| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 102/2020/02964/И |
| Дугаар | 001/ХТ2022/01140 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/01140
М.Г-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2371 дүгээр магадлалтай,
“Т к” ХХК-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 973,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Г-ын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруултуяа, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч “Т к” ХХК-д холбогдуулан 973,033 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т к” ХХК-аас 973,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 27,903 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 27,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2371 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т к” ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 973,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,903 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч М.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2371 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Маргаан бүхий объект болох Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хороолол, Голден парк хотхоны 107-р байрны, 75 тоот орон сууцыг нэхэмжлэгч М.Г нь сайн дураар худалдан аваагүй, уг орон сууц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж 48,000,000 төгрөгийн төлбөрт тооцогдон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.18-ны өдрийн 102/ШШ2017/02463 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/5985 дугаар албан тоотоор болон бусад баримт, зохигчдын тайлбараар нотлогдох болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Учир нь, нэхэмжлэгч М.Г Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой үүрэг байгаа эсэхийг лавлах үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг худалдан авсан бус шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт тооцогдон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн хэргийн бодит нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнээгүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуулийн ямар заалтыг баримталж энэхүү иргэний хэргийг шийдсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.2-т зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.18-ны өдрийн 102/Ш32017/02463 дугаар захирамжаар нийт 48,000,000 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хороолол, Голден парк хотхоны 107-р байрны, 75 тоот хаягт байрлах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан. Энэ шүүхийн шийдвэрт 48,000,000 төгрөг гаргуул гэснээс биш, уг орон сууцны ус дулаан гэх мэт төлбөрийг нэмж гаргуулахаар шийдээгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулсан. 2018-2020 онд тухайн үед орон сууцыг ашиглаж хэрэглэж байсан өмчлөгчийн төлбөрийг уг төлбөрт ямар ч хамааралгүй, хэрэглэж ашиглаагүй нэхэмжлэгч иргэн төлж хохирох ёсгүй юм. Нэхэмжлэгч нь төлбөрийг сайн дураар биш тухайн байдалд орсны улмаас төлсөн болохыг хариуцагчийн нэхэмжлэх болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно.
4.3. Хариуцагч “Т к” ХХК нь 2018 оны төлбөрөө төлөөгүй байхад төлбөрөө төлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авах, шүүхэд хандах зэргээр эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотолсон баримт байхгүй. Харин хариуцагчийн төлөөлөгч шүүх хурлын явцад өмнөх өмчлөгч Э.М нь өвчтэй, олдохгүй байсан учир манай компани төлбөрөө нэхэмжлээгүй гэсэн тайлбарыг өгсөн. Хариуцагч компани нь тухайн цаг үед нь төлбөрөө аваагүй, ажилдаа хариуцлагатай хандаагүйгээс учирсан хохирлыг ямар ч буруугүй, оролцоогүй иргэн төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, харин хариуцагч компани өөрөө эрсдэлээ үүрэх нь шударга ёсонд нийцнэ. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд төлбөр төлөх ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй, ийм баримт хэрэгт огт авагдаагүйг шүүх анхаарч үзнэ үү.
4.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дүгээр шийдвэрт “маргааны үндэслэл болж буй ашиглалтын зардал тооцогдсон орон сууцыг нэхэмжлэгч М.Г бусдаас сайн дурын үндсэн дээр хүсэл зорилгоо илэрхийлж байгуулсан хэлцлийн дагуу худалдаж аваагүй, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу өмчлөлд нь шилжсэн байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй бөгөөд хариуцагч “Т к” ХХК нь уг орон сууцны ашиглалтын талаар Д.Д гэх иргэнтэй гэрээ байгуулж, тухайн гэрээ дуусгавар болсон, шинээр Э.М, эсхүл нэхэмжлэгч М.Г нарын алинтай ч гэрээ байгуулаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан. Нэгэнт зохигчийн хооронд аливаа үүрэг үүсээгүй, хариуцагч нь Д.Д гэх бүртгэлтэй хэрэглэгчийн орон сууцны 2018-2020 оны ашиглалтын зардлыг буюу бусдын хариуцах ёстой төлбөрийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шаардаж авсан байх тул ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв дүгнэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байна. Иймд давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв үнэлж дүгнээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч М.Г-аас хариуцагч “Т к” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 973,033 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
7. Нэхэмжлэгчээс “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар орон сууцыг 48,000,000 төгрөгийн төлбөртөө шилжүүлэн авч, 2020.03.06-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Орон сууцыг зарахаар тохирсон үед буюу 2020.07.22-ны өдөр “Т к” ХХК-аас орон сууцыг худалдан авч байгаа хүмүүст дарамт учруулж, бидэнд огт хамаагүй өмнөх өмчлөгч Э.М-гийн үеийн 2016.05.30-ны өдрөөс 2020.06.29-ний өдөр хүртэл хамаарах төлбөрийн үлдэгдэл 788,756 төгрөг, алданги 333,409 төгрөг, нийт 1,122,166 төгрөгийг төл гэж шаардан, шинэ худалдан авагч сангийн дуудлага өгөхөд үйлчилгээ үзүүлэхгүй байсан, аргагүйн эрхэнд төлбөрийг төлсөн... Би байрыг хайж олж, бэлэн мөнгөөр худалдаж аваагүй... Байрыг өөрийн хүсэлтээр аваагүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан, хэрэв өөрөө худалдан авсан бол төлбөр тооцоо байгаа эсэхийг нягталж шалгаад, төлбөрийг нь төлүүлээд юм уу суутган авч байж байраа худалдан авах байсан... Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу “Т к” ХХК-д төлөгдсөн 973,033 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч “... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй. Уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж тухайлан хуульчилж өгсөн... Иргэн М.Г өөрөө сайн дураараа орон сууцны ашиглалтын төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн төлбөрөө гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд аливаа үүрэг үүсээгүй, хариуцагч нь Д.Д гэх бүртгэлтэй хэрэглэгчийн орон сууцны 2018-2020 оны ашиглалтын зардлыг буюу бусдын хариуцах ёстой төлбөрийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шаардаж авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Т к” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
9. Харин давж заалдах шатны шүүх “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой үүрэг байгаа эсэхийг лавлах үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу...” гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.
11. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэсэн зохицуулалт нь тухайн тохиолдолд хамаарахгүй, учир нь нэхэмжлэгч нь орон сууцыг бусдаас худалдан аваагүй, харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Улмаар уг байрыг бусдад худалдахдаа худалдан авагчийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн шаардсанаар 2018-2020 оны орон сууц ашиглалтын зардлыг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.
12. Дээр дурдсанаар нэгэнт нэхэмжлэгчид хуулиар үүрэг үүсээгүй, мөн зохигчийн хооронд ямар нэгэн үүргийн (гэрээний) харилцаа үүсээгүй байхад хариуцагчаас өөр этгээдийн төлөх ёстой төлбөр болох 2018-2020 оны орон сууцны ашиглалтын зардал 973,033 төгрөгийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шаардан авсан байх тул хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
13. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэгчийг “хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
14. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4-т заасан) хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2371 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 27,903 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ