Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02823

 

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02823

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Гачууртын зам, 0 тоот хаягт байрлах, Х.Х ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Горькийн 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух Ж овогт С Энхжаргал /РД: ОЮ89060111/-т холбогдох,

Гэрээний үүрэгт 4,609,380 төгрөг, мөн 56 ширхэг 1,080,800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай Х.Х ХХК нь иргэн С.Э-тай 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 18791 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Хариуцагч С.Энь түрээсийн гэрээ байгуулахдаа 15 хоногийн түрээсийн төлбөрийг төлж, түүнээс хойш түрээсийн төлбөр тооцоог хийхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Зохигчид 1.5 метрийн хар трубаг 20 ширхэгийг хоногийн 2,000 төгрөг буюу нэг ширхэгийг 100 төгрөгөөр, 6 метрийн хар трубаг 20 ширхэгийг хоногийн 1,640 төгрөг буюу нэг ширхэгийг 165 төгрөгөөр, трубаны залгааг 16 ширхэгийг хоногийн 1,280 төгрөгөөр буюу 1 ширхэгийг хоногийн 80 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр тохиролцсон. Манай талаас удаа дараа С.Э-тай холбогдож, төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан боловч хойшлуулж өгөөч, боломжгүй байна гэдэг шалтгаан хэлж байсан учраас манай компани харьцангуй уян хатан байж, төлбөр төлөх хугацааг хойшлуулж явсан. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэснийг баримтлан түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлэн тооцож түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,539,180 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Дээрээс нь түрээсийн зүйл буюу буцаан хүлээлгэн өгөх ёстой 56 ширхэг буюу нийт 1,800,00 төгрөгийн үнэ бүхий бараа материал түрээсэнд гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан хүлээлгэн өгөөгүй учраас түүнийг буцаан гаргуулахаар хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ мөнгө нь хариуцагчаас болж манай компанид учирсан бодит хохирол гэж үзэж байгаа учраас нэмж 70,200 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд хариуцагч С.Энхжаргалаас түрээсийн гэрээний үүрэгт 4,539,180 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан залдалд 70,2000 төгрөг, түрээсийн зүйл буюу 56 ширхэг буюу 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 16 ширхэгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч С.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Х.Х ХХК-тай гэрээ байгуулсан. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан баримтуудтай танилцахад гэрээний 1 дүгээр хавсралт, 2 дугаар хавсралт гэх үнийн жагсаалт гэх баримтууд байна. Анх гэрээ байгуулах үед С.Э гарын үсэг зурж, баталгаажуулсан баримт үйлдээгүй. Зөвхөн гэрээ байгуулсан нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээг 15 хоногийн хугацаатай байгуулсан гэж байна. Тухайн үед гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа тохирсон зохицуулалтаас харахад энэ дээр ямар нэгэн байдлаар хугацаа тодорхойлж бичээгүй буюу гэрээний 10 дугаар зүйл дээр гэрээний хугацааг нөхөөгүй байдалтай харагддаг. Барилгын ажил бол улирлын чанартай ажил, тухайн үед улирлын чанартай ажил дуусах гэж байсан учраас 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулж, цагаан өнгөтэй 20 ширхэг турба төмөр, хар өнгөтэй турба төмөр, залгаа төмөр зэрэг 56 ширхэг төмрийг 1 сарын хугацаатай 139,200 төгрөгөөр түрээсэлсэн. Энэ мөнгийг тухайн байгууллагын ажилтан Я.Ц гэж хүний данс руу 300,000 төгрөгийн барьцаатай нь хамт нийт 439,200 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас хоёр дахь шаардлага буюу тухайн эд материалыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээ буюу 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан гэрээ биш. Мөн тухайн гэрээнд талууд гэрээний хугацааг сунгахаар бол бие биедээ бичгээр мэдэгдэнэ. Бичгээр мэдэгдээгүй бол гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурсан зохицуулалтууд байгаа. Гэрээний 1.2-т гэрээг сунгах бол 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Хэрвээ бичгээр мэдэгдээгүй бол гэрээг цуцалж, тухайн эд зүйлийг буцаан авах зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн гэж хэлж байна. Энэ талаар мэдэгдэл ирж байгаагүй. Харин нэг удаа ашиглъя гэсэн газраа зориулалтынхаа дагуу байна уу гэж ирж үзэж байсан. С.Э-ын хувьд тухайн үед барилгын ажил дуусаад, ажилчид нь тараад явсан учраас трубаг буцааж буулгах бололцоо гараагүй. Барилга нь зогссон тул мөнгө төлөх бололцоогүй, материалаа буулгаж, буцааж хүргэж өгөх боломжгүй байсан тул өнөөдрийг хүрсэн. Мөн корона вирус гарсан. Хөдөө аав, ээжийнх нь биеийн байдал муудсаны улмаас хөдөө явсан. Энэ байдлуудаас болоод материалаа буцааж өгөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо түрээсийн төлбөр гэж тодорхойлсон 4,609,380 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өмнөх шүүх хурал дээр гаргуулсан баримт дээрх гарын үсэг С.Э-ын гарын үсэг биш гэдэг тайлбарыг С.Э өгсөн. С.Э би г, ж үсгийг бичмэлээр бичдэг. Энэ миний гарын үсэг биш байна. Би тухайн үед ийм баримт дээр гарын үсэг зураагүй. Зөвхөн гэрээнд гарын үсэг зураад, нэг сарын түрээсийн төлбөр 139,200 төгрөг байсан учраас тэрийгээ данс руу хийчих гээд 300,000 төгрөгийн барьцаатай нь шилжүүлсэн гэж хэлсэн. Энд түрээслүүлэгч талын өөрийнх нь хариуцлагагүй байдал байгаа. Тухайн юмаа шаардаад очиж аваад, түүнээс хамааралтай зардлаа гаргуулах бололцоотой байтал 2 жилийн дараа гэрээгээр тогтоосон хугацаанаас гадуур, нэг сарын хугацаатай гэрээ байгуулчихаад тэрийгээ хуульд зааснаар сунгагдсан тооцсон гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага 4,609,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х.Х ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан 4,609,380 төгрөг, мөн 56 ширхэг 1,080,800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Э... 56 ширхэг труба гаргуулах шаардлагыг зөвшөөрч байгаа. Тухайн трубаг нэхэмжлэгч өөрөө ирээд авч болох байсан, барилгын ажил улирлын чанартай байдаг, корона вирус гараад мөн хариуцагч С.Э хөдөө аав, ээж рүүгээ яваад трубаг хүлээлгэж өгч чадаагүй. Гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, түрээсийн төлбөрт 139,200 төгрөг, барьцаа 300,000 төгрөг, нийт 439,200 төгрөгийг төлсөн. Гэрээнд зааснаар хугацааг сунгах бол бичгээр сунгалтыг хийх ёстой, энэ шаардлагыг хангаагүй байж гэрээг сунгагдсанд тооцох боломжгүй. Гэрээ сунгагдаагүй тул 4,609,380 төгрөг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Х ХХК, хариуцагч С.Э нар нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулан 1.5 метрийн хар трубаг 20 ширхэгийг хоногийн 2,000 төгрөг буюу нэг ширхэгийг 100 төгрөгөөр, 6 метрийн хар трубаг 20 ширхэгийг хоногийн 1,640 төгрөг буюу нэг ширхэгийг 165 төгрөгөөр, трубаны залгааг 16 ширхэгийг хоногийн 1,280 төгрөгөөр буюу 1 ширхэгийг хоногийн 80 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт 139,200 төгрөг, барьцаа 300,000 төгрөг, нийт 439,200 төлсөн талаар зохигчид маргаагүй, мөн хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг 56 ширхэг труба, трубаны залгааг хүлээж авсан, одоо Зайсанд байгаа, хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэж зөвшөөрсөн тайлбарыг гаргасан ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй тул хариуцагч С.Э-аас 1.5 метрийн хар трубу 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 15 ширхэгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч ... гэрээг бичгээр сунгаагүй, гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, гэрээнд заасан хугацааны төлбөр 139,200 төгрөг, барьцаа 300,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж маргасан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан тооцдог. Зохигчид түрээсийн гэрээнд хугацааг тодорхой тохиролцоогүй боловч зохигчдын тайлбараас үзэхэд түрээсийн гэрээг 15 хоногийн хугацаатай буюу 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгч ашигласаар байсан нь тогтоогдсон тул түрээсийн гэрээ тодорхойгүй хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзлээ. Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 711 хоногийн түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч энэ хугацааны төлбөрийг төлөх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь 1.5 метрийн хар трубаны түрээсийн төлбөрт /20 ширхэг, 711 хоног, нэг ширхэгийг 100 төгрөгөөр/ 1,422,000 төгрөг, 6 метрийн хар трубаны төлбөрт /20 ширхэг, 711 хоног, нэг ширхэгийг 165 төгрөгөөр/ 2,346,300 төгрөг, трубаны залгааны түрээсийн төлбөрт /16 ширхэг, 711 хоног, 1 ширхэгийг хоногийн 80 төгрөгөөр/ 910,080 төгрөг, нийт 4,539,180 төгрөгөөр тооцсон боловч хариуцагчаас төлсөн 439,200 төгрөгийг давхардуулан тооцсныг хасч 4,099,980 төгрөгийг гаргуулж, 439,200 төгрөгт холбодох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах шаардлагаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл 70,200 төгрөг тушаасан талаарх санхүүгийн анхан шатны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч С.Э-аас түрээсийн гэрээний үүрэгт 1.5 метрийн хар трубу 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 15 ширхэгийг, түрээсийн төлбөрт 4,099,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 509,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1-д заасныг баримтлан хариуцагч С.Э-аас түрээсийн гэрээний үүрэгт 1.5 метрийн хар трубу 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 15 ширхэгийг, түрээсийн төлбөрт 4,099,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 509,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР