Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02283

 

 

 

 

 

 

 

 

 

А- - ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02761 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- - ХХК-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 18 136 411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани А- ХХК-тай 2020/Б/100 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан боловч гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний бэлтгэл үе шат удаан хугацаанд үргэлжилсэн. Манайх түрээслэх боломжтой талбайн жагсаалтаа гаргаж өгөхөд хариуцагч талаас судалж, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах обьектыг түрээслэе гээд А- ХХК-ийн зүгээс 2020 оны 02 дугаар сард түрээслэх талбайгаа сонгосон. Ингэхдээ хариуцагч талаас санхүү, маркетинг, бизнесийн ажилтнууд нь удаа дараа ирж судалгаа, шинжилгээ хийсэн. Зөвхөн обьектын дотор хэсгийг харахаас илүү ойр орчмын газар гээд бүх юмаа судалж, шинжилсний үндсэн дээр хариуцагч талаас 2 сард шийдэлдээ хүрсэн. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талууд гэрээнийхээ загварыг солилцож, харилцан санал өгсөн. Хариуцагч тал 2020 оны 2 сард манайх энэ талбайг сонголоо, өөр хүнд битгий түрээслүүлээрэй гэсэн. Үүнийг нь бид хүлээж авсан. Яагаад гэхээр манайх бусад салбар дэлгүүрүүдээр ч гэсэн эмийн сан түлхүү оруулдаг. Сургалт, кофе шопоос эмийн сан цэвэрхэн, мөн өнгө үзэмжийн хувьд ч гэсэн манай үйл ажиллагаатай зохицож байсан учраас А- ХХК-ийг сонгоод 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулах өдөр хүртэл хүлээсэн. Гэрээ байгуулснаас хойш доторх засал, зохион байгуулалт, интерьерийг өөрчлүүлье, танайх паркетан шалаа хуулж, шил болон гипс хосолсон ханаа авчих, шилэн хаалга манайд тохирохгүй учраас шилэн хаалгаа авчих, ийм ийм ажлуудыг хийчих гэж бидэнд хүсэлт тавьсныг бид хүлээн зөвшөөрч, хэлснийх нь дагуу авсан. Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бүртгүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг бүрэн арилгана гэж заасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Эд хөрөнгө хөлслөх гэрээн дээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах эрхтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгож, нэг сарын өмнө мэдэгдэж гэрээг цуцалж болно гэж заасан. Энэ бүхнээс харвал гэрээ цуцлах нь хуулиараа нээлттэй. Гэрээг хэзээ ч цуцалж болно. Гэхдээ зарчим нь нөгөө талдаа хохиролгүй байдлаар цуцлах ёстой. Ялангуяа гэрээний үр дагавар гарсан бол үүнийг заавал хариуцах ёстой. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл ямар ч хохирол, төлбөрийг төлөөгүй. Манайх байрныхаа таазыг л зассан. Бусад нь хэвээрээ. Эргэж сэргээн засаагүй учраас дараагийн түрээслэгчийг авах боломжгүй, ашиггүй үхмэл хөрөнгө байж байна. Гэрээ үйлчилж эхлээд, үр дагавар гарсны дараа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай дээр хариуцагч компанийн шинэ салбар хөгжүүлэлтийн дарга Д.Цацрал, А- ХХК-ийн охин компанийн захирал А.Норовсүрэн гэх хүмүүс ирж уулзаад, уучлаарай танайхыг түрээслэх боломжгүй болчихлоо гэж мэдэгдсэн. Уулзалтын бичлэг хавтаст хэрэгт авагдсан. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр хандсан. Бид түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэж өгөөгүй байсан, учир нь гэрээ байгуулснаас хойш түрээслэгч тал засвар хийлгэх хүсэлт гаргасан. Гэрээ юунаас болж цуцлагдсан дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага хангах эсэх дээр маш их ач холбогдолтой. Гэрээ юунаас болж цуцлагдсан бэ гэхээр А- ХХК нь Хонгор, хүрмэн эмийн сантай хамтын ажиллагааны гэрээтэй юм байна. Гэрээний дагуу тэр эмийн сангуудын ойр орчмоор өөрсдөө эмийн сан байгуулахгүй гэдэг тохиролцоотой. Ийм учраас бид танай обьектод үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо гэдэг тайлбар хэлсэн. Хариуцагч гэрээ байгуулахаас өмнө судалгаа шинжилгээ хийж байхдаа гэрээгээ судлах боломжтой байсан. Энэ эрсдэлийг урьдчилан тооцоолох ёстой байсан. Гэрээ байгуулж, үр дүн гарсны дараа ингэж байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл гэдэг нь тодорхой харагдаж байна. Бид үүнтэй холбогдож гарсан зардлаа хариуцагч талаас нэхэмжилсэн. Үүнд паркетан шал хуулуулсан, шилэн хаалга шинээр суулгахад 1 260 000 төгрөг, шилэн хананы хатаалттай шил 1 173 000 төгрөг, өнгөгүй хуулга 48 875 төгрөг, силикон 78 750 төгрөг, профил төмөр 90 000 төгрөг, шилэн хананы ажлын хөлс 293 400 төгрөг, НДФ хавтан 243 800 төгрөг, ажлын хөлс 184 000 төгрөг, чулуун хана жижиг гоёлын чулуу нь 156 520 төгрөг, чулууны цавуу 145 200 төгрөг, ажлын хөлс 55 900 төгрөг, модон паркетан шал 1 220 880 төгрөг, паркетны доод дэвсгэр буюу зөөлөвч 30 522 төгрөг, хүрээ 18 500 төгрөг, паркетан шалны ажлын хөлс 127 175 төгрөг, гипсэн хана 224 000 төгрөг, замаск 24 000 төгрөг, кнауп 25 000 төгрөг, цаасан кнаупны наалт 13 000 төгрөг, 505-ын цавуу 16 500 төгрөг, ханын босоо профил 100 000 төгрөг, ханын хэвтээ профил 38 400 төгрөг, 6х12 шруп 19 000 төгрөг, 3.5 см-тэй хар шруп 9 500 төгрөг, ажлын хөлс 290 680 төгрөг, ханын обой 264 000 төгрөг, цавуу 51 000 төгрөг, ажлын хөлс 102 280 төгрөг, цахилгааны ажил буюу цахилгааны автомат суулгаж тусгаарлах зардал нь ажлын хөлстэйгөө 650 000 төгрөг, нийт засварын сэргээн засах зардал 6 953 882 төгрөг болсон. Гэрээ баталгаажуулж, гэрчлүүлэхтэй холбоотой зардалд нотариатын үнэ 6 500 төгрөг, шатахуун 20 000 төгрөг, улсын бүртгэлд бүртгүүлэхэд 20 000 төгрөг, нийт 46 500 төгрөг болсон. Ингээд засварын болон бусад зардалд 7 000 382 төгрөгийг нэхэмжилсэн. Бид засварын ажлыг хийгээгүй, шилэн хана, шилэн хаалгыг худалдаж аваагүй байгаа, ийм хэмжээний зардал гарна гэдгийг мэргэжлийн төсөвчнөөр бодуулаад гарах ирээдүйд гарах зардлаа нэхэмжилж байгаа. Мөн 2020 оны 5, 6, 7, 8 сарын түрээсийн төлбөр 10 661 129 төгрөг, нийт 17 661 511 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж таазны засвар 274 900 төгрөг, төсөвчний ажлын хөлс 200 000 төгрөг буюу 474 900 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 18 136 411 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- - ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Бид 17 хоногийн дараа түрээслэх боломжгүй гэдгээ мэдэгдэж санал хүргүүлсэн. Гэрээ болон гэрээ цуцалсан үйл ажиллагаа нь Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, түрээслүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байхгүй болно. Нэхэмжлэгчээс гарсан засварын зардлыг манай компани төлнө гэж зөвшөөрсөн зүйл байхгүй, компанийн эрх бүхий хүмүүс зөвшөөрөхгүй байгаа. Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал гээд байгаа Дэлгэрмөнх нь хөлсний ажилтан болохоос биш манай компанийн дотоод журамд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Дэлгэрмөнх гэж хүн албан бичиг явуулах эрхгүй, яагаад албан бичиг явуулсан талаар манай компани дотооддоо шалгалт хийгээд, тэр хүн ажлаасаа халагдсан. Манайх засвар хийлгэе, манай бизнесийн үйл ажиллагаанд тохирохгүй байна, ийм засвар оруулна гэдэг хүсэлт гүйцэтгэх удирдлагын зүгээс гаргаагүй. Өмгөөлөгч би гэрээг хянаад сууж байсан хүний хувьд 6.1 дэх заалтаар засвар оруулна гэж бид интерьерийн зургийг гаргаагүй. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс сиди-нд үзлэг хийлгэсэн, дуу авиан бичлэг зөвшөөрөлгүй хийгдсэн байна. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлэхгүй шийдэх байх гэж найдаж байна. Түрээсийн гэрээний нэг тал нь нөгөө талдаа эд хөрөнгийг арилжааны зориулалтаар эзэмшилд нь шилжүүлэх, нөгөө тал нь эзэмшилд авсан эд хөрөнгөд гэрээнд заасан төлбөр төлөх үүрэгтэй. Гэрээний харилцаа ямар тохиолдолд үүсдэг вэ гэхээр гэрээ байгуулснаар биш, үйлдлээр хийгддэг. Цаасан дээр гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцогдох биш, эд хөрөнгийг акт үйлдэж хүлээлгэн өгнө гэж заасан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний обьектийг 4 дүгээр сарын 28-ны өдөр ямар нэгэн байдлаар акт үйлдэж, манайд хүлээлгэж өгөөгүй учраас энэ гэрээ хичнээн бичгээр байгуулагдсан боловч эрх зүйн хувьд ямар нэгэн үйлчлэл үүсгэх боломжгүй. Үүрэг зөрчсөн асуудал дээр эднийх манайд хүлээлгэж өгөөгүй учраас манайх энэ гэрээгээр хүлээсэн ямар нэгэн үүрэг байхгүй. Нэгэнт бид үүрэг хүлээгээгүй, эднийх үүргээ биелүүлээгүй учраас манайх ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирлыг манайх хариуцахгүй. Яагаад гэхээр гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч түрээслүүлэгч тал үүргээ биелүүлээгүй учраас түрээсийн гэрээ биелэгдэх боломжгүй болж, түрээсийн зүйлийг хүлээж аваагүй учраас түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэгэн үүрэг үүсэхгүй. Мөн гэрээний 3.2-т түрээслэгч талын борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс төлбөрийг тооцно гэсэн заалт орсон. Тэгэхээр манай зүгээс нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдсан боловч аль, аль тал нь үүргээ биелүүлээгүй учраас эрх зүйн харилцаа үүсээгүй. Үүрэг үүсээгүй учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна. Бид болоогүй үйл явдлыг дүгнэж хохирлыг тогтоож болохгүй. Жишээ нь Нараа эгчээ та над руу цохих гээд байх шиг байна, би цохиулбал танаас эмчилгээний зардал авна гээд 500 000 төгрөг нэхэж байгаатай яг адилхан юм. Засаад зассантай холбоотой ийм зардал гарсан гэдэг бодит баримт нь байх юм бол өөр. Гэтэл 9 500 төгрөгийн үнэтэй нэг хайрцагт 100 ширхэг хадаас байгаа, 100 ширхэг хадаасны хэдийг нь ханыг тогтооход зарцуулсан гэдгийг бид мэдэж байж тэр бодит хохирол болно. Түүнээс биш 100 ширхэг хадаас орсон, үгүйг бид мэдэхгүй. Шилэн хаалга хийлгэх эсэхийг мэдэхгүй. Бодит байдалд нь, буцаагаад хэвийн байдалд нь оруулах ёстой гэж байгаа бол ямар байдалд оруулах ёстой юм. Энэ нотлох баримтууд байхгүй. Иймээс манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 18 136 411 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А- - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атал хүчин төгөлдөр гэрээний үр дагавар болох гэрээ цуцалсны улмаас нэхэмжлэгч талд учруулсан хохирлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасны дагуу бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээ болно. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээний дагуу түрээсийн харилцаанд оролцож буй хариуцагч тал нь учруулсан хохирлоо хариуцах үүрэгтэй. Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулсныхаа дараа өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулахын тулд түрээсийн байрны дотор заслыг өөрчлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч талын менежер Ц.Мөнхзулд гаргасан байдаг ба энэ ажлыг хийсний дараа байрыг хүлээн авахаар тохиролцсон байдаг. Ийм ч учраас хариуцагч тал гэрээгээ цуцалсны дараа 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/20/1342 албан тоотоор дотор заслыг нураалгах ажлуудыг хийлгүүлснээ хүлээн зөвшөөрч, сэргээн засварлахаа амласан баримт хавтаст хэрэгт авагдсан, мөн хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан А.Норовсүрэн, Д.Цацрал нар нэхэмжлэгчийн компани дээр биечлэн ирж уулзахдаа уучлал гуйж, сэргээн засварлах зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэрэгт байгаа үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэхгүй хариуцагчийн төлөөлөгчийн тухайн хүсэлтийг гаргаж байгаагүй гэдэг тайлбарыг үндэслэн хэргийг шийдсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэл муутай шийдвэр болсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө буруутай гэдгээ удаа дараа хүлээн зөвшөөрч, үүргийн амлалтуудыг өгсөн байтал шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх зорилгод хүрч чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргийг түрээслүүлэгч хүлээнэ гэж заасан хэдий ч мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээг чөлөөтэй байгуулах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу түрээслэгч талын хүсэлтийг хүлээн авч доторх заслуудыг нураах ажлуудыг хийж өгсөн. Хэрэв түрээслэгч тал хүсэлт гаргаагүй бол бид зүгээр байгаа өөрийн хөрөнгийг сайн дураар нураахгүй нь ойлгомжтой. Хариуцагч тал нураалгах хүсэлт гаргаагүй гэж байгаа нь илтэд худал, бизнесийн ёс зүйгүй үйлдэл юм. Шүүх өөрийн шийдвэрээр хариуцагчийн энэ ёс зүйгүй үйлдлийг өөхшүүлж байна. Хэрэв хүлээлцэх акт үйлдээгүй гэсэн нэрийн дор хариуцлагаас мултардаг жишиг тогтвол цаашид манайх шиг олон компани, байгууллагууд хохирно. Түрээсийн төлбөрийн тухайд түрээсийн гэрээ нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан хэдий ч гэрээний бэлтгэл ажил 2019 оны 12 дугаар сараас явагдаж хариуцагч талын санхүү, бизнес, маркетингийн албадын ажилтнууд судалгаа, шинжилгээ хийж байсан. Энэ үедээ хариуцагч нь манайх танай байрыг түрээслэнэ, танайх битгий өөр газар түрээслээрэй гэсний дагуу бид итгээд кафе, фитнесс сургалтын 2 ч газрын түрээслэх саналыг хүлээн авалгүй, хариуцагчийг хүлээсэн. Тэдгээр компаниудын албан бичгүүд хавтаст хэрэгт байгаа. Гэтэл шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгийг хэрэглээгүй. 2020 оны 5, 6, 7, 8 сард орох ёстой байсан түрээсийн төлбөр 10 661 129 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилнэ гэж заасан. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр учраас Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой журмууд нэгэн адил үйлчилнэ. Гэтэл шүүх Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсгийг хэрэглээгүй. Хөлслөгч нь гэрээг цуцлах тохиолдолд энэ тухай мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа цуцлах эрхтэй гэж заасан байхад энэ заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Түрээсийн гэрээг цуцлах болсон шалтгааныг авч үзвэл, түрээслүүлэгч талаас шалтгаалсан зүйл огт байдаггүй, түрээслэгч талаас өөрөөс нь шалтгаалсан байдаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд гэрээг цуцлахад түрээслэгч тал буруугүй, хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр гэрээ хэрэгжээд тодорхой ажлууд хийгдээд явж байсан, гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчид бодит хохирол үүссэн, байрны засварын зардал, олох ёстой байсан орлого, ашгаа алдсан байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- - ХХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 18 136 411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- - ХХК нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төв хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 60 м.кв талбайг, нэг жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч А- ХХК нь түрээсийн талбайг эмийн сан, гоо сайхны худалдааны зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-12-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч маргааны зүйлд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйн улмаас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А- ХХК нь түрээсийн талбайн дотор зохион байгуулалтыг өөрчлүүлэх санал гаргасан бөгөөд уг ажлыг хийж эхэлсний дараа гэрээ цуцлах саналыг ирүүлсэн, иймд түрээсийн төлбөр, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол (улсын бүртгэлд гэрээ батлуулсны төлбөр 20 000 төгрөг, шатахуун 20 000 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг, цахилгааны ажлын хөлс 650 000 төгрөг, төсөв гаргуулсны ажлын хөлс 200 000 төгрөг, таазны засварын зардал болон цаашид хийгдэх ажлын нийт төсөв 6 578 782 төгрөг, 5-8 сарын түрээсийн төлбөрт 10 661 129 төгрөг)-д нийт 18 136 411 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол хариуцагч татгалзалдаа түрээсийн гэрээг цуцалсан үйл явц нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, түрээслэгч нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, түрээслүүлэгчийн эрх ашгийг хохироогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

1.Талууд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг цуцалсан үйл баримтын талаар маргаагүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар талууд урт хугацаатай гэрээг хүндэтгэн үзэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой. Хариуцагч А- ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч А- - ХХК-д хүргүүлж, үндэслэлээ түрээслэхээр тохиролцсон обьект нь хамтын ажиллагааны гэрээтэй Хүрмэн, Хонгор эмийн сантай ойролцоо байрлаж байгаа нь хамтын ажиллагааны зарчимд харш байна гэж тайлбарласан байна. Ийнхүү гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 7-р тал/

 

Гэрээг цуцлах үндэслэл нь хариуцагч буюу түрээслэгчийн нөхцөл байдалд хамааралтай бөгөөд гэрээний үүргийн зөрчилтэй шууд хамааралтай биш боловч хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг цуцлахад хуульд заасан журмыг баримтлах учиртай. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасан. Харин талуудын байгуулсан гэрээний 7.4-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах бол 30 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэх-ээр тохиролцжээ. /хх-ийн 11-р тал/. Талууд гэрээ цуцлахаар нөгөө талд мэдэгдэх хугацааг тухайлан гэрээндээ заасан байна. Иймд нэхэмжлэгчийн гэрээг 8 сараас цуцалсанд тооцох тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч А- ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч А- - ХХК-д хүргүүлсэн байх тул уг өдрөөс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцалсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч буюу түрээслэгчээс шаардах эрхтэй. Хариуцагч буюу түрээслэгч түрээсийн зүйлийг эзэмшилдээ аваагүйд түрээслүүлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түрээслэгчээс өөрөөс нь хамааралтай байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасан ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах эрх хариуцагчид үүсээгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнд заасан 2020 оны 5 сард 2 640 000 төгрөг, 6 сард 2 970 000 төгрөгийн 50 хувь буюу 6 сарын 14-нийг хүртэлх төлбөр 1 485 000 төгрөг, нийт 4 125 000 төгрөгийг хангаж, түрээсийн төлбөрөөс 6 536 129 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ. /хх-ийн 9-р тал/

 

2.Гэрээ цуцлагдсантай холбогдуулан нийт 7 475 282 төгрөгийн хохирол, зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэргийн 15 дугаар талд хариуцагч А- ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг авагдсан байна.

 

Дээрх албан бичигт түрээсийн гэрээний зүйлийн дотор зохион байгуулалтыг өөрчлүүлэх ажлыг хариуцагч тал хийлгүүлсэн бөгөөд байгууллагын дотоод асуудлаас болж эмийн сан нээх боломжгүй болсон, обьектийг хуучин хэвэнд нь оруулах, засварын ажлыг хариуцах, түрээсийн төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцох талаар бичиж, тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Дэлгэрмөнх гарын үсгээ зурж баталгаажуулан, компанийн тамгыг дарсан байх байх ба түрээсийн гэрээнээс учирсан хохирол буюу нэхэмжлэгчид үүсэх зардлыг хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх албан бичигт гарын үсэг зурсан А.Дэлгэрмөнхөд компани зөвшөөрөл өгөөгүй, манай компани дотооддоо шалгалт явуулж, түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Иймд хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид илгээж байсан дээрх албан бичиг нотолгооны ач холбогдолтой баримт болно. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын хүсэлтээр түрээсийн зүйлд засвар өөрчлөлт оруулсан байна.

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч тал нь түрээсийн талбайг хэвийн байдалд оруулахад зарцуулагдах зардалд нийт 6 308 546 төгрөгийн ажлын төсвийг хэргийн баримтад өгсөн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дах хэсэгт урт хугацаа бүхий гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой хохирлыг арилгахад мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг хамаарахаар заажээ. Талуудын хоорондох түрээсийн гэрээтэй холбоотойгоор түрээслүүлэгчид гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хохиролд тооцох үндэслэлтэй.

 

Энэхүү, түрээслэгчийн хүсэлтийн дагуу түрээслүүлэгчийн хийсэн засварын зардал, түүнийг буцаан хэвийн байдалд оруулах зардал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан бол түрээслүүлэгчид учирсан хохиролд тооцогдохгүй байв. Иймд хохирлын хэмжээг тодорхойлохдоо түрээсийн гэрээний нийт хугацаа болон цуцлагдах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн авах түрээсийн төлбөр зэрэг нөхцөл байдал /6 308 546 : 12 сар = 525 712 төгрөг, 525 712 х 1.5түрээсийн төлбөр төлсөн хугацаа = 788 568, 6 308 546 788 568 = 5 520 000/ болон ажлын төсөв гаргуулсны хөлсөд 200 000 төгрөг төлж, бодит зардал гаргаснаар тооцох нь зүйтэй. Эдгээр зардал буюу нэхэмжлэгчид учирсан хохирол нь ажлын төсөв, ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банк-ны орлогын мэдүүлэг зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 63-69-р тал/.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр заасан. Иймд хариуцагч А- ХХК-иас 5 720 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А- - ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /хх-ийн 63-69, 94-97-р тал/

 

Түрээсийн гэрээний 3.5-д ашиглалтын зардлыг хэмжих төхөөрөмж, тоолуурыг шинээр суурьлуулахтай холбогдон гарсан зардлыг түрээслүүлэгч хариуцахаар тохиролцсон байхаас гадна нотариатын зардал, гэрээ батлуулсны болон шатахууны төлбөрийн баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул эдгээр зардал нь гэрээ цуцлагдсанаас нэхэмжлэгчид учирсан шууд хохиролд хамаарахгүй юм.

 

Иймд хариуцагч А- ХХК-иас 2020 оны 6 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 4 125 000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 5 720 000 төгрөг, нийт 9 845 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А- - ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 291 411 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч А- - ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 248 632 төгрөг төлөхөөс 261 154 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 12 522 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан олгох нь зүйтэй. /хх-ийн 4, 91-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-иас нийт 9 845 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А- - ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 291 411 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А- - ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 154 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- ХХК-иас 172 470 төгрөг, нэхэмжлэгчээс илүү төлсөн 12 522 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 100200500941 тоот данснаас тус тус гаргуулан, нэхэмжлэгч А- - ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ