Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/02666

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/02666

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг  тоотод оршин суух д Б /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух м Б /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Бгийн Б /РД:, утасны дугаар: /

 

162,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М   

                                нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь иргэн Б.Бтэй 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу би 100,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд М.Бгийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 100 тоот хаягт байрлах 40 м.кв, Гэрчилгээний дугаар 000338746, Ү-2205012703 гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар хийсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнийн Хаан банк-5031887476 тоот дансанд 80,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг мөн тус тус шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Б.Б зээлийн мөнгө шилжүүлэн авснаас хойш зээлийн эргэн төлөлт хийх тогтоосон хугацаанд үндсэн зээл 100,000,000 төгрөг, 1 сарын хүү /6 хувь/ 8,000,000 төгрөгөө буцаан төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн болно. Зээлийн гэрээний 3-р зүйлд “Зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-р зүйлийн 232.6 дэх хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож алдангийг зээлдүүлэгчид төлнө” гэж заасан. Б.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 270 хоног өнгөрсөн бөгөөд гүйцэтгэх үүрэг 108,000,000 төгрөгийн 1 хоногийн алданги 540,000 төгрөгөөр тооцвол 145,800,000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-д зааснаар нийт үүргийн 50 хувиар тооцвол 54,000,000 төгрөгийн алданги тооцон нэхэмжлэх эрх үүссэн байна. Хариуцагч Б.Б, М.Б нарын оршин суугаа хаягийг СХД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тогтоосон. Иймд Б.Бэс үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,000,000 төгрөг, алданги 54,000,000 төгрөг нийт 162,000,000 төгрөг гаргуулж, М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр тоот хаягт байрлах 40 метр квадрат, гэрчилгээний дугаар 000338746, Ү-2205012703 үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бд 100,000,000 төгрөгийг зээлээр өгсөн. Хариуцагч зээлийн барьцаанд аавынхаа байрыг барьцаалсан. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тухайн 100 сая төгрөгийг хариуцагч авсан гэж ярьдаг. Хэрвээ хамтран ажиллах бол Иргэний хуульд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой. Гэвч талуудын хооронд тохиролцсон зүйл болон хүсэл зоригийн илэрхийллийг буруу ойлгосон зүйл байхгүй учраас хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Ашиг олох талаар яригдаж, хөрөнгө оруулалт хийх яриа явагдаагүй тул зээлийн гэрээний харилцаа юм. Зээлийн гэрээний хувьд Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон. Иймд зээлийн гэрээний үүргийг Б.Бэс шаардаж байна. Уг үүргээ биелүүлэхгүй бол хариуцагч М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь тухайн үед өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох  Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байр 100 тоот хаягт байрлах 40 мкв хөрөнгийг барьцаа болгож өгсөн. Иймд үндсэн зээлийн гэрээний төлбөр болох 100 сая төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй. Б.Бат-Эрдэнийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөгийг авсан гэдэгт маргадаггүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний зорилго нь анхнаасаа зээлийн гэрээний харилцаа биш байсан. Талуудын тохиролцсон зүйл нь Б.б барьж байгаа махны үйлдвэрт 100,000,000 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад, дараа нь нэхэмжлэгч мах чануулж мөнгөө гаргуулж авна гэж тохиролцсон байдаг. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ биш Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангаж байгаа харин талуудын хүсэл зориг өөр байсан тул зээлийн гэрээнд заасан хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Талууд ашиг олох зорилгоор хөрөнгө нийлүүлж байх тул хариуцагчийн хувьд зээлийн гэрээ биш гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээг байгуулж нэгэнт мөнгийг нь авсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн мөнгө 100,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нэг сарын хүү болох 8,000,000 төгрөг, алданги 54,000,000 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон хүүний мөнгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн төлбөрийг хангаж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч Д.Б нь М.Б, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 108,000,000 төгрөг, алдангид 54,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Д.Б, Б.Б нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “зээлийн гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Д.Б нь 100,000,000 төгрөгийг Б.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгийг 8 хувийн хүүгийн хамт хэсэгчлэн төлж дуусгах үүрэг хүлээжээ. Дээрх гэрээг байгуулсан болон уг гэрээний дагуу 100,000,000 төгрөг хүлээж авсан үйл баримтад хариуцагч маргаагүй боловч уг мөнгийг зээлж аваагүй, хамтран ажиллах гэрээний дагуу авсан гэж марган хүү болон алдангийг төлөхөөс татгалзаж, үндсэн төлбөр 100,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Хамтран ажиллах гэрээг хуулийн этгээд байгуулах буюу байгуулахгүйгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хамтын тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллахаар тохиролцож, хамтрагч бүрийн оролцоог тодорхойлсон нөхцөлд байгуулагдсан гэж үзнэ. Дээрх гэрээ болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл хамтын тодорхой зорилго хэрэгжүүлэхээр тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин гэрээний агуулга, нөхцөл, шинж, эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээж байдаг. Дээрх гэрээний үүргээ зээлдүүлэгч Д.Б биелүүлсэн байх ба зээлдэгч Б.Б зээлийг буцаан төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 100,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээгээр хүү тогтоосон, уг гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул хариуцагч нь зээлийн хүүд 8,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.  

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Уг хариуцлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх багасгаж болох тул хариуцагч Б.б гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 27,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.  Иймд хариуцагчаас 135,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 27,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байр 100 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй орон сууцаар хангуулахаар Д.Б, Б.Б нар “барьцааны гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Энэхүү гэрээг хариуцагч М.Б байгуулаагүй боловч тухайн гэрээг байгуулахыг зөвшөөрч Б.Бд итгэмжлэл олгосон байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагад хариуцагчаар М.Бг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Зохигчид барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангийг хангуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.Б сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бгийн Бэс 135,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д Бд олгож, нэхэмжлэлээс 27,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Б.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байр тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 903,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА