Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

 

 

2020           6             04                                           2020/ДШМ/735

 

Г.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Г.А,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Гийн Э, 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд бэлдэцийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “...” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 4.894.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Гийн Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эаас 4.894.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “...” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн болчимгүй алдаанаас хийсэн үйлдлээ ухаарч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч тухайн АТМ-д учирсан хохирол 4.894.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн эвдрэл нь маш өндрөөр үнэлэгдсэн гэж үзэж байна. Миний зүгээс хаалгыг тийм хэмжээний хохирол учруулахуйц эвдэлсэн зүйл байхгүй. Мөн хавтас хэрэгт тухайн сольсон гэх хаалганы үнэ ямар учраас 4.894.000 төгрөг болсон нь тодорхойгүй байна. Хаалгыг тийм үнээр сольсон гэх албан бичгээс өөр тухайн хаалганы үнийг нотолсон баримт байхгүй. Иймд хохирлын талаар дахин шинжилгээ хийлгэж, үнэлгээг хийлгэх хүсэлтэй байна. Мөн би ажилд ороод удаагүй тул одоог хүртэл хохирлыг барагдуулж чадаагүй. Гэхдээ бодит хохирлыг төлж барагдуулах болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Э нь хохирлын үнэлгээний талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлгүй, шүүх хуралдааны дараа “өндрөөр үнэлэгдсэн байна, би ийм хэмжээгээр эвдлээгүй шүү дээ” гэсэн асуудал яригдсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирлын үнэлгээ бодитоор тогтоогдоогүй байна. Учир нь, тухайн байгууллага нь хаалгыг 4.894.000 төгрөгөөр сольсон гэх албан бичиг гаргаж өгсөн. Хохирлын үнэлгээг гаргахад зах зээлийн үнэлгээтэй харьцуулах ёстой. Гэтэл үүнийг хохирлын тооцоонд тусгаагүй. Зөвхөн байгууллагын албан бичгийг үнэлж хохирлын үнэлгээг гаргасан байсан. Иймд хохирлыг бодитой тогтоох шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Эын үйлдэл нь камерын бичлэгээр нотлогдож байгаа. Үнэлгээг албан бичгээс гадна албан ёсны үнэлгээний газрын тайлан, даатгалын гэрээ байгуулах үед тухайн байгууллага тоног төхөөрөмжөө хэдэн төгрөгөөр үнэлж байсан зэргийг үнэлгээний байгууллагын үнэлгээтэй харьцуулж даатгалын нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэдэг. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо дахин шинжээч томилж өгөхийг хүссэн байсан. Шүүгдэгч энэ хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлэх боломжтой байсан хэдий ч шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг хүлээн зөвшөөрч, хувааж төлөх боломжтой эсэх талаар яригдаж байсан. Тухайн АТМ-д хийгдсэн үнэлгээ нь албан ёсны үнэлгээний байгууллагаар хийгдсэн, албан ёсны үнэлгээний тайлангаар тогтоогдсон дүн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үнэлгээ хийлгүүлэхийн тулд прокуророос шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Дээрх дүгнэлтийг гаргасан “Дамно” хөрөнгийн үнэлгээний компани нь зах зээлийн ханш болон тухайлсан томъёоны үндсэн дээр үнэлгээ гаргасан байх тул үнэлгээг бодитой гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Эын зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Иймд шүүгдэгч Г.Эаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “...” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 4.894.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Шагдарсүрэнгийн “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “...” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед гадны хүн тус АТМ-ын хаалгыг эвдэх гэж оролдон улмаар хаалганд нь гэмтэл учруулсан байна. ...АТМ-с мөнгө алдагдаагүй боловч хаалгыг нь эдсэн. Тэгээд учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгоход 4.894.000 төгрөгийн хохирол учирсан байна. ...Мөн карт уншуулсан логын мэдээлэлд Г.Э, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 8-382Б тоот хаягтай 91295757, 86861808 гэх дугаартай болох нь тогтоогдсон. ...” гэх /хх 13-14/,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантогтохын “...Манай даатгалтай “Хитачи Эс Ар 7500” АТМ машин нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө эвдэж, гэмтсэн байсан. “...” ХХК-ийн зүгээс уг эвдрэлийн гэмтлийг тогтоож даатгалын сангаас 4.894.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. ...” гэх /хх 17/,

шүүгдэгч Г.Эын “...2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны 1 дүгээр давхарт байрлах ... худалдааны төвийн үүдэнд байдаг Хаан банкны АТМ-с мөнгө авах гэж байгаад кодоо 2 удаа буруу хийсэн. Тэгээд карт гарч ирэхгүй байхаар нь Хаан банкны АТМ-н хаалгыг өшиглөөд гаднаас төмөр авч орж ирээд АТМ-н хаалгыг төмрөөр хөшөөд нээгдэхгүй байхаар нь гараад явсан. Хаалганаас өөр эвдсэн зүйл байхгүй. ...” гэх /хх 34-39/ мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №БЗ1-20-275 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Г.Эыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба уг эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Хавтас хэргийг судлахад, “Хаан” банк болон “...” ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх болон электрон тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ”, Хаан банкны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 39/469 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн халдсан АТМ нь 86.006.257 төгрөгөөр үнэлэгдсэн, хэргийн 23 дахь талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг АТМ-ы хохирлыг 4.894.000 төгрөгөөр үндэслэлтэй тогтоосон байх тул шүүгдэгч Г.Эын гаргасан “...хохирлыг дахин зөв тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/755 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/755 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ