Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 02301

 

 

 

 

 

 

 

 

 

“БХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02643 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн хариуцагч Г.У-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 40 999 966 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“БХ” ХХК нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монголын түүх, соёл, уламжлал дээр суурилсан ямар ч цаг үед оршихуйц, дахин давтагдашгүй загвар хийцийг бүтээж, хэрэглэгчид хүргэх зорилго тавин өөрсдийн багийг бүрдүүлж ажиллаж эхэлсэн. Манай компани нэг бүтээлийг зах зээлд гаргахын тулд мэргэжлийн дизайнерын баг ажиллуулж, тэдэнд өндөр цалин өгөхөөс гадна нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн татвар, аж ахуй нэгжийн татвар, түрээсийн байрны төлбөр, түүнтэй холбоотой оюуны өмчийн патент, сорьцын төлбөр гэх мэт маш өндөр зарлага гаргадаг. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнүүдээ Оюуны өмчийн газарт мэдүүлэг өгч патентийн эрх авдаг. Хатан ээмэг, өлзий бөгж, өлзий энгэрийн зүүлтний борлуулалт 2019 онд илт буурсан. Учир нь манай компанийн байнгын үйлчлүүлэгчид танайхтай адил бүтээгдэхүүнүүд Зайсан хилл худалдааны төв, Мах Молл төвүүдэд хямдхан зарагдаж байна, гэтэл танайх хэтэрхий үнэтэй байна гэсэн гомдол ирсэн. Ингээд манай компани тухайн газрууд дээр очиж үзэхэд Г.У- гэдэг эмэгтэй манай бүтээгдэхүүнийг Тайланд улсад захиалгаар хийлгэж, Зайсан хилл болон Мах Молл худалдааны төвүүдээр худалдан борлуулж байсан болохыг илрүүлсэн. Үүний үндсэн дээр Оюуны өмчийн газарт гомдол гаргаж, зөрчлийн хэргийг нээж шалгаад хариуцагч Г.У-ийг “БХ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоож, 500 000 төгрөгөөр торгосон байсан. Хэдийгээр Г.У- торгуулсан ч манай компанийн нэг жилийн хугацаанд буурсан хохирлыг төлүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны борлуулалтын буурсан орлогоор гаргасан байгаа. Манай компанийн хатан ээмэгний нэгж үнэ 364 999 төгрөг бөгөөд 2018 онд борлуулалтын тоо 46 ширхэг, 2019 онд 12 борлуулагдаж 34 ширхэгийн алдагдалд орж орлого олоогүй. Үүнийгээ нэгж үнийн тоонд үржүүлэхэд 12 406 966 төгрөг, өлзий бөгж нэгж үнэ 168 500 төгрөг 2018 онд 200 ширхэгийг борлуулсан бол 2019 онд 145 ширхэгийг борлуулж 55 ширхэгийн алдагдалд орсон. Үүнийгээ нэгж үнээр үржүүлэхэд 9 267 500 төгрөг, өлзий хар манатай зүүлтний буурсан тоог нэгж үнээр үржүүлэхэд 12 231 000 төгрөг, өлзий энгэрийн зүүлт 545 500 төгрөг 2018 онд 35 ширхэгийг борлуулсан бол 2019 онд 22 ширхэг борлогдож алдагдал 13 ширхэг болсон байна. Үүнийгээ нэгж үнээр үржүүлэхэд 7 091 500 төгрөг болж байна. Ингээд нийт 40 999 966 төгрөгийн орлого олоогүй хохирсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд “БХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч Г.У- би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Г.У- намайг илтэд гүтгэж маргааны эд зүйлийг хуулбарлан Тайланд улсад захиалгаар хийлгэж, зарж борлуулж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гарган, тухайн зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан боловч өнөөдрийг хүртэл давтан гаргасаар байна гэх зэрэг бодит байдлыг гуйвуулсан өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан арга хэмжээг дэвэргэж өнөөдрийг хүртэл зарж борлуулаад байгаа мэт дурдсан байгаа нь арга хэмжээ авхуулах шаардлага мэт ойлгогдож байна. Арга хэмжээ авхуулах утга, агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагад 40 999 996 төгрөг гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ганболдын Уранчимэгт холбогдох олох байсан орлого 40 999 966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. “БХ” ХХК нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт хөтөлдөг. Уг баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 14.2 дахь хэсэгт зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу өөрсдийн компанийн хүчин төгөлдөр зарлагын падааныг шүүхэд өгсөн. Гэтэл шүүхээс компанийн материалын зарлагын падааныг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хохирол шаардсан нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч “БХ” ХХК нь Өлзий коллекц “Өлзий хээтэй хослол” 30 0002772, Өлзий коллекц 30 0002771, Өлзий коллекц Өлзий хээ, ногоолин чулуутай хослол 30-00022769 дугаартай бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан эрхийг хариуцагч Г.У- зөрчсөнөөс олох ёстой байсан орлогоор хохирсон гэж гэм хорын хохирол шаардсан ба патент эзэмшигч болохоо баримтаар нотолжээ.

 

            Хариуцагч Г.У- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвар бүхий гоёл чимэглэлийн зүйлийг бусдаас худалдан авч борлуулсан талаар тайлбарласан, харин оюуны өмчийн байцаагчийн шийдвэрээр торгуулснаас хойш уг бүтээгдэхүүнийг зарж борлуулаагүй тул 40 999 996 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.

 

            Түүнчлэн, хариуцагч нь оюуны өмчийн байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй агуулгатай тайлбар гаргасан ч бүтээгдэхүүний загварын 30-0002772, 30-00022771, 30-00022769 дугаар бүхий патентаар хамгаалагдсан загвар бүхий гоёл чимэглэлийн зүйлсийг худалдан борлуулж, Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент, гэрчилгээ эзэмшигч хориглох эрхтэй” тухай заалтыг зөрчсөнийг тогтоож, торгуулийн шийтгэл ногдуулсан Оюуны өмчийн газрын хяналтын байцаагчийн шийдвэрт гомдол гаргаагүй, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1453121 дугаартай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч Г.У-ийг нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэм буруутай болохыг эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэрээр тогтоосон, гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрх үүссэн байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого гэж 40 999 996 төгрөгийн гэм хорын хохирлыг шаардсан бөгөөд патентаар хамгаалагдсан загвар бүхий гоёл чимэглэлийн зүйлс буюу хатан ээмэг, өлзий бөгж, өлзий хар манатай зүүлт, өлзий энгэрийн зүүлтийг бусдаас худалдан авч борлуулж байсан талаар хариуцагч  тайлбар гаргажээ.

 

            Түүнчлэн, оюуны өмчийн улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэн шалгах явцдаа дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг Г.У- нь Макс Молл худалдааны төвийн 4 давхрын “Divine-Jevelry” дэлгүүрээр худалдан борлуулж байсан талаар үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-244-245/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэргэжлийн дизайнерын баг ажиллуулж өндөр зардал гаргаж уг бүтээгдэхүүний загварыг гаргасан талаар дурдсан, мөн бүтээгдэхүүний борлуулалт 2019 онд 2018 оныхоос буурсан гэж холбогдох баримтыг гаргажээ. Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдлуудыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд баримтаар гаргасан материалын зарлагын падааны жагсаалтыг борлуулалтын орлогыг нотлох баримт биш гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

 

            Хариуцагч нь патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвар бүхий гоёлын зүйлсийг худалдан борлуулсан, хууль зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийн орлого буюу нэр заасан бүтээгдэхүүн бүрийн борлуулалтын тоо буурсан нь хариуцагчийн гэм буруугаас шалтгаалсан эсэхэд дүгнэлт өгөх, олох ёстой орлогоос гадна бүтээгдэхүүний загварыг гаргах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан зардал зэрэг бодит хохирлын хэмжээг тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

            Шүүх дээрх байдлуудыг тогтооход чиглэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах, зохигчдын тайлбарыг бусад бичгийн баримттай харьцуулан үнэлэх, мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэлгүйгээр нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ