арга хэмжээ авхуулах шаардлага мэт ойлгогдож байна. Арга хэмжээ авхуулах утга, агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагад 40,999,996 төгрөг гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У намайг илтэд гүтгэж уг маргаан бүхий гоёл чимэглэлийг хуулбарлан Тайланд улсад захиалгаар хийлгэж, худалдан борлуулж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна. Миний худалдан борлуулж байгаа гоёл чимэглэл бол тухайн компанийн бараа бүтээгдэхүүнээс өөр гэдэг нь үзлэг хийгдсэн divine jewelry пэйж  хуудаснаас харж болно. Уг бүтээгдэхүүнийг би БНХАУ-ын Эрээн хотод явж байхдаа Монголын хэв маяг, хээ угалз орсон байхаар нь сонирхоод хэдэн ширхэгийг авчирч худалдан борлуулсан. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч ийм ийм бүтээгдэхүүн зарсан уу гэж асуусан, би тиймээ гэж хариулсан. Би тухайн үедээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн. Гэвч нэхэмжлэгч тал намайг өнөөдрийг хүртэл худалдан борлуулж байгаа мэтээр бодит байдлыг гуйвуулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 40,999,966 төгрөгийн хохирол нь баримт нотолгоо болон үндэслэлгүйгээр тоо гаргаж, мөн Тайланд улсад захиалж үйлдвэрлэсэн гэх мэтээр намайг гүтгэж байгаад үнэхээр их харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Б Х ” ХХК нь Г.Ут холбогдуулан хохиролд 40,999,966 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “патентийн эрх бүхий 4 бүтээгдэхүүнийг хуулбарлан гадаад улсад захиалан хийлгэж, худалдан борлуулсан” гэж тайлбарлаж байх ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “тухайн бүтээгдэхүүнийг гадаад улсад захиалж хийлгээгүй, БНХАУ-ын Эрээн хотоос хэдэн ширхэгийг авч худалдсан, оюуны өмчийн улсын байцаагч нь патентийн гэрчилгээнд заасан бүтээгдэхүүнтэй орц, шигтгээ болон бусад ямар шинжээрээ адилхан байгааг нарийвчлан тогтоолгүй зөрчил гаргасан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.  

 

Хариуцагч Г.Уийг Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент, гэрчилгээ эзэмшигч хориглох эрхтэй” гэж заасныг зөрчсөн буюу улсын бүртгэлийн 30-0002772, 30-0002771, 30-0002769 дугаар бүхий бүтээгдэхүүний загварын патентыг ашиглаж худалдан борлуулсан зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмчийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх хуудсаар 500,000 төгрөгөөр торгожээ. Дээрх шийдвэрийг Г.У хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна. Хууль мэдэхгүйн улмаас оюуны өмчийн улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргаагүй, тухайн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргаж байгаа боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл патентийн эрх бүхий бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан гэж үзсэн улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохоо Г.У мэдээгүй нь түүнийг зөрчил гаргаагүй, улсын байцаагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд оюуны өмчийн улсын байцаагчийн шийтгэх хуудсанд заасан зөрчлийг Г.Уийг гаргасан гэм буруутай гэж үзнэ.

 

Хариуцагч Г.Уийн худалдан борлуулсан улсын бүртгэлийн 30-0002772, 30-0002771, 30-0002769 дугаар бүхий бүтээгдэхүүний загварын патентыг нэхэмжлэгч “Б Х ” ХХК эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Иймд дээрх патенттай загварыг ашиглаж, бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй байна.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2018 болон 2019 онд худалдан борлогдсон бүтээгдэхүүний зөрүүгээр алдагдал хүлээж олох байсан орлого” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн үнийг бүтээгдэхүүний нэгж үнээр тодорхойлжээ. Тодруулбал, 2018 онд 168,500 төгрөгийн нэгж үнэ бүхий 200 ширхэг өлзий бөгж, 2019 онд мөн үнэ бүхий 145 ширхэг өлзий бөгж худалдан борлуулж 2019 онд 55 ширхэг бөгж буюу 9,267,500 төгрөгийн алдагдал, 2018 онд 1,359,000 төгрөгийн нэгж үнэ бүхий 9 ширхэг өлзий хээтэй хар манатай зүүлт худалдан борлуулсан бол 2019 онд тухайн зүүлт худалдан борлогдоогүй үндэслэлээр 9 зүүлтний үнэ 12,231,000 төгрөгийн алдагдал, 2018 онд 545,500 төгрөгийн нэгж үнэ бүхий 35 ширхэг өлзий энгэрийн зүүлт, 2019 онд мөн үнэтэй 22 ширхэг өлзий энгэрийн зүүлт борлогдож 13 буюу 7,091,500 төгрөгийн алдагдал хүлээж дээрх бүтээгдэхүүнүүдээс 28,590,000 төгрөгийн орлого олоогүй гэж үзжээ. Энэхүү шаардлагатайгаа холбогдуулан нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдсан “материалын зарлагын падаан” гэсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Уг баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх журмын дагуу тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулан үйлдэгдэж буй санхүүгийн анхан шатны баримт бөгөөд тухайн баримтад заасан бүтээгдэхүүний тоо, ширхэг, үнэ бодитоор, маргаангүйгээр тогтоосон баримт биш юм. Өөрөөр хэлбэл зарлагын баримтаар гарсан бараа, бүтээгдэхүүний төлбөр, тооцоо хийгдсэн болохыг нотлох анхан шатны өөр баримтгүйгээр /төлбөрийн баримт/ нэр бүхий загварын бүтээгдэхүүнүүд зарлагын падаанд тусгасан тоогоор, үнээр худалдан борлогдсон болохыг “зарлагын падаан” нотлохгүй. Иймд өлзий бөгж 2018 онд 200 ширхэг, 2019 онд 145 ширхэг худалдагдсан, өлзий хар манатай зүүлт 2018 онд 9 ширхэг худалдсан, 2019 онд борлогдоогүй, өлзий энгэрийн зүүлт 2018 онд 35 ширхэг, 2019 онд 22 ширхэг худалдан борлогдсон болох нь тогтоогдохгүй, бүтээгдэхүүн тус бүрийн нэгж үнэ баримтаар тогтоогдоогүй тул 28,590,000 төгрөгийн орлого олох байсан нь нотлогдохгүй байна.        

 

Нэхэмжлэгч нь түүний эзэмшдэг загварын патент бүхий “хатан ээмэг” гэх бүтээгдэхүүнийг хариуцагч худалдан борлуулж байсан үндэслэлээр хохирол шаардсан боловч тухайн бүтээгдэхүүнийг хариуцагч худалдан борлуулсан зөрчил гаргасан гэж оюуны өмчийн улсын байцаагчийн шийдвэрт заагаагүй байна. Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн эзэмшдэг гэх “хатан ээмэг” загварын патентийг ашиглаж, уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул тухайн бүтээгдэхүүнээс олох орлого 12,409,966 төгрөгийг шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Ут холбогдох олох байсан орлого 40,999,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА

 

                  ШҮҮГЧИД                                                              Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Н.ХАНГАЛ