Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02761

 

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02761

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвд байрлах, А.Ж.Т ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолборын 0 тоот хаягт байрлах, А.Ф ХХК /РД: 0000000/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээ цуцалсны хохиролд нийт 18,136,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, С.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 1992 онд байгуулагдсан. Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. А.Ф ХХК-тай 2020/Б/100 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээ нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан боловч гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний бэлтгэл үе шат удаан хугацаанд үргэлжилсэн. Манайх түрээслэх боломжтой ийм, ийм талбай байна гэж жагсаалтаа гаргаж өгөхөд хариуцагч талаас судалж байгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах объектыг чинь манайх түрээслье гээд А.Ф ХХК-ийн зүгээс 2020 оны 2 дугаар сард түрээслэх талбайгаа сонгосон. Ингэхдээ хариуцагч талаас санхүү, маркетинг, бизнесийн ажилтнууд нь удаа дараа ирж судалгаа, шинжилгээ хийсэн. Зөвхөн объектын дотор хэсгийг харахаас илүү ойр орчмын газар гээд бүх юмаа судалж, шинжилсний үндсэн дээр хариуцагч талаас 2 дугаар сард шийдэлдээ хүрсэн. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талууд гэрээнийхээ загварыг солилцож, харилцан санал өгсөн. Хариуцагч тал 2020 оны 2 дугаар сард манайх энэ талбайг чинь сонголоо. Танайх өөр хүнд битгий түрээслүүлээрэй гэдэг зүйлийг манайд хэлсэн. Үүнийг нь бид хүлээж авсан. Яагаад гэхээр манайх бусад салбар дэлгүүрүүдээр ч гэсэн эмийн сан түлхүү оруулдаг. Сургалт, кофе шопоос эмийн сан цэвэрхэн, мөн өнгө үзэмжийн хувьд ч гэсэн манай үйл ажиллагаатай зохицож байсан учраас А.Ф ХХК-г сонгоод 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулах өдөр хүртэл хүлээсэн. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч талаас юу гэж хүссэн бэ гэхээр ... доторх засал, зохион байгуулалт, интерьерийг өөрчлүүлье. Танайх паркетан шалаа хуулаад авчих. Шил болон гипс хосолсон ханаа авчих. Шилэн хаалга манайд тохирохгүй учраас шилэн хаалгаа авчих, ийм ийм ажлуудыг хийчих гэж бидэнд хүсэлт тавьсныг бид хүлээн зөвшөөрч, хэлснийх нь дагуу авсан. Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бүртгүүлсэн гэрээ байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг бүрэн арилгана гэж заасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Эд хөрөнгө хөлслөх гэрээн дээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах эрхтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгож, нэг сарын өмнө мэдэгдэж гэрээг цуцалж болно гэж заасан. Энэ бүхнээс харвал гэрээ цуцлах нь хуулиараа нээлттэй. Гэрээг хэзээ ч цуцалж болно. Гэхдээ зарчим нь нөгөө талдаа хохиролгүй байдлаар цуцлах ёстой. Ялангуяа гэрээний үр дагавар гарсан бол үүнийг заавал хариуцах ёстой. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл ямар ч хохирол, төлбөрийг төлөөгүй. Манайх байрныхаа таазыг л зассан. Бусад нь хэвээрээ. Эргэж сэргээн засаагүй учраас дараагийн түрээслэгчийг авах боломжгүй, ашиггүй үхмэл хөрөнгө байж байна. Гэрээ үйлчилж эхлээд, үр дагавар хэдийнээ гарсны дараа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай дээр хариуцагч компанийн шинэ салбар хөгжүүлэлтийн дарга Д.Ц, А.Ф ХХК-ийн охин компанийн захирал А.Н гэх хүмүүс ирж уулзаад, уучлаарай танайхыг түрээслэх боломжгүй болчихлоо гэж мэдэгдсэн. Уулзалтын бичлэг хавтаст хэрэгт авагдсан. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр хандсан. Бид түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэж өгөөгүй байсан, учир нь гэрээ байгуулснаас хойш түрээслэгч тал засвар хийлгэх хүсэлт гаргасан. Гэрээ юунаас болж цуцлагдсан дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага хангах эсэх дээр маш их ач холбогдолтой. Гэрээ юунаас болж цуцлагдсан бэ гэхээр А.Ф ХХК нь Хо, Хү гээд эмийн сангуудтай хамтын ажиллагааны гэрээтэй юм байна. Гэрээний дагуу тэр эмийн сангуудын ойр орчмоор өөрсдөө эмийн сан байгуулахгүй гэдэг тохиролцоотой юм байна. Ийм учраас бид танай обьектод үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо гэдэг тайлбар хэлсэн. Энэ дээр ажиглагдаж байгаа юм нь хариуцагч гэрээ байгуулахаас өмнө сар судалгаа шинжилгээ хийж байхдаа гэрээгээ судлах боломж бололцоотой байсан. Энэ эрсдэлийг урьдчилан тооцоолох ёстой байсан. Гэрээ байгуулж, үр дүн гарсны дараа ингэж байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл гэдэг нь тодорхой харагдаж байна.

Бид үүнтэй холбогдож гарсан зардлаа хариуцагч талаас нэхэмжилсэн. Үүнд Паркетан шал хуулуулсан, шилэн хаалга шинээр суулгахад 1,260,000 төгрөг, шилэн хананы хатаалттай шил 1,173,000 төгрөг, өнгөгүй хуулга 48,875 төгрөг, силикон 78,750 төгрөг, профил төмөр 90,000 төгрөг, шилэн хананы ажлын хөлс 293,400 төгрөг, НДФ хавтан 243,800 төгрөг, ажлын хөлс 184,000 төгрөг, чулуун хана жижиг гоёлын чулуу нь 156,520 төгрөг, чулууны цавуу 145,200 төгрөг, ажлын хөлс 55,900 төгрөг, модон паркетан шал 1,220,880 төгрөг, паркетны доод дэвсгэр буюу зөөлөвч 30,522 төгрөг, хүрээ 18,500 төгрөг, паркетан шалны ажлын хөлс 127,175 төгрөг, гипсэн хана 224,000 төгрөг, замаск 24,000 төгрөг, кнауп 25,000 төгрөг, цаасан кнаупны наалт 13,000 төгрөг, 505-ын цавуу 16,500 төгрөг, ханын босоо профил 100,000 төгрөг, ханын хэвтээ профил 38,400 төгрөг, 6х12 шруп 19,000 төгрөг, 3.5 см-тай хар шруп 9,500 төгрөг, ажлын хөлс 290,680 төгрөг, ханын обой 264,000 төгрөг, цавуу 51,000 төгрөг, ажлын хөлс 102,280 төгрөг, цахилгааны ажил буюу цахилгааны автомат суулгаж тусгаарлах зардал нь ажлын хөлстэйгөө 650,000 төгрөг, нийт засварын сэргээн засах зардал 6,953,882 төгрөг болсон. Гэрээ баталгаажуулж, гэрчлүүлэхтэй холбоотой зардалд нотариатын үнэ 6,500 төгрөг, шатахуун 20,000 төгрөг, улсын бүртгэлд бүртгүүлэхэд 20,000 төгрөг, нийт 46,500 төгрөг болсон. Ингээд засварын болон бусад зардалд 7,000,382 төгрөгийг нэхэмжилсэн. Бид засварын ажлыг хийгээгүй, шилэн хана, шилэн хаалгыг худалдаж аваагүй байгаа, ийм хэмжээний зардал гарна гэдгийг мэргэжлийн төсөвчнөөр бодуулаад гарах ирээдүйд гарах зардлаа нэхэмжилж байгаа. Мөн 2020 оны 5, 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр 10,661,129 төгрөг, нийт 17,661,511 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндсэн шаардлага гаргасан. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж таазны засвар 274,900 төгрөг, төсөвчний ажлын хөлс 200,000 төгрөг буюу 474,900 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 18,136,411 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү нарын гаргасан тайлбарт: А.Ж.Т ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Бид 17 хоногийн дараа түрээслэх боломжгүй гэдгээ мэдэгдэж санал хүргүүлсэн. Гэрээ болон гэрээ цуцалсан үйл ажиллагаа нь Монгол улсын Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, түрээслүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байхгүй болно. Нэхэмжлэгчээс гарсан засварын зардлыг манай компани төлнө гэж зөвшөөрсөн зүйл байхгүй, компанийн эрх бүхий хүмүүс зөвшөөрөхгүй байгаа. Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал гээд байгаа Д бол хөлсний ажилтан болохоос биш манай компанийн дотоод журамд зааснаар бол төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Д гэж хүн албан бичиг явуулах эрхгүй, яагаад албан бичиг явуулсан талаар манай компани дотооддоо шалгалт хийгээд, тэр хүн ажлаасаа халагдсан. Манайх засвар хийлгэе, манай бизнесийн үйл ажиллагаанд тохирохгүй байна, ийм засвар оруулна гэдэг хүсэлт гүйцэтгэх удирдлагын зүгээс гаргаагүй. Өмгөөлөгч би гэрээг хянаад сууж байсан хүний хувьд 6.1 дэх заалтаар засвар оруулна гэж бид интерьерийн зургийг гаргаагүй. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс сиди-нд үзлэг хийлгэсэн, дуу авиан бичлэг зөвшөөрөлгүй хийгдсэн байна. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлэхгүй шийдэх байх гэж найдаж байна. Түрээсийн гэрээний нэг тал нь нөгөө талдаа эд хөрөнгийг арилжааны зориулалтаар эзэмшилд нь шилжүүлэх, нөгөө тал нь эзэмшилд авсан эд хөрөнгөд гэрээнд заасан төлбөр төлөх үүрэгтэй. Гэрээний харилцаа ямар тохиолдолд үүсдэг вэ гэхээр гэрээ байгуулснаар биш, үйлдлээр хийгддэг. Цаасан дээр гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцогдох биш, эд хөрөнгийг акт үйлдэж хүлээлгэн өгнө гэж заасан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний объектыг 4 дүгээр сарын 28-ны өдөр ямар нэгэн байдлаар акт үйлдэж, манайд хүлээлгэж өгөөгүй учраас энэ гэрээ хичнээн бичгээр байгуулагдсан боловч эрх зүйн хувьд ямар нэгэн үйлчлэл үүсгэх боломжгүй. Үүрэг зөрчсөн асуудал дээр эднийх манайд хүлээлгэж өгөөгүй учраас манайх энэ гэрээгээр хүлээсэн ямар нэгэн үүрэг байхгүй. Нэгэнт бид үүрэг хүлээгээгүй, эднийх үүргээ биелүүлээгүй учраас манайх ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирлыг манайх хариуцахгүй. Яагаад гэхээр гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч түрээслүүлэгч тал үүргээ биелүүлээгүй учраас түрээсийн гэрээ биелэгдэх боломжгүй болж, түрээсийн зүйлийг хүлээж аваагүй учраас түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэгэн үүрэг үүсэхгүй. Мөн гэрээний 3.2-т түрээслэгч талын борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс төлбөрийг тооцно гэсэн заалт орсон. Тэгэхээр манай зүгээс нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдсан боловч аль, аль тал нь үүргээ биелүүлээгүй учраас эрх зүйн харилцаа үүсээгүй. Үүрэг үүсээгүй учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна. Бид болоогүй үйл явдлыг дүгнэж хохирлыг тогтоож болохгүй. Жишээ нь Нараа эгчээ та над руу цохих гээд байх шиг байна, би цохиулбал танаас эмчилгээний зардал авна гээд 500,000 төгрөг нэхэж байгаатай яг адилхан үйл явдаг. Засаад, зассантай холбоотой ийм зардал гарсан гэдэг бодит баримт нь байх юм бол өөр шүү дээ. Гэтэл 9,500 төгрөгийн үнэтэй нэг хайрцагт 100 ширхэг хадаас байгаа, 100 ширхэг хадаасны хэдийг нь ханыг тогтооход зарцуулсан гэдгийг бид мэдэж байж тэр бодит хохирол болно. Түүнээс биш 100 ширхэг хадаас орсон, үгүйг бид мэдэхгүй. Шилэн хаалга хийлгэх эсэхийг мэдэхгүй. Бодит байдалд нь, буцаагаад хэвийн байдалд нь оруулах ёстой гэж байгаа бол ямар байдалд оруулах ёстой юм. Энэ нотлох баримтууд байхгүй. Иймээс манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Ж.Т ХХК нь хариуцагч А.Ф ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу 2020 оны 5, 6 , 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 10,611,129 төгрөг, гэрээнээс хохиролд буюу засварын зардал болон нотариат, шатахуун, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой зардалд 7,000,382 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага буюу таазны засварын зардалд 274,900 төгрөг, төсөвчний ажлын хөлс 200,000 төгрөг, нийт 18,136,411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ... Гэрээ байгуулсан нь боловч түрээсийн зүйлийг түрээслүүлэгч актаар болон бодитоор түрээслэгчид хүлээлгэж өгөөгүй, гэрээ хэрэгжээгүй тул гэрээний үүрэг үүсээгүй, мөн гэрээ хэрэгжээгүй тул гэрээнээс учирсан хохирлыг манайх хариуцахгүй. Манай талаар түрээсийн обьектод засвар хийлгье гэж хүсэлт гаргаагүй, тийм утгатай албан бичиг хүргүүлээгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Ж.Т ХХК, хариуцагч А.Ф ХХК нар нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Түрээсийн гэрээ-г байгуулан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвийн 60 м/к талбайг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3,300,000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сард 2,640,000 төгрөг, мөн оны 6 дугаар сард 2,970,000 төгрөг, мөн оны 7 дугаар сард 3,135,000 төгрөг, мөн оны 8 дугаар сараас эхлэн үндсэн үнэ болох 3,300,000 төгрөг байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын ... Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвийн 60 м/к талбайг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3,300,000 төгрөгөөр А.Ф ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. Хариуцагч компанийн Шинэ салбар хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Д.Ц манайд хандан доторх засал, зохион байгуулалт, интерьерийг өөрчлүүлье. Танайх паркетан шалаа хуулаад авчих. Шил болон гипс хосолсон ханаа авчих. Шилэн хаалга манайд тохирохгүй учраас шилэн хаалгаа авчих, ийм ийм ажлуудыг хийчих гэж бидэнд хүсэлт тавьсныг манайх зөвшөөрч, засварын ажлыг хийж байх хугацаанд гэрээг цуцлах мэдэгдлээ өгсөн гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ийн ... манай компанийн зүгээс түрээсийн обьектод засварын ажил хийлгэж, дотоод зохион байгуулалтыг нь өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй, түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаар түрээслүүлэгч тал манайд түрээсийн зүйлийг бодитоор хүлээлгэж өгөөгүй, манайх обьектийг ашиглаагүй, гэрээ хэрэгжээгүй гэх тайлбараас үзвэл түрээслүүлэгч түрээсийн зүйлийг буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвийн 60 м/к талбайг түрээслэгч А.Ф ХХК-ийн эзэмшилд хүлээлгэж өгөөгүй байна. Энэ нь зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.2-т Түрээслүүлэгч нь ажлын байрыг акт үйлдэн хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчсөн буюу түрээслүүлэгч үүргээ гүйцэтгээгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй байна.

 

Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан А.Ф ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/20/1161 тоот ... манай байгууллагаас тус байршилд эмийн сан нээхээр бэлтгэн ажиллаж байсан боловч эм ханган нийлүүлэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг охин компани болох А.Ф ХХК-тай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээтэй Хү, Хо эмийн сангуудтай ойрхон бүсэд эмийн сан нээх нь хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. гэх албан бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн ба түрээсийн гэрээний 7.3-т Нэг тал нь энэ гэрээний 7.1, 7.2-т заасны дагуу гэрээг цуцалж байгаагаа бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш нөгөө тал нь хуанлийн 10 хоногийн дотор хариу мэдэгдээгүй тохиодолд нэг талын зүгээс энэ гэрээг цуцалсан гэж тооцно. Энэ тохиолдолд 10 өдрийн дотор түрээсийн талбайг чөлөөлсөн актын дагуу түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө. гэж зааснаар гэрээ цуцлагджээ. Хэдийгээр хариуцагч А.Ф ХХК нь гэрээний 7.2-т зааснаас өөр үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн боловч тухайн мэдэгдэлд нэхэмжлэгч А.Ж.Т ХХК нь гэрээнд заасан журмын дагуу хариу өгөөгүй, гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрч, гэрээний үүрэг, хохирол шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д Түрээсийн төлбөрийг мөнгө эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно. гэж, түрээсийн гэрээний 3.2-т Түрээсийн төлбөрийг 2020 оны 5 дугаар сард 2,640,000 төгрөг, 6 дугаар сард 2,970,000 төгрөг, 7 дугаар сард 3,135,000 төгрөг, 8 дугаар сараас эхлэн үндсэн төлбөр 3,300,000 төгрөгийг төлнө. Түрээсийн төлбөрийг түрээслэгч талын борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс тооцно. гэж зохигчид тохиролцсон боловч түрээслэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгөд борлуулалтын үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн гэрээний үүрэгт 10,661,129 төгрөг төлөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнэээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.2-т Түрээслүүлэгч нь ажлын байрыг акт үйлдэн хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь өөрийн буруугаас учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нь ... Хариуцагч компанийн Шинэ салбар хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Д.Ц манайд хандан доторх засал, зохион байгуулалт, интерьерийг өөрчлүүлье. Танайх паркетан шалаа хуулаад авчих. Шил болон гипс хосолсон ханаа авчих. Шилэн хаалга манайд тохирохгүй учраас шилэн хаалгаа авчих, ийм ийм ажлуудыг хийчих гэж бидэнд хүсэлт тавьсан гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс Сиди-нд үзлэг хийхэд тухайн ярианы бичлэгт хэн, хэнтэй, хэзээ, хаана ярилцаж буй нь тодорхойгүй байх ба тухайн яриаг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч А.Ф ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд 18,136,411 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ф ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 18,136,411 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР