Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         П.Мгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00591 дүгээр шийдвэртэй

П.Мгийн нэхэмжлэлтэй

Т.Бт холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүү Б.Бадамжунайг өөрийн асрамжид үлдээлгэх, тэтгэлэг болон 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Т.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Миний бие 2009 онд Т.Бтэй танилцаж үерхэж байгаад албан ёсоор 2010.10 сард хуримаа хийж 2011.11 сард хүү Б.Бадамжунайг төрүүлсэн. Хүүхдээ төрснөөс хойш Т.Б нь өөр хүнтэй холбогдож би аймгийн төвд эгч дээрээ ирсэн. Одоо бид тус тусдаа амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон тул цаашид эвлэрэх боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Дундын эд хөрөнгийн хувьд 5 440 000 төгрөг нэхэмжилснийг багасгаж 4 000 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хариуцагчтай тохиролцсон хугацаанд авна.” гэжээ.

 

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

          “Бид хувийн таарамжгүй харилцаанаас тусдаа амьдрах болсон. Би одоо өөр амьдралтай болсон. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгөд нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийг 2018.12.30-ны дотор 2 000 000 төгрөг, 2019.08.30-ны дотор 2 000 000 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцлоо.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00591 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Б овогт Тын Б, А овогт Пийн М нарын гэрлэлтийг цуцалж; Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Бадамжунайг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Бээр нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Мд даалгаж; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дахь хэсэгт зааснаар Т.Бээс нийт 4 000 000 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу

- 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,

- 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Мд олгож; Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж; Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 190 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 179 994 төгрөг гаргуулан 149 150 төгрөгийг П.Мд, 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 30 844 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус олгож; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00591 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. П.М нь хүү Б.Бадамжунайг надтай огт уулзуулдаггүй бөгөөд одоо ч уулзуулахгүй байна. Гэтэл шүүхийн шийдвэрт хүү Б.Бадамжунайг надтай уулзуулах талаар ямар ч үг өгүүлбэр байхгүй байна. Иймд би хүү Б.Бадамжунайг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Миний хүү Б.Бадамжунай эх П.М болон түүний нөхөр Батдорж, тэдний хүүхдүүдтэй яаж амьдардаг нь тодорхойгүй. Хүү Б.Бадамжунай П.Мгийн эгчийнд нь амьдарч байна. Шүүх хүүхдийн асрамжийг тогтоогоогүй. Мөн шүүх хууль мэдэхгүй намайг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хангаагүйгээс би нэхэмжлэгчийн үгээр хэргээ шийдвэрлүүлсэндээ гомдолтой байна. Иймд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 591 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч П.М нь Т.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Б.Бадамжунайг өөрийн асрамжид үлдээлгэх, тэтгэлэг болон 4 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2010.09.17-нд гэр бүл болж, 2011.05.23-нд хүү Б.Бадамжунайг төрүүлсэн байна. Талууд гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж дүгнэж, гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын өмчийг хувааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийг эхийн асрамжид үлдээлгэх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.  

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, мэтгэлцээнээс үзэхэд талууд хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй, энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг шүүхээс тогтоох шаардлагатай байжээ. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаархи хариу тайлбартаа “П.Мгаас гэрийн шал болон машиныхаа бичиг баримтыг гаргуулж авна” гэж нэхэмжилснийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Талууд хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцсон гэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байхад хүүхдийн асрамжийг тогтоогоогүй анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.